Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 57

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Орхон,

           улсын яллагч Т.Жаргалсайхан,

шүүгдэгч С.Болдбаатар, Х.Ламжав, Ц.Жаргалхүү, тэдгээрийн өмгөөлөгч О.Чулуунчимэг /ҮД:0-309/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Сүхбаатарын Болдбаатар, Боржигон овогт Хашбатын Ламжав, Боржигон овогт Цогтбаатарын Жаргалхүү нарт холбогдох эрүүгийн 201626030744 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1. Монгол Улсын иргэн, 1988 оны 4 дүгээр сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксковаторын операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Ард Аюушийн 1 дүгээр гудамжны 28 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Боржигон овогт Сүхбаатарын Болдбаатар /РД:ШД88041435/

            2. Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 02-нд Өвөрхангай аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, 3 дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 1 дүгээр гудамжны 6 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Боржигон овогт Хашбатын Ламжав /РД:УС85110235/

            3. Монгол Улсын иргэн, 1988 оны 6 дугаар сарын 15-нд Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн  8 дугаар хороо, Сонсголонгийн 11 дүгээр гудамжны 442 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан Овоогийн 43 дугаар гудамжны 58 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, Боржигон овогт Цогтбаатарын Жаргалхүү /РД:ШУ88061592/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

Шүүгдэгч С.Болдбаатар нь Х.Ламжав, Ц.Жаргалхүү нартай бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө 01 цагийн орчим Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Бугын сангийн аж ахуй гэх газарт Гэрэгэ констракшн ХХК-ийн барьж буй барилгын 2 давхараас хашаан дотор байсан модон шатыг тавьж, вакум цонхыг нь түлхэн орж цавууны буу, зуурагч, дрилл, тасдагч, алх, хүрз, цахилгааны утас зэргийг хулгайлж Л.Шинэбаярын эзэмшлийн 19-63 УНЦ дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж зөөж тээвэрлэн, Гэрэгэ констракшн ХХК-д 1.307.405 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Х.Ламжав нь С.Болдбаатар, Ц.Жаргалхүү нартай бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө 01 цагийн орчим Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Бугын сангийн аж ахуй гэх газарт Гэрэгэ констракшн ХХК-ийн барьж буй барилгын 2 давхараас хашаан дотор байсан модон шатыг тавьж, вакум цонхыг нь түлхэн орж цавууны буу, зуурагч, дрилл, тасдагч, алх, хүрз, цахилгааны утас зэргийг хулгайлж Л.Шинэбаярын эзэмшлийн 19-63 УНЦ дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж зөөж тээвэрлэн, Гэрэгэ констракшн ХХК-д 1.307.405 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ц.Жаргалхүү нь С.Болдбаатар, Х.Ламжав нартай бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө 01 цагийн орчим Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Бугын сангийн аж ахуй гэх газарт Гэрэгэ констракшн ХХК-ийн барьж буй барилгын 2 давхараас хашаан дотор байсан модон шатыг тавьж, вакум цонхыг нь түлхэн орж цавууны буу, зуурагч, дрилл, тасдагч, алх, хүрз, цахилгааны утас зэргийг хулгайлж Л.Шинэбаярын эзэмшлийн 19-63 УНЦ дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж зөөж тээвэрлэн, Гэрэгэ констракшн ХХК-д 1.307.405 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч С.Болдбаатар, Х.Ламжав, Ц.Жаргалхүү нар нь бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө 01 цагийн орчим Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Бугын сангийн аж ахуй гэх газарт Гэрэгэ констракшн ХХК-ийн барьж буй барилгын 2 давхараас хашаан дотор байсан модон шатыг тавьж, вакум цонхыг нь түлхэн орж цавууны буу, зуурагч, дрилл, тасдагч, алх, хүрз, цахилгааны утас зэргийг хулгайлж Л.Шинэбаярын эзэмшлийн 19-63 УНЦ дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж зөөж тээвэрлэн, Гэрэгэ констракшн ХХК-д 1.307.405 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

          1. Шүүгдэгч С.Болдбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “Би 2015 оны 9 дүгээр сард “Гэрэгэ констракшн” ХХК-д ажилд орсон. 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ажил дээрээ куртик, аяны хөнжилөө орхисон байсан тул авах зорилготой очсон. Тухайн үед би сарын цалингаа аваагүй байсан болохоор цалингийнхаа оронд ажил дээр байсан ажлын багаж хэрэгслийг хүнд хэлэхгүй авсан. Маргааш нь цалингийнхаа оронд ажлын багаж хэрэгсэл авсан талаараа менежердээ  хэлэх гэж байсан боловч манай ажил дээр намайг хулгай хийсэн гэх яриа гарсан болохоор дахиж ажил дээрээ очоогүй. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Мөн энэ хэрэгт хоёр найзыгаа оролцуулсандаа маш их харамсаж байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

          2. Шүүгдэгч Х.Ламжавын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “Мэдүүлэг өгөхгүй, урьд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд үнэн зөв, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

          3. Шүүгдэгч Ц.Жаргалхүүгийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “Мэдүүлэг өгөхгүй, урьд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд үнэн зөв, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

          4. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6/

          5. Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 23-24/

          6. Эд зүйл хураан авсан тэмдэглэлүүд /хх-ийн 25, 26, 27/

          7. Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-30/

          8. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 31/

          9. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Р.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Манай “Гэрэгэ констракшн” ХХК нь Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Бугын сангийн аж ажуйн хашаанд хувийн орон сууцны 2 барилга барьж байгаа юм. 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдөр уг барилгаас эд зүйлүүд алдагдсан....нийт манай компанид 3.044.405 төгрөгийн хохирол учирсан. Манайд учирсан бүр хохирол нөхөн төлөгдсөн. Төлөгдөөгүй үлдсэн хохирол байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-56, 57/

          10. Гэрч Д.Зайсанмаагийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2016 оны 5 дугаар сарын 15-ны шөнө 01 цагийн үед манай гэрийн ар талд баригдаж байгаа барилгын хашааны гадна талд Портер маркийн машин зогсож байгаад 1 цаг гаруй болоод хөдлөөд явсан. Тэгээд тэр өдөр барилгаас эд зүйл хулгайд алдагдсан байна гэж мэдээд цагдаа асуухад нь харсан зүйлийнхээ талаар ярьсан. Би өнгийг нь цагаан байна гэж харсан боловч сүүлд нь бодоод байхад өөр өнгөтэй байсан байх, харанхуйд өнгө болон машины онцлог содон шинж тэмдэг гэхээр зүйл харагдаагүй. Тэгээд ч би холоос машин харсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-59/

          11. Гэрч Б.Билэгсайханы мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…8 айлын орон сууцны 2 давхарт хойшоо харсан цонхтой өрөөнд барилгын эд зүйлүүд болон багажнуудыг хийж гаднаас цоожоор цоожилсон байсан. 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр барилга дээр очтол харуул Зоригтбаатар ах танай складны өрөөний цонх онгорхой байна шүү гэж хэлэхээр нь би өрөөндөө ортол гаднаас цоожилсон цоож нь хэвээрээ мөртлөө цонх нь онгорхой байсан. Би дотор эд зүйлүүдээ бүртгэсэн...эд зүйлүүд алдагдсан учир цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...цонхны түгжээ эвдэрчихсэн байсан юм...модон шат барилгын хашаан дотор байсан. Тэр модон шатыг барилгын складны өрөөний цонхны харалдаа босгоод тавьсан байсныг манай харуул Зоригтбаатар цагдаагийн ажилтан ирэхээс өмнө хана түшүүлсэн байсныг буулгаад яг цонхны доор газар тавьсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-62/

          12. Гэрч Б.Чимэдгомбын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Шинэбаяр миний том хүү юм. 19-63 УНЦ улсын дугаартай Портер маркийн машиныг 2012 онд худалдаж аваад унасан. Миний хүү 2013 оны 5 дугаар сарын 08-нд Солонгос улсруу яваад одоог хүртэл тэнд амьдарч байгаа...2016 оны 5 дугаар сарын 09-ний үед манай нөхрийн төрсөн ахынх нь хүүхэд болох Лхагвадорж манайд ирээд барилга барьж байгаа 1 сар барилга дээр хэрэглээд өгье гээд машиныг гуйгаад аваад явсан. Тэгтэл миний хүүгийн машиныг үеэл Жаргалхүүд дамжуулж өгөөд Жаргалхүү хулгайн хэрэгт холбогдсон байна. Энэ үеэр Лхагвадорж Хэнтийрүү ажлаар явсан байсан гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71-72/

          13. Гэрч Ж.Зоригтбаатарын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…өглөө 9 цагийн үед барилгыг тойрч явж шалгаж байгаад эд зүйл алдагдсан өрөөний цонхны хажууд модон шат түшүүлээд тавьчихсан цонх нь онгорхой байсан болохоор нэг л биш байна гээд компани руу ярьж нярав Билэгсайханд мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 73-74/

          14. Сэжигтэн, яллагдагч С.Болдбаатарын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…би Бугын сангийн аж ахуйн барилга дээр мишок, куртик хоёроо үлдээчихсэн байгаа юмаа очоод авах гэсэн юм гэж хэлсэн. Удалгүй Жаргалхүү намайг ирж аваад бид 2 машин дээр юмнуудыг нь гэрт нь аваачиж буулгачихаад замаараа яармаг ороод Ламжавыг аваад барилга руу 00 цагийн үед явсан. Барилга дээр очиход хүнгүй байсан. Барилгын хаалгыг харахад цоожтой байсан. Тэгээд буцаад явах гэсэн чинь 2 давхарын цонх нь онгорхой байхаар нь шат тавиад би өөрөө ганцаараа ортол цаад талд хаалга нь цоожтой байсан. Тэгтэл тэр өрөөн дотор зөндөө олон багаж цахилгааны утас байхаар нь 9 боодол цахилгааны утас, 6 ширхэг алх, 2 хүрз, 2 дрилл, 1 хөрөө, 1 зуурагч, 1 цавууны буу зэргийг цонхоор Ламжавт өгсөн. Тэгээд машин дээрээ ачаад хотруу орсон...Надаас чиний багаж юм уу гэж асуусан үгүй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 92-94, 116-118/

          15. Сэжигтэн, яллагдагч Х.Ламжавын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…орой 23 цагийн үед Жаргалхүү миний утасруу залгаад хар паниар ачих гэсэн юм чи гараад ирэх үү гэхээр нь би гараад очтол Жаргалхүү Болдбаатар 2 портер маркийн машинтай ирчихсэн байсан. Бид 3 Өлзийт хороолол руу явсан, Болдбаатар хуучин ажиллаж байсан газраас паниар ачина гээд ирсэн. Болдбаатар манаачид нь хэлсэн байгаа гэж хэлсэн. Тэгээд баригдаж байсан барилгын 2 давхарлуу шат тавьж байгаад гараад цонхоор нь Болдбаатар ороод 9 ширхэг боодолтой кабель утас, 2 хүрз, 6 алх, 1 цавууны буу, 2 дрилл, 1 зуурагч, 1 тасдагч зэрэг зүйлийг бид хоёр луу шидээд бид 2 машин дээр ачаад Болдбаатар цонхоороо буцаж гарч ирээд бид 3 хотод ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 97-100, 120-122/

          16. Сэжигтэн, яллагдагч Ц.Жаргалхүүгийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2016 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 23 цагийн орчим Болдбаатар надруу залгаад хуучин ажиллаж байсан газарлуу очиж хувцасаа авах гэсэн юм, чи машинтайгаа яваад өгөөч гэхээр нь би зөвшөөрөөд Болдбаатарыг гэрээс нь очиж аваад дараа нь Ламжавыг гэрээс нь Яармагаас ирж аваад бид 3 Өлзийт хороолол өнгөрөөд Бугын сангийн аж ахуйн тийшээ баригдаж байгаа барилга дээр очсон. Би очингуутаа бие засах гээд машинаас буугаад явсан. Буцаад ирэхэд машин дээр багажнууд аччихсан байхаар нь болиочээ гэж хэлсэн чинь Болдбаатар, Ламжав 2 одоо авчихсан юм чинь яах бэ гэж хэлэхээр нь машинаа асаагаад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 106-108, 112-114/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч С.Болдбаатар, Х.Ламжав, Ц.Жаргалхүү нар нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудас /хх-ийн /-аар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон байна.

Иймд шүүгдэгч С.Болдбаатар, Х.Ламжав, Ц.Жаргалхүү нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн, машин механизм хэрэглэж, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

            Шүүгдэгч нарын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, шударгаар хүлээн мэдүүлсэн, хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, тэдгээрийн хувийн байдал /С.Болдбаатар нь 9 сартай 1 хүүхэдтэй, Ц.Жаргалхүү нь 0-8 насны 3 хүүхэдтэй/ зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх заалтуудад заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож түүнд хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Шүүх гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Л.Шинэбаярын эзэмшлийн 19-63 УНЦ улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл, Х.Ламжавын эзэмшлийн Нокиа-3311, Нокиа-1288 маркийн 2 ширхэг гар утсыг, Ц.Жаргалхүүгийн эзэмшлийн Нокиа-1661 гар утсыг, С.Болдбаатарын эзэмшлийн F-Fook F666G маркийн гар утсыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигч Л.Шинэбаяр, Х.Ламжав, Ц.Жаргалхүү, С.Болдбаатар нарт буцаан олгож шийдвэрлэсэн болохыг дурдав.

Шүүгдэгч С.Болдбаатар, Х.Ламжав, Ц.Жаргалхүү нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3,  294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржигон овогт Сүхбаатарын Болдбаатар, Боржигон овогт Хашбатын Ламжав, Боржигон овогт Цогтбаатарын Жаргалхүү нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн, машин механизм хэрэглэж, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Сүхбаатарын Болдбаатар, Боржигон овогт Хашбатын Ламжав, Боржигон овогт Цогтбаатарын Жаргалхүү нарыг эд хөрөнгийг хураахгүйгээр тус бүр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар С.Болдбаатар, Х.Ламжав, Ц.Жаргалхүү нарын эдлэх 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. С.Болдбаатар, Х.Ламжав, Ц.Жаргалхүү нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан С.Болдбаатар, Х.Ламжав, Ц.Жаргалхүү нарт эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, С.Болдбаатарт хяналт тавихыг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст, Х.Ламжавд хяналт тавихыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст, Ц.Жаргалхүүд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст тус тус даалгасугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Л.Шинэбаярын эзэмшлийн 19-63 УНЦ улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл, Х.Ламжавын эзэмшлийн Нокиа-3311, Нокиа-1288 маркийн 2 ширхэг гар утсыг, Ц.Жаргалхүүгийн эзэмшлийн Нокиа-1661 гар утсыг, С.Болдбаатарын эзэмшлийн F-Fook F666G маркийн гар утсыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч Л.Шинэбаяр, Х.Ламжав, Ц.Жаргалхүү, С.Болдбаатар нарт буцаан олгосугай.

7. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Болдбаатар, Х.Ламжав, Ц.Жаргалхүү нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ,

                                        ШҮҮГЧ                                         Б.БАТБОЛОР