Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2016/0232

 

Өдрийн мэдээ ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Болор, гуравдагч этгээд Астра интернэйшнл ХХК-ийн ерөнхий захирал Б.Баясгалан, гүйцэтгэх захирал О.Жаргалсайхан, өмгөөлөгч Б.Баяраа, гуравдагч этгээд Л.Зундуйн өв залгамжлагч З.Адъяасүрэн, түүний өмгөөлөгч Д.Туяа нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 805 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Өдрийн мэдээ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Өдрийн мэдээ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт иргэн Л.Зундуй, Астра интернэшнл ХХК-ийн захиалгаар Тэлмэн констракшн ХХК-ийн барьж буй 64 айлын орон сууцны барилгын эх загвар зураг болон Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2015/133 дугаар актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Э.Анар шүүхэд ирүүлсэнтайлбартаа: ...Астра интернэйшнл ХХК-ийн хүсэлтийн дагуу 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд баригдсан уг компанийн захиалгатай контор, үйлчилгээ бүхий 49 айлын орон сууцны барилгад комисс ажиллаж, мөн оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2015/133 дугаар акт олгосноор баталгаажсан.

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд баригдах иргэн Л.Зундуйн 12 давхар орон сууцны барилгын ерөнхий төлөвлөгөө 2008 онд батлагдсан бөгөөд уг барилгын хойд талаар дулааны 6 Г магистраль шугам байрладаг байсан. 2008 онд дулааны 6 Г магистраль шугам нь ф400 мм-ийн голчтой, компенсатор /компенсатор нь авто замын голд уулзвар дээр байдаг байсан/ бүхий хос шугам байсан бөгөөд 2011 онд Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Эрдэс баялаг, эрчим хүний яамны Эрчим хүчний газрын захиалгаар Өлзий төвийн зүүн талаас эхлэн XI хорооллын уулзвар хүртэл 720,0 м газарт хуучин байсан ф400 мм-ийн хос шугамыг ф600 мм-ийн хос шугам болгон өргөтгөх ажил хийгдсэн. Дулааны 6 Г магистраль шугамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын зургийн дагуу авто замын уулзвар дээр байсан компенсатор баруун тийш шилжиж иргэн Л.Зундуйн барилгын чанх ард байрласан тул дулааны шугамаас хамгаалалтын зурвас татахад тухайн байршилд барихаар төлөвлөсөн байсан иргэн Л.Зундуйн барилга 1,5-2,0 м урагш шилжихээс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн байна.

Л.Зундуйд олгосон 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №СБД/56/08/ дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавраар 14.4х24.8 м хэмжээтэй барилга төлөвлөсөн байсан боловч дулааны шугамын өргөтгөлийн ажлаас шалтгаалан иргэн Л.Зундуйн барилгын ажлын зураг 14,0х24,0 м хэмжээтэй болж багасч, анхны төлөвлөсөн байршлаас урагшилж баригдсан.

Нэгэнт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дулаан магистраль шугаманд өргөтгөл шинэчлэлтийн ажил хийгдсэний улмаас иргэн Л.Зундуй, Астра интернэйшнл ХХК-ийн захиалгатай барилга урагш 2,0 м шилжсэн тул тухайн барилгад комисс ажиллахгүй байх үндэслэл тогтоогдохгүй учир уг барилгыг байнгын ашиглалтад хүлээн авсан гэжээ.

Гуравдагч этгээд Астра интернэйшнл ХХК-ийн өмгөөлөгч Б.Баяраа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Нэхэмжлэгч Барилга байгууламж ашиглалтад оруулах тухай улсын комиссын актыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Гэтэл энэхүү шаардлагыг хангуулснаар нэхэмжлэгч нь ямар хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хангуулах гээд байгаа нь, энэхүү захиргааны актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар эрх сэргэх нь тодорхойгүй байна. Харин гуравдагч этгээдийн өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчихөөр байна.

Хууль ёсны зөвшөөрөл бүхий газар дээр хөрөнгө оруулалт хийж барилга барихтай холбоотой харилцаа (газрын яг аль хэсэг дээр нь барилгын ажил явагдах) нь тухайн барилга барьж байгаа этгээд болон зөвшөөрөл өгөх, хяналт тавих чиг үүрэг бүхий төрийн байгууллагын хоорондын харилцаа бөгөөд хөндлөнгийн хөршийн зүгээс энэ харилцаанд оролцох үндэслэлгүй. Учир нь, Астра интернэшнл ХХК нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газар дээр барилга бариагүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн газар дээрээ нэхэмжлэгч тал руу барилгыг бага хэмжээгээр ойртуулан барьсан.

Газар эзэмшигч иргэн Л.Зундуй 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №СБД/56/08 тоот Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу төмөр бетон каракасан бүтээцтэй 14.4x24.8 м хэмжээтэй 12 давхар барилга барих зөвшөөрөл авсан байдаг. Гэтэл 2011 онд барилгын ард байх зам дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дулааны шугамыг шинэчлэх, өргөтгөх ажил хийгдсэн бөгөөд газар эзэмшигч нь нийтийн ашиг сонирхлыг хүндэтгэн үзэж, иргэний үүргээ ухамсарлан өөрийн эзэмшлийн газрын хойд хэсэгт дулааны шугамын хурдыг сааруулах, даралтыг тохируулах үүрэгтэй П хэлбэрийн компенсатор байрлуулахыг зөвшөөрсөн. Ингэснээр тухайн компенсатор дээр барилга барих боломжгүй болсон тул тэр хэмжээгээр барилгын суурийг бага зэрэг урагш шилжүүлэн барилгын нийт талбайн хэмжээг 14x24 м болж багасгасан.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Л.Зундуйн өв залгамжлагч З.Адъяасүрэн шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Миний эцэг Л.Зундуй Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Их тойруу 83, Содномын гудамж, 56 тоотод Нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 577 тоот шийдвэрээр 1690 м.кв газрыг эзэмшдэг байсан ба 2008 онд уг газар дээр 0.045 га талбайд орон сууц, үйлчилгээний зориулалттай 12 давхар барилга барих ерөнхий төлөвлөгөө батлагдаж, Архитектур төлөвлөлтийн даалгавар, Эзэмшил газрын зориулалтыг өөрчилж барилга барих зөвшөөрөл олгох тухай захирамж тус тус гарсан. Уг газрыг эзэмших эрх 2011 онд өв залгамжлалаар З.Адъяасүрэн миний нэр дээр шилжсэн.

2014 онд холбогдох бүх зөвшөөрлийг авч Астра интернэйшнл ХХК-тай хамтран орон сууц, үйлчилгээний зориулалттай 12 давхар барилгыг захиалан бариулсан ба 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллаж 2015/133 тоот актаар баталгаажсан.

Хойд талд нь ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаж, зөвшөөрлийн дагуу барилга баригдсанаар нэхэмжлэгчийн эрх ашиг яаж хөндөгдөөд, барилга яаж үнэгүйдээд байгаа нь ойлгомжгүй байна. Барилгын эх загвар зураг, барилгыг ашиглалтад оруулах комиссын акт хүчингүй болсноор ноцтой хөндөгдсөн гэх эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, бусад эрх ашиг нь яаж сэргээгдэх нь тодорхойгүй юм.

2011 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, Эрдэс баялаг, эрчим хүчний яамны захиалгаар бидний эзэмшил газрын хойд талаар байрлах дулааны 6 Г магистраль шугамын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдсэн. Барилга хоорондын зай тэг тэнхлэгээр тооцвол 10.6 метрт анх төлөвлөгдсөн байх ба дээрх дулааны шугамын өргөтгөлийн ажлын улмаас шугамын компенсаторыг зүүн талын авто замын уулзвар дээр байх байсныг ажлын ачаалал их, замыг удаан хугацаагаар хаахад хүндрэлтэй гэсэн үндэслэлээр баруун тийш шилжүүлж бидний төлөвлөсөн барилгын чанх ард байршуулснаар бид барилгаа 1.17 метр урагшлуулж барилга хоорондын зайг тэг тэнхлэгээр 9.5 метр болгох аргагүй нөхцөл байдал үүссэн.

Иймд Өдрийн мэдээ ХХК-ийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 805 дугаар шийдвэрээр: Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.4-т заасныг баримтлан Өдрийн мэдээ ХХК-ийн гаргасан Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2015/133 дугаар актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс Орон сууцны барилгын эх загвар зургийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямдорж давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 805 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүх тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтыг үнэлж үзэхгүй байгаа үндэслэлээ тайлбарласангүй. Тухайлбал, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын албан бичигт холбогдох дүрмийн заалт зөрчсөн тухай бичигдсэн байгаа.

Шүүх барилгыг батлагдсан эх зургаас урагшлуулж барихыг зөвтгөсөн үндэслэлээ тайлбарласангүй. Өөрөөр хэлбэл, захиргаанаас урагшлуулж барих талаар зөвшөөрөөгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Өдрийн мэдээ ХХК-иас Хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм-ийн 30.01.04-ийн 2.11 дэх ...2-3 давхар сууцны өрөөний цонхнуудын хоорондох зай 15 м-ээс багагүй, 4 давхар бол 20 м-ээс багагүй, харин ийм барилгын тууш болон хөндлөн талуудад байрлалтай сууцны өрөөний цонхнуудын хоорондох зай 10 м-ээс багагүй байх ёстой... гэсэн заалтыг зөрчиж баригдсан Астра интернэйшнл ХХК-ийн захиалгатай контор, үйлчилгээтэй 49 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулах акт гаргасан гэжБарилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2015/133 дугаар актыг хүчингүй болгуулах-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Иргэн Л.Зундуй болон Астра интернэйшнл ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 449 дүгээр захирамжаар иргэн Л.Зундуйд үйлчилгээтэй орон сууцны барилгын зориулалтаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Өдрийн сонины байрны зүүн хойд талд 0.045 га газарт олгосон барилга барих зөвшөөрөл, Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн СБД/56/08 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын эх загвар зургийн дагуу контор, үйлчилгээтэй 49 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг 2014 оны 06 дугаар сараас эхэлж, 2015 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дуусган барилгыг байнгын ашиглалтад оруулахаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисст хүсэлт гаргажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм-д бүх төрлийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах үйл ажиллагаанд комисс ажиллахаар заасан бөгөөд уг комисс нь Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан хүн ажиллаж, амьдрах боломжтой, барилгын норм, дүрэм, стандартын дагуу баригдсан барилга байгууламжийг ашиглалтад оруулах үүрэгтэй байна.

Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газраас 2008 онд боловсруулсан барилгын эх загвар зурагт гуравдагч этгээдийн барилгыг Өдрийн сонины байрнаас 10.6 метр буюу барилга хоорондын зай 10.6 метр байхаар тусгасан боловч 2011 онд тус барилгын хойд талын авто замын уулзвар дээр дулааны ф400-ын голчтой 6 Г магистрал хос шугамын компенсатор байсныг ф600-ын голчтой болгон өргөсгөж, компенсаторын байршлыг авто замын уулзвараас баруун тийш шилжүүлснээр шугамын хамгаалалтын бүсээс шалтгаалан барилгыг анхны батлагдсан эх зургаас 1.5-1.6 метр урагш шилжүүлж барих зайлшгүй нөхцөл үүссэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан гуравдагч этгээд барилгын байршлыг 1.6 метрээр урагшлуулсныг буруутгах боломжгүй бөгөөд гуравдагч этгээдийг дур мэдэн барилгын байршлыг шилжүүлсэн гэж үзэхгүй.

Түүнчлэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүх нь захиргааны хууль бус актын улмаас нэхэмжлэгчийн эрх хөндөгдсөн эсэхийг шалгаж тогтоох ёстой. Энэ тохиолдолд Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс гуравдагч этгээдийн орон сууцны барилгыг байнгын ашиглалтад хүлээн авснаараа нэхэмжлэгчийн хуульд заасан эрхийг хөндөхгүй байх тул комиссын актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 805 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүйорхисугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН