Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2016/0247

 

М.Дорждамбын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхцэцэг, түүний өмгөөлөгч Б.Содболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Октябрь, гуравдагч этгээд Арвин буудай ХХК-ийн төлөөлөгч И.Рэнзориг нарыг оролцуулан хийж, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, М.Дорждамбын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Дорждамба шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2007 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 64 дүгээр захирамжийн дагуу 26 га газар эзэмших эрхийн гэрчилгээ авч, Сэлэнгэ аймгийн Орхон суманд үр тарианы чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан.

Би эхний жил тус талбай дээрээ тариа тарьж, дараа жилээс нь өөрийн гэсэн техникгүй, хөрөнгө мөнгөний бололцоо муу байсан тул ангийн хүүхэд болох Арвин буудай ХХК-ийн захирал И.Рэнзоригт аман гэрээгээр үр тарианы талбайгаа 5 жилийн хугацаагаар түрээсэлсэн. Гэтэл И.Рэнзориг нь Үр тарианы зээл авах гэсэн юм, газрынхаа гэрээ, гэрчилгээг эх хувиар нь өгч байгаач гэхээр нь итгээд гэрээ, гэрчилгээгээ өгсөн. Мөн Сумын Засаг даргатай гурвалсан гэрээ хийнэ гэхээр нь И.Рэнзориг бид 2 сумын захиргаан дээр очиход сумын Засаг дарга Г.Булганчимэг ажил дээрээ байгаагүй. И.Рэнзориг нь Би сумын Засаг даргатай уулзаад гурвалсан гэрээ хийчихье гэхэд нь итгээд хоосон цаасан дээр гарын үсэг зурж өгсөн.

Гэтэл И.Рэнзориг нь намайг үр тарианы газраа шилжүүлсэн гээд бичиг баримт бүрдүүлж, миний газрыг шилжүүлж авсныг би саяхан мэдсэн.

Иймд Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/66 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг дарга Г.Булганчимэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус сумын 1 дүгээр багийн иргэн М.Дорждамба нь сумын Засаг даргын 2007 оны Газар эзэмшүүлэх тухай 64 дүгээр захирамжаар тус сумын 2 дугаар багийн нутагт 23 га газрыг эзэмшиж байсан нь шинэчилсэн кадастрын зургаар 19,4 га болж өөрчлөгдсөн.

Иргэн М.Дорждамба тус газраа Арвин буудай ХХК-д шилжүүлэхээр газар эзэмших, ашиглахыг хүссэн хуулийн этгээдийн өргөдөл, газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ, нотолгоо, бусад холбогдох материал зэргийг өөрөө ирж бөглөн, Арвин буудай ХХК-ийн захирал И.Рэнзоригийн хамт нотариатчаар батлуулан, газрын даамалд өгч, сумын Засаг даргын 2012 оны А/66 дугаар захирамж гарсан.

Иргэн М.Дорждамба нь захирамж гарахаас өмнө буюу 2010 оноос хойш Арвин буудай ХХК-д газар эзэмших эрхээ шилжүүлэхээр хэд хэдэн удаа хандаж байсан. Тэрээр тус газартаа тариалангийн үйл ажиллагаа явуулахаар дэмжлэг авсан төлбөрөө барагдуулаагүйгээс Тариалан эрхлэлтийг дэмжих санд 1400000 төгрөгийн өртэй, өрөө барагдуулаагүйн улмаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжсэн байсан. Иймээс тус газартай холбоотой шилжилт хөдөлгөөн хийхгүй учир газар эзэмших эрх шилжихгүй гэдгийг танилцуулсан. Гэвч И.Рэнзориг нь Миний ангийн хүүхэд, найз минь гэж удаа дараа хүсэлт гаргаж, улмаар Арвин буудай ХХК М.Дорждамбын өр төлбөрийг Тариалан эрхлэлтийг дэмжих санд төлж, газар эзэмших эрхээ шилжүүлэн шийдвэрлүүлсэн. М.Дорждамба, И.Рэнзориг 2 өөрийн биеэр ирж, холбогдох маягтаа бөглөн, газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээгээ эх хувиар нь хавсаргасан байсан.

Иймээс Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д заасныг үндэслэн гарсан Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/66 дугаар захирамж хууль зүйн үндэслэлтэй тул иргэн М.Дорждамбын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Арвин буудай ХХК-ийн төлөөлөгч И.Рэнзориг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Манай компанийн зүгээс иргэн М.Дорждамбыг хуурч мэхэлсэн зүйл байхгүй бөгөөд түүний шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн утга нь оргүй худал, гүтгэлгийн шинжтэй, нэхэмжлэлийн шаардлага нь хуулийн үндэслэлгүй.

М.Дорждамба бид 2 дунд сургуулийн 1-8 дугаар ангид хамт суралцаж байсан. Тэрээр 2010 оны 07 дугаар сарын 21-ний өдөр надад Одоохондоо би өөрийн газраа ашиглах боломжгүй байна. Чи миний газрыг түр ашиглаж бай. Надад жилийн 300000 төгрөг өгчих гэж хэлсэн. Түүнээс хойш М.Дорждамба надаас удаа дараа мөнгө авч байсан ба 2012 онд над дээр газрын гэрчилгээгээ барьж ирээд Миний газар хураагдах гээд байна, найздаа туслаач. Тариалан эрхлэлтийг дэмжих санд өртэй, өр шүүхийн шийдвэр гүйцэтгэлд шилжсэн. Миний өрийг дараад, газрыг минь ав гэж хэлсний дагуу М.Дорждамбын газрын гэрчилгээг Арвин буудай ХХК-ийн нэр дээр шилжүүлэн авч, 2012 оны намрын ургацаас М.Дорждамбын Тариалан эрхлэлтийг дэмжих санд тавьсан өрийг барагдуулсан.

Мөн Орхон сумын нутаг дэвсгэрт байрлалтай нэгж талбарын 1853943054451 дугаар бүхий 19.4 м.кв газрыг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасны дагуу хууль ёсоор өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авсан. Иймээс М.Дорждамбын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн М.Дорждамбын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/66 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх тухай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг дарга Г.Булганчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Октябрь нар давж заалдах гомдолдоо: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр шийдвэрийг доорх үндэслэлээр хууль зөрчиж гарсан гэж үзэж байна.

Нэхэмжлэгч М.Дорждамба нь 2010 оноос хойш Арвин буудай ХХК-ийн захирал И.Рэнзоригийн хамтГазрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, нотолгоо, газар эзэмших, ашиглахыг хүссэн өргөдөл, газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний эх хувь болон бусад холбогдох материал зэргийг бөглөж, сумын Засаг даргын Тамгын газрын дарганотариатчаар батлуулсан материалуудыг бүрдүүлэн, И.Рэнзоригт үр тарианы газраа шилжүүлэх гэсэн юм гэж удаа дараа сумын Засаг даргад хандаж байсан боловч Тариалан эрхлэлтийг дэмжих санд өртэй, үр тарианы газраа ашиглаагүй, газрын төлбөрийн үлдэгдэлтэй зэргээр буцаагдаж байсан.

М.Дорждамба, И.Рэнзориг нар 2012 оны 03 дугаар сарын 20-ны үеэр сумын Засаг даргатай дахинуулзаад Засаг дарга өргөдөл, материалаа сумын газрын даамалд хүлээлгэн өгөхийг зөвлөснөөр надад хандсан. М.Дорждамбын үр тарианы газрын төлбөр төлөгдөөгүйн улмаас хуримтлагдсан газрын төлбөрийн өрийг төлсний дараа газар эзэмших эрх шилжинэ гэхэд 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн маягтаар Хөтөл М.Дорждамбаас газрын төлбөр утгатай 20000 төгрөгийг Төрийн сан Сэлэнгэ салбар 130000943 тоот дансанд, Сэлэнгэ Хөтөл ХААН банкны 5048000011 тоот данснаас мөнөдрийн ХААН банкны орлогын мэдүүлгээр Орхон сумын сум хөгжүүлэх данс /5051001350/-нд М.Дорждамбаас газрын төлбөр утгатай 32000 төгрөг тус тус төлсөн Арвин буудай ХХК-ийн захирал И.Рэнзоригийн гарын үсэг бүхий 2 ширхэг баримтыг бусад материалын хамт өгснийг 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч,улсын бүртгэлийн дэвтрийн 34 дугаарт бүртгэн хянаж, сумын Засаг даргын 2012 оны А/66 дугаар захирамж төлөвлөгдсөн. Улмаар сумын Засаг даргад танилцуулахад Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.3 дахь заалтыг хангасан байсан тул сумын Засаг даргын 2012 оны А/66 дугаар захирамжийг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 заасныг үндэслэн гаргаснаар иргэн М.Дорждамбын эзэмшилд байсан 18539430504451 дугаартай 19.4 га /хуучны 93/26 га/ газар Арвин буудай ХХК-ийн эзэмшилд шилжсэн нь хуульзүйн үндэслэлтэй.

Энэ тухай анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарласаар байтал Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр шийдвэрийн Үндэслэх хэсэгт М.Дорждамба ньАрвин буудай ХХК-д газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх хүсэлт гаргаагүй, тэдний хооронд газар шилжүүлэх тухай гэрээ байгуулагдаагүй, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо зэргийг хуулийн дагуу бүрдүүлж өгөөгүй байхад өр төлбөрийг Арвин буудай ХХК төлөхөөртохиролцсон, Хөтөлийн Тариалан эрхлэлтийг дэмжих санд төлөх өр төлбөрийг нь Арвин буудай ХХК төлжбарагдуулсан гэж тус сумын Засаг дарга 2012 оны Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай А/66 дугаарзахирамж гаргасан нь хууль бус болсон гэж үзэж, нэхэмжлэгчийн Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргын2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/66 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь илт худал, холбогдох хуулийн зүйл заалтыг хэрэглээгүй, Газрынтухай хуулийн 38 дугаар зүйлд заасан холбогдох баримт, материал байсаар байхад сумын Засаг дарга тэдгээр баримт материалыг байхгүй байхад газар эзэмших эрхийг нь шилжүүлсэн мэтээр дүгнэсэн тул шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй.

Мөн Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн өрөнд газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ барьцаалагдаагүй эх хувиараа өөрсдөд нь байсан бөгөөд Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн өр төлөгдөөгүйн улмаас Сайхан сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт шилжсэн өр төлбөрт нь зориулж гуравдагч этгээд И.Рэнзориг удаа дараа ХААН банкны шилжүүлгээр болон бэлэн мөнгөөр М.Дорждамбадшилжүүлж байсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан.

Газар эзэмшигч М.Дорждамба нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх эрхээ эдэлж, түүний гаргасан өргөдөл, хүсэлтийн дагуу дээрх хуулийн заалтыг үндэслэн сумын Засаг даргын 2012 оны А/66 дугаар захирамжийг гаргасан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Октябрь миний бие болон гуравдагч этгээд нар Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Бурмаагаас татгалзах хүсэлтээ тухайн шүүхийн удирдлагад 2 удаа гаргасан боловч хүлээн зөвшөөрөөгүйТус захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгч хэт нэг талыг баримталсан, шүүх хуралдаан товлон зарласан атлаа шүүгчийн зүгээс дахиннотлох баримт бүрдүүлэх шаардлагатай үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан. Шат, шатны шүүхийншинжилгээний байгууллагын шинжээчийн дүгнэлтийг /бичгийн хэлбэр, гарын үсгийн баталгаа/ шүүх ажиллагаанд авч хэлэлцээгүй төдийгүй тус шинжилгээг ямар зорилгоор хийлгэсэн нь тус шүүх ажиллагаанд ач холбогдолгүй мэт үзсэн. Шинжилгээний дүгнэлтүүдээр нэхэмжлэгч М.Дорждамба, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхцэцэг нарын бичгийн хэлбэр, гарын үсэг мөн гэж гарсан байтал шүүх шинжилгээний дүгнэлтүүдийг огт хэрэгсээгүй.

Иймд хариуцагч болон гуравдагч этгээдээс шүүх хяналтын байгууллагын өмнө эрхээ хамгаалуулах, маргааныг үнэн зөв шийдвэрлүүлэх ажиллагаа хуулийн дагуу хийгдсэнгүй гэж үзэж байна.

2012 онд газар эзэмших эрх шилжсэн байтал нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхцэцэг 2013, 2014 онд сумын Засаг дарга, газрын албанд хандан манайх газраа авмаар байна гээд гомдол, санал гаргаад явж байхад нь Засаг дарга болон газрын даамал танай нөхөр мэдэж байгаа өөрөө газар эзэмших эрхээшилжүүлсэн гэхэд нөхөртэйгөө цуг ирэхэд нь нөхөр М.Дорждамба нь наадах чинь ингээд хэл ам хийнэ гээд байгаа юмаа гээд хоёулаа маргалдан гарч явж байсан атлаа газар эзэмших эрх шилжснийг 2015 онд мэдсэн гэж огт худлаа мэдүүлсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхцэцэг 2013, 2014 онд сумын Засагдарга, Газрын албанд хандан Манайх газраа авмаар байна гээд гомдол, санал гаргаж байсан атлаа 2015 онд газар эзэмших эрх шилжсэнийг мэдсэн гэдэг нь худлаа.

Мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д заасан шаардлагыг хангаж, газар эзэмшигч М.Дорждамбын зүгээс өөрөө хүсэлт гарган, холбогдох материал бүрдүүлэн газар эзэмших эрхээ шилжүүлсэнтул захиргааны байгууллага газар эзэмших эрх шилжсэн тухай газар эзэмшигчид мэдэгдэх хуулийн заалт байхгүй. Захиргааны байгууллагын зүгээс Газрын тухай хуулийн 40.1-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгон газар эзэмших эрх дуусгавар болсон тохиолдолд тус хуулийн 40.2-т заасны дагуу газар эзэмшигчид мэдэгддэг хууль зүйн заалттай байтал шүүгч Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 01 дүгээр шийдвэрийн Үндэслэх хэсэгтээ эрх бүхий захиргааны байгууллагаас газар эзэмших эрх шилжүүлснээ албан ёсоор мэдэгдээгүй байх тул нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзэхүндэслэл байхгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа доорх байдлаар худал гүтгэлгийн чанартай үйлдэхүйг хийсэн.

Орхон сумын Тамгын газрын дарга н.Ганчимэг, У.Октябрь 2 чиний гарын үсгийг урд хойдохыг нь харж байгаад адилхан зурсан. Чи ямар ч шүүх, шинжээчээр яваад нэмэргүй. Наад өргөдлөө ав. Сумаар битгий орж бай гэж намайг доромжилсон гэсэн нь огт худлаа. Төрийн албан хаагчид бид төр захиргааны байгууллагаар иргэнийг үйлчлүүлэхийг хориглох эрхгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхцэцэгтэй огт тийм яриа, маргаан өрнүүлээгүй.

Нэхэмжлэгч М.Дорждамба, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болох эхнэр Н.Мөнхцэцэг нар өөрсдөө ирж өөрсдийн гараар холбогдох материалаа бөглөж, нотариатаар гэрчлүүлсэн ч Газар эзэмших эрхээшилжүүлээгүй. Бидний бичиг, гарын үсэг биш гэж зүтгэсээр байгаа. Гуравдагч этгээд И.Рэнзориг нь Хоосон цаасан дээр гарын үсэг зураад өгчих. Би сумын Засаг даргатай гурвалсан гэрээ хийе гэсэн гэж тайлбар өгсөн. Гэтэл газар эзэмших эрх шилжүүлэхэд гурвалсан гэрээ хийх шаардлагагүй.

И.Рэнзоригийг Зээл авах гэсэн юм гэхээр нь газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээгээ өгч явуулсан. Гэтэл газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан байсан гэх мэтээр шүүх, хяналтын байгууллагын өмнө илт худал ярьж шүүхийг хүндлэхгүй байна.

Иймд дээрх үндэслэл, тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хуулийн зүйл заалтуудыг харгалзан Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх заалтыг үндэслэн Сэлэнгэ аймгийн Орхонсумын Засаг даргын 2012 оны А/66 дугаар захирамжийг хүчинтэй хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг буруу үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

М.Дорждамба нь Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх тухай А/66 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Уг маргаан бүхий захирамжаар Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх заалтыг үндэслэн М.Дорждамбын Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2 дугаар багийн Бэлэндалай гэх газар байршилтай, нэгж талбарын 18539430504451 дугаартай 19.4 га газрын газар эзэмших эрхийг Арвин буудай ХХК-д шилжүүлж, 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

Нэхэмжлэгч М.Дорждамба нь анх Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Газар эзэмшүүлэх тухай 64 дүгээр захирамжаар 26 га газрыг эзэмших эрхтэй болж, үр тарианы зориулалтаар 60 жилийн хугацаатай эзэмших гэрчилгээг авсан байна.

Улмаар М.Дорждамба нь өөрийн газраа бусдад шилжүүлэхээр газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлт[1] гаргаж, хүсэлтдээ нотариатчаар гэрчлүүлсэн газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ[2], эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо[3] зэрэг баримтууд хавсаргасныг сумын газрын даамал У.Октябрь 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 10 цаг 45 минутад хүлээн авч, сумын Засаг дарга Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д заасны дагуу хүсэлт, түүнд хавсаргасан баримтуудыг хянан үзэж, маргаан бүхий актаар М.Дорждамбын газрыг Арвин буудай ХХК-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд нийцжээ.

Хэдийгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлт, түүнд хавсаргасан баримтууд, тэдгээр баримтуудыг гэрчилсэн нотариатчийн тэмдэгт 2010 он гэсэн байх боловч сумын газрын даамал У.Октябрь хүсэлтийг 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 10 цаг 45 минутад хүлээн авсан болох нь өргөдлийн Өргөдлийг хүлээн авсан тухай тэмдэглэл хэсгээр тогтоогдож байна. Тодруулбал, захиргааны байгууллага Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 хоногийн дотор шийдвэр гаргасан байна.

Засаг дарга нь газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай хүсэлтэд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан баримтууд бүрэн хавсаргагдсан эсэх, тэдгээр баримтууд шаардлага хангасан эсэхийг тодруулж, хуулийн шаардлага хангагдсан тохиолдолд газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлэхээс татгалзах үндэсгүй.

Харин нэхэмжлэгчээс И.Рэнзориг хоосон цаасан дээр гарын үсэг зураад өгчих гэхээр нь итгээд гарын үсэг зурсан. Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлт, түүнд хавсаргасан баримтууд дээр гарын үсэг зураагүй гэж маргах боловч газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлт, нотариатчаар гэрчлүүлсэнгазар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ, Арвин буудай ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоон дээрх гар бичмэл нь М.Дорждамбын бичгийн хэвтэй, нотолгоо гэсэн баримтын гарын үсэг нь М.Дорждамбын гарын үсэгтэй тохирч байгаа болох нь шинжээчийн дүгнэлт[4]-ээр тогтоогдсон байхад шүүх эдгээр нотлох баримтыг үнэлэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Иймээс хариуцагч Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг дарга нь иргэн М.Дорждамбын газар эзэмших эрхийг Арвин буудай ХХК-д шилжүүлэхээр шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийг зөрчөөгүй байх тул хариуцагчийг буруутгаж, түүний хууль ёсны дагуу гаргасан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д заасныгбаримтлан нэхэмжлэгч М.Дорждамбын Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/66 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ Ц.ЦОГТ

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН