Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 56

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Орхон,

           улсын яллагч Ж.Энхжаргал,

            иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэбаяр,

шүүгдэгч Х.Баасансүрэн, түүний өмгөөлөгч Б.Чинбат /ҮД:0-053/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Хашбатын Баасансүрэнд холбогдох эрүүгийн 201624000362 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 26-нд Хөвсгөл аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, лифтийн механик мэргэжилтэй, Өргөө-144 СӨХ-д лифтчин ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 15 дугаар гудамжны 47а тоотод оршин суух, 2006 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 5 хоногийн баривчлах ял шийтгүүлж, 2006 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх комиссын 1346 дугаартай тогтоолоор эдлээгүй үлдсэн 23 хоногийн баривчлах ялыг өршөөж 2006 оны 7 дугаар сарын 02-ны өдөр суллагдсан, Боржигон овогт Хашбатын Баасансүрэн /РД:РЦ86112872/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

Шүүгдэгч Х.Баасансүрэн нь 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 16 цаг 40 минутын орчим Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг Зайсангийн “Хаадын Өргөө” амралтын замд Т.Нямсайханы эзэмшлийн Тоёота Аксио маркийн 54-55 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1а, 2.7а хэсэгт заасныг зөрчин эрхийн үнэмлэхгүй, согтуугаар жолоодож явахдаа мөн дүрмийн 1.5 “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Э.Уянгыг мөргөж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан зам тээврийн осол гаргаад осол гарсан газрыг санаатай орхиж зугатаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Х.Баасансүрэн нь 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 16 цаг 40 минутын орчим Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг Зайсангийн “Хаадын Өргөө” амралтын замд Т.Нямсайханы эзэмшлийн Тоёота Аксио маркийн 54-55 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1а, 2.7а хэсэгт заасныг зөрчин эрхийн үнэмлэхгүй, согтуугаар жолоодож явахдаа мөн дүрмийн 1.5 “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Э.Уянгыг мөргөж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан зам тээврийн осол гаргаад осол гарсан газрыг санаатай орхиж зугатаасан болох нь:

  1. Шүүгдэгч Х.Баасансүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “Би 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр гурван найзтайгаа хамт “Хаадын Өргөө” амралтын газар очиж нэг шил архи хувааж уусан. Тэгтэл Ариунболд, Мягмарсайхан нар амралтын газарт хоноогүй явсан. Харин Нямсайхан бид хоёр “Хаадын Өргөө” амралтын газартаа хоносон. Маргааш өглөө нь Мягмардагва, Ариунболд нар 0,75 литр хоёр шил архи авч ирээд бид дөрөв хувааж уусан. Тэгээд амралтын газраас хоол захиалж идэх гэсэн боловч хоол байхгүй гэхээр нь машинаа асаагаад хоолны газар явсан. Тэгэх замдаа хохирогч Уянгыг шүргэсэн байсан. Би тухайн үед хохирогчийг мөргөсөн гэдгээ мэдээгүй. Бид нар хоолоо авч ирээд амралтын газартаа ирээд байж байхад цагдаа ирсэн. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний буруу” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэбаярын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...Гомдол санал байхгүй. Гэм хор бүрэн арилсан. Цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            3. Иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэбаярын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр миний охин Э.Уянга нь намайг Дархан-Уул аймагт байхад миний утас руу залгаж ааваа та байцаалт ирж өгмөөр байна гэж хэлэхээр нь яасан юу болсон юм бэ гэж асуусан чинь ааваа би 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Зайсан руу найзуудынхаа хамт явж байгаад зам тээврийн осолд орсон юм гэж хэлэхэд нь л осолд орсон талаар нь мэдсэн. Тэрнээс бол ослын талаар мэдэх зүйл байхгүй. Биеийн байдал нь хэвийн байгаа. Хааяа толгой өвдөөд байгаа гэж хэлж байсан. Гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12/

            4. Иргэний хариуцагч Т.Нямсайханы мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би Баасансүрэнд машин барих зөвшөөрөл өгөөгүй. Тухайн үед түүнд машины түлхүүр байсан болохоор бариад явсан. Би бусдад учруулсан хохирлоо барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20/

            5. Насанд хүрээгүй гэрч Э.Уянгын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 15 цаг 10 минутын үед би, 3 найзын хамт Богд-Уул руу гарах гээд Зайсангийн дээд талд байдаг  “Хаадын Өргөө” амралтын замаар ертөнцийн зүгээр баруун талд замынхаа хойноосоо урагшаагаа чиглэлтэй алхаж явтал урдаасаа хойшоогоо чиглэлд цагаан өнгийн Тоёота Аксио маркийн 54-55 УНЗ улсын дугаартай автомашин замын голоор хоёр тийшээ сүлжээд явж байгаад замаас гарч ирээд бид нарыг чиглэж ирсэн. Тэр үед бид 4 зугтсан боловч миний зүүн хөлийг ирж мөргөж унахдаа баруун гараа дараад унасан юм. Тэгээд би босож чадахгүй байсан, уг машин нь бид нараас өнгөрөөд 10-20 метрийн зайтай зогссон. Машин дотроос 4-5 хүн гарч ирж байгаа харагдсан. Зөвхөн тэр үедээ л тэгэж харсан. Тэгээд надтай хамт явсан Баярмаа нь машин руу гүйж очсон чинь тэд нэр машинаасаа гарч ирээд буцаж суугаад уруудаад яваад өгсөн. Тэгээд тэр хавьд байсан хүмүүс 102-т дуудлага өгсөн ба цагдаа нар ирээд тэд нарыг барьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25/

            6. Гэрч Т.Нямсайханы мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 13 цагийн орчимд би Баасансүрэн, Ариунболд, Мягмардагва нарын хамт Хан-Уул дүүргийн нутаг Зайсангийн “Хаадын Өргөө” амралтанд очиж нэг өрөө авч 1 литрийн “Алтан Чингис” нэртэй архи 3 ширхэг хувааж уусан. Тэгээд энэ өдрийнхөө орой 22 цагийн орчимд Ариунболд, Мягмардагва нар нь хот руу хамт явсан. Харин би Баасансүрэнгийн хамт зочид буудалдаа хоносон. Тэгээд маргааш өглөө 08 цагийн орчимд Мягмардагва нь ганцаараа ирсэн. Дараа нь 10 цагаас 11 цагийн хооронд Ариунболд нь ганцаараа ирэхээр бид 4 хоорондоо ярилцаж байгаад 0,75 граммын “Болор” нэртэй архи 2 ширхэгийг худалдаж аваад уугаад суусан. Ингээд өдөр 14 цагаас 15 цагийн хооронд бид нар 4-үүлээ зочид буудлаас гарч ойрхон газар очиж хоол идэхээр болоод улмаар миний эзэмшлийн цагаан өнгийн Тоёота Аксио маркийн 54-55 УНЗ улсын дугаартай автомашиныг Х.Баасансүрэн нь урдаасаа хойшоогоо чиглэлтэй, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр явж байтал замынхаа баруун талд хойноосоо урагшаагаа чиглэлтэй 4 хүн алхаж явсан нэг эмэгтэй нь шүргээд жаахан өнгөрөөд зогссон. Тэгээд би өөрөө машинаа жолоодоод тэр 3-н хамт хоолны газар луу очиж хоол ундаа аваад эргэж амралтын газраа очсон. Тэгээд бид нар зочид буудлынхаа өрөөндөө ороод үлдсэн юмнуудаа идэж уугаад байж байтал цагдаа нар ирж бид нарыг авч явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30/

            7. Гэрч Б.Баярмаагийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 14 цагаас 15 цагийн хооронд би 3 найзын хамт Богд ууланд гарах гээд Зайсангийн урд байдаг “Хаадын Өргөө” амралтын баруун талын замын хөвөө хэсгээр ертөнцийн зүгээр хойноосоо урагшаагаа алхаж явтал урдаасаа хойшоогоо чиглэлтэй цагаан өнгийн 54-55 УНЗ улсын дугаартай автомашин нь бид нарын өөдөөс гарч ирээд зам хэрж явж ирээд манай найз Уянгыг мөргөөд зогсолгүй бид нараас ойролцоогоор 30-50 метр орчим газар яваад зогссон. Тэгээд би Уянгын биеийг асуугаад эргээд хартал зам тээврийн осол хийсэн машинаас машин дотор байсан хүмүүс бүгд машинаасаа буугаад ирчихсэн байсан. Тэгэхээр нь би ганцаараа тухайн машин руу орилоод алхсан чинь тэд нар бүгд машиндаа суугаад улмаар урдаасаа хойшоогоо чиглэлтэй яваад өгсөн. Тэгтэл бид нараас хэн нэг нь 102, 103-т дуудлага өгөөд удалгүй түргэн тусламж ирж эмч нь бууж ирээд Уянгыг үзээд яваад өгсөн. Тэгтэл нөгөө цагаан өнгийн 54-55 УНЗ улсын дугаартай автомашин нь хойноосоо урагшаагаа чиглэлтэй өгсөөд амралтын газар луу орсон. Удалгүй цагдаа нар ирж амралтын газар луу орж машин жолоодсон хүмүүсийг буудлаас гаргаж ирсэн. Тэгээд цагдаа нар машиныг нь ачуулахаар болоод ачигч дуудаж ачуулсан, тэгтэл тэр 4-н залуучуудаас нэг хүн яваад өгсөн ба үлдсэн 3 хүнийг нь цагдаа нар аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33/

            8. Гэрч Я.Барсболдын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Зайсангийн урд байдаг “Хаадын Өргөө” амралтын баруун талын замын хөвөө хэсгээр ертөнцийн зүгээр хойноосоо урагшаагаа чиглэлтэй алхаж байтал урдаасаа хойшоогоо чиглэлтэй цагаан өнгийн суудлын автомашин нь бид нарын өөдөөс гарч ирээд зам хэрж явж ирээд манай найз Уянгыг мөргөж зогсолгүй бид нараас нилээн хол зайтай очиж зогссон. Тэгээд тухайн машин нь зогсож байгаад бид нар дээр хэн нэг нь ирэлгүй яваад өгсөн. Тэгэхээр нь би өөрийнхөө утаснаас 102, 103-т дуудлага өгсөн. Тэгтэл эхэлж түргэн тусламж ирээд Уянгыг үзээд зөвлөгөө өгөөд яваад өгсөний дараахан цагдаа нар ирж Уянгыг мөргөсөн автомашины жолоочтой хамт байсан 3 хүнийг аваад явсан. Дараа нь хэмжилт хэргийн газрын үзлэг хийсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36/

            9. Гэрч Ц.Ганзамын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…найз Э.Уянгыг мөргөөд зогсолгүй яваад ойролцоогоор 20-30 орчим метрийн зайтай зогссон. Тэр үед тухайн машинаас нийт 4 эрэгтэй хүн гарч ирээд нэг нь нэгэндээ чи хүн дайрчихлаа гэж хэлээд эргэж дөрвүүлээ машиндаа суугаад яваад өгсөн. Тэгээд Барсболд нь өөрийнхөө утсаар 102, 103-т дуудлага өгсөн ба улмаар бид нар ослын газарт цагдаа болон түргэн тусламж ирэхийг хүлээгээд байж байсан. Тэгтэл эхэлж түргэн тусламж ирээд Э.Уянгыг үзээд зөвлөгөө өгөөд яваад өгсөн. Тэгтэл Э.Уянгыг мөргөсөн автомашин нь буцаад амралтын газар луугаа явсан. Улмаар цагдаа ирээд зам тээврийн осол хийсэн автомашиныг ачигч дуудаж ачуулаад, 4-н согтуу хүний 3 хүнийг аваад явсан. Энэ 4-н хүний нэг нь цагдаа ирэхээс өмнө яваад өгсөн байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37/

            10. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /№5236/-ын дүгнэлтэд:

                        -Уянгын биед зүүн шилбэ, өвдөгний үе, баруун мөрний үеийн зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэний ар хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                        -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 47/

            11. Техникийн шинжээчийн №330 тоот дүгнэлтэд:

                        -Хавтаст хэргийн материалтай танилцахад Тоёота Аксио маркийн 54-55 УНЗ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Х.Баасансүрэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний болон олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, 2.7 Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 1.5 Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 2.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

                        -Хавтаст хэргийн материалтай танилцахад явган зорчигч Э.Уянга нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

                        -Замын тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

/хх-ийн 101-102/

            12. Яллагдагч Х.Баасансүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...Замын хөвөө хэсгээр Э.Уянга нь 3 хүний хамт алхаж явсан...Ослын дараа зогсож бид нар бүгд машинаас буусан. Тэр үед намайг Нямсайхан нь яаж машин бариад байгаа вм бэ гэж хэлээд улмаар өөрөө машинаа бариад уруудсан...Зам тээврийн осол хийснээ мэдээгүй...Тэр үед би зам тээврийн осол хийсэнээ мэдээгүй ба овгор шороон дээгүүр эвгүй яваад л зогссон. Тэгтэл намайг Нямсайхан нь загнаад улмаар өөрөө машин барих болсон...Бид нар бүгд согтуу байсан...Би машин барих зөвшөөрөл түүнээс авсан...Замын хөдөлгөөн нилээн сийрэг байсан...Замынхаа баруун талд хойноосоо урагшаагаа чиглэлтэй 4-үүлээ хөвөө хэсэгт алхаж байсан...Мягмардагва, Ариунболд, Нямсайхан нарын хамт явсан. Ариунболд нь жолоочийн хажуу талын суудал дээр, харин Мягмардагва, Нямсайхан нар нь хойд талын суудал дээр сууж явсан...Нийт 1,2 сая төгрөгийг бэлнээр өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 107-109/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Х.Баасансүрэн нь 2006 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 5 хоногийн баривчлах ял шийтгүүлж, 2006 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх комиссын 1346 дугаартай тогтоолоор эдлээгүй үлдсэн 23 хоногийн баривчлах ялыг өршөөж 2006 оны 7 дугаар сарын 02-ны өдөр суллагдсан болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, өршөөл үзүүлэх комиссын тогтоол, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт /хх-ийн 71, 73-74, 75/-оор тогтоогдлоо.

            Шүүгдэгч Х.Баасансүрэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т “хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа  эдэлж дууссанаас  хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй болно” гэж зааснаар түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Тээврийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Иймд шүүгдэгч Х.Баасансүрэнг жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугатаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

            Шүүгдэгчийн хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, шударгаар хүлээн мэдүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг сайн дураар нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал /0-7 насны 4 хүүхэдтэй/ зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх заалтуудад зааснаар ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

          Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3,  294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржигон овогт Хашбатын Баасансүрэнг жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугатаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Хашбатын Баасансүрэнг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Х.Баасансүрэнгийн эдлэх 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Х.Баасансүрэнд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Х.Баасансүрэнд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож, түүнд хяналт тавихыг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

6.  Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Баасансүрэнд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                             Б.БАТБОЛОР