Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 23

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелос хотод оршин суух М овогтой Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-ийн нэхэмжлэл, гуравдагч этгээд Ц.Ц-ийн бие даасан шаардлагатай

              Хариуцагч: ОАУБХ-т  холбогдох

            Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэлийн 69 дугаарт бүртгэгдсэн Т овгийн М-ын Б, Ш овгийн Ц-ийн Ц нарын гэрлэлтийн бүртгэлийг хүчингүйд болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага;

            Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “М.Б-ыг дуудан ирүүлж, гэрлэлтийг хууль ёсны дагуу дахин бүртгэж өгөхийг даалгах”-ыг хүссэн гуравдагч этгээдийн бие даасан шаардлага бүхий 119/2019/0011/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г, гуравдагч этгээд Ц.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч М овогтой Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** баг **тоотод оршин сууж байсан М овогтой Б нь 2002 оны 11 дүгээр сарын 20-нд Монгол Улсын хилээр гарч одоо хүртэл АНУ-ын Лос Анжелос хотод амьдарч байгаа юм. Гэтэл түүнтэй хамт амьдарч байсан Ц-ийн Ц нь 2004 оны 03 дугаар сарын 12-ны өдөр М.Б-тай гэр бүл болсон гэж гэрлэлт бүртгүүлсэн байна. Ц.Ц, М.Б нар нь 1997 онд танилцаад 1998 оноос 2002 оны 11 сар хүртэл хамт амьдарч байгаад М.Б нь АНУ руу явсан юм байна. Хамт амьдарч байх хугацаанд тэдний дундаас 1999 оны 9 дүгээр сарын 03-нд хүү Ө нь төржээ. М.Б нь АНУ-д амьдарч байхдаа танилцсан бүсгүйтэйгээ гэрлэлтээ бүртгүүлэх гэж Монгол улсын Элчин сайдын яамны Консулын газарт очихдоо дээрхи гэрлэлтийн бүртгэлийн тухай олж мэдээд өөрийн төрсөн дүү М овогтой Б-д итгэмжлэл өгснөөр бүх зүйлийг олж мэдсэн байна. ОАУБХ нь гэрлэгчдийн нэг байхгүй байхад нэг талын хүсэлтээр гэрлэлтийг бүртгэж Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 4,6,7,8 дугаар зүйл, Улсын бүртгэлийн тухай хуулийн 5,11 дүгээр зүйл зэрэг холбогдох хуулийн заалтыг зөрчин Ц.Ц, М.Б нарын гэрлэлтийг бүртгэсэн байх тул Улсын бүртгэлийн 69 дугаарт бүртгэгдсэн Т овгийн М-ын Б, Ш овгийн Ц-ийн Ц нарын гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү”

            Гуравдагч этгээдээс М.Б-ыг өөрийг нь ирүүлж байгаад хэргийг шийдвэрлүүлье гэсэн бие даасан шаардлага гаргасан байсан. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүн өөрийн хүссэн хүнтэйгээ гэрлэлтээ батлуулах эрхтэй. Тиймээс хүний эрхийг зөрчиж болохгүй. Гэрлэлтээ хэнтэй батлуулах эсэх нь хүний эрхийн асуудал учраас энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 1999 оны Иргэний бүртгэлийн хуулийн дагуу хийгдсэн бүртгэл гэж байгаа боловч М.Б энэ бүртгэлийг хийж байх үед Монгол улсад байгаагүй гэдэг нь түүний гадаад паспорт, Ц-ийн Б тухайн үед энд байгаагүй гэдэг тайлбар зэргээр нотлогдож байна. Энэ бүртгэлийг Баян-Өндөр сумын Улсын бүртгэлийн ажилтан бүртгэсэн гэж байна. Тухайн үед Баян-Өндөр сум дээр бүртгэл хийгдэж байсан нь үнэн. Одоо Улсын бүртгэлийн байгууллага эрхийг нь шилжүүлж авсан учраас хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан. Шүүх бүртгэлийг хүчингүй гэж үзвэл татгалзах зүйлгүй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлж байна. Энэ тайлбараас харахад хууль бусаар бүртгэсэн гэдэг нь мөн тогтоогдож байна” гэв.

            Гуравдагч этгээд Ц.Ц шүүхэд гаргасан бие даасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 1994 онд М.Б-тай танилцаж 1998 онд нэг гэрт амьдарсан ба 1999 оны 9-р сарын 03-нд хүү Ө төрсөн юм. Ийнхүү бид хамт амьдарч байгаад нөхөр М.Б 2002 оны 11 сарын 18-нд визэнд орж 2002 оны 11 дүгээр сарын 20-нд Америкруу явсан. М.Б Америк явснаас хойш байнга л утсаар ярьж хүү бид хоёрыг араас хүрээд ир визэнд ор гэдэг байсан. Бид хоёр гэрлэлтийн баталгаагүй байсан тул визэнд орохын тулд заавал баталгаа хийлгэх шаардлагатай болсон. Ингээд М.Б утсаар ярьж гэрлэлтийн баталгаа хийлгэж визэнд ороод араас хүрээд ир гэж ярилцсаны дагуу гэрлэлтээ батлуулахаар болж М.Б 2004 оны 3 дугаар сарын 12-нд хүсэлт ирүүлснээр бүртгэлийн газраас гэрлэлтийг баталж гэрлэлтийн гэрчилгээ олгосон. Үүний дараа би гэрлэлтийн гэрчилгээгээ хавсарган АНУ-ын элчин сайдын яаманд 2004 оны 4 дүгээр сарын 07, 2004 оны 12 дугаар сарын 27-нд тус тус хоёр удаа визэнд орсон боловч хар тамга даруулсан. Иймд энэ гэрлэлтийг хууль бус гэдгийг би хүлээн зөвшөөрөхгүй.

            ...Гэрлэлтийг хууль ёсны дагуу бүртгэсэн. Энэхүү гэрлэлтийг хэрхэн ямар журмаар хийдэг нь төрийн байгууллагын асуудал юм. Хэрэв Улсын бүртгэлийн байгууллагын гэрлэлт бүртгэсэн байдал нь хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзвэл М.Б-ыг өөрийг нь дуудан ирүүлээд бидний гэрлэлтийг хууль ёсны дагуу дахин бүртгэж өгөхийг даалгах шаардлагыг гаргаж байна” гэв.

            Хариуцагч ОАУБХ-ээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Т овогтой М-ын Б, Ш овогтой Ц-ийн Ц иргэд 1989 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болсныг 2004 оны 03 дугаар сарын 12-ны өдөр бүртгэгдсэн бүртгэл байна.

            Улсын бүртгэлийн байгууллага нь гэрлэлтийн бүртгэл хөтлөхдөө Монгол Улсын Гэр бүлийн тухай хууль болон Иргэний бүртгэлийн тухай хуулийг баримтладаг бөгөөд 2004 онд бүртгэгдсэн М.Б болон Ц.Ц нарын гэрлэлтийг бүртгэхдээ 1999 онд батлагдсан Иргэний бүртгэлийн тухай хуулийн дагуу бүртгэсэн байна. 1999 оны Иргэний бүртгэлийн тухай хуулийн 13.2-т “Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэх тухай өргөдлөө /өргөдөлд гэрлэхийг хүсэгчдийн овог, эцгийн нэр, нэр, оршин суугаа хаяг, төрсөн он, сар, өдөр зэргийг дурдсан байна/ хамтран гаргаж, дараах баримт бичгийг хавсаргана” гэж заасан Баян-Өндөр сумын архивт хадгалагдаж буй гэрлэлт бүртгэлийн нотлох баримтад М.Б, Ц.Ц нарын хамтран гаргасан өргөдөл хадгалагдаж буйг баталгаажуулан тус шүүхэд хүргүүлсэн билээ. Мөн тус хуулийн 13.3-т “Иргэний бүртгэлийн ажилтан гэрлэлтийг бүртгэхдээ гэрлэхийг хүсэгчдийг биеэр байлцуулна” гэж заасан. ОАУБХ-ийн иргэний баримтын архивт хадгалагдаж буй гэрлэлт бүртгэлийн дэвтэр болон гэрлэлт бүртгэлийн ХААТР-15 маягтуудад гэрлэгчдийн гарын үсэг зурсан маягтуудыг баталгаажуулан тус шүүхэд хүргүүлсэн. Нэхэмжлэгч М.Б, гуравдагч этгээд Ц.Ц нар нь 2004 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтээ батлуулан 69 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ олгогдсон нь архивт хадгалагдаж буй нотлох баримтууд болон иргэний бүртгэлийн цахим системд буй мэдээлэлд бүртгэлтэй байна. Дээрхи иргэдийн гэрлэлтийн бүртгэлийн дэвтэр болон ХААТР маягт, өргөдөлд зурагдсан гарын үсэг нь өөрсдийнх нь мөн эсэхийг нотлоогүй тул уг  бүртгэлийг шууд хүчин төгөлдөр бусад тооцох боломжгүй бөгөөд харин Ц.Ц нь М.Б-ыг байхгүйд гэрлэлтээ батлуулснаа хүлээн зөвшөөрсөн болон М.Б-ыг байхгүйд гэрлэлтийн бүртгэлийг бүртгэсэн нь эрх бүхий  байгууллагын шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд хүчингүйд тооцоход татгалзах зүйлгүй” гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2004 оны бүртгэл маань 1999 оны Иргэний бүртгэлийн тухай хуулийн дагуу хийгдсэн. Гэрлэлтийг бүртгэхэд гэрлэгчдийн хамтран гаргасан өргөдөл байх ёстой. Мөн гэрлэгчид заавал өөрийн биеэр байх ёстой гэсэн зүйл яригдаж байна. Гэрлэлтээ батлуулсан бүртгэлийг хариуцагч байгууллага Ц.Ц гэдэг иргэн ганцаараа ирээд батлуулсан гэдгийг тогтоох боломжгүй байсан. Яагаад гэвэл хоёр талын гарын үсэг бүртгэл дээр байсан. Гарын үсэг мөн эсэхийг шалгах боломжгүй байсан. Гэрлэлтийн бүртгэлийг Баян-Өндөр сумын Иргэний бүртгэлийн ажилтан бүртгэсэн. Тухайн үед Баян-Өндөр суманд Иргэний бүртгэлийн ажилтан ажилладаг байсан юм. Улсын бүртгэлийн байгууллагаас гаргаж өгсөн баримтууд ОАУБ-ийн архиваас биш Баян-Өндөр сумын архиваас гэж гаргаж өгсөн байгаа. М.Б гэрлэлтээ бүртгүүлэхийг хүсээгүй гэдэг нь өөрөө үндэслэл багатай. Энэ хүн маань өөрөө АНУ руу яваад эхнэр, хүүхдээ татаж авахыг хүсч байсан байж болох юм. Манай байгууллагын зүгээс хэрвээ шүүх гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болговол татгалзах зүйлгүй. Гол нь гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгуулах эрх бүхий байгууллагын шийдвэр байх ёстой. Гэрлэлт маань өөрөө гэрлэх гэж байгаа хүмүүсийн хайр дурлал болон сайн дурын үндсэн дээр хийгддэг. Гэрлэгчдийн хэн нэгэн гэрлэлтээ батлуулахыг хүсэхгүй байгаа бол дахин гэрлэлтийн бүртгэл хийх боломжгүй” гэв.

            Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэг. “Улсын бүртгэлийн 69 дугаарт бүртгэгдсэн Т овгийн М-ын Б, Ш овгийн Ц-ийн Ц нарын гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд: Нэхэмжлэгч АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелос хотод оршин суух М овогтой Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-ээс ОАУБХ-т  холбогдуулан “Улсын бүртгэлийн 69 дугаарт бүртгэгдсэн Т овгийн М-ын Б, Ш овгийн Ц-ийн Ц нарын гэрлэлтийн бүртгэлийг хүчингүйд тооцуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа “Улсын бүртгэлийн 69 дугаарт бүртгэгдсэн Т овгийн М-ын Б, Ш овгийн Ц-ийн Ц нарын гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгуулах” гэж тодруулсан.

            М-ын Б, Ц-ийн Ц нарын гэрлэлтийн бүртгэл нь 2004 оны 03 дугаар сарын 12-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байх тул тухайн бүртгэл хийгдэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Иргэний бүртгэлийн тухай хууль /1999 он/-ийг баримтлав.

            Иргэний бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг /Гэр бүлийн тухай хуульд заасан насанд хүрсэн гэрлэхийг хүсэгчид хэн нэгнийхээ, эсхүл хамтран оршин суугаа газрын сум, дүүргийн улсын иргэний бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтанд гэрлэлтээ бүртгүүлнэ/-т зааснаар М-ын Б, Ц-ийн Ц нарын гэрлэлтийг 2004 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэний бүртгэлийн ажилтан бүртгэсэн нь “Гэрлэснийг бүртгэх анкет” ХААТР-15 маягт, бүртгэлийн дэвтэрийн хуулбараар тогтоогдож байна.

            Ийнхүү гэрлэлтийг бүртгэх үед М овогтой Б нь байлцаагүй болох нь нэхэмжлэгч талын болон гуравдагч этгээдийн тайлбараар, мөн М.Б-ыг 2002 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Монгол Улсын хилээр гарсан бүртгэл байгаа талаарх Хил хамгаалах ерөнхий газрын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2-5а/9257 дугаартай албан бичгээр тус тус нотлогдож байна.

            Иргэний бүртгэлийн байгууллага нь гэрлэлтийг бүртгэхдээ гэрлэхийг хүсэгчдийг биеэр байлцуулаагүй, нэг талыг байлцуулан бүртгэлийн үйл ажиллагааг явуулсан нь Иргэний бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэг /Иргэний бүртгэлийн ажилтан гэрлэлтийг бүртгэхдээ гэрлэхийг хүсэгчдийг биеэр байлцуулна/-т заасныг зөрчжээ.

            Дээрх улсын бүртгэлийн үйл ажиллагаа хуульд нийцээгүй боловч энэ нь дангаараа гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй гэж үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар...гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт...ыг хүчингүй болгуулах...нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт...хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж тус тус заасан.

            Дээрх дурдсан хуулийн зохицуулалтуудаас үзвэл захиргааны хууль бус актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд маргаан бүхий захиргааны акт хууль бус байхын зэрэгцээ уг актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргэх учиртай.

             Гуравдагч этгээд Ц.Ц-ийн тайлбар, нэхэмжлэгч М.Б болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар М.Б, Ц.Ц нар нь 1989 оноос хойш М.Б-ыг АНУ явах хүртэлх хугацаанд хамт амьдарч байсан, М.Б нь хүү Ө-ыг өөрөөрөө овоглон төрсний бүртгэлд бүртгүүлсэн байдал, хамтран орон сууц өмчилж, тухайн орон сууцандаа хамт амьдарч байсан, Ц.Ц, Б.Ө нар нь АНУ-руу явахаар 2 удаа визэнд орсон зэрэг нөхцөл байдлуудаас дүгнэхэд М.Б нь тухайн үед гэрлэлтээ бүртгүүлэхийг зөвшөөрсөн, бүртгэл хийлгэхээс татгалзаагүй, ямар нэгэн байдлаар гэрлэлт бүртгүүлэх хүсэл сонирхолгүй байсан гэж үзэхээргүй байна.

            Иймд тухайн бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүйн зэрэгцээ, уг гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгосноор түүний ямар нэгэн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх нь тодорхойгүй байна.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-ээс “Энэхүү хууль бус бүртгэлийн улмаас М.Б нь АНУ-д танилцсан бүсгүйтэйгээ гэрлэлтээ батлуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх эрх зөрчигдөж байна” гэж тайлбарласан.   

            Харин М.Б нь Ц.Ц-тэй бүртгүүлсэн гэрлэлтийг захиргааны болон шүүхийн журмаар цуцлуулсны үндсэн дээр дахин гэрлэлтээ бүртгүүлэх эрх нээлттэй болно.

              Хоёр. “М.Б-ыг дуудан ирүүлж, гэрлэлтийг хууль ёсны дагуу дахин бүртгэж өгөхийг даалгах”-ыг хүссэн гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд: Гуравдагч этгээдийн “М.Б-ыг дуудан ирүүлж, гэрлэлтийг хууль ёсны дагуу дахин бүртгэж өгөхийг даалгах”-ыг хүссэн бие даасан шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

            М.Б, Ц.Ц нарын гэрлэлтийг бүртгэхдээ иргэний бүртгэлийн ажилтан алдаа гаргасан хэдий ч уг бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй, мөн Иргэний бүртгэлийн тухай хууль /2018 он/-ийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэг /Гэр бүлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан гэрлэхэд харшлах шалтгаан байгаа бол гэрлэлтийг бүртгэхээс татгалзана/-т зааснаар өмнөх гэрлэлтийн бүртгэл хүчин төгөлдөр байх тул дахин шинээр бүртгэл хийхийг даалгаж шийдвэрлэх үндэслэлгүй болно.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Иргэний бүртгэлийн тухай хууль /1999 он/-ийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М овогтой Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-ийн ОАУБХ-т холбогдуулан гаргасан “Улсын бүртгэлийн 69 дугаарт бүртгэгдсэн Т овгийн М-ын Б, Ш овгийн Ц-ийн Ц нарын гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний бүртгэлийн тухай хууль /2018 он/-ийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд Ц.Ц-ийн ОАУБХ-т холбогдуулан гаргасан “М.Б-ыг дуудан ирүүлж, гэрлэлтийг хууль ёсны дагуу дахин бүртгэж өгөхийг даалгах”-ыг хүссэн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг, мөн гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   П.УУГАНЦЭЦЭГ