Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/133

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Н.Энхболд

шүүгдэгч *******- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******-т холбогдуулан яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2205000000184 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны  дугаар сарын -нд Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  “*******” зах дахь тос тосолгооны материал зардаг, ам бүл 3, эх, эгчийн хамт Баянзүрх дүүргийн дугаар хороо Сэлбэ  дугаар гудамж  тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Баянзүрх дүүргийн  дугаар хороо аппартмент  хотхоны дугаар байрны  тоотод оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй /РД:/, *******-.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч *******- нь 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 73 дугаар сургуулийн спорт зааланд хохирогч С.Б-тай маргалдаж түүний биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч *******- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *******-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруу болон хэргийн үйл баримт дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа тул дахин мэдүүлэг өгөхгүй. Хохиролыг нь төлнө гэв.“ гэсэн мэдүүлэг

 

Гурав: Эрүүгийн 2205 0000 00184 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Б-ы хохирогчоор өгсөн:

 “2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн дүү Б- нь манай ажлын газрын ах заал авна гэнэ, намайг багаа бүрдүүлээд тавуулаа хүрээд ир гэж байна гэж хэлэхээр нь үеэл дүү , хуурай ах Са-, С-ын найз гэх үл таних эрэгтэй хүүхэд, дүү Б- нарын хамтаар Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 73 дугаар сургуулийн спорт зааланд 20 цагаас 22 цаг хүртэлх хугацаанд сагсан бөмбөг тоглосон. Ингээд бид тавуулаа нэг баг болоод эсрэг багт үл таних таван залуучууд байсан. Тоглож байх хугацаанд манай баг тоглох болгондоо хожиж байсан бөгөөд эсрэг багийн хүмүүс нь 10 гаруй залуучууд ээлжлээд тоглоод хожигдсон. Ингээд эсрэг багийн хүмүүс бага зэрэг бохир тоглох шинжтэй болоод манай хүмүүс дээр алдаа гаргаад уур амьсгал бага зэрэг муудсан юм. Тэгэхэд сүүлийн тоглолт дээр *******- гэх бага зэрэг махлагдуу залуу эсрэг багт орж тоглосон бөгөөд тоглолт эхлэх үед над дээр шууд санаатай алдаа гаргахаар нь би түүнд энэ ямар тэмцээн бишдээ, бохир тоглох хэрэг байхгүй шүү дээ цэвэрхэн тоглоё гэсэн шаардлага тавьсан. Тэгтэл чи ямар сүртэй пизда вэ яачихаад байгаа юм гэж хэлэхээр нь би бөмбөгөө шидчихээд цаашаа явсан. Ингээд тоглолт цааш үргэлжлээд явж байхад эсрэг талын 17 номерын өмсгөлтэй өөр нэг залуу довтолгоо хийж ирэхээр нь би хаалт хийхэд, хаалгуулсандаа шаралхаад тухайн залуу нь над руу чи яаж тоглоод байгаа юм гэж дайраад ороод ирсэн. Би та нартай маргалдах шаардлага алга гэж хэлээд эргэж хараад явахад *******- /ногоон өнгийн подвольктой/ байсан гэх залуу нь хойноос ирээд баруун шанааны хэсэгт гараараа нэг удаа цохисон бөгөөд намайг газар унахад баруун талын хавирганы хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөсөн юм. Тухайн үед манай багийнхан салгаад би цагдаагийн байгууллагад хандсан юм. Миний биед баруун шанаа, хүзүү хэсэгт хөндүүртэй, баруун хавирганы хэсэгт хөндүүрлэж зовуурилж байсан. Одоогоор хавирганы хэсгийн өвчин арилахгүй байгаа юм. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна. Миний биед учирсан баруун 5, 6 дугаар хавирганы хугарал, баруун уушгины жижиг няцрал, хүзүү, баруун шанаанд цус хурал гэмтлүүдийг тухайн *******- гэх залуу нь миний хойноос ирж баруун шанааны хэсэгт нэг удаа гараараа цохиод унах үед миний баруун хавирганы хэсэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал)

 

            2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.С-ын гэрчээр өгсөн: “2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр манай дүү Б- нь заал авах уу гэж асуухаар нь зөвшөөрөөд үеэл ах С.Б-, үеэл дүү Б- хамт Нарны гүүрний баруун хойд талд байрладаг 73 дугаар сургуулийн зааланд 20 цагийн үед очсон юм. Тухайн үед зааланд олон тооны танихгүй хүмүүс цугласан байсан бөгөөд хуваагдаад сагсан бөмбөг тоглоцгоосон. Ингээд манай багт С.Б-, Б-, Са-, Бя- гэх манай найз нарын бүрэлдэхүүнтэй байсан бөгөөд эхний 2 тоглоод хожсон. Эсрэг багт байсан 17 дугаартай өмсгөлтэй залуу нь маш бохир тоглоод уурлаж уцаарлаад байсан. 3 дахь тоглолт эхлэх үеэр хар ногоон өнгийн өмсгөлтэй, махлагдуу залуу эсрэг багт орж тоглож байсан бөгөөд ах С.Б-тай хамгаалалтан дээрээсээ болоод үл ойлголцоход ах С.Б- нь зүгээр тоглоом шүү дээ, эелдэг тоглоод салъя гэж хэлээд салсан. Ингээд эсрэг багаас бөмбөг тоглолтод оруулаад 17 дугаартай өмсгөлтэй залуу нь довтолгоо хийх үед ах С.Б- нь хаалт хийхэд алдаа гэж хэлээд маргаан үүссэн. Энэ үед ах С.Б- нь алдаа бол алдаагаа ав гэж хэлээд эргэж харахад тухайн махлах залуу нь араас нь гүйж очоод ах С.Б-ыг мэдээгүй байхад нүүр лүү нь гараараа нэг удаа цохиод унахад нь цээжин тус газарт нь 2 удаа өшиглөсөн. ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал)

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Б- гэрчээр өгсөн: “2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр манай найз намайг заал авах уу гэж асуухаар нь би төрсөн ах С.Б-, үеэл ах С- нарын хамт Баянгол дүүрэгт байрлах 73 дугаар сургуулийн зааланд 20 цагийн үед очсон юм. Тухайн үед зааланд манай найзын ажлын газрын хүн, түүний найз, дүү нар гэх үл таних хүмүүс байсан бөгөөд хуваагдан баг болж тоглож эхэлсэн. Улмаар манай багт С.Б-, С-, хуурай ах Са-, С- ахын нэг найз баг болоод бид нар  гурав дарааллаад хожсон. Энэ үед эсрэг багт орж ирсэн залуу болох 17 дугаартай өмсгөлтэй залуу нь маш бохир тоглоод уурлаж уцаарлаад байсан бөгөөд уур амьсгал эвдээд байсан. Дараагийн тоглолт дээр хар ногоон өнгийн өмсгөлтэй, махлагдуу залуу эсрэг багт орж тоглож байсан бөгөөд ах С.Б-тай хамгаалалтан дээрээсээ болоод үл ойлголцох гээд байхад ах С.Б- нь зүгээр тоглоом шүү дээ, эелдэг тоглоод салъя гэж хэлсэн. Тэгэхэд 17 дугаартай өмсгөлтэй эрэгтэй нь довтолгоо хийж байгаад манай ах С.Б- хаалтанд орсон бөгөөд чи гар цохчихлоо, яаж тоглоод байгаа юм бэ гэж хэлээд дайраад байсан. Тухайн үед ах С.Б- нь алдаа бол алдаагаа ав гэж хэлээд эргэж харахад тухайн махлаг залуу нь араас нь гүйж очоод ах С.Б-ыг мэдээгүй байхад нүүр лүү нь гараараа нэг удаа цохиод унахад нь гэдэс хэсэг рүү нь хоёр удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал)

 

            4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Тэмүүжиний гэрчээр өгсөн: “2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Нарны гүүрний баруун хойд талд байрладаг 73 дугаар сургуулийн зааланд найз бас дүүгийн хамт очсон юм. Ман найз *******- нь сүүлд буюу ирээд тоглоод байж байхад ирсэн. Тухайн зааланд тал талаас ирсэн хүмүүс цуглалдаад хоорондоо тоглоцгоосон. Тоглолтын үеэр уур амьсгал эвдэрсэн бөгөөд намайг нэг довтолгоо хийх үед эсрэг багт байсан С.Б- гэх залуу нь /сүүлд нь нэрийг нь мэдсэн/ илт алдаа гаргаад маргаан үүссэн. Энэ үед найз *******- нь уурандаа тухайн С.Б- гэх залууг цохиод унахад нь нэг удаа өшиглөсөн байх гэж бодож байна. Хүмүүс бужигналдаад байсан учраас яг юу болсон талаар нь сайн харж чадаагүй. Тэгэхэд С.Б- гэх залуу нь цагдаад хандсан байсан юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал)

 

       5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1283 дугаартай: “С.Б-ы биед баруун 5, 6-р хавирганы хугарал, баруун уушгины жижиг няцрал, хүзүү, баруун шанаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дахь тал)

 

     6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******-ын яллагдагчаар өгсөн:“...эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа. Уг тогтоолоос асууж тодруулах зүйл байхгүй бөгөөд хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 01 дугаар сарын 02-ны өдөр 21 цагийн үед Баянгол дүүргийн нутагт байрлах 73 дугаар сургуулийн зааланд найз Тэмүүжин, Бархүү хоёр намайг дуудахаар нь би очиж хамт тоглосон. Энэ үед зааланд очиход танихгүй олон тооны хүмүүс цуглацгаасан байсан бөгөөд тоглож байх хугацаандаа эсрэг багт орсон С.Б- гэх залуутай тоглолтын алдаанаас болж маргалдаад түүний нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохиод унахаар нь би баруун хөлөөрөө бие рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгэхэд хамт байсан хүмүүс салгасан юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 42 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 45 дахь тал), шүүгдэгч *******-ын өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорт гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 57 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч *******- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч С.Б-д учирсан хохирол, хор уршигт 1.928.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгч *******- нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг (хавтаст хэргийн 57 дахь тал) 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 36 дугаартай Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар *******-т холбогдох эрүүгийн 2205 0000 00184 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон гэж дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч *******- нь 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 73 дугаар сургуулийн спорт зааланд хохирогч С.Б-тай маргалдаж түүний биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь:

Хохирогч С.Б-ы “...*******- /ногоон өнгийн подвольктой/ байсан гэх залуу нь хойноос ирээд баруун шанааны хэсэгт гараараа нэг удаа цохисон бөгөөд намайг газар унахад баруун талын хавирганы хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөсөн юм. Тухайн үед манай багийнхан салгаад би цагдаагийн байгууллагад хандсан юм. Миний биед барууны шанаа, хүзүү хэсэгт хөндүүртэй, баруун хавирганы хэсэгт хөндүүрлэж зовуурилж байсан. Одоогоор хавирганы хэсгийн өвчин арилахгүй байгаа юм. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна. Миний биед учирсан баруун 5, 6 дугаар хавирганы хугарал, баруун уушгины жижиг няцрал, хүзүү, баруун шанаанд цус хурал гэмтлүүдийг тухайн *******- гэх залуу нь миний хойноос ирж баруун шанааны хэсэгт нэг удаа гараараа цохиод унах үед миний баруун хавирганы хэсэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал), гэрч Д.С-ын “...С.Б- нь алдаа бол алдаагаа ав гэж хэлээд эргэж харахад тухайн махлах залуу нь араас нь гүйж очоод ах С.Б-ыг мэдээгүй байхад нүүр лүү нь гараараа нэг удаа цохиод унахад нь цээжин тус газарт нь 2 удаа өшиглөсөн. ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал), гэрч С.Б- “...Тухайн үед ах С.Б- нь алдаа бол алдаагаа ав гэж хэлээд эргэж харахад тухайн махлах залуу нь араас нь гүйж очоод ах С.Б-ыг мэдээгүй байхад нүүр лүү нь гараараа нэг удаа цохиод унахад нь гэдэс хэсэг рүү нь хоёр удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал)

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1283 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дахь тал)

Шүүгдэгч *******-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар бүрэн хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

Хэргийн хохирогч С.Б-ы эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хүндэвтэр хохирол нь шүүгдэгч *******- нь хохирогчийн нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохиж, хөлөөрөө бие рүү нь нэг удаа өшиглөсний улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Шүүгдэгч *******-ын дээрх гэмт үйлдлийг Баянгол дүүргийн прокуророос “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв.   

Хэргийн шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хэргийн хохирогч С.Б-ы биед учирсан хүндэвтэр гэмтэл бүхий эрүүл мэндийн хүндэвтэр хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

Хэргийн хохирогч С.Б- нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.

Иймд хохирогч С.Б- нь хэрэгт гэм хорын хохирол, төлбөрт тооцон баримт бүхий мөнгөн дүнгээр тооцсон 728.000 төгрөгийн баримтыг (хавтаст хэргийн 47 дахь тал)-д авагджээ. Мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй холбоотой 1.200.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилснийг шүүгдэгч *******- нь хохирогчид дээрх нэхэмжилсэн нийт 1.928.000 төгрөгийг 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн дотор нөхөн төлөхөөр тохиролцсон тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” болохоо мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрхийлсэн (хавтаст хэргийн 56 дахь тал) баримттай байна.

Гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож шүүгдэгч *******-аас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 1.928.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Б-д олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч *******- нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 45 дахь талд авагдсан ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдсэн тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон.

Шүүгдэгч *******- үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах шүүх, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хувийн байдал болон хохирогч С.Б- нь “гомдол саналгүй” гэснийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлын дордуулахгүйгээр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Энэ хэрэгт *******- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.         

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

            1. Боржигон овогт Бямбажавын *******-ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.       

            2. Шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

            3. *******-ын зорчих эрхийг шүүхээс түүний оршин суудаг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах  ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-аас нийт 1.928.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Б-д олгосугай.

 

7. *******- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

           8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ