Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/52

 

 

 

        02        15                                                                              2019/ШЦТ/39

   2022          02             15                                            2022/ШЦТ/52

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч М.Берикбол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгч О.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.М-т холбогдох эрүүгийн 2138001780034 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, О.М.

Шүүгдэгч О.М- нь 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хоохны таг” гэх газарт ... улсын дугаартай “Тоёота королла” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осолд орж тус тээврийн хэрэгслээр зорчиж явсан зорчигч О.Б-ы эрүүл мэндэд хүнд, Ц.С-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулж автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч О.М- нь 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай “Тоёота королла” загварын тээврийн хэрэгслээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Хатгал тосгоны чиглэлд тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хоохны таг” гэх газарт Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “...Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино...”, мөн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан “...жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна...” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас тус тээврийн хэрэгслээр зорчиж явсан зорчигч О.Б-ы эрүүл мэндэд “зүүн хөлний дунд чөмөгний ил хугарал, баруун тохойн үений мултрал, зүүн шууны далд хугарал” бүхий хүнд гэмтэл, хохирогч Ц.С-ын эрүүл мэндэд “Тh1, Тh2, ТhЗ нугаламууд шахагдсан хугарал, өвчүү ясны хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл учруулж, “Автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12 дугаар хуудас/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-18 дугаар хуудас/,

- Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-22 дугаар хуудас/,

- Хохирогч Ц.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Явж байгаад гэнэт л машинтайгаа доошоо нэг хадны ирмэг хэсгээс уначихсан. Тэгээд тухайн үед миний нуруу гэмтэж би тус автомашины хаалгыг онгойлгож мөлхөж гарсан. Харин дүү О.Б-ы хөл нь хугарсан байсан. Надад ямар нэг гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33, 37 дугаар хуудас/,

- Хохирогч О.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...О.М- эгч машинаа жолоодоод үеэл эгч Ц.С- урд жолоочийн хажуугийн сандал дээр сууж би арын сандал дээр сууж явсан. Тэгээд О.М- эгч замын донсолгоо гаргаад явж байсан тэгээд автомашин жолоодлого нь алдагдсан юм шиг байна лээ Мөрөн сум руу автомашины урд хэсэг харсан байдалтай миний зүүн хөлний яс хугарч гуя хэсгээр гарсан зүүн гар мултарсан байсан. Тэгээд эмч иртэл хүлээж хэвтсэн. ...Надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 44-46, 50 дугаар хуудас/,

- Хохирогч О.Б-ы өвчний түүхийн хуулбар /хх-ийн 59-69 дүгээр хуудас/,

- Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 38 дугаартай: “1.О.Б-ы биед зүүн хөлний дунд чөмөгний ил хугарал, баруун тохойн үений мултрал, зүүн шууны далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. 2. О.Б-ы биед үүссэн зүүн хөлний дунд чөмөгний хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд, зүүн шууны далд хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр, баруун тохойн үений мултрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 70-71 дүгээр хуудас/,

- Хохирогч Ц.С-ын өвчний түүхийн хуулбар /хх-ийн 76-86, 90 дүгээр хуудас/,

- Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 37 дугаартай: “1. Ц.С-ын биед Тh1, Тh2, ТhЗ нугаламууд шахагдсан хугарал, өвчүү ясны хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. 2. Ц.С-ын биед үүссэн нугалам, өвчүү ясны хугарал гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 91 дүгээр хуудас/,

- Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ц.Тэмүлингийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн: “...Жолооч О.М- Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “...Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино...” гэх заалт, мөн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан “...жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна...” гэх заалтуудыг тус тус зөрчсөн байна” гэх мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 107-108 дугаар хуудас/,

- Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 142 дугаар хуудас/,

- Шүүгдэгч О.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Урьд өгсөн мэдүүлэг дээрээ үнэн зөвөөр мэдүүлсэн учир надад нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 120 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ их гэмшиж байна” гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

- Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот /хх-ийн 124 дүгээр хуудас/,

- Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 126 дугаар хуудас/,

- Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 127 дугаар хуудас/,

- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 128 дугаар хуудас/,

- Урьд ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 129 дүгээр хуудас/,

- Хөвсгөл аймгийн Автотээврийн төвийн албан тоот /хх-ийн 131 дүгээр хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч О.М- нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад баримтаар нотлогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хууль бус үйлдлээс болж 1 хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан нь шалтгаант холбоотой байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг санаатайгаар зөрчсөн ба бусдын эрүүл мэндэд хохирол учруулах нөхцөл байдлыг болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн буюу гэм буруугийн холимог хэлбэрээр автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хэргийн газрын үзлэг, шинжээчийн дүгнэлтүүд, гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч О.М-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь 1 хүний эрүүл мэндэд хүнд, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдож байгаа бөгөөд

Хохирогч О.Б-, Ц.С- нарын “...нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 32, 37, 46, 50х/, хохирогч О.Б-ы гараар бичсэн өргөдөл /хх-ийн 137-138х/ хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг: “...Ц.С- ...миний зүгээс О.М-т гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлтийг гарган өгч байх тул шүүгдэгч О.М-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирогч нараас уучлалт гуйж эвлэрсэн, хохирол төлбөргүй байдал, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг тус тус харгалзан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч О.М-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, 7.3 дугаар зүйлийн 3.3-т заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв. 

Шүүх шүүгдэгч О.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар ял оногдуулахдаа яллагдагч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан /хх-ийн 55х/, прокуророос сонсгосон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, 7.3 дугаар зүйлийн 3.3-т заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах саналыг яллагдагч хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч О.М- нь урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд шүүгдэгчийн хайхрамж болгоомжгүй байдал нөлөөлсөн тул дээрх албадлагын арга хэмжээг авч байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан, үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авагдаж, тэнссэн шүүгдэгч О.М-т хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолно.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж

шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч О.М-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч О.М-т тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан, үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авагдсан, тэнссэн шүүгдэгч О.М-т хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР