| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2022/0045/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/50 |
| Огноо | 2022-02-14 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/50
02 15 2019/ШЦТ/39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,
Улсын яллагч М.Берикбол,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,
Хохирогч Н.О-,
Шүүгдэгч Д.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн 2238000000006 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Д.Б.
Шүүгдэгч Д.Б- нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө хохирогч Н.О-тай хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Б- нь 2021 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.О-тай хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний зүүн хөл рүү хавсарч, цээж рүү нь цохиж унаган эрүүл мэндэд нь “зүүн шагай ясны хугарал, хагас мултрал, гадна хавчаар ясны сэлтэрсэн хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулж, “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
- Шүүгдэгч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 11 сарын 18-наас 19-нийг шилжих шөнийн 01 цагийн үед ...манай нутгийн Л-, С.А-, Н.О- гурав согтуу орж ирэхээр нь би орноосоо босоод идээ авч өгсөн. Тэгээд би энэ гуравт идээ авч өгчихөөд гадаа гарч бие засах гээд гэрээсээ гарсан. Тэгтэл миний ардаас Н.О- гарч ирээд намайг пизда минь гэртээ ордоггүй юм уу малчнаа чи гадаа хонуулдаг юм уу гэж хэрүүл өдөөд нүүр ам руу цохичих гээд байхаар нь цохиулчих байх гэж бодоод хойшоогоо болоод Н.О-аас холхон зогссон. Тэгж байтал Н.О- манай гэр рүү яваад орохоор нь би Н.О-аас айгаад гэрийнхээ хажуу талын мод руу яваад өгсөн. ...Н.О- нь газраас чулуу аваад тархийг чинь хага цохиод өгөх үү гээд над руу хүрээд ирсэн. Тэгээд Н.О-ыг хүрээд ирэхээр нь би Н.О-тай барьцалдаж аваад бид хоёр давхраараа газар унасан. Тэгээд би Н.О-ыг газар унагачихаад нүүр рүү нь хоёр удаа алгадсан” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ “...үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, хохирогч нь ахуйн хүрээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, шүүгдэгчийн уур бухимдлаа тэвчиж чаддаггүй байдал зэрэг нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Б- нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан нь танхайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгч Д.Б-ийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хүндэвтэр хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Н.О- нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд эмчилгээний нийт зардал 2.238.650 төгрөг, шатахууны зардал 2.150.961 төгрөг, малчны хөлс 3.600.000 төгрөг, нийт 7.998.611 төгрөгийг нэхэмжилж, шүүх хуралдаанд 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Хөлсөөр мал маллуулах гэрээ” 1 хуудас, эмчилгээтэй холбоотой 1-3 хүртэл дугаарласан Е-баримтууд 3 хуудас, шатахуунтай холбоотой 4-5 хүртэл дугаарласан Е-баримт 2 хуудас баримт, хөдөлмөрийн чадвар алдалтын хугацаа тогтоосон актын хуулбар зэрэг нийт 7 хуудас баримтыг гаргаж өгснийг шүүх шинжлэн судлаад:
2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Н.О- нэрээр “Шүүхийн шинжилгээний алба”-ны данс руу 8.000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт, 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Марал од гариг” ХХК-ийн шүршдэг спирт, бинтний үнэ 4.700 төгрөгийн ПОС системийн баримт, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Монос Хөвсгөл” ХХК-ийн эм тарианы үнэ 123.150 төгрөгийн ПОС системийн баримт, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Монос Хөвсгөл” ХХК-ийн эм тарианы үнэ 194.092 төгрөгийн ПОС системийн баримт, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Монос Хөвсгөл” ХХК-ийн эм тарианы үнэ 7.400 төгрөгийн ПОС системийн баримт, 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Тунамал” эмийн сангийн эм, бинтний үнэ 12.250 төгрөгийн ПОС системийн баримт, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Марал од гариг” ХХК-ийн эм тарианы үнэ 142.000 төгрөгийн төгрөгийн ПОС системийн баримт, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Монос Хөвсгөл” ХХК-ийн эмийн үнэ 3.500 төгрөгийн ПОС системийн баримт, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Тунамал” эмийн сангийн эмийн үнэ 5.400 төгрөгийн ПОС системийн баримт, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Тунамал” эмийн сангийн эмийн үнэ 7.800 төгрөгийн ПОС системийн баримт, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Тунамал” эмийн сангийн эм, эмчилгээний бүтээгдэхүүний үнийн 15.300 төгрөгийн ПОС системийн баримт, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Лидер” эмийн сангийн 5.700 төгрөгийн ПОС системийн баримт, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Тотал” бөөний төвийн барааны үнэ 18.150 төгрөгийн ПОС системийн баримт, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Нью адонис” ХХК-ийн “Улькавис N112(kop)” гэх 7.500 төгрөгийн ПОС системийн баримт, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Тунамал” эмийн сангийн эмийн үнэ 12.500 төгрөгийн ПОС системийн баримт, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Нью адонис” ХХК-ийн “Улькавис N112(kop)” гэх 16.020 төгрөгийн ПОС системийн баримт, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Монос Хөвсгөл” ХХК-ийн эмийн үнэ 87.050 төгрөгийн ПОС системийн баримт, 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Тунамал” эмийн сангийн эмийн үнэ 6.000 төгрөгийн ПОС системийн баримт, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Н.О- нэрээр бичигдсэн үйлчилгээний төлбөр 208.361 төгрөгийн төлбөрийн баримт, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Монос Хөвсгөл” ХХК-ийн эмийн үнэ 3.000 төгрөгийн ПОС системийн баримт, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Нар супермаркет” гэх барааны үнэ 7.150 төгрөгийн ПОС системийн баримт, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Мустанг” ХҮТ-ийн барааны үнэ 9.000 төгрөгийн ПОС системийн баримт, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Хөгжил мөрөн” гэх эмийн бүтээгдэхүүний үнэ 3.000 төгрөгийн ПОС системийн баримт, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Дэдэн төв” гэх барааны үнийн 9.500 төгрөгийн ПОС системийн баримт, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Тунамал” эмийн сангийн эмийн үнэ 5.500 төгрөгийн ПОС системийн баримт, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Хөвсгөл эмийн сан-1” гэх эм, тарианы үнэ 61.250 төгрөгийн ПОС системийн баримт, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Хөвсгөл эмийн сан-1” гэх эмийн үнэ 12.450 төгрөгийн ПОС системийн баримт, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн нотариатын үйлчилгээний хөлс 10.000 төгрөгийн ПОС системийн баримт, 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Хөвсгөл мөрөн 4-11” гэх 26.100 төгрөгийн ПОС системийн баримт, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Шүүдэргэн” эмийн сангийн 25.600 төгрөгийн ПОС системийн баримт зэргийг нотлох баримтаар үнэлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар эмчилгээний зардалд нэхэмжилсэн 2.238.650 төгрөгийг шүүгдэгч Д.Б-иас гаргуулж хохирогч Н.О-т олгохоор шийдвэрлэв.
Хохирогч Н.О- нь шатахууны зардалд 2.150.961 төгрөгийг нэхэмжилж, Е-баримтуудыг гаргаж өгсөн байх боловч шатахууныг хэн, хэрхэн зарцуулсан талаар тодорхой тооцоо гаргах бололцоогүй, мөн малчны хөлс 3.600.000 төгрөгийг нэхэмжилж, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Нямдоржийн Н.О-, Нямдоржийн Н.О- нарын хооронд байгуулсан: “...Н.О- нь өөрийн өмчлөлийн 550 хонь, 375 ямаа, нийт 925 толгой малыг 2021 оны 11 дүгээр сарын 01-нээс 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Н.О-ээр маллуулахаар тохиролцсон, ...Н.О- нь Н.О-т мал малласны хөлсөнд сарын 600.000 төгрөг өгнө. Уг төгрөгийг сар бүрийн 10-ны дотор Н.О-ийн Хаан банкны 5090501549 тоот дансанд шилжүүлэх юм уу бэлнээр өгнө. Зарим тохиолдолд мал оролцуулж төлж байна” гэх хөлсөөр мал маллуулах тухай гэрээг нотлох баримтаар гарган өгч байх боловч ажиллагч нь тохиролцсон ажлыг биечлэн гүйцэтгэсэн эсэх, ажиллуулагч нь хөлс төлсөн эсэх нь эргэлзээтэй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь 5.750.961 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Б-иас нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Д.Б- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүх шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” санал, хохирогчийн өмгөөлөгчийн: “...улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэх, шүүгдэгчийн өмгөөлөгчийн: “....миний үйлчлүүлэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлт зэргийг харгалзан шүүгдэгчид 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийг 1.500 (нэг мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Д.Б-д оногдуулсан торгох ялыг биелүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Д.Б-иас 2.238.650 (хоёр сая хоёр зуун гучин найман мянга зургаан зуун тавь) төгрөгийг гаргуулж хохирогч Н.О- (...)-т олгож, хохирогч нь 5.750.961 (таван сая долоон зуун тавин мянга есөн зуун жаран нэг) төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Б-иас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР