Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/132

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Б.Тэгшбаяр

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******т холбогдуулан яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2205000000076 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  оны  дугаар сарын -нд Завхан аймагт төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ********* ХХК-нд жолооч ажилтай, ам бүл , эхнэр, хүүхдийн хамт Завхан аймгийн Их-Уул  дүгээр баг, Хонгор гэх газар оршин суух хаягтай боловч одоогоор Баянгол дүүргийн  дүгээр хороо, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД: /, *******.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “GS-25” гэх нэртэй түргэн хоолны болон хүнсний дэлгүүрт хохирогч О.О- маргалдан эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруу болон хэргийн үйл баримт дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа тул дахин мэдүүлэг өгөхгүй. Хохиролд 300.000 төгрөг өгсөн гэв.“ гэсэн мэдүүлэг

 

Гурав: Эрүүгийн 2205 0000 00076 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.О-ийн хохирогчоор өгсөн:

 “Миний бие Гандантэгчилэн хийдийн хойд талд байрлах GS25 нэртэй дэлгүүрт худалдагч хийдэг бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 18-ны шөнө 23 цагийн орчимд дэлгүүр дээрээ байж байхад манай дэлгүүрээр эрэгтэй, эмэгтэй хоёр хүн үйлчлүүлсэн бөгөөд тухайн эрэгтэй хүн танай дэлгүүрт сууж байгаад пиво ууж болох уу гэхээр нь би болохгүй гэж хэлтэл тэгвэл сууж байгаад пиво ууж болох уу гэхээр нь би болно гэж хэлтэл тухайн эрэгтэй бэлэн идэх юм авч идэж байснаа авч орж ирсэн пивоо задлахаар нь манай дэлгүүрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж болдоггүй гэтэл за гэж хэлээд удалгүй тухайн эрэгтэй хүнтэй хамт явж байсан эмэгтэй гялгар тор асуусан бөгөөд тухайн үед өөр нэгэн үйлчлүүлэгчид үйлчлүүлж байсан тул түр байж байгаарай гэж хэлчхээд үйлчлүүлж байсан хүндээ авсан юмыг нь өгөөд тор өгтөл нөгөө эрэгтэй хүн босож ирээд та нар яахаараа хүнийг ялгаварлаж харьцдаг юм гээд би явж очоод та уучлаарай гэж хэлтэл уурлаад Оргил руу уурлаад байхаар нь би тухайн эрэгтэй хүний маргааныг нь салгах гээд тулаад зогсож байтал гэнэт хөлөөрөө миний зүүн хөлийн өвдөг рүү нэг удаа өшиглөсөн бөгөөд өшиглүүлсэн даруйд миний зүүн хөл татганаад өвдөгнөөсөө дээш янгинаад эхэлсэн. Тэр үед манай найз охин Анужин над дээр ирээд намайг түшиж байгаад сандал дээр суулгасан. Тэгээд байж байтал цагдаа орж ирээд намайг өшиглөсөн эрэгтэйг аваад явсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал)

 

            2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.А-гийн гэрчээр өгсөн: “Миний бие нь 2021 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 00 цагийн үед найз залуу О.О-ийн ажил болох Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Гандангийн хойд талын автобусны буудалд байрлах “GS25” нэртэй сүлжээ дэлгүүр ажил дээр нь түүнийг хүлээгээд байж байхад гаднаас үл таних эхнэр нөхөр хоёр орж ирээд үйлчлүүлж байсан. Улмаар тус дэлгүүрийн ажилтнуудтай маргаан үүсгээд байж байхад манай найз залуу О.О- нь маргааныг зогсоох гээд байж байхад нөхөр нь гэх залуу оргил гэх ажилтан руу дайрч байх явцдаа хөлөөрөө жийгээд манай найз залууг гэмтээсэн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал)

      3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 883 дугаартай: “О.О-ийн биед зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих, дарах шахах механизмаар үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал)

             4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ын яллагдагчаар өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө миний бие эхнэр Баянзулын хамтаар Баянгол дүүргийн Гандантэгчилэн хийдийн хойно байрлах “GS25” нэртэй сүлжээ дэлгүүрээр 23 цагийн орчимд үйлчлүүлсэн бөгөөд бид хоёр тухайн дэлгүүрт бэлэн юм идэх юм идэж байгаад илүү гарсан идэх юм аа торонд хийгээд авч явахаар худалдагчаас нь тор асуусан боловч байхгүй гээд байсан. Тэгтэл тухайн дэлгүүрээр үйлчлүүлж байсан өөр хүн тор асуусан чинь худалдагч эрэгтэй тор өгчихөөр нь би тухайн худалдагч эрэгтэй дээр явж очоод чи олон нийтийн газар ажиллаж байж хүнийг ингэж ялгаж харьцаж болохгүй шүү дээ гээд уурлахад худалдагч залуу лангууныхаа араас гарч ирээд намайг гараад яв гэхээр нь би уурандаа санамсаргүйгээр баруун хөлөөрөө тухайн эрэгтэй хүний зүүн хөлийнхөн өвдөг рүү өшиглөчихсөн чинь тухайн худалдагч эрэгтэй ёолоод та зүгээр гараад явчих гэхээр нь би тухайн эрэгтэй хүнийг эмнэлэг орж хөлийг чинь үзүүлье гэтэл худалдагч эрэгтэй өөрөө зүгээр, зүгээр та манай дэлгүүрээс гараад явчих гэхээр нь би дэлгүүрээс гараад явах гэж байтал хоёр цагдаа орж ирээд намайг бариад аваад явсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 42 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 40 дахь тал), шүүгдэгч *******ын өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорт гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 59 дэх тал), хохирогч О.О-ийн гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 58 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч О.О-т учирсан хохирол, хор уршгаа баримтаар нэхэмжлээгүй бөгөөд, гомдол саналгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч ******* нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг (хавтаст хэргийн 59 дэх тал) 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 29 дугаартай Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар *******т холбогдох эрүүгийн 2205 0000 00076 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон гэж дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.Пүрэвнямын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “GS-25” нэртэй түргэн хоолны газар болон хүнсний дэлгүүрт хохирогч О.О- маргалдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  болох нь:

хохирогч О.О-ийн  “...О- руу уурлаад байхаар нь би тухайн эрэгтэй хүний маргааныг нь салгах гээд тулаад зогсож байтал гэнэт хөлөөрөө миний зүүн хөлийн өвдөг рүү нэг удаа өшиглөсөн бөгөөд өшиглүүлсэн даруйд миний зүүн хөл татганаад өвдөгнөөсөө дээш янгинаад эхэлсэн..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал), гэрч О.А-гийн “...О.О- нь маргааныг зогсоох гээд байж байхад нөхөр нь гэх залуу оргил гэх ажилтан руу дайрч байх явцдаа хөлөөрөө жийгээд манай найз залууг гэмтээсэн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал), шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 883 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал), шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар бүрэн хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч О.О-ийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хүндэвтэр хохирол нь шүүгдэгч ******* нь хохирогчийн өвдөг рүү хөлөөрөө өшиглөсний улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч *******ын дээрх гэмт үйлдлийг Баянгол дүүргийн прокуророос “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв.   

 

Хэргийн шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хэргийн хохирогч О.О-ийн биед учирсан хөнгөн гэмтэл бүхий эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

 

Хэргийн хохирогч О.О- нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.

Иймд хохирогч О.О- нь хэрэгт гэм хорын хохирол, төлбөрөө нөхөн төлүүлсэн цаашид гомдол саналгүй болохоо мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрхийлсэн (хавтаст хэргийн 58 дахь тал) баримттай байна.

 

Иймд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож шүүгдэгч *******ыг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 40 дэх талд авагдсан ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдсэн тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон.

 

Шүүгдэгч *******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах шүүх, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хувийн байдал болон хохирогч О.О- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлын дордуулахгүйгээр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч О.О- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. *******ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. ******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ