Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/51

 

 

 

        02        15                                                                              2019/ШЦТ/39

   2022          02             14                                            2022/ШЦТ/51

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,

Улсын яллагч Г.Чанцалдулам, 

Шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Б-т холбогдох эрүүгийн 2138003070029 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Б.

Шүүгдэгч Б.Б- нь 2021 оны 10 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар хороо Мөрөн Велла хотхоны ... тоотод иргэн Б.А-гийн эзэмшлийн эд зүйлийг хууль бусаар гэмтээсний улмаас 1.260.000 төгрөгийн хохирол уруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б- нь 2021 оны 10 дугаар сард согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Б.Ч-тай хэрэлдэж маргалдсан уурандаа Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар хороо Мөрөн Велла хотхоны ... тоотод оршин суух хадам ээж болох Б.А-гийн өмчлөлийн “ORION маркийн шарах шүүгээ, “Rotenzo маркийн телевизор, өрөөний хана зэргийг сандал авч шидэн хууль бусаар гэмтээж, бага хэмжээнээс дээш буюу 1.260.000 төгрөгийн хохирол учруулан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 13 дугаар хуудас/,
  • Хохирогч Б.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2021 оны 10 сард /хэдний өдөр гэдгийг сайн мэдэхгүй байна/ хоёр зээ хүүтэйгээ гэртээ байж байтал гаднаас манай хүргэн Б.Б- ганцаараа орж ирээд гэрийн хаалгыг түгжсэнээ “баян хүүхдээрээ төлүүлээрэй" гэж хэлээд гэр доторх зурагт, мөн цахилгаан плитка зуух, байрны доторх хануудыг модон сандлаар цохиж, эвдэлсэн. Баян хүүхдээрээ гэдэг нь Б-н эхнэр буюу миний төрсөн охин Ц- нь Америкийн нэгдсэн улс руу яваад 2 жил болж байгаа юм. Тэгээд тухайн өдөр Б.Б- нь эрүүл агсам тавьж, гэрийн эд зүйлүүдийг маань эвдэлчихээд унтаад өгсөн. Б.Б- нь одоогоор бид нартай хамт амьдардаггүй, ер нь байнга манай гэрт эрүүл, согтуу ирж хэл амаар доромжилж, агсам согтуу тавьж олон жил зовоож байна. Би боловсролгүй, үсэг тоо мэдэхгүй, хөгжлийн бэрхшээлтэй учраас эсэргүүцэл үзүүлж чадахгүй, гар утсаар ярьж чадахгүй, цагдаагийн байгууллагад дуудпага өгч чаддаггүй байсан. Миний төрсөн дүү Б.М- надад гар утасны дугаараа цаасан дээр бичээд үлдээчихсэн байдаг тул би ганцхан Б.М- дүү рүүгээ залгаж юу болсон талаар хэлдэг. Б.Б-ын намайг айлгах, зовоох явдал тасрахгүй байна. Б.Б- нь манай гэрийн зурагт, цахилгаан плитка зуух, байрны доторх хануудыг сандлаар цохиж эвдэлсэн. Эдгээр эд зүйл нь миний эзэмшлийн эд зүйл. Үүнийг миний охин миний дүү нар надад авч өгч байсан. Тийм учраас миний эзэмшлийнх. ...Зурагтыг засварлаад аваад ирсэн, үзэж байгаа, байрны доторх ханы гэмтээсэн хэсгүүдийг Б.Б- нь өөрөө засварлаад янзлаад хэвэнд нь оруулсан. Тиймээс эдгээр зүйлсийг нэхэмжлэхгүй, сандлыг ч бас нэхэмжлэхгүй, зөвхөн цахилгаан плитка зуухны төлбөрийг нэхэмжилнэ. Надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 18-21 дүгээр хуудас/,
  • Гэрч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2021 оны 10 сард /хэдний өдөр гэдгийг санахгүй байна/ гэртээ байж байтал манай эгч Б.А- над руу гар утсаар залгаад “Б.Б- зурагт, шарах шүүгээ, байрны хана цөм цохичихлоо, чи хүрээд ир” гэж надад хэлсэн. Би шууд Б.А- эгчийн гэр буюу Мөрөн сумын 7 дугаар баг Мөрөн Велла хотхоны ... тоотод тухайн үед очиход Б.Б- гэртээ байхгүй, “эвдэлсэн зурагтаа засуулна” гэж хэлээд гараад явсан байсан. Харин байрны доторх хануудаа цөм цохисон гэхдээ өөрөө засварлаад янзалсан байсан. Шарах шүүгээний дээд талыг нь цохиж эвдлээд ажиллагаагүй болгосон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,
  • Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:”...2021 оны 10 сарын эхээр өдрийг нь сайн санахгүй байна Америкийн Нэгдсэн улсаас над руу утасдаад Б.Б- ээжийг айлгаад гэрийн эд зүйл эвдээд байна гэнэ та очоодхооч гэсэн. Тэгэхээр нь би Мөрөн сумын 7-р хороо Мөрөн Велла хотхонд эгч Б.А-гийн гэрт очсон. Тэгээд Б.Б- гэрт байгаагүй гараад явсан байсан. Б.А- эгч намайг гэрт нь ороход Б.Б- зурагт эвдээд аваад гарсан, хана цөм цохисон, шилэн тавцантай шарах шүүгээ зэргийг нь эвдээд зурагтыг нь аваад гарсан байсан. Тэгээд тухайн үед нь цагдаад хэлж үзүүлсэн байгаа” гэх мэдүүлэг /хх-26-27 дугаар хуудас/,
  • “Ихэрмөрөн-Аудит” ХХК-ны 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №2145617200602 дугаартай: “...ORION маркийн шарах шүүгээний үнэлгээг 750.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
  • “Ихэрмөрөн-Аудит” ХХК-ны 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №2245617200068 дугаартай: Rotenzo маркийн телевизорыг 500.000 төгрөгөөр, модон сандлыг 10.000 төгрөгөөр, нийт 510.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
  • Хохирогч Б.А-гийн өмчлөлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар баг Хийморь ... тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 64 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тухайн үед эхнэртэйгээ маргалдаж, хэрэлдсэний улмаас уурандаа сандал аваад шарах шүүгээ рүү шидсэн юм. Шарах шүүгээ эвдэрсэн. Ийм зүйл болсон учир надад дахин ярих шаардлага алга байна. Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмт үйлдэлдээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Шүүгдэгч Б.Б-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 50 дугаар хуудас/,
  • Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 51 дүгээр хуудас/,
  • Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 52 дугаар хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,
  • Сум дундын 27 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 56-59 дүгээр хуудас/ зэрэг баримт бичиг болно.

    Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

    Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

     Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан “өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгсөн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх” хуулийн дагуу шүүх үнэлээгүй болно.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

     Шүүгдэгч Б.Б- нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Б-ын үйлдэлд бусдын эд хөрөнгийг эвдэж, устгаж болохгүй гэдгийг мэдсээр байж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Б.Ч-тай хэрэлдэж маргалдсан уурандаа Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар хороо Мөрөн Велла хотхоны ... тоотод оршин суух хадам ээж болох Б.А-гийн өмчлөлийн “ORION маркийн шарах шүүгээ, “Rotenzo маркийн телевизор, өрөөний хана зэргийг модон сандал авч шидэн эвдэж, бага хэмжээнээс дээш хохирол учруулан, бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж болохгүйг, мөн өөрийнх нь үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Б.Б- нь өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээж болохгүй гэдгээ баттай мэдсээр байж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг “...бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж, “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийг үйлдсэн байна гэж шүүх үзлээ.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Б-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эд хөрөнгөнд 1.260.000 төгрөгийн хохирол учирсан байна.

Хавтаст хэрэгт хохирогч Б.А-гийн: “...Зурагтыг засварлаад аваад ирсэн, үзэж байгаа, байрны доторх ханы гэмтээсэн хэсгүүдийг Б.Б- нь өөрөө засварлаад янзлаад хэвэнд нь оруулсан. Тиймээс эдгээр зүйлсийг нэхэмжлэхгүй, сандлыг ч бас нэхэмжлэхгүй, зөвхөн цахилгаан плитка зуухны төлбөрийг нэхэмжилнэ. Надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 18-21х/ авагдсан байх тул Иргэний хуулийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Б-оос ORION маркийн шарах шүүгээний үнэ 750.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.А-д олгох нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Б.Б- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох ял шийтгэлийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүх шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа яллагдагч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан /хх-ийн 75х/, прокуророос сонсгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг яллагдагч хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Б-т оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Б-оос 750.000 (долоон зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Б.А- (...)-д олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               М.ЭРДЭНЭ-ОЧИР