Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/134

 

 

 

 

 

 

 

    2022           02          23                                  2022/ШЦТ/134

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Ц.Сайнзаяа

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205000000035 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны   дүгээр сарын -нд Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн  дугаар хороо,  дугаар хороолол, дүгээр байрны  тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлийн талаар урьд нь;

         -1999 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 400 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

-2003 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 184 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

-2005 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялын зарим болох 3 сарыг нэмж, биечлэн эдлэх ялыг 2 жил 3 сарын хугацаагаар тогтоож, уг ял дээр 2003 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 184 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим болох 1 жилийг нэмж, биечлэн эдлэх ялыг 3 жил 3 сарын хугацаагаар тогтоосон,

- 2009 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн  494 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,

            -2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 963 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгэсэн,

-2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 948 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн, /РД: /, *******.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ******* 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 103 дугаар байрны нэг давхарт байрлах “Bubble tea and cafe” нэртэй бааранд М.С-тай маргалдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруу болон хэргийн үйл баримт дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч байх тул дахин мэдүүлэг өгөхгүй. Гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна.” гэсэн мэдүүлэг

 

Гурав: Эрүүгийн 2205 0000 00035 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.С-ын хохирогчоор өгсөн:

 “Би 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 15 цагийн үед фейсбүүкийн найзтайгаа уулзахаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сансарын КFС-ын хажуу талын 27 дугаар байранд очиж уулзсан бөгөөд тухайн фейсбүүкийн найз Т-тай уулзаад байж байтал Т- найз гээд 40 орчим насны 2 эрэгтэй хүн орж ирсэн бөгөөд бид нар Т- гэрт Соёрхол 0,5 литртэй архи нэг шил, нэрийг нь мэдэхгүй 0,75 литртэй нэг шил вискиг дөрвүүлээ хувааж уугаад Т- гэрээс бид 4 гараад Г-нэртэй бөхийн өргөөний хажууд байдаг пабад 19 цагийн үед очоод Сэнгүр пиво лаазтайгаас хүн тус бүр 2 ширхгийг уугаад 22 цагийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэрийг нь мэдэхгүй бааранд орсон бөгөөд бааранд ороод Сэнгүр нэртэй шилтэй пиво хүн тус бүр 2-3 ширхгийг уугаад сууж байтал Т- найз гэх ******* гэж эрэгтэй намайг болон Т- нөгөө найз бид хоёрыг орон байрны хулгайчаа гээд дуудаад шоолоод инээж байснаа ширээн дээр байсан пивоны шил аваад тухайн пивоны шилээр миний толгойн тус газар ******* нь нэг удаа цохисон ба тэр үед миний толгой орой хэсгээс цус гарч эхэлсэн тэгээд би баарнаас гараад гадаа явж байсан хүний утсаар цагдаа дуудсан. Тэр үед Т- ширээн дээр тасраад унтаж байсан ба миний толгой руу ******* пивоны шилээр цохих үед Т- нөгөө найз нь харж байсан. Би баарны гадаа цагдаа хүлээгээд зогсож байх үед ******* араас гарч ирээд хохино тэр цагдаагаа дууд гэж хэлээд байсан. Би уг нь *******ийг уучлалт гуйх байх гэж бодож байсан чинь нэмээд бүр доромжлоод байсанд нь гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал)

 

            2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Б- гэрчээр өгсөн:

 “2021 оын 12 дугаар сарын 15-ны өдөр 16-нд шөнө 00 цагийн үед  манай нөхөр Моложамцын дугаар луу 89981560 дугаар залгаад  танай хүүхэд толгойгоо хагалчихлаа надад туслаач гэхээр нь түргэн дуудсан гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид хоёр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэг жижиг баарны гадна очиход манай хүү С-ын толгой хагарсан 2 цагдаагийн албан хаагчтай сууж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал)

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Б- гэрчээр өгсөн:

 “Би 2021 оны 12 дугаар сарын 14-ний байгууллагынхаа хамт олонтой шинэ жил тэмдэглээд маргааш буюу 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 14 цагийн үед шартсан байдалтай гэртээ байж байсан бөгөөд би фейсбүүкээр найз дүү С-д чатаар 'би шартаад гэртээ байна гэтэл” С- би танай гэртэй ойрхон байна би яваад очъё гэрээ заагаад өгчих гэсэн тэгэхээр нь би гэрийн хаягаа заагаад өгтөл удалгүй С- 0,5 литртэй Соёрхол архи аваад ирсэн би бас хоёр өдөр гадуур найзуудтайгаа архи уусан гэртээ хариагүй байна гээд орж ирсэн ба бид хоёр тухайн 1 шил архи уугаад сууж байтал манай найз ******* надаас уран зураг авах гэж ирсэн ба ******* бас гадаадаас ирсэн гээд 1 шил виски авч ирсэн бөгөөд удалгүй манай найз А- хүрч ирээд бид дөрөв тухайн виски болон архиа хувааж уусан ба би С-ыг за одоо гэртээ хариа ах нартайгаа битгий нэмж архи уу гээд гаргаад явуулсан. Тэгээд Жагаа, ******* бид гурав 19 цагийн үед гараад Бөхийн өргөөний ойролцоо бааранд ортол С- хамт хүрээд ирсэн байхаар нь бид нар тэгээд С-тай хамт хэдэн шил пиво хувааж уугаад 22 цагийн үед тэндээсээ гараад хорооллын Модны хоёр орчим нэг бааранд Жагаа, С-, ******* бид дөрөв орсон бөгөөд бааранд ороод бид дөрөв дахиад пиво авч уугаад сууж байтал С- гараа өргөөд хуруугаараа хүмүүс рүү чичээд байсан ба С- ******* 2 ойролцоо суугаад, Жагаа бид хоёр ойролцоо ширээний 2 талд сууж байтал гэнэт С- толгойгоо бариад гараад яваад өгсөн ба дараа нь *******ээс асуутал ******* надад над руу агсан тавиад байхаар нь тэр С-ын толгой руу нь пивоны шилээр цохисон чинь явсан гэж хэлсэн. Бааранд ороход С-ын биед ямар нэгэн гэмтэл шархгүй орсон.” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 18 дахь тал)

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.А-ын гэрчээр өгсөн:

“...Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэрийг нь мэдэхгүй бааранд орсон бөгөөд бид дөрөв ширээ тойроод пиво уугаад сууж байтал тэр шар үстэй 20 гаран насны залуу дунд хуруугаа гаргаад ******* хэл амаар доромжлоод байсан бөгөөд ******* гэнэт босож ирээд ширээн дээр байсан пивоны шилээр 20 гаран насны шар үстэй залуугийн толгойн тус газарт нь нэг удаа цохиод авсан тэгтэл тэр залуу баарнаас гараад яваад өгсөн бөгөөд бид нар тэр залуугийн араас гартал тэр залуугийн толгойноос нь цус гараад байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-21 дэх тал)

 

           

          5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 590 дугаартай:  

“М.С-д толгойн оройд няцарсан шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дахь тал)

 

             6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ийн яллагдагчаар өгсөн:

“...Т- дүү гэх шар үстэй залуу эрэгтэй хүмүүс рүү хуруугаараа заагаад агсраад орилоод байхаар нь би уурлаад боль гээд шанаа хэсэг рүү нь хоёр удаа цохисон тэгсэн тэр залуу чи надаас сөгдөөд уучлалт гуйвал би чамайг цохисон гэж гомдол гаргахгүй гээд орилоод байхаар нь би уурлаад ширээн дээр байсан пивоны шил аваад тэр шар үстэй залуугийн толгой руу нэг удаа цохисон чинь тэр залуугийн толгойноос цус гараад баарнаас гараад гүйчихсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 57 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 67 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 103 дугаар байрны нэг давхарт байрлах “Bubble tea and cafe” нэртэй бааранд М.С-тай маргалдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “Т- дүү гэх шар үстэй залуу эрэгтэй хүмүүс рүү хуруугаараа заагаад агсраад орилоод байхаар нь би уурлаад боль гээд шанаа хэсэг рүү нь хоёр удаа цохисон тэгсэн тэр залуу чи надаас сөгдөөд уучлалт гуйвал би чамайг цохисон гэж гомдол гаргахгүй гээд орилоод байхаар нь би уурлаад ширээн дээр байсан пивоны шил аваад тэр шар үстэй залуугийн толгой руу нэг удаа цохисон чинь тэр залуугийн толгойноос цус гараад баарнаас гараад гүйчихсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал),

хохирогч М.С-ын “******* гэж эрэгтэй намайг болон Т- нөгөө найз бид хоёрыг орон байрны хулгайчаа гээд дуудаад шоолоод инээж байснаа ширээн дээр байсан пивоны шил аваад тухайн пивоны шилээр миний толгойн тус газар ******* нь нэг удаа цохисон ба тэр үед миний толгой орой хэсгээс цус гарч эхэлсэн тэгээд би баарнаас гараад гадаа явж байсан хүний утсаар цагдаа дуудсан. Тэр үед Т- ширээн дээр тасраад унтаж байсан ба миний толгой руу ******* пивоны шилээр цохих үед Т- нөгөө найз нь харж байсан. Би баарны гадаа цагдаа хүлээгээд зогсож байх үед ******* араас гарч ирээд хохино тэр цагдаагаа дууд гэж хэлээд байсан. Би уг нь *******ийг уучлалт гуйх байх гэж бодож байсан чинь нэмээд бүр доромжлоод байсанд нь гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал)

Гэрч Б.А-ын “Бат- Энхийг хэл амаар доромжлоод байсан бөгөөд ******* гэнэт босож ирээд ширээн дээр байсан пивоны шилээр 20 гаран насны шар үстэй залуугийн толгойн тус газарт нь нэг удаа цохиод авсан тэгтэл тэр залуу баарнаас гараад яваад өгсөн бөгөөд бид нар тэр залуугийн араас гартал тэр залуугийн толгойноос нь цус гараад байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-21 дэх тал)

Гэрч Ц.Б- “*******ээс асуутал ******* надад над руу агсан тавиад байхаар нь тэр С-ын толгой руу нь пивоны шилээр цохисон чинь явсан гэж хэлсэн. Бааранд ороход С-ын биед ямар нэгэн гэмтэл шархгүй орсон.” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 18 дахь тал)

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 590 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

   Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *******ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрч оролцов. 

 

          Шүүгдэгч ******* нь согтуугаар хохирогч М.С-ын толгой хэсэг рүү пивоны шилээр цохисны улмаас М.С-ын эрүүл мэндэд толгойн оройд няцарсан шарх гэмтэл учирсан нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд ******* нь өөрийн үйлдлийг нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хөнгөн хохирол зориуд хүргэсэн байна. 

 

******* нь хохирогч М.С-ыг “хүмүүс рүү хураагаараа чичлээ гэж” шалтагласны улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос *******эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

            Шүүгдэгч *******эд Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах гэсэн дүгнэлтийг гаргалаа.

 

          *******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.6-д заасан  хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна. 

 

          *******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэсэн ялын сонгомол санкцитай.

 

          Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******эд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, үйлдсэн гэмт хэргээ шударгаар мэдүүлж байгаа, гадаад улсад хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар 

Хохирогч М.С- нь мөрдөн байцаалтын шатанд “эмчилгээний зардалд 780.000 төгрөгийг ээж Бат-Оюуны дансаар авсан. Гомдол саналгүй гэсэн хүсэлт” (хавтаст хэргийн 18 дахь тал)-д авагдсан байх тул *******ийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

            Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.

           

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. *******ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

         4. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 5. ******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурьдсугай.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

     

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ