| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2022/0021/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/27 |
| Огноо | 2022-02-09 |
| Зүйл хэсэг | 15.1.3., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлчимэг |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/27
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,
Улсын яллагч Ц.Гэрэлчимэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Нарангуа, С.Ууганбаяр,
Шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 61 настай, эмэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 2, нөхрийн хамт *******, *******од оршин суух бүртгэлтэй,
Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 85А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар эмчлэх үйл ажиллагаа эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар оногдуулсан эмчлэх үйл ажиллагаа эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял болон 1 жил 6 cap хорих үндсэн ялуудыг тус тус өршөөн хэлтрүүлсэн.
/РД:*******/, ******* овогт Шийн Б.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Налайх дүүргийн 8 дугаар хороо, Эрүүл мэндийн төвийн төрөх тасагт эх барих ийн үүрэг гүйцэтгэж, Л.Мын төрөлтийг удирдахдаа Эрүүл мэндийн сайдын 2012 оны 42 тоот тушаалаар батлагдсан “Жирэмслэлт төрлөгийн хүндрэлийг удирдах арга зүйн удирдамж”-ийг баримталж ажиллаагүйгээс нярайн биед төрөх үеийн тархины хүчилтөрөгчийн хурц дутагдлын шалтгаант тархины цусан хангамжийн дутагдлын хүнд хэлбэр, тархины дотоод даралт ихсэлт тархины усжилт үүсэж, уг гэмтлийн улмаас Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байхдаа 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр нас барсан буюу эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ш.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2021 оны 01 дүгээр сарын 23-ны 10 цаг 25 минутад Лгийн М нь хоёр дугаар хорооны харъяа төрөх тасагт ирж хэвтсэн. Хэвтэх үедээ ууц нуруу өвдөнө, базалт явагдана гэсэн оноштой ирсэн. Өчигдөр орой нь ирэхэд болоогүй байна гээд буцаасан байсан. Эмчийн үзлэгээс үзэхэд анхны төрөлт, анхны жирэмслэлт, сүүлийн сарын тэмдэг нь 04 дүгээр сарын 15-нд ирсэн. Арьс салст хэвийн, мах салст ягаан, зүрх, уушги өөрчлөлтгүй. Артерийн даралт 2 гарт хэвийн хэмжээтэй. Биеийн жин 51 килограмм, биеийн өндөр 154, ургийн байдал давуу, төрүүлэх эсэх нь толгой, ургийн зүрхний цохилт хүйсийн баруун дор, зүрхний цохилт минутад 144 удаа сонсогдож байсан. Хэвлий эргэн тойрны хэмжээ 196 умай ёроолын өндөр 35 см өндөртэй байсан. Дотор үзлэг хийхэд гадна хөгжил зөв, үтрээ өөрчлөлтгүй, умайн хүзүүний нээлт 5 см, умай хүзүүний урт нь 1-2 см, умайн хүзүү голлосон, ургийн урьдчилсан жин 3.2 байсан. Төрөх үе хугацаандаа хэвийн 39-47 хоногтой жирэмслэлт төрөлтийн 1 дүгээр үе гэсэн онош тавиад ургийн зүрхний бичлэг хийсэн. Зүрхний бичлэгт ямар нэгэн өөрчлөлт гараагүй. Тийм учраас төрөлтийг өөрөөр нь төрүүлье, ураг нярайн бүтэлтээс сэргийлье, цус алдалтаас сэргийлье гэсэн төлөвлөгөө зохиогоод төрөхийн өмнөх өрөөнд ажиглалтад авсан. Ажиглалтад байж байгаад 16 цаг 30 минутад давтан үзлэг хийсэн. Давтан үзлэг хийхэд базлалт 10 минутад 2-3 удаа хүч нь дунд, умайн хүзүүний нээлт 7 см нээлттэй, суналт 50, ураг орчмын шингэн бүтэн ажиглагдсан, чинэрэлтгүй байсан. Тэгээд 1 дүгээр үеийн идэвхтэй шатны удаашралтай гэсэн онош тавиад төрөлтийг эрчимжүүлж төрүүлье гээд Окцицине семилат хийх шийдвэр гарсан.
Ингээд 16 цаг 40 минутад ургийн усны хальсыг зэрэг зурах хөдөлгөөнөөр цоолж, бага зэрэг хөвчтэй, цайвар өнгийн ус бээлийд гар даган гарч байсан. Ингээд Окцицине семилатыг стандартын дагуу залгасан. Ингээд залгахад төрөлтийн үйл ажиллагаа эрчимжиж ирсэн. Энэ явцад төрөлтийн үйл ажиллагаа жигдрээд хүчтэй өвдөлт өгсөн. Энэ үед ургийн толгой буруу тавилт орж ирсэн. Тэр үед төрөлт өгөөд ороод ирсэн. Төрөлтийн хүч хүчтэй явагдаж байсан учраас цаг алдах байх, умай задарч эх цус алдаж амь нас нь аюулд орох байсан учраас яаралтайгаар ургийг авах шийдвэр гаргаад бага зэргийн тусламжийг асрагч сувилагч нараасаа дэмжлэг авч хөнгөн байхын тулд хярзанг хайчилж төрөлтийг явуулсан. Ингээд 17 цаг 40 минутад 3 хил 300 грамм жинтэй 53 см урттай, 2 балтай хүүхдийг төрүүлсэн. Тэгээд төрөлтийн дараа хүүхдийн яаралтай сэхээн амьдруулах нярай өрөө рүү авч орж арга хэмжээ авсан. Эхэд ихсийг идэвхтэй аргаар удирдаж ихсийг салгахад 530 грамм жинтэй 2.1 см зузаантай, 16-18 диаметртэй, төвдөө байрлалтай, 3 дугаар үеийг удирдаж явуулсан. Энэ үед цус алдалтаас сэргийлэн окцицине тарьсан. Умайн хүзүүг цохих стандартын дагуу шалгаж үзэхэд умайн хүзүү урагдалгүй байсан. Нийт гарсан цусны хэмжээ нь 200 грамм байсан. Умайн ёроолд иллэг хийж шалгахад цус алдалтгүй агшилт сайн байсан учраас хайчилсан хярзандаа мэдээ алдуулалд хийж оёдол тавьсан. Ингээд төрөх хүчний 2 дахь сулрал, окцецины эрчимжүүлэлт хярзангийн хайчилбарт оёдол тавьсан гэсэн оноштойгоор төрөлтийн явц явагдсан. Нярай маш хүнд байсан учраас яаралтай мэргэжлийн эмч дуудаж зохих ёсны арга хэмжээ авхуулж аппаратад оруулсан....” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.М нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2020 оны 05 дугаар сарын 25-нд жирэмсэн гэдгээ мэдсэн. Тэгээд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны дүүргийн эмнэлэгт хяналтад ороод 10 дугаар төвд Б эмчийн хяналтад байсан. 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө 09 цаг өнгөрөөгөөд бага зэрэг өвдөлт өгөөд нөхөртэйгөө хамт Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв дээр очиж үзүүлэхэд 1 хуруу нээгдсэн байна. Төрөлт явагдах болоогүй. Чи гэртэй хариад байж байгаа гээд надад хэлсэн. Тэгээд 01 дүгээр сарын 22-ны өглөөнөөс 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө хүртэл би бүтэн өдөржингөө өвдсөн. Тэгээд өвдөөд, болиод хүнд байдалтай байсан. Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 23-нд манай хүү төрөхдөө бүтэлттэй хүнд байдалтай төрсөн. Шууд эрчимт эмчилгээний тасаг руу авч явсан. Тэгээд эрчимт эмчилгээний тасагт орсон. Манай хүү төрөхдөө архаг бүтэлтийн улмаас ухаангүй байдалтай төрсөн. Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд эмчлэгдэж байхдаа миний хүүхэд гартаа дусал зоолгосон байсан. Тэр нь нэвчээд эх нялхаст очих үедээ хагалгаанд орсон. Эх нялхаст ирээд 2 удаа хагалгаанд орсон. Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд хэвтэхэд асаргаа сувилгаа муугаас болоод толгой ар хэсэгтээ цус хурсан, гар нь түлэгдсэн байдалтай очсон. Эх нялхаст байх хугацаандаа маш олон эрчимт эмчилгээний тасаг, уушгины тасаг гэх мэт олон тасгаар хүүхэдтэйгээ шилжиж явсан. 01 дүгээр сарын 20-нд хүүхэдтэйгээ эмнэлгээс гарсан. Эх нялхсын эмч хэлэхдээ хүчилтөрөгч аваад гараарай эмнэлгээс тархийг нь сэргээхээс өөр бүх эмчилгээг хийсэн. Эх нялхаст байхдаа манай хүүхдийн бие сайжирч байсан гэж би харж байсан...” гэв.
Иргэний хариуцагч Ш.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...61.000.000 төгрөг нэхэмжилсэн байна. Үүний 50.000.000 төгрөг нь сэтгэл санааны хохирол гэж ойлгосон. Үүнийг яаж тооцож байгаа юм бэ үүнийг ойлгохгүй байна. Эмчилгээний зардал, оршуулгын зардлыг төлнө. Энэ тухай даргатайгаа ярихад шүүхээс гарсан шийдвэрийг дагана гэж хэлсэн..” гэв.
Шинжээч эмч М.ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Энэ нь төрөхийн маш хүнд гэмтэл. Төрөх үедээ тархиндаа маш хүнд гэмтэл авсан. Төрөөд эмчилгээ хийлгэсэн ч амьд үлдэх магадлал маш бага гэсэн үг. Төрөх эх орж ирэхэд дотуур үзлэг хийхэд хуруугаараа толгойн буруу тавилтыг мэдэх боломжтой байсан. Үүнийг тухайн үед оношилсон бол яаж ямар арга хэмжээ авах талаар бүгдийг зааж өгсөн байгаа. Умайн хүзүү 5 см нээгдсэн, суман байрлал хөндлөн байрлалтай гэж оношилсон. Энэ үеэс эхлээд арга хэмжээ авсан бол эх, хүүхдийг аль алийг нь аврах боломжтой . Эхийг анх хүлээж авч үзэхдээ бичсэн байна. Үүнд нь умайн хүзүүн нээлт 5 см, аарцаг толгойн байрлал суман шугамын заадасны байрлал хөндлөн гээд бичсэн байна. Суман заадас бол хөндлөн байрлалд байх ёсгүй. Суман заалт хөндлөн байна гэдгийг оношилчихсон байна гэж харахаар байна. Ер нь үзлэг хяналтын талаар маш цөөхөн зүйл бичигдсэн байна. Хүүхдийн толгой хамгийн бага хэмжээгээр төрдөг. Хүүхэд төрөх үед хойд зулай буюу бага зулайгаар төрж байж хэвийн хэмжээнд төрдөг. Хүүхдийн толгой ясжаагүй, бэхжээгүй байдаг. Толгойн буруу тавилттай төрсөн тохиолдолд толгой нь хавантай, тархинд ус харвачихсан байсан Нугасны ус авахад цаашдаа эмчлэгдэх боломжгүй. ... Хийсвэр хагалгаа хийх удирдамж гэж бий. Төлөвлөгөөт журмаар төрүүлэхээс өмнө хийсвэр хагалгааг хийх боломжтой байсан. Төрөх явцад хүндрэл гарсан үед хийсвэр хагалгаа хийх боломжтой байсан. ... Анх 10 цагт ирснээс хойш үзлэг хийсэн бичлэг байхгүй байж байгаад 10:45 цагт үзлэг хийгээд 16:30 цагт үзлэг хийсэн бичлэг байсан. Энэ хооронд 6 цагийн хугацаанд үзлэг хийгээгүй гэх төрөлтийн бичлэг байсан гэсэн мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагчийн зүгээс гэмт хэргийн талаар дараах
байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2020 оны 05 дугаар сард жирэмсэн болж 2020 оны 07 дугаар сард Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны “” өрхийн эмнэлэг дээр хяналтад орсон. Хяналтад байх хугацаандаа тогтоосон хугацаандаа үзүүлж, шинжилгээ өгч байсан ба ураг эрүүл бойжиж байсан. Би Налайх дүүргийн 2 дугаар хороо, тоотод ээж Ж.Бгийнд бүртгэлтэй хаягтай байсан бөгөөд тэр үед эмнэлгүүдээр корона вирус гараад намайг иргэний харьяалалтай газраа төр гээд Налайхад ирсэн. 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө өвдөлт өгөөд Налайхын эмнэлэг дээр ирээд үзүүлэхэд савны амсар 2 хуруу нээгдсэн байна, усаа гарахаар ирээрэй гээд явуулсан. Өдөржин шөнөжин өвдөөд 23-ны өглөө 10 цагийн орчим ирээд үзүүлэхэд савны амсар 7 хуруу нээгдсэн байна гээд хэвтүүлээд үдээс хойш төрнө гэж хэлсэн. Үдээс хойш 15 цаг өнгөрч байхад төрөхийн орон дээр гарч 17 цаг 40 минутад төрж 3 кг жинтэй 53 см урттай хүүтэй болсон. Манай хүүхэд төрөхдөө уйлаагүй, ухаангүй, хөхөө амлаагүй бөгөөд төрүүлсэн эмч Б, эх баригч С нарын ярианаас хүүхэд бүтэлттэй төрсөн хүнд байна гэж сонссон. Тэгээд шууд эрчимт эмчилгээний тасагт шилжсэн. Би төрөх орон дээр 2 цаг хэвтэж байгаад тасагтаа ирсэн. Түүнээс хойш манай хүүхэд 1 cap шахуу эрчимт эмчилгээ хийгдэж байгаад 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хот Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв рүү шилжсэн. Би төрөхийн өмнөх орон дээр байхдаа кесор хагалгаа хийгээд өгөөч гэж Б эмчид хэлэхэд зүгээр зүгээр болно гэж хэлж байсан. Одоо манай хүүхдийн биеийн байдал хүнд амьдрах чадваргүй, баруун зүүн тархи үхэжсэн сэргэх боломж бага, хэрэв сэргэвэл саажилттай болж цаашид хүний асаргаанд орно гэж эмч хэлсэн. ...ЭХЭМҮТ-ийн эрчимтэд маш хүнд, ухаангүй, уушгины хүнд хатгалгаатай, тархины үйл ажиллагаа сэргээгүй, өөрөөрөө амьсгалж чадахгүй болохоор амьсгалын аппараттай байна. Удаан хэвтсэнээс уушгинд хатгалгаа үүссэн. Төрсөн цагаас нь хойш нөхөр М бид 2 байнга эмнэлэг явж хэрэгтэй эм тариа, витамин, ахуйн эд зүйлсийг нь залгуулж байсан.” /1-хх-14/ гэх мэдүүлэг,
“...Манай хүү М.У нь төрснөөс хойш Налайхын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа У нэртэй байсан ба Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв рүү шилжих үед А гэх нэр өгсөн. ...миний хүү М.Уын эмнэлэгт байхдаа зарцуулсан төлбөр мөнгө нас барсны дараа буяны ажилд зарцуулсан төлбөр нийт 10.137.964 төгрөг болсныг баримтаар гаргаж өгч амь нас хохирсон төлбөрт 50 сая төгрөг нийтдээ 60.137.964 төгрөгийг буруутай эмч Ш.Бгээс нэхэмжилж байна." /1-хх-16/ гэх мэдүүлэг,
Гэрч Э.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө манай эхнэр Л.М өвдөлт өгөөд Налайхын Эрүүл мэндийн төвийн төрөхөд очиход тасгийн эрхлэгч Ж үзлэг хийгээд ус нь гараагүй байна, савны амсар 2 хуруу нээгдсэн байгаа тул усаа гарахаар ирээрэй гэсэн. Тэгээд гэртээ өвдөж байгаад маргааш нь 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө очоод үдээс хойш төрсөн. Төрөхийн өмнө 13 цагийн үед Ш.Бтэй хадам ээж бид хоёр уулзаад манай хүн ядарсан, шөнөжин өвдсөн, тамиргүй байгаа, болохгүй бол кесор хагалгаа хийгээд төрүүлээд өгөөрэй гэж хэлэхэд бид нар боломжтой арга хэмжээг авч болж өгвөл өөрөөр ньтөрүүлэхийг хичээнэ, тайван намуухан өвддөг юм байна гэж хэлсэн. Орой 20 цаг өнгөрч байхад намайг нэг асрагч дуудаж 17 цаг 40 минутад хүүтэй болсон удахгүй эмч уулзана гэж хэлсэн. Орой 22 цагийн үед Ш.Б, нярайн эмч О нар өрөөндөө дуудаж уулзаад хүнд бүтэлттэй хүүхэд төрсөн, хүчилтөрөгчийн дутагдалд орсон хүүхдийн биеийн байдал хүнд байна гэж хэлсэн. Түүнээс хойш манай хүүхэд Налайхын эмнэлэгт эрчимтэд хэвтэж байгаад 2021 оны 02 дугаар сарын 18-ын өдөр Улаанбаатар хот руу ЭХЭМҮТ-д шилжиж одоо тэнд ухаангүй байдалтай эмчлэгдэж байна. Цаашид амьдрах чадваргүй, тархи сэргэлээ гэхэд саажилттай болно гэсэн.. ” /1-хх-23/ гэх мэдүүлэг,
Гэрч З.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр би төрөх тасагт 24 цагаар Б их эмчийн хамтаар эх баригчийн үүрэг гүйцэтгэсэн. Өглөө 10 цаг 20 минутын орчим М гэдэг эмэгтэй төрөхийн өвдөлттэй ирснийг хүлээн авч дотуур үзлэг хийхэд умайн хүзүү 4-5 см нээгдсэн, бага зэрэг ус шүүрсэн байсан. Дараа нь төрөхийн өмнөх өрөөнд оруулж ургийн цахилгаан бичлэг хийхэд ураг хэвийн байсан. Давтан үзлэгийг 16 цагийн орчимд Б эмч хийгээд өвдөлт нэмэгдэхгүй байсан учраас сэдээх тариа хий гэж хэлсний дагуу хийсэн. Тэгээд сэдэлт өгч умайн хүзүү 10 см буюу бүрэн нээгдэж төрөхийн орон дээр 17 цагт гарч төрүүлэх үйл явц эхэлсэн. Б эмчийн удирдлага дор би ажиллаж 17 цаг 40 минутад хүүхдээ гаргаж авсан. Төрүүлэх явцад умайн хүзүү рүү буюу аарцгын хөндийд орж ирэхдээ толгойн тавилт бага зэрэг далий тавигдаж орж ирсэн болохоор гарах хэсэгт удааширч эмч бид 2 гаргаж авах бололцоотой арга хэмжээг авч хярзанг сэтэлж хүүхдийг гаргаж авсан. Энэ хооронд бүтэлт үүсэж амьсгалахгүй, хөдөлгөөн сул, зүрхний цохилттой, бүх биеэрээ хөх өнгөтэй болсон байсныг амилуулах суурь тусламжаа үзүүлж нярайн эмчийг дуудаж шилжүүлсэн." /1-хх-30-31/ гэх мэдүүлэг,
Гэрч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...өглөө төрөх тасагт М төрөхөөр ирэхэд нь хүлээн авч савны амсар хэр том нээгдэж байгааг эмч Б ойр ойрхон үзээд байсан. Тэгээд орой 17 цаг 40 минутад хүүхдээ гаргаж авсан. Түүнээс хойш төрөхийн орон дээр байхдаа М сайн дүлж өгөхгүй удсан. Нярай төрсний дараа амьсгал авахгүй, уйлахгүй байхаар нь сэхээн амьдруулахад оруулж дуудагдаж ирсэн нярайн эмч От хүлээлгэн өгсөн.” /1-хх-33/ гэх мэдүүлэг,
Гэрч Д.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 23-ны орой маш хүнд нярай төрсөн яаралтай үзүүлье гэж дуудагдаад төрөх тасагт ирэхэд маш хүнд нярай байсан. М гэдэг 24 настай ээж төрж нярай нь зүрх цохилж амьсгалж байсныг хүлээн авч эмчилгээ оношилгооны стандартын дагуу амьсгал зүрхийг дэмжих аппаратад оруулсан. Амьсгалын аппаратад оруулснаар эрчимт эмчилгээнд авсан. Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн нярайн эрчимт эмчилгээний тасагт над дээр 27 хоног эмчлэгдээд Эх хүүхдийн эрүүл мэндийн төв рүү шилжсэн. Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд нярай эмчлэгдэх явцад амьсгалын аппаратнаас 2 удаа гаргаж хүчилтөрөгчийг хамрыг гуурсаар өгч үзэхэд өөрийн амьсгал бүрэн дийлэхгүй биеийн байдал улам дордсон тул буцаж амьсгал орлуулах аппаратад авсан. 27 хоногийн хугацаанд антибиотик эмчилгээ, цус тогтоох, цус цусан бүтээгдэхүүн сэлбэх, уураг альбумин нөхөх эмчилгээ, тархины хүчил төрөгч цусан хангамж сайжруулах, эрдэс эмчилгээ, гармон эмчилгээ пробиотик болон инотрол эмчилгээ зэрэг хийсэн. ...нярай ухаангүй, тархи сэргэхгүй, амьсгал аппараттай маш хүнд байсан болохоор тээвэрлэх асуудал байнга хойшилж байгаад биеийн байдал маш хүнд 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлсэн.” /1 хх-37/ гэх мэдүүлэг,
Гэрч А.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Л.М нь 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр манай төв дээр ирж над дээр жирэмсний хяналтад орж байсан. ..хяналтын хугацаанд урагт ямар нэг гажиг, өөрчлөлт байгаагүй. Бид хэд хэдэн удаа үзлэг, шинжилгээ, ЭХО үзлэг хийхэд ураг хэвийн бойжиж байсан. Л.М нь өөрөө ходоодны үрэвсэлтэйгээс өөр ямар нэг өвчин зовиур байгаагүй.” /1хх-42 / гэх мэдүүлэг,
Гэрч А.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Налайх дүүргийн эмнэлэгт төрөөд манай эмнэлэгт 26 хоногтой нярай 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр нярайн эрчимт эмчилгээний тасагт ухаангүй, хүнд амьсгалын аппараттай, амьсгал удирдсан байдалтай тээвэрлэж ирсэн. Тус нярай нь эрчимт эмчилгээний тасагт 34 хоног эмчлэгдэж мэс заслын эрчимт эмчилгээний тасагт 43 хоног, хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт 1 хоног, амьсгалын эмгэг судлалын тасагт 14 хоног гээд нийтдээ 93 хоног хэвтэн эмчлүүлсэн байна. Мын А нь хүчилтөрөгч цус хомсдолын шалтгаант тархины эмгэгшил үжил олон эрхтний дутагдал оноштойгоор ухамсарт ухаангүй орчны харьцаагүй, шүлс цэрээ залгих чадваргүй, хүчилтөрөгчийн байнгын хэрэгцээтэй, ямар нэг рефлекс байхгүй байсан. Хэвтэн эмчлүүлэх хугацаандаа амьсгал удирдах, үрэвслийн эсрэг, үхжилийн зсрэг судсаар хооллох уураг, цус сэлбэх, зүрх судасны үйл ажиллагаа дэмжих эмчилгээ хийгдсэн. 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр нярайн зүүн талын цээжний хөндийг нээж уушгинд байсан уйланхайг авах мэс ажилбар хийгдсэн. Үүний дүнд уушги зүгээр болсон. Эмчилгээний үр дүнд амьсгалын дутагдлын зэрэг багасаж өөрийн амьсгал хангалттай болсон учраас амьсгал удирдахаа больсон. Бөөрний дутагдлаас гарсан. Зоондоор хооллож хоолоо шингээж өөрөө бааж эхэлсэн боловч тархи сэргэх боломжгүй, тархины усжилт үүссэн ухаангүй хэвээрээ байж байгаад амьсгалын тасаг руу шилжиж байсан. Ингээд амьсгалын эмгэг судлалын тасгаас 2021 оны 05 дугаар 20-ны өдөр эмч Ундрал гаргасан байсан эмнэлэгт байх хугацаандаа тархи хамгаалах сэргээх эмчилгээ тасралтгүй хийгдсэн ч хүнд хэлбэрийн болохоор сэргээгүй. Тархины эдийн бүтэц бүрэн алдагдсан, тархины эд зөгийн үүр шиг торлог бүтэцтэй, тархины нугалаа атираа харагдахгүй болох нь тархины ЭХО-гоор оношлогдож байсан.” /1 хх-43-44/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 230 дугаартай шинжээчийн дүгнэлт:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 40 дугаартай цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлт:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 667 дугаартай хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт:
Шинжээч эмч М.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2012 онд батлагдсан 42 дугаар тушаалаар жирэмслэлт, төрлөгийн хүндрэлийг удирдах арга зүйн удирдамж байдаг. Уг удирдамжаар төрөх үед ямар нэг дараагийн арга хэмжээг авах ёстой. Нярай М.Уын биед үүссэн тархины цусан хангамжийн дутагдлын хүнд хэлбэр тархины дотоод даралт ихсэлт тархины усжилт нь эдгэрэх боломжгүй. Усжиж тархи хатингаршуулсан болохоор үхэлд хүрэх гэмтэл юм. Амь тэнссэн байдалд хүргэсэн байсан. ...хүүхэд төрөхдөө бага зулайн хэсгээрээ түрүүлж орж ирэх ёстой байдаг. Гэтэл их зулай, дагз, нүүрээрээ зэрэг түрүүлж орж ирвэл үүнийг толгойн буруу тавилт гэнэ. ...Төрөлт маань хүний физиологийн үйл явц бөгөөд умайн базлалтаас дүлэлт эхлэх, төрөлтөд бүрэн бэлтгэгдэх хүртэл 1 дүгээр үе гэнэ. Дүлж эхлэхээс эхлээд хүндрэл гарсан тохиолдолд төрөлт удирдаж буй эмч энэ удирдамжийг барьж ажиллах үүрэгтэй байдаг. Ш.Б эмч нь Л.Мыг төрүүлэхдээ төрлөгийн үед үүссэн хүндрэлийн арга зүйг баримтлаагүй бөгөөд удирдамжийн S69 -ургийн толгойн буруу тавилт, S70-ургийн хэвийн биш түрүүлэлт, S71-ургийн түрүүлсэн хэсгийг тодорхойлох, S72-толгойн буруу тавилтын оношилгоо гэсэн заалтуудыг зөрчсөн байна. ...Ш.Б эмч нь төрөхийн явцад 1 дүгээр толгойн буруу тавилтыг оношлоод хүндрэлтэй бол төрөлтийг өөр замаар буюу кесор хагалгаагаар төрүүлэх байсан. Аарцгийн хөндийд хүүхэд толгойн хамгийн бага хэмжээгээр буюу бага зулайн хэсэг түрүүлж орж ирдэг. Үүнийг төрөлтийн 1 дүгээр үед дотуур үзлэгээр үзэж бага зулайн хэсгээс өөр, хэсгээр түрүүлж орж ирэх юм бол толгойн буруу тавилт гэж үзэж төрөлтийн хүндрэлээс сэргийлэхийн тулд хүүхэд төрөх замаараа төрж гарах хүртэл 2 дугаар үе, эхэс умайгаас салж гараад дуусах хүртэл үеийг 3 дугаар үе гэдэг. 1 дүгээр үе буюу аарцгийн орох хэсэгт толгой орж ирэхэд дотуур үзлэг хийж толгойн буруу тавилтыг эмч мэдэх боломжтой. Энэ үед кесор хагалгаа хийж хэвийн төрүүлэх боломжтой байдаг. ...Төрөлтийн 1 дүгээр үед оношилж цаг алдалгүй кесор хагалгаагаар төрүүлээгүйн улмаас нярайд тархины цусан хангамжийн дутагдлын хүнд хэлбэр, тархины дотоод даралт ихсэлт-тархины усжилт үүсэж нас барсан байна. Тархины усжилт үүссэн тохиолдолд нас барах нь цаг хугацааны асуудал бөгөөд эдгэх, сэргэх тогтворжих боломж байхгүй” /1 хх-78-80/ гэх мэдүүлэг,
Иргэний хариуцагч Ш.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... миний гаргаж өгсөн Эрүүл мэндийн төвийн 2021 оны 01 дүгээр сард жижүүрийн үүрэг гүйцэтгэх эмч нарын хуваарь дээр 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мэс заслын тасгийн эрхлэгч эмч Б.С, унтуулгын эмч Г.Х, нярайн эмчээр Д.О нар нь хуваарьтай байсан ба эдгээр эмч нар ажпын байрандаа тасаг тасагтаа ажлаа хийж байсан. Хэрвээ Б эмч төрөхийн хүндрэлийг мэдэрч баг дуудсан бол тэд яаралтай хагалгаа орж хэвийн төрүүлэх байсан. 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мэс заслын тасгийн эрхлэгч эмч Б.С, унтуулгын эмч Г.Х, нярайн эмчээр Д.О нар нь Л.Мыг төрүүлэх үед ажлын байрандаа байсан болохыг бид дотоод шалгалтаараа тогтоосон байгаа. Эмнэлгийн тоног төхөөрөмж болон бусад эмч сувилагч нарын талаас ямар нэг асуудал, алдаа байгаагүй. ...Эмчийн удирдлага дор, түүний шийдвэрээр ажилладаг болохоор эх барих бага эмч З.С, нярайн сувилагч Д.Б, сувилагч А.А асрагч Д нарт буруутай ажиллагаа байхгүй бөгөөд тэд зохих ёсоор ажилласан” /1-хх-20/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Ш.Бгийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр би төрөх тасагт жижүүр эмчээр үүргийг 08 цагт хүлээн авч гүйцэтгэсэн. Өглөө 10 цаг 25 минутад гаднаас Л.М гэдэг анхны төрөгч ирснийг хүлээн аваад түүх нээж, үзлэг хийж, умайн хүзүүний нээлт болоогүй, базлалт сул байсан болохоор ургийн зүрхний бичлэг хийж төрөхийн өмнөх тасагт ажиглалтад авах арга хэмжээ авсан. Давтан үзлэгийг 16:00 цагт хийж базлалтын хүч сул байсан тул төрөлтийг дэмжих эмчилгээ буюу дуслаар эрчимжүүлэх тариа хийсэн. Тэгээд өвдөлт нэлээд ширүүсээд ирэхээр нь 16 цаг 40 минутад ургийн усны хальсыг цоолж эрчимжүүлэх эмчилгээг хийж төрөлтийг удирдан явуулж 17 цаг 40 минутад төрүүлсэн. Нярай бүтэлттэй төрж, нярайг аваад сэхээн амьдруулах арга хэмжээ авч нярайн эмч Оийг дуудаж хүлээлгэж өгсөн. Нярай төрмөгцөө уйлахгүй, хөдөлгөөнгүй биеийн байдал нь хүнд байсан учраас яаралтай сэхээн амьдруулах арга хэмжээ авч хүчилтөрөгчийн аппаратаар амьсгалуулж сэхээн амьдруулах багц тариа хийсэн. ...тухайн үед эх хүүхдийн амь насыг аврах боломжит бүх арга хэмжээг авсан боловч ийм байдалд хүрсэнд харамсаж байгаа. Толгойн буруу тавилтыг оношлоод кесор хагалгаагаар төрүүлэх шийдвэр гаргаагүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” /1-хх-107/ гэх мэдүүлэг,
Яллагдагч Ш.Бгийн хувийн байдлыг тогтоосон баримт /1-хх-109-118/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Мын өмгөөлөгч Н.Нарангуагийн зүгээс гэмт хэргийн талаар дараах байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Иргэний хариуцагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол /1-хх-17-20/,
Гэрч А.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нярай нь эрчимт эмчилгээний тасагт 34 хоног эмчлэгдэж мэс заслын эрчимт эмчилгээний тасагт 43 хоног, хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт 1 хоног, амьсгалын эмгэг судлалын тасагт 14 хоног гээд нийтдээ 93 хоног хэвтэн эмчлүүлсэн байна. Хэвтэн эмчлүүлэх хугацаандаа амьсгал удирдах, үрэвслийн эсрэг, үхжилийн эсрэг судсаар хооллох уураг, цус сэлбэх, зүрх судасны үйл ажиллагаа дэмжих эмчилгээ хийгдсэн. амьсгалын эмгэг судлалын тасгаас 2021 оны 05 дугаар 20-ны өдөр эмч Ундрал гаргасан байсан эмнэлэгт байх хугацаандаа тархи хамгаалах сэргээх эмчилгээ тасралтгүй хийгдсэн ч хүнд хэлбэрийн болохоор сэргээгүй..” /1 хх-43-44/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 667 дугаартай хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт:
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-109/,
Багахангай, Налайх дүүргийн шүүхийн шийтгэх тогтоол 2009 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 85А дугаартай шийтгэх тогтоол /1хх-112-118/
Налайх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /1хх-123/,
Эмнэлэгийн мэргэжилтний мэргэжлийн зэргийн үнэмлэх /1хх-143/,
Шүүгдэгчийн Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан үнэмлэхний хуулбар /1хх-149/,
Алтан гадас одонгоор шагнагдсан үнэмлэхний хуулбар, эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан хүндэт тэмдэгээр шагнагдсан үнэмлэхний хуулбар /1хх-150/,
Ш.Бг түр ажилд томилох тухай тушаалын хуулбар /1-хх-141/,
ЭМТ-ийн 2021 оны 01 дүгээр сард жижүүрийн үүрэг гүйцэтгэх эмч нарын нэрсийн жагсаалтын хуулбар /1хх-151/8
Баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх-153/,
Ш.Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай даргын тушаал /хх-157/,
Төрөлтийн эмгэгийн явцын удирдамж /хх-159-165/,
Хохирогчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-167/,
Хорооны тодорхойлолт /хх-169/,
Гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл, бичиг баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, хууль ёсны төлөөлөгчийн гаргасан гомдол /1хх-170-182/,
Хохирол төлбөрийн жагсаалт /1хх-183/,
Оршуулгын зардалтай холбоотой баримтууд /1хх-184-227/,
Амь хохирогчийн төрсний гэрчилгээний хуулбар /1хх-228/,
Нас барсны гэрчилгээ /1хх-229/, жирэмсний хяналтын дэвтрийн хуулбар /хх-236-238/, өрхийн эмчийн хүснэгт /1хх-239/,
Өвчтөний түүх /3хх-19/, Томо графикийн оношилгоо /хх-27-28/,
Сэтгэл зүйчид үзүүлсэн талаар 5 хуудас нотлох баримт зэргийг шинжлэн судлав.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Мын өмгөөлөгч С.Ууганбаярын зүгээс:
ЭХО-д харуулсан тухай баримт /2хх-16-17/,
Амь хохирогчийн эмчилгээний стор /хх-174/ зэрэг нотлох баримт зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ш.Бгийн өмгөөлөгч Г.Наранбаатарын зүгээс:
Гэрч З.С нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр би төрөх тасагт 24 цагаар Б их эмчийн хамтаар эх баригчийн үүрэг гүйцэтгэсэн. Өглөө 10 цаг 20 минутын орчим М гэдэг эмэгтэй төрөхийн өвдөлттэй ирснийг хүлээн авч дотуур үзлэх хийхэд умайн хүзүү 4-5 см нээгдсэн. Бага зэрэг ус шүүрсэн байсан. Дараа нь төрөхийн өмнөх өрөөнд оруулж ургийн цахилгаан бичлэг хийхэд ураг хэвийн байсан. Давтан үзлэгийг 16 цагийн орчимд Б эмч хийгээд өвдөлт нэмэгдэхгүй байсан учраас сэдээх тариа хий гэж эмч хэлсэний дагуу хийсэн. Тэгээд сэдэлт өгч умайн хүзүү 10 см буюу бүрэн нээгдэж төрөхийн орон дээр 17 цагт гарч төрүүлэх үйл явц эхэлсэн. Б эмчийн удирдлага дор би ажиллаж 17 цаг 40 минутад хүүхдээ гаргаж авсан...../1хх-30-31/ гэх мэдүүлэг,
Гэрч Д.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...27 хоногийн хугацаанд антибиотик эмчилгээ, цус тогтоох, цус цусан бүтээгдэхүүн сэлбэх, уураг альбумин нөхөх эмчилгээ, тархины хүчил төрөгч цусан хангамж сайжруулах, эрдэс эмчилгээ, гармон эмчилгээ пробиотик болон инотрол эмчилгээ зэрэг хийсэн. ...нярай ухаангүй, тархи сэргэхгүй, амьсгал аппараттай маш хүнд байсан болохоор тээвэрлэх асуудал байнга хойшилж байгаад биеийн байдал маш хүнд 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлсэн.” /1 хх-37/ гэх мэдүүлэг,
Гэрч А.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Л.М нь 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр манай төв дээр ирж над дээр жирэмсний хяналтад орж байсан. ..хяналтын хугацаанд урагт ямар нэг гажиг, өөрчлөлт байгаагүй..” /1хх-42 / гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 667 дугаартай хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт,
Мэргэжлийн хяналтын газрын албан тоот /1хх-134/,
Эрүүл мэндийн төвийн албан тоот /хх-137/,
Албан тушаалын тодорхойлолт /хх-139-140/,
Эрүүл мэндийн сайдын тушаал /хх-159-165/,
Эмчийн үзлэг /2-хх-12/ зэргийг шинжлэн судлуулав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “шүүгдэгч Ш.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр тухайн эмнэлэгт төрхөөр ирсэн Мын төрөлтийн явцыг удирдахдаа төрөлхийн хүндрэлийг мэдээгүй буруу удирдсанаас нярай төрөх үедээ хүчилтөрөгчийн хурц дутагдал шалтгаан тархины цусан хангамжийн хүнд хэлбэр тархины дотоод даралт ихсэлт дотоод усжилтаас болоод 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мэндэлсэн нярай 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр нас барсан буюу эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн тусламж үйлчилгээ зохих ёсоор биелүүлээгээс болж хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тооцох саналыг гаргаж байна гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Нарангуа нь: Миний үйлчлүүлэгчийн хүүхэд шүүгдэгч Бгийн эмнэлгийн чанартай арга хэмжээгээ зохих ёсоор биелүүлээгүй улмаас Хохирогчийн маань хүүхэд эндсэн... Амь хохирогч Мын Уын энэ эрх нь шүүгдэгчийн буруугаас болж зөрчигдсөн. шүүгдэгч Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмнэлгийн мэргэжилтэн, иргэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс, эсвэл зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн амь нас хохирсон , Өөрөөр хэлбэл, улсын яллагчийн гэм буруутай тооцох саналыг дэмжиж байна гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Ууганбаяр нь: Төрөхийн нэгдүгээр үед буруу тавилттай гэдгийг нь мэдсэн бол амь хохирогч өнөөдөр ээж аавтайгаа сууж байх байсан.... улсын яллагчийн саналыг дэмжиж байна. гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь : Б эмчийн эмчилгээтэй холбогдуулаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар прокурорын зүгээс яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Би болон миний үйлчлүүлэгч тухайн зүйл хэсэгт маргах зүйл байхгүй. Энэ талаар мөрлөн байцаалтын шат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-т гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг тусгайлан заасан байгаа. ...Тухайн үед боломж нь ийм байсан гэх хариулт өгч байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан нярай хүүхдийн эмчийн мэдүүлгээр би байгаагүй амралтын өдөр байсан учраас дуудагдаж ирж тухайн хүүхдэд амилуулах үйл ажиллагаа явуулсан гэж байгаа болов ч Б эмч тухайн үед эх, нярай хүүхэд хоёрыг аврах ажиллагаа хийсэн гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүх хуралдаанд хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хэргийн оролцогч нарын мэдүүлгүүд болон талуудын шинжлэн судалсан дараах нотлох баримтууд болох :
Шүүгдэгч Ш.Бгийн өгсөн : “...2021 оны 01 дүгээр сарын 23-ны 10 цаг 25 минутад Лгийн М нь хоёр дугаар хорооны харъяа төрөх тасагт ирж хэвтсэн. ... Төрөх үе хугацаандаа хэвийн 39-47 хоногтой жирэмслэлт төрөлтийн 1 дүгээр үе гэсэн онош тавиад ургийн зүрхний бичлэг хийсэн. Зүрхний бичлэгт ямар нэгэн өөрчлөлт гараагүй. Тийм учраас төрөлтийг өөрөөр нь төрүүлье, ураг нярайн бүтэлтээс сэргийлье, цус алдалтаас сэргийлье гэсэн төлөвлөгөө зохиогоод төрөхийн өмнөх өрөөнд ажиглалтад авсан. Ажиглалтад байж байгаад 16 цаг 30 минутад давтан үзлэг хийсэн. ... Тэгээд 1 дүгээр үеийн идэвхтэй шатны удаашралтай гэсэн онош тавиад төрөлтийг эрчимжүүлж төрүүлье гээд Окцицине семилат хийх шийдвэр гарсан. ... төрөлтийн үйл ажиллагаа жигдрээд хүчтэй өвдөлт өгсөн. Энэ үед ургийн толгой буруу тавилт орж ирсэн. Тэр үед төрөлт өгөөд ороод ирсэн. Төрөлтийн хүч хүчтэй явагдаж байсан учраас цаг алдах байх, умай задарч эх цус алдаж амь нас нь аюулд орох байсан учраас яаралтайгаар ургийг авах шийдвэр гаргаад бага зэргийн тусламжийг асрагч сувилагч нараасаа дэмжлэг авч хөнгөн байхын тулд хярзанг хайчилж төрөлтийг явуулсан. Ингээд 17 цаг 40 минутад 3 хил 300 грамм жинтэй 53 см урттай хүүхдийг төрүүлсэн. Тэгээд төрөлтийн дараа хүүхдийн яаралтай сэхээн амьдруулах нярай өрөө рүү авч орж арга хэмжээ авсан. ....Нярай маш хүнд байсан учраас яаралтай мэргэжлийн эмч дуудаж зохих ёсны арга хэмжээ авхуулж аппаратад оруулсан....” гэсэн мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Мын өгсөн: “... 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө хүртэл би бүтэн өдөржингөө өвдсөн. 10 цагийн орчим ирээд үзүүлэхэд савны амсар 7 хуруу нээгдсэн байна гээд хэвтүүлээд үдээс хойш төрнө гэж хэлсэн. Үдээс хойш 15 цаг өнгөрч байхад төрөхийн орон дээр гарч 17 цаг 40 минутад төрж 3 кг жинтэй 53 см урттай хүүтэй болсон. Манай хүүхэд төрөхдөө уйлаагүй, ухаангүй, хөхөө амлаагүй бөгөөд төрүүлсэн эмч Б, эх баригч С нарын ярианаас хүүхэд бүтэлттэй төрсөн хүнд байна гэж сонссон. Тэгээд шууд эрчимт эмчилгээний тасагт шилжсэн. Би төрөх орон дээр 2 цаг хэвтэж байгаад тасагтаа ирсэн. Түүнээс хойш манай хүүхэд 1 cap шахуу эрчимт эмчилгээ хийгдэж байгаад 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хот Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв рүү шилжсэн. Би төрөхийн өмнөх орон дээр байхдаа кесор хагалгаа хийгээд өгөөч гэж Б эмчид хэлэхэд зүгээр зүгээр болно гэж хэлж байсан... Төрсөн цагаас нь хойш нөхөр М бид 2 байнга эмнэлэг явж хэрэгтэй эм тариа, витамин, ахуйн эд зүйлсийг нь залгуулж байсан...Манай хүү М.У нь төрснөөс хойш Налайхын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа У нэртэй байсан ба Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв рүү шилжих үед А гэх нэр өгсөн. ..” гэсэн мэдүүлэг,
Шинжээч эмч М.ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Энэ нь төрөхийн маш хүнд гэмтэл. Төрөх үедээ тархиндаа маш хүнд гэмтэл авсан. Төрөөд эмчилгээ хийлгэсэн ч амьд үлдэх магадлал маш бага гэсэн үг. Төрөх эх орж ирэхэд дотуур үзлэг хийхэд хуруугаараа толгойн буруу тавилтыг мэдэх боломжтой байсан. Үүнийг тухайн үед оношилсон бол яаж ямар арга хэмжээ авах талаар бүгдийг зааж өгсөн байгаа. Умайн хүзүү 5 см нээгдсэн, суман байрлал хөндлөн байрлалтай гэж оношилсон. Суман заадас бол хөндлөн байрлалд байх ёсгүй. Суман заалт хөндлөн байна гэдгийг оношилчихсон байна гэж харахаар байна.. Толгойн буруу тавилттай төрсөн тохиолдолд толгой нь хавантай, тархинд ус харвачихсан байсан Нугасны ус авахад цаашдаа эмчлэгдэх боломжгүй. ... Анх 10 цагт ирснээс хойш үзлэг хийсэн бичлэг байхгүй байж байгаад 10:45 цагт үзлэг хийгээд 16:30 цагт үзлэг хийсэн бичлэг байсан. Энэ хооронд 6 цагийн хугацаанд үзлэг хийгээгүй гэх төрөлтийн бичлэг байсан гэсэн мэдүүлэг,
Гэрч Э.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө очоод үдээс хойш төрсөн. Төрөхийн өмнө 13 цагийн үед Ш.Бтэй хадам ээж бид хоёр уулзаад манай хүн ядарсан, шөнөжин өвдсөн, тамиргүй байгаа, болохгүй бол кесор хагалгаа хийгээд төрүүлээд өгөөрэй гэж хэлэхэд бид нар боломжтой арга хэмжээг авч болж өгвөл өөрөөр нь төрүүлэхийг хичээнэ, тайван намуухан өвддөг юм байна гэж хэлсэн. Орой 20 цаг өнгөрч байхад намайг нэг асрагч дуудаж 17 цаг 40 минутад хүүтэй болсон удахгүй эмч уулзана гэж хэлсэн. Орой 22 цагийн үед Ш.Б, нярайн эмч О нар өрөөндөө дуудаж уулзаад хүнд бүтэлттэй хүүхэд төрсөн, хүчилтөрөгчийн дутагдалд орсон хүүхдийн биеийн байдал хүнд байна гэж хэлсэн. Гэсэн мэдүүлэг,
Гэрч З.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр би төрөх тасагт 24 цагаар Б их эмчийн хамтаар эх баригчийн үүрэг гүйцэтгэсэн. Өглөө 10 цаг 20 минутын орчим М гэдэг эмэгтэй төрөхийн өвдөлттэй ирснийг хүлээн авч дотуур үзлэг хийхэд умайн хүзүү 4-5 см нээгдсэн, бага зэрэг ус шүүрсэн байсан. Дараа нь төрөхийн өмнөх өрөөнд оруулж ургийн цахилгаан бичлэг хийхэд ураг хэвийн байсан. Давтан үзлэгийг 16 цагийн орчимд Б эмч хийгээд өвдөлт нэмэгдэхгүй байсан учраас сэдээх тариа хий гэж хэлсний дагуу хийсэн. Тэгээд сэдэлт өгч умайн хүзүү 10 см буюу бүрэн нээгдэж төрөхийн орон дээр 17 цагт гарч төрүүлэх үйл явц эхэлсэн. Б эмчийн удирдлага дор би ажиллаж 17 цаг 40 минутад хүүхдээ гаргаж авсан. Төрүүлэх явцад умайн хүзүү рүү буюу аарцгын хөндийд орж ирэхдээ толгойн тавилт бага зэрэг далий тавигдаж орж ирсэн болохоор гарах хэсэгт удааширч эмч бид 2 гаргаж авах бололцоотой арга хэмжээг авч хярзанг сэтэлж хүүхдийг гаргаж авсан. Энэ хооронд бүтэлт үүсэж амьсгалахгүй, хөдөлгөөн сул, зүрхний цохилттой, бүх биеэрээ хөх өнгөтэй болсон байсныг амилуулах суурь тусламжаа үзүүлж нярайн эмчийг дуудаж шилжүүлсэн. Гэсэн мэдүүлэг,
Гэрч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...өглөө төрөх тасагт М төрөхөөр ирэхэд нь хүлээн авч савны амсар хэр том нээгдэж байгааг эмч Б ойр ойрхон үзээд байсан. Тэгээд орой 17 цаг 40 минутад хүүхдээ гаргаж авсан. Түүнээс хойш төрөхийн орон дээр байхдаа М сайн дүлж өгөхгүй удсан. Нярай төрсний дараа амьсгал авахгүй, уйлахгүй байхаар нь сэхээн амьдруулахад оруулж дуудагдаж ирсэн нярайн эмч От хүлээлгэн өгсөн.” гэсэн мэдүүлэг,
Гэрч Д.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 23-ны орой маш хүнд нярай төрсөн яаралтай үзүүлье гэж дуудагдаад төрөх тасагт ирэхэд маш хүнд нярай байсан. М гэдэг 24 настай ээж төрж нярай нь зүрх цохилж амьсгалж байсныг хүлээн авч эмчилгээ оношилгооны стандартын дагуу амьсгал зүрхийг дэмжих аппаратад оруулсан....нярай ухаангүй, тархи сэргэхгүй, амьсгал аппараттай маш хүнд байсан болохоор тээвэрлэх асуудал байнга хойшилж байгаад биеийн байдал маш хүнд 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг,
Гэрч А.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Л.М нь 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр манай төв дээр ирж над дээр жирэмсний хяналтад орж байсан. ..хяналтын хугацаанд урагт ямар нэг гажиг, өөрчлөлт байгаагүй. Бид хэд хэдэн удаа үзлэг, шинжилгээ, ЭХО үзлэг хийхэд ураг хэвийн бойжиж байсан. гэсэн мэдүүлэг,
Гэрч А.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Налайх дүүргийн эмнэлэгт төрөөд манай эмнэлэгт 26 хоногтой нярай 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр нярайн эрчимт эмчилгээний тасагт ухаангүй, хүнд амьсгалын аппараттай, амьсгал удирдсан байдалтай тээвэрлэж ирсэн. ...Мын А нь хүчилтөрөгч цус хомсдолын шалтгаант тархины эмгэгшил үжил олон эрхтний дутагдал оноштойгоор ухамсарт ухаангүй орчны харьцаагүй, шүлс цэрээ залгих чадваргүй, хүчилтөрөгчийн байнгын хэрэгцээтэй, ямар нэг рефлекс байхгүй байсан. ... амьсгалын эмгэг судлалын тасгаас 2021 оны 05 дугаар 20-ны өдөр эмч Ундрал гаргасан байсан эмнэлэгт байх хугацаандаа тархи хамгаалах сэргээх эмчилгээ тасралтгүй хийгдсэн ч хүнд хэлбэрийн болохоор сэргээгүй. Тархины эдийн бүтэц бүрэн алдагдсан, тархины эд зөгийн үүр шиг торлог бүтэцтэй, тархины нугалаа атираа харагдахгүй болох нь тархины ЭХО-гоор оношлогдож байсан гэсэн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн №230 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “Монгол улсад мөрдөгдөж байгаа эмчилгээ үйлчилгээний стандарт зөрчигдсөн эсэхийг шинжээч эмч тогтоохгүй ба Мэргэжлийн хяналтын газар тогтооно. М.Уын биед төрөх явцад үүссэн бүтэлтийн улмаас тархи хүчилтөрөгчийн хурц дутагдалд орж тархины эмгэгшил үүсжээ. гэх дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №40 дугаартай цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлт: Талийгаачийн тархины эд усажсаны улмаас нас баржээ. Талийгаач нь тархины дотоод даралт ихсэлт-тархи усжих хам шинж, үжил, 2 уушгины хатгалгаа, баруун сарвууны нэвчдэст шарх, амьсгалын дутагдал 3 дугаар шат, тархины дутагдал 2 дугаар шат, судсанд цус түгээмэл бүлэгнэх хам шинж зэрэг өвчтэй байсан нь үхэлд хүргэсэн байна гэх дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №667 дугаартай хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтэндээ: ...2021.05.19-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 230 дугаартай дүгнэлтийн 4-р заалттай санал нийлэхгүй байна. М.Уын биед учирсан төрөх үеийн тархины хүчилтөрөгчийн хурц дутагдлын шалтгаант тархины цусан хангамжийн дугагдлын хүнд хэлбэр, тархины дотоод даралт ихсэлт-тархины усжилт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.5-д зааснаар учрах үедээ амь тэнссэн байдалд хүргэсэн тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Эмч Ш.Б нь Л.Мыг төрүүлэх явцдаа 2012 оны ЭМСайдын 42 тоот тушаалын Жирэмслэлт төрлөгийн хүндрэлийг удирдах арга зүйн удирдамжийн S69, S70, S71, S72- т заасан /ургийн толгойн буруу тавилт, ургийн хэвийн биш түрүүлэлт, ургийн түрүүлсэн хэсгийг тодорхойлох, толгойн буруу тавилтын оношлогоо/-ны удирдамжийг барьж ажиллаагүй байна” гэсэн дүгнэлт,
Шинжээч эмч М.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2012 онд батлагдсан 42 дугаар тушаалаар жирэмслэлт, төрлөгийн хүндрэлийг удирдах арга зүйн удирдамж байдаг... Нярай М.Уын биед үүссэн тархины цусан хангамжийн дутагдлын хүнд хэлбэр тархины дотоод даралт ихсэлт тархины усжилт нь эдгэрэх боломжгүй. ... их зулай, дагз, нүүрээрээ зэрэг түрүүлж орж ирвэл үүнийг толгойн буруу тавилт гэнэ. ...Төрөлт маань хүний физиологийн үйл явц бөгөөд умайн базлалтаас дүлэлт эхлэх, төрөлтөд бүрэн бэлтгэгдэх хүртэл 1 дүгээр үе гэнэ. Дүлж эхлэхээс эхлээд хүндрэл гарсан тохиолдолд төрөлт удирдаж буй эмч энэ удирдамжийг барьж ажиллах үүрэгтэй байдаг. Ш.Б эмч нь Л.Мыг төрүүлэхдээ төрлөгийн үед үүссэн хүндрэлийн арга зүйг баримтлаагүй бөгөөд удирдамжийн S69 -ургийн толгойн буруу тавилт, S70-ургийн хэвийн биш түрүүлэлт, S71-ургийн түрүүлсэн хэсгийг тодорхойлох, S72-толгойн буруу тавилтын оношилгоо гэсэн заалтуудыг зөрчсөн байна. ...Ш.Б эмч нь төрөхийн явцад 1 дүгээр толгойн буруу тавилтыг оношлоод хүндрэлтэй бол төрөлтийг өөр замаар буюу кесор хагалгаагаар төрүүлэх байсан. ...Төрөлтийн 1 дүгээр үед оношилж цаг алдалгүй кесор хагалгаагаар төрүүлээгүйн улмаас нярайд тархины цусан хангамжийн дутагдлын хүнд хэлбэр, тархины дотоод даралт ихсэлт-тархины усжилт үүсэж нас барсан байна. .гэсэн мэдүүлэг,
Иргэний хариуцагч Ш.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... миний гаргаж өгсөн Эрүүл мэндийн төвийн 2021 оны 01 дүгээр сард жижүүрийн үүрэг гүйцэтгэх эмч нарын хуваарь дээр 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мэс заслын тасгийн эрхлэгч эмч Б.С, унтуулгын эмч Г.Х, нярайн эмчээр Д.О нар нь хуваарьтай байсан ба эдгээр эмч нар ажпын байрандаа тасаг тасагтаа ажлаа хийж байсан....Эмчийн удирдлага дор, түүний шийдвэрээр ажилладаг болохоор эх барих бага эмч З.С, нярайн сувилагч Д.Б, сувилагч А.А асрагч Д нарт буруутай ажиллагаа байхгүй бөгөөд тэд зохих ёсоор ажилласан” гэсэн мэдүүлэг,
Эмнэлэгийн мэргэжилтний мэргэжлийн зэргийн үнэмлэх /1хх-143/,
Ш.Бг түр ажилд томилох тухай тушаалын хуулбар /1-хх-141/,
ЭМТ-ийн 2021 оны 01 дүгээр сард жижүүрийн үүрэг гүйцэтгэх эмч нарын нэрсийн жагсаалтын хуулбар /1хх-151/Ш.Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай даргын тушаал /хх-157/, Төрөлтийн эмгэгийн явцын удирдамж /хх-159-165/, Гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл, бичиг баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, хууль ёсны төлөөлөгчийн гаргасан гомдол /1хх-170-182/, Амь хохирогчийн төрсний гэрчилгээний хуулбар /1хх-228/, Нас барсны гэрчилгээ /1хх-229/, жирэмсний хяналтын дэвтрийн хуулбар /хх-236-238/, өрхийн эмчийн хүснэгт /1хх-239/, Өвчтөний түүх /3хх-19/, ЭХО-д харуулсан тухай баримт /2хх-16-17/, Амь хохирогчийн эмчилгээний стор /хх-174/ зэрэг нотлох баримтуудаар:
Шүүгдэгч Ш.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Налайх дүүргийн 8 дугаар хороо, Эрүүл мэндийн төвийн төрөх тасагт эх барих ийн үүрэг гүйцэтгэж байхдаа хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Мын төрөлтийг удирдахдаа төрөх хүүхдийн толгойн буруу байрлалыг цаг хугацаанд нь үзлэг шинжилгээгээр оношлогдсон байхад Эрүүл мэндийн сайдын 2012 оны 42 тоот тушаалаар батлагдсан “Жирэмслэлт төрлөгийн хүндрэлийг удирдах арга зүйн удирдамж”- S69, S70, S71, S72- т заасан /ургийн толгойн буруу тавилт, ургийн хэвийн биш төрүүлэлт, ургийн түрүүлсэн хэсгийг тодорхойлох, толгойн буруу тавилтын оношлогоо/-ны удирдамжийг баримталж ажиллаагүй буюу жирэмсэн эхийг өөрөөр төрүүлэх явцдаа нярайн биед төрөх үеийн тархины хүчилтөрөгчийн хурц дутагдлын шалтгаант тархины цусан хангамжийн дутагдлын хүнд хэлбэр, тархины дотоод даралт ихсэлт тархины усжилт үүсэж, уг гэмтлийн улмаас 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр нас барсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгчийн үйлдлийг тогтоосон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, хэргийн оролцогч нарын мэдүүлэг авах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байна.
Шүүгдэгч Ш.Б нь өөрийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй ч түүний өгсөн: “...өвдөлт нэлээд ширүүсээд ирэхээр нь 16 цаг 40 минутад ургийн усны хальсыг цоолж эрчимжүүлэх эмчилгээг хийж төрөлтийг удирдан явуулж 17 цаг 40 минутад төрүүлсэн” гэж мэдүүлснийг шүүх хянаад шүүгдэгчийн зайлшгүй үед бусад эмнэлгийн ажилтан , эмч нараас тусламж, үйлчилгээг авахгүйгээр тухайн цаг хугацаанд гаргасан журам зөрчсөн эрсдэлтэй шийдвэр нь хохирогчийн амь насыг хохироосон нөхцөл байдалтай шалтгаант холбоотой гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ш.Бгийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Мын төрөлтийг удирдахдаа нярайн толгойн буруу байрлалтай байдлыг мэдсэн атлаа төрүүлэх үйл явцын үргэлжлүүлсэн санаа зорилгыг шүүхээс Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт :” Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” Гэж заасны дагуу түүнийг гэмт хэрэг үйлдэхдээ гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж тогтоолоо.
Иймд шүүхээс ******* овогт Шийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсонтой холбогдуулан эрүүгийн хариуцлагын талаар Улсын яллагч: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, мөн шүүгдэгчийн 61 настай, өндөр насны тэтгэвэрт байдаг зэрэг хувийн байдлыг харгалзаж үзэж, эмчлэх, эмчийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 700 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7 000 000 төгрөгөөр торгох, торгох ялыг 2 жилийн хугацаанд төлүүлэх дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нар: Хохирол төлбөр төлөгдөөгүй байхад улсын ялагчийн торгох ялыг зөвшөөрөхгүй байна. Хорих ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Улсын яллагчийн зүгээс ялгамжтай оногдуулсан гэж үзэж байна. Шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг өмгөөлөгчийн хувьд дэмжиж байна гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгч Ш.Бд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй ч түүний энэ гэмт хэргийн урьд үйлдэж байсан хувийн байдал, насны байдал зэргийг харгалзан тухайн зүйлд заасан торгох ялын дээд хэмжээгээр буюу 14 000 нэгж буюу 14 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ш.Бгийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 01 дүгээр сарын 23-ний өдөр үйлдэгдсэн бөгөөд 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т заасан “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн заалтын дагуу Өршөөл үзүүлэх тухай хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байна.
Шүүгдэгч Ш.Б нь урьд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн шийтгэх тогтоол 2009 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 85А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар эмчлэх үйл ажиллагаа эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар оногдуулсан эмчлэх үйл ажиллагаа эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял болон 1 жил 6 cap хорих үндсэн ялуудыг тус тус өршөөн хэлтрүүлсэн бөгөөд 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт ” Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй“ гэсэн заалтын үйлчлэлд шүүгдэгчийн болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн болон торгох ялаар шийтгүүлсэн нөхцөл байдлаар хамаарахгүй гэж шүүх үзлээ.
Тиймээс 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан... Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх /Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна.”, 6.4 дэх хэсэгт “ Шүүх энэ хуулийн 6.2, 6.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулсан бол торгох ялын арван таван нэгжийг...тооцож дүйцүүлэн хасна “ гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ш.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах 14.000 нэгж буюу 14.000.000 төгрөгийн торгох ялыг хоёр жилийг хорих ялтай дүйцүүлэн 10.950 нэгж буюу 10.950.000 төгрөгийн торгох ялыг хасаж биечлэн эдлэх ялыг 3.050 нэгж буюу 3 050 000 төгрөгөөр тогтоож эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ш.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.М нь эмчилгээ болон оршуулгатай холбоотой 10.137.964 төгрөгийн, сэтгэл зүйн эмчилгээтэй холбоотой 1.560.000 төгрөгийн, хохирогчийн амь насны төлбөр 50.000.000 төгрөгийн нийт 61.697.964 төгрөгийг шүүгдэгч Ш.Б болон иргэниий хариуцагч Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс гаргуулахаар иргэний нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хууль ёсны хариуцах этгээдийг тогтоохдоо шүүгдэгч Ш.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 08 ны өдрийн б/240 тоот тушаалаар амбулаторийн тасгийн жирэмсний зөвлөгөө өгөх кабинетийн эмчээр ажиллаж байсан учир Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт:” Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” заасны дагуу Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцах этгээдээр тогтоолоо.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд шүүгдэгч Ш.Б нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 5.000.000 төгрөгийг нөхөн төлсөн болно.
Шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн нэхэмжлэлээс лам нарт өгсөн гэх 500.000 төгрөгийн, амь насны төлбөр 50.000.000 төгрөгийн бүгд
50.500.000 төгрөгийн шаардлагыг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт: ”хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэсэн заалтанд хамаарахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээ, оршуулгатай холбоотой 9.637.964 төгрөгийн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн ӨҮ Псай сэтгэл зүйн төвд сэтгэл зүйн болон сэтгэл заслын эмчилгээ үйлчилгээ авсан 610.000 төгрөгийн бүгд 10.247.964 төгрөгийн шаардлагыг хангаж шүүгдэгчийн нөхөн төлсөн 5.000.000 төгрөгийг хасаж иргэний хариуцагч байгууллагаас 5.247.964 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулахаар шийдвэрлэлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн цаашид ӨҮ Псай сэтгэл зүйн төвд сэтгэл зүйн болон сэтгэл заслын эмчилгээ үйлчилгээ авахаар тохирсон 950000 төгрөгийг шаардлага нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж заасан зардал биш тул цаашид нэхэмжлэх эрхтэйгээр үлдээлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.5 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД