Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/114

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Н.Энхболд

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******д холбогдуулан яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2105016620052 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны  дугаар сарын -нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл , эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын  дугаар баг, Буур хээр  дугаар хэсэг  дүгээр гудамж  тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Хан-Уул дүүргийн дүгээр хороо,  дугаар хэсгийн тоотод түр оршин суух хаягтай, урьд нь 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж байсан /РД: /,  *******.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч *******  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хуушуур Хаус” нэртэй цайны газрын гадна хохирогч О.Б-н биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруу болон хэргийн үйл баримт дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа тул дахин мэдүүлэг өгөхгүй. Хохирогч О.Б-д 2.000.000 төгрөг төлсөн.“ гэсэн мэдүүлэг

 

Гурав: Эрүүгийн 2105 0166 20052 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Б-н хохирогчоор өгсөн:

 “2021 оны 8 дугаар сарын 13-ны орой 19 цагийн үед найз Т-, А-, М- нартай уулзаж манай гэрт орж 0,75 граммын 1 ширхэг архи, 2 ширхэг 2,5 савлагаатай пиво уучхаад 22 цагийн үед манай гэрээс гараад тус дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Love” нэртэй баар луу орцгоосон. Бааранд ороод 1 ширхэг 1 литр Эдэн нэртэй архи авч ууцгаасан. Ингээд 23 цаг өнгөрч байхад би тамхи татах гээд баарнаас гараад гадаа үүдэнд сууж байсан чинь манай 2 найз үүдэнд саарал өнгийн футболк, хар өнгийн өмд өмссөн залуутай хоорондоо маргалдаад байсан тэгэхээр нь би очоод яагаад байгаа юм гээд зогсож байсан чинь намайг хөлөөрөө өшиглөсөн залуу над руу өмдний тэлээгээ бариад цохих гээд дайраад байхаар нь манай найз М- гэх залуу хүрч ирээд та нар боль гэж хэлчхээд байж байсан чинь намайг өшиглөдөг залуу “Хуушуур Хаус”-ны зүүн талд ганцаараа зогсчхоод намайг тэр далавчтай залуу наашаа хүрээд ир дээ гэхээр нь би ганцаараа яваад очсон чинь чи найзыгаа ав, би ч найзыгаа авъя одоо больцгооё гээд гар барих гэхээр нь чи намайг цохих гээд байна гэсэн чинь үгүй тийм зүйл байхгүй гэхээр нь баруун гараа өгсөн чинь хөлөөрөө намайг шууд хавираад унагаасан. Энэ үед нь би баруун гараараа тулаад уначихсан бөгөөд баруун гараа тулаад боссон чинь баруун гар руу ямар ч үг хэлэлгүйгээр 1 удаа өшиглөсөн. Ингээд би баруун гараа бариад гар хугарчихлаа гэсэн чинь А- хүрч ирээд яасан бэ гэхээр нь энэ залуу гар хугалчихлаа гэсэн чинь манай найз Т-, М.Б- 2 намайг өшиглөсөн залууг зугтах гэхээр нь барьж аваад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал)

 

            2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.А-ын гэрчээр өгсөн:

 “Би 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр найз О.Б-, Т-, О- бид дөрөв Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Love” бааранд 23 цагийн үед орсон. Бааранд орж сууж байгаад “Evok” /Эвок/ нэртэй 0.75 граммын архийг 3 найзтайгаа дөрвүүлээ хувааж уусан. Би бааранд орохоосоо өмнө нэлээн уучихсан байсан. 2021 оны 8 дугаар сарын 13-ны  шөнө 01 цагийн үед баарнаас гараад баарны гадаа үл таних гурван залуучуудтай маргалдсан. Яг юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Хэзээ цагдаа ирснийг санахгүй байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал)

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Г- гэрчээр өгсөн:

 “2021 оны 8 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Love” бааранд 22 цагийн үед найзууд болох *******, Г-, М- бид дөрөв уулзаад 0.75 граммын Соёрхол архи 1 шил, З шил пиво ууж сууцгаагаад 00 цагийн үед баар хаана гэхээр нь баарнаас гарцгаасан. Тэгээд ******* машинаа аваад ирье гээд түрүүлж гарсан. Араас нь М- бид хоёр гарсан. Тэгээд бид хоёрыг баарнаас гарахад гадаа нэг танихгүй залууг 4-5 танихгүй залуу зодох гээд байх шиг байхаар нь М- очоод салгасан. М- зодооныг нь салгачхаад зогсож байтал хүн зодох гээд байсан үл таних залуучуудын нэг нь М-гийн хажуу талаас ирээд цохисон. Тэгээд М-г цохихоор нь бид хоёр яаж байгаа юм бэ гээд маргалдсан. Тэр хүмүүс олуулаа бид хоёр руу дайраад байсан болохоор нь бид *******ыг утсаар залгаад саяны баарны гадаа бид хоёрыг хүмүүс зодох гээд маргалдаад байна хүрээд ирээч гэж дуудсан. ******* ирэхдээ Г-тай хамт ирсэн. Тэгээд бид дөрөв тэр залуустай муудалцаж байхад тэр залуучуудын дунд байсан нүцгэн залуу бид нар луу дайраад бид нар хоорондоо харилцан зодолдсон. Би салгах гээд очих гэхээр намайг заамдаж аваад цохих гээд байсан. Тэгэхээр нь би больцгооё оо хүүхдүүд биш дээ гээд тэр залуугийн гарыг нь тавиулсан. Тэгээд тэр баарны цаад талд зодолдож байсан найзуудыгаа салгах гээд очтол ардаас тэр муудалцаж байсан залуучуудын нэг нь ирээд танай найз чинь манай найзын гарыг хугалчихлаа очиж хар гэсэн. Тэгээд би очоод хартал тэнд нүцгэн бид нар луу дайраад байсан залуу газар өрөөсөн гараа бариад суучихсан байж байсан. Тэгээд цагдаа нар ирсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал)

 

            4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Г-ийн гэрчээр өгсөн:     

“2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр найзууд болох Г-, *******, М- нартай Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Love” нэртэй бааранд оройн 22 цагийн үед уулзаад Соёрхлын 0,75 грамм архи 1 шил, 3 шил пиво уугаад сууж байгаад шөнийн 00 цагийн үед баар хаалаа гэхээр нь гэртээ харьцгаая гэж ярилцаад гарцгаасан. Баарнаас ******* түрүүлж гараад машин дээрээ оччихоод ирье гэж хэлээд явсан. Тэгээд ардаас нь би угаалгын өрөө орчхоод гарахад М-, Г- хоёр гадаа зогсож байсан. Тэгээд гадаа үл таних 5-6 согтуу залуучууд нэг залууг зодох гээд хөөгөөд байсан. Тэгээд М- тэр хүмүүс дээр очоод ганцаараа явж байсан залууг очиж аваад зам гаргаж өгчхөөд ирээд утсаар ярьж байтал  хүн зодох гээд байсан үл таних дээгүүрээ нүцгэн согтуу залуу ирээд М-гийн нүүр рүү нь нэг удаа цохисон. Тэгээд бид нар яаж байгаа юм гээд маргалдаж байхад ******* хүрээд ирсэн. Тэгээд биднийг зодох гээд дайраад байхаар нь ******* М- бид гурав тэр залуустай биеэ хамгаалахын тулд харилцан зодолдсон. Тэр үед Г- зодолдохгүй бид нар очиход больцгоо гээд салгаад яваад байсан. Тэгээд бид нар больцгооё гээд аль болох эвлэрэх гээд ярилцаж байхад тэр хүмүүсийн нэг нь бидэн дээр ирээд танай нэг найз чинь манай найзын гарыг хугалчихлаа очиж уулз гэсэн. Тэгээд бид нарыг очиход анх маргаан эхлэх үед бидэн рүү дайраад байсан дээгүүрээ нүцгэн согтуу залуу газар хэвтчихсэн гараа бариад сууж байсан. Тэгээд тэр залуу босож ирчхээд ******* руу чи миний гарыг хугалчихлаа гээд дайраад байсан. Тэгээд би цагдаа дуудсан. Харин М- түргэн дуудсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 2-28 дахь тал)

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.М-гийн гэрчээр өгсөн:

“2021 оны 8 дугаар сарын 12-ны орой 22 цагийн үед тус дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ”Love” нэртэй бааранд *******, Г-, Г- нартай уулзаад 0.75 граммын Соёрхол нэртэй архи 1 шил, 3 шил пиво авцгаасан юм. Ингээд тус бааранд 01 цаг гаруй бүжиглэж авсан зүйлээ ууж байгаад баар хаалаа гэхээр нь тус баарнаас бид дөрөв гарцгаасан. ******* би машинаа аваад ирье гэхээр нь бид гурав үлдсэн бөгөөд Г- би хойноос нь явъя гээд хорооллын эцэс рүү явсан дараа нь удалгүй ******* ганцаараа ирсэн бөгөөд энэ үед Г- бид хоёр  “Love” баарны гадна зогсож байсан юм гэтэл дээгүүрээ нүцгэн, хар өнгийн подволктой, 160-170 см өндөртэй эрэгтэй нар намайг гар утсаараа утсаар яриад зогсож байтал дээгүүрээ нүцгэн залуу намайг цохих гээд байхаар нь чи яагаад байгаа юм бэ асуудал байна уу гэсэн чинь яадаг юм гээд араас цохих гээд хөөгөөд байсан. Энэ үед ******* ирчихсэн газар нэг юм хүчтэй унах шиг болохоор нь эргээд хартал шар царайтай залуу газар хэвтэж байсан нэг залуутай маргалдаж байсан. Тэгсэн чинь саарал өнгийн үстэй, 180 орчим өндөртэй, хар өнгийн подволктой залуу манай найзын гарыг хугалчихлаа шүү дээ гэхээр нь би цагдаа дуудсан юм. Би очоод хартал тухайн хохирогч гэх залуу газар суучихсан гараа барьчихсан сууж байсан тэгээд ГССҮТ-рүү аваад явсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал)

 

            6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Т-ын гэрчээр өгсөн:

“Би он сарыг нь сайн санахгүй байна. О-, А-, О.Б- бид 4 уулзаад О.Б-н гэрт “Элекс”  нэртэй 0.75 литрийн архи 1 шил, 1 том пиво уусан. О.Б-н гэрт авсан юм аа ууж дуусаад бид дөрөв хамтдаа бааранд орохоор болоод 3,4 дүгээр хороололд байрлах “Love” нэртэй бааранд орсон. Бааранд ороод 1 шил архи уугаад бүжиглэж байгаад гарахаар болсон. Би найз А-ын хамт түрүүлж гарсан. Бид хоёр гарч байхдаа А- танихгүй залуучуудтай буруу ойлголцоод түүнээс болж хоорондоо маргалдсан. Бид хоёр маргалдаж байхад араас О.Б-, О- хоёр гарч ирсэн. Бид нар учир зүйгээ олох гээд тойроод зогсож байхад цагаан саравчтай малгайтай өндөр залуу зүүж явсан тэлээгээ тайлаад бид нар луу дайраад О.Б-н дух руу нэг удаа цохисон. Ингээд байж байхад тэнд байсан хүмүүс болон баарны хамгаалагч нар салгах гээд байж байхад эрээн цоохор подволктой бараан өнгийн тамирын өмдтэй халзан толгойтой залуу гэнэт орж ирээд А-ыг цохисон. Тэр үед А- газар унасан. А-ыг газар унахад дээрээс нь цохиод байсан болохоор би хойноос тэр залууг бариад авахад эргэж хараад намайг цохисон. Би газар унасан ба дээрээс уг залуу ганцаараа цохиод байсан. Энэ үед тэр газарт байсан хүмүүс салгасан. Түүний дараа О.Б- хүрч ирээд А- бид хоёрыг зодсон залуутай юм яриад зогссон. Би А-ыг аваад холдож байгаад буцаад хартал О.Б- газар унаж байсан. Дээрээс нөгөө залуу 2, 3 удаа өшиглөж байгаа харагдсан. Тэр үед О.Б- гар хугарчихлаа гэж хэлээд орилсон. О.Б-н хажууд тэрнээс өөр хүн байгаагүй. Тэр залуу зугтах гээд байхаар нь би барьж аваад цагдаа иртэл зууралдаж байгаад барьсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал)

 

            7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 7392 дугаартай:  

“Ю.О.Б-н биед баруун гарын шуу ясны далд хугарал, дух, дээд уруулын салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 48-49 дэх тал)

 

8. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “Хуушуур Хаус” нэртэй хоолны газрын камер нь уг хоолны газрын гадна баруун дээд буланд ертөнцийн зүгээр хойшоо харуулан суурилагдсан теле-хяналтын өнгөт камерын 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 00 цаг 16 минут 40 секундээс 2021 оны 8 дугаар сарын 13-ны 00 цаг 24 минут 31 секунд хүртэл хугацааны бичлэг байх бөгөөд “Toshiba” гэсэн тэмдэглэлтэй теле-хяналтын камерын бичлэгийг 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр IР-Х гар утсаар бичлэг хийн хуулбарлан авсан бичлэг нь бодит /байгалийн/ цагтай тохирч байлаа. Бичлэгт үзлэг хийхэд бичлэг нь өнгө тодорхой ялгарч байх ба 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 00 цаг 16 минут 40 секундэд хар өнгийн богино цамц, хар өнгийн бэлтгэлийн өмд, цагаан өнгийн пүүзтэй туранхай биетэй эрэгтэй нь, цээж хэсгээрээ хувцасгүй шалдан, хар өнгийн өмд, хар өнгийн гутал цамцаа бэлхүүс хэсгээрээ ороож бүчилсэн туранхай эрэгтэй, цээж хэсгээрээ хувцасгүй шалдан, хар өнгийн өмд, хар өнгийн пүүзтэй туранхай эрэгтэй /О.Б-/ 2-той маргалдаж зодолдох гэж байгаа бололтой байдалтайгаар үзэгдэв. Уг 3-н хүний голоор цайвар өнгийн шорт, цагаан өнгийн подволк, гартаа хар өнгийн хувцас барьсан эрэгтэй маргааныг салгах гэж байгаа бололтой байна. 00 цаг 17 минут 17 секундэд цагаан өнгийн саравчтай малгай буруу харуулан өмссөн ардаа бичигтэй хар өнгийн богино цамцтай, цагаан канттай хар өнгийн бэлтгэлийн өмдтэй, хар өнгийн пүүзтэй эрэгтэй хэн нэгэн хүнийг баруун болон зүүн гараараа ээлжлэн цохиж байгаа мэтээр харагдав. Ямар хүнийг цохиж байгаа нь камерт бичигдээгүй байна. Зөвхөн цохиж байгаа уг эрэгтэй камерын буланд тал нь харагдах төдий үзэгдэж байв. Уг цохисон гэх цагаан өнгийн саравчтай малгай буруу харуулан өмссөн ардаа бичигтэй хар өнгийн бэлтгэлийн өмдтэй, хар өнгийн пүүзтэй эрэгтэй хойшоо 8 алхан камерт голлон харагдаж ирэхэд 00 цаг 17 минут 22 секунд болж байв. Энэ үед буюу 00 цаг 17 минут 23 секундэд цайвар өнгийн цагаан подволк, цагаан цамц бэлхүүсээрээ ороон бүсэлсэн, хар өнгийн гуталтай эрэгтэй /*******/ “Хуушуур Хаус”-ын баруун талаас гүйн ирж цагаан өнгийн саравчтай малгай буруу харуулан өмссөн ардаа бичигтэй хар өнгийн богино цамцтай, цагаан канттай хар өнгийн бэлтгэлийн өмдтэй, хар өнгийн пүүзтэй эрэгтэйг баруун гараараа нүүр хэсэг рүү нь нэг удаа цохиод хойшоо түлхэн унагааж байгаагаар үзэгдэв. 00 цаг 17 минут 30 секундэд хар өнгийн богино цамц, хар өнгийн бэлтгэлийн өмд, цагаан пүүзтэй туранхай эрэгтэйг уначихсан байхад нь цээж хэсгээрээ ороож бүчилсэн туранхай эрэгтэй нь баруун гараараа нүүрэн хэсэг рүү нь нэг удаа цохиход уг цохиулж байгаа хар өнгийн богино цамц, хар өнгийн бэлтгэлийн өмд, цагаан өнгийн пүүзтэй туранхай эрэгтэй нь цээж хэсгээрээ хувцасгүй шалдан, хар өнгийн өмд, хар өнгийн гутал цамцаа бэлхүүс хэсгээрээ ороож бүчилсэн туранхай эрэгтэйг 2 хөлөөрөө ээлжлэн хойш нь түлхэн хийж байгаа харагдав. 00 цаг 22 минут 57 секундэд жинсэн өмдтэй, хар өнгийн богино цамцтай улаан өнгийн саравчтай малгайтай эрэгтэй нь цээж хэсгээрээ хувцасгүй шалдан, хар өнгийн өмд, хар өнгийн гуталтай туранхай эрэгтэй /О.Б-/-г түшчихсэн байдалтайгаар ирэхэд цээж хэсгээрээ хувцасгүй шалдан, хар өнгийн өмд, хар өнгийн гуталтай туранхай эрэгтэй /О.Б-/ нь гараа барьчихсан ирээд шатан дээр суув. Уг жинсэн  өмдтэй, хар өнгийн богино цамцтай улаан өнгийн саравчтай малгайтай эрэгтэй нь утсаар ярьж байгаа бололтойгоор үзэгдэв...” (хавтаст хэргийн 09-10 дахь тал)

 

             9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ын яллагдагчаар өгсөн:

“Тухайн үйл явдал 2021 оны 8 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө болсон ба орой 22 цагийн үед би Г-, М-, Г- гэх дөрвөн найзтайгаа Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Love” гэх бааранд орж 0.75 литрийн хэмжээтэй “Соёрхол” нэртэй архи 1 шил, 3 шил пиво зэргийг авч уугаад сууцгаасан. Тэгж байгаад 23 цаг 50 минутын орчим баар хаах гээд бид нар гарахаар болсон. Тэгэхээр нь би машинаа авчрах гээд баарнаас гарч хорооллын эцсийн буудал руу алхаад явж байтал утас дугарсан ба аваад ярьтал Г- надад би баарны гадаа хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Би сандраад буцаж баарны гадаа гүйгээд очтол М-, Г- хоёр руу танихгүй залуучууд тойроод дайрч байхаар нь би очоод болиоч та нар гэж хэлээд тэр бужигнаан дунд яваад ортол хохирогч гэх залуу миний хоолойноос заамдаад өмсөж явсан подволкийг урчихаар нь би түүнийг барьж аваад өөрийнхөө зүүн хөлөөр түүний баруун хөл рүү хавирч газарт унагасан. Тэгсэн цаанаас найз нь гэх шар үстэй залуу хүрч ирээд чи гарыг нь хугалчихсан байна шүү дээ гэж хэлсэн. Би хохирогчид 2.000.000 төгрөг бэлнээр өөрт нь аваачиж өгсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 77-78 дахь тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 55 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 66 дахь тал), шүүгдэгч *******ын өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорт гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 105 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч О.Б-д учирсан хохирол, хор уршигт 2.000.000 төгрөгийг нөхөн төлсөн, шүүгдэгч ******* нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг (хавтаст хэргийн 105 дахь тал) 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 24 дугаартай Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар ******* холбогдох эрүүгийн 2105 0166 20052 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон гэж дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хуушуур Хаус” нэртэй цайны газрын гадна хохирогч О.Б-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч О.Б-н “...  би ганцаараа яваад очсон чинь чи найзыгаа ав, би ч найзыгаа авъя одоо больцгооё гээд гар барих гэхээр нь чи намайг цохих гээд байна гэсэн чинь үгүй тийм зүйл байхгүй гэхээр нь баруун гараа өгсөн чинь хөлөөрөө намайг шууд хавираад унагаасан. Энэ үед нь би баруун гараараа тулаад уначихсан бөгөөд баруун гараа тулаад боссон чинь баруун гар руу ямар ч үг хэлэлгүйгээр 1 удаа өшиглөсөн. Ингээд би баруун гараа бариад гар хугарчихлаа гэсэн чинь А- хүрч ирээд яасан бэ гэхээр нь энэ залуу гар хугалчихлаа гэсэн чинь манай найз Т-, М.Б- 2 намайг өшиглөсөн залууг зугтах гэхээр нь барьж аваад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

Гэрч Н.Г- “...Тэгээд тэр баарны цаад талд зодолдож байсан найзуудыгаа салгах гээд очтол ардаас тэр муудалцаж байсан залуучуудын нэг нь ирээд танай найз чинь манай найзын гарыг хугалчихлаа очиж хар гэсэн. Тэгээд би очоод хартал тэнд нүцгэн бид нар луу дайраад байсан залуу газар өрөөсөн гараа бариад суучихсан байж байсан. Тэгээд цагдаа нар ирсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал)

Гэрч Г.Г-ийн “...Тэгээд бид нар больцгооё гээд аль болох эвлэрэх гээд ярилцаж байхад тэр хүмүүсийн нэг нь бидэн дээр ирээд танай нэг найз чинь манай найзын гарыг хугалчихлаа очиж уулз гэсэн. Тэгээд бид нарыг очиход анх маргаан эхлэх үед бидэн рүү дайраад байсан дээгүүрээ нүцгэн согтуу залуу газар хэвтчихсэн гараа бариад сууж байсан. Тэгээд тэр залуу босож ирчхээд ******* руу чи миний гарыг хугалчихлаа гээд дайраад байсан. Тэгээд би цагдаа дуудсан. Харин М- түргэн дуудсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дахь тал)

Гэрч Б.М-гийн “...******* ирчихсэн газар нэг юм хүчтэй унах шиг болохоор нь эргээд хартал шар царайтай залуу газар хэвтэж байсан нэг залуутай маргалдаж байсан. Тэгсэн чинь саарал өнгийн үстэй, 180 орчим өндөртэй, хар өнгийн подволктой залуу манай найзын гарыг хугалчихлаа шүү дээ гэхээр нь би цагдаа дуудсан юм. Би очоод хартал тухайн хохирогч гэх залуу газар суучихсан гараа барьчихсан сууж байсан тэгээд ГССҮТ-рүү аваад явсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал)

Гэрч М.Т-ын “...Ингээд байж байхад тэнд байсан хүмүүс болон баарны хамгаалагч нар салгах гээд байж байхад эрээн цоохор подволктой бараан өнгийн тамирын өмдтэй халзан толгойтой залуу гэнэт орж ирээд А-ыг цохисон. Тэр үед А- газар унасан. А-ыг газар унахад дээрээс нь цохиод байсан болохоор би хойноос тэр залууг бариад авахад эргэж хараад намайг цохисон. Би газар унасан ба дээрээс уг залуу ганцаараа цохиод байсан. Энэ үед тэр газарт байсан хүмүүс салгасан. Түүний дараа О.Б- хүрч ирээд А- бид хоёрыг зодсон залуутай юм яриад зогссон. Би А-ыг аваад холдож байгаад буцаад хартал О.Б- газар унаж байсан. Дээрээс нөгөө залуу 2, 3 удаа өшиглөж байгаа харагдсан. Тэр үед О.Б- гар хугарчихлаа гэж хэлээд орилсон. О.Б-н хажууд тэрнээс өөр хүн байгаагүй. Тэр залуу зугтах гээд байхаар нь би барьж аваад цагдаа иртэл зууралдаж байгаад барьсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал)

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 7392 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 48-49 дэх тал)

Хяналтын камерын бичлэгт “...00 цаг 17 минут 23 секундэд цайвар өнгийн цагаан подволк, цагаан цамц бэлхүүсээрээ ороон бүсэлсэн, хар өнгийн гуталтай эрэгтэй /*******/ “Хуушуур Хаус”-ын баруун талаас гүйн ирж цагаан өнгийн саравчтай малгай буруу харуулан өмссөн ардаа бичигтэй хар өнгийн богино цамцтай, цагаан канттай хар өнгийн бэлтгэлийн өмдтэй, хар өнгийн пүүзтэй эрэгтэйг баруун гараараа нүүр хэсэг рүү нь нэг удаа цохиод хойшоо түлхэн унагааж байгаагаар үзэгдэв. 00 цаг 17 минут 30 секундэд хар өнгийн богино цамц, хар өнгийн бэлтгэлийн өмд, цагаан пүүзтэй туранхай эрэгтэйг уначихсан байхад нь цээж хэсгээрээ ороож бүчилсэн туранхай эрэгтэй нь баруун гараараа нүүрэн хэсэг рүү нь нэг удаа цохиход уг цохиулж байгаа хар өнгийн богино цамц, хар өнгийн бэлтгэлийн өмд, цагаан өнгийн пүүзтэй туранхай эрэгтэй нь цээж хэсгээрээ хувцасгүй шалдан, хар өнгийн өмд, хар өнгийн гутал цамцаа бэлхүүс хэсгээрээ ороож бүчилсэн туранхай эрэгтэйг 2 хөлөөрөө ээлжлэн хойш нь түлхэн хийж байгаа харагдав. 00 цаг 22 минут 57 секундэд жинсэн өмдтэй, хар өнгийн богино цамцтай улаан өнгийн саравчтай малгайтай эрэгтэй нь цээж хэсгээрээ хувцасгүй шалдан, хар өнгийн өмд, хар өнгийн гуталтай туранхай эрэгтэй /О.Б-/-г түшчихсэн байдалтайгаар ирэхэд цээж хэсгээрээ хувцасгүй шалдан, хар өнгийн өмд, хар өнгийн гуталтай туранхай эрэгтэй /О.Б-/ нь гараа барьчихсан ирээд шатан дээр суув...” гэсэн үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 09-10 дахь тал), шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 77-78 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар бүрэн хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч О.Б-н эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хүндэвтэр хохирол нь шүүгдэгч ******* нь хөлөөрөө өшиглөсний улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч *******ын дээрх гэмт үйлдлийг Баянгол дүүргийн прокуророос “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв.   

 

Хэргийн шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хэргийн хохирогч О.Б-н биед учирсан хүндэвтэр гэмтэл бүхий эрүүл мэндийн хүндэвтэр хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

 

Хэргийн хохирогч О.Б- нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.

Иймд хохирогч О.Б-н нь хэрэгт гэм хорын хохирол, төлбөрт тооцон баримт бүхий мөнгөн дүнгээр тооцсон нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргаагүй, бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогчид 2.000.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” болохоо мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрхийлсэн (хавтаст хэргийн 106 дахь тал) баримттай байна.

 

Гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож шүүгдэгч ******* энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч ******* нь урьд нэг удаагийн ял шийтгэгдэж байсан болох нь хэргийн 66 дахь талд авагдсан ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдсэн” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон.

 

Шүүгдэгч *******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах шүүх, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хувийн байдал болон хохирогч О.Б- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлын дордуулахгүйгээр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн хамт ирүүлсэн сиди 2 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хохирогч О.Б- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 1. *******ыг  “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг  мэдэгдсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. ******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Хэргийн хамт ирүүлсэн сиди 2 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ