Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/67

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
               Улсын яллагч: Б.Буяндалай
    Шүүгдэгч: Ц.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Цын Бт холбогдох 2112000710352 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ний өдөр А аймгийн Э суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, А аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын сургуульд багш ажилтай, ам бүл 3, ээж, дүүгийн хамт А аймгийн Э сумын .. дугаар багийн Ц хорооллын .. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Г овогт Цын Б /РД: ../

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа ” ...ажилгүй байсан хугацааны цалин 13.830.426 төгрөг, нийт 20.661.592 төгрөг нэхэмжилж байна..., ...2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж одоог хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилж байгаа. 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж манай дүү нар миний нийгмийн даатгалын шимтгэлийг сайн дураар төлж байсан...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ: Миний бие “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.12 дахь хэсэгт зааснаар хүнд гэмтэл авсан. Би тухайн гэмтэл авсны дараа 1 жилийн хугацаанд хэвтэрт байсан. Энэ үед зарим зүйлсийг дутуу буруу ойлгодог байсан. Хамгийн анхны шүүх хурал дээр би цалин авч байгаа талаараа ойлгоогүй, нэхэмжилсэн байсан. Дараа дараагийн хурал дээр нэхэмжлээгүй. Миний хувьд сэтгэл санааны болон бие мах бодын маш хүнд дарамтанд байгаа. Өөрөө эрүүл мэндээрээ хохирчихоод өнөөдөр шүүгдэгч болоод байж байгаадаа сэтгэл дундуур байна. Шүүх миний тухайн үеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж хэргийг маань цагаатгаж өгнө үү гэв. 

Мөрдөн байцаалтын шатанд 2112000710352 дугаартай эрүүгийн хэргээс: 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Жгийн мэдүүлсэн: ...Б нь А аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн технологийн багш хийдэг юм. Б нь одоо ажиллаж байгаа. 2015, 2016 оны аль нэгнээс эхэлж ажилласан. Тэрнээс хойш байнга тогтвор суурьшилтай ажиллаж байгаа. Ц.Б нь 2019 оны 08 дугаар сараас хойш тухайн оныг дуустал цалингаа авсан. 2020 оны 1 дүгээр сард цалингаа аваад түүнээс хойш 2, 3 дугаар сарыг манай байгууллага нэг хэсэг өгөхөө больсон. Тэгж байгаад 4 дүгээр сараас эхэлж цалинг олгосон бөгөөд зуны амралтын цалин авсан үгүйг мэдэхгүй байна. Харин 2020 оны 11 дүгээр сараас одоог хүртэл цалингаа авч байгаа. ...2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш би жирэмсний амралтаа авсан юм. Надаас хойш ямар нэгэн бичиг баримт сургуулиас авсныг би мэдэхгүй. Харин намайг ажиллаж байх хугацаанд надаас ямар нэгэн бичиг баримт аваагүй. Миний ажлыг манай сургуулийн нярав хүлээн авсан. Мөн 2020 оны 5 дугаар сараас манай сумын Засаг даргын тамгын газрын нягтлан Буянжаргал нар хавсарч хийсэн гэсэн....гэх мэдүүлэг /1хх-ийн 76-78 хуу/ 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Тын мэдүүлсэн: ...Би 2019 оны 07 дугаар сарын 20-ны шөнө 03 цагийн орчим Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дэвсгэрт 94-49 АРХ улсын дугаартай автомашиныг жолоодон хөдөлгөөнд оролцож явах үедээ Бийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас түүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан юм. Тэгээд цагдаагийн байгууллагад шалгагдаж миний үйлдсэн хэрэгт прокурорын шатнаас шүүх рүү буусан юм. Тэгээд миний үйлдсэн хэргийн шүүх хурал болж шүүх хурал дээр хохирогч Б нь 20.000.000 төгрөг нэхэмжилсэн баримт шүүхэд гаргаж өгөхдөө хуурамч бичиг баримт бүрдүүлж өгсөн байх гэж бодоод үүнийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар гомдол гаргасан юм. Би Бийн гаргаж өгсөн 20.000.000 төгрөгийн нэхэмжилсэн баримтыг 3 үндэслэлээр хуурамч гэдгийг мэдсэн юм. Үүнд: хохирогч Б нь шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлтээр хөдөлмөрийн чадвар тогтонги байдлаар алдагдуулахгүй гэсэн байхад эмнэлгийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар 80 хувь алдагдсан гэж групп тогтоолгосон байсан. Ямар учраас ингэж групп тогтоолгосныг мэдэхгүй байгаа. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хөдөлмөрийн чадвар алдагдахгүй гэсэн байхад 80 хувь алдагдсан гэж групп тогтоолгосон байсан. 2019 оны 08 дугаар сараас цалин өнөөдрийг хүртэл аваагүй гэж цалингийн зөрүү 13.000.000 төгрөг нэхэмжилсэн баримт хуурамчаар гаргаж өгсөн гэж бодож байна. Учир нь иргэн Б нь 2019 оны 08 дугаар сараас хойш одоог хүртэл цалингаа авч байгаа юм байна лээ. Шүүх хурал дээр ярьсан нь ах дүү, төрөл, саднаараа нийлж нийгмийн даатгалаа төлдөг байсан гэж мэдүүлсэн. Тэгтэл нийгмийн даатгалын дэвтэр дээр сургуулийн санхүүгийн гарын үсэг зураад нийгмийн даатгалын байцаагч баталгаажуулсан байсан. Мөн шүүх хурал дээр Б хэлэхдээ 2020 оны 11 дүгээр сар хүртэл ажил хийсэн гэж ярьсан боловч 2020-2021 оны нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бөглүүлсэн баримтаа шүүх хурал дээр гаргаж өгөөгүй. Сайн дураараа төлж байгаа тохиолдолд нийгмийн даатгалын газартай гэрээ хийх бөгөөд нийгмийн даатгалын дэвтэр дээр сайн дураараа төлж байгаа гэсэн тэмдэглэгээ байх ёстой юм байна лээ. Тухайн тэмдэглэгээ нь байхгүй байсан. Мөн эмчилгээний зардал гэж 6.800.000 төгрөгийн баримт бүрдүүлж өгсний 4.000.000 төгрөгийн эм тариа нь гэмтэлтэй огт хамааралгүй. Үүн дээр нь бөөр, түрүү булчирхай, эмэгтэйчүүдийн сарын тэмдэг тогтворжуулах, цэвэршилтээс урьдчилан сэргийлэх эм, ханиад хордлого тайлах болон гэдэсний гэх мэт өвчинд хэрэглэх эмүүдийн баримт байсан. Тэгээд нэг өдөр нэг эмийн сангаас 4-5 удаа 10-аас 1 цагийн зайтай эм авсан байх жишээтэй. 10-аад төрлийн даралтын эм авсан байгаа бөгөөд даралтын эмийг өөрт тохирсон эмийг эмчийн заавраар хэрэглэдэг. Үүн дээр ямар ч эмчийн заавар байхгүй. Мөн нярай хүүхдийн ханиаднаас урьдчилан сэргийлэх зорилгоор хамарт түрхдэг тос хүртэл авсан байх жишээтэй. Маш олон маск, витамин С, Витагриф, Улаанбаатар хотоос эмийн сангаас авсан эмийн он, сар өдөр нь Архангай аймгийн эмийн сангаас авсан эмийн он, сар өдөртэй давхацсан байсан. Мөн өөр хүний нэртэй эм авсан баримтууд байсан. 500.000 гаруй төгрөгийн хүнсний бүтээгдэхүүний худалдан авалт хийсэн баримтууд байсан юм. Миний үйлдсэн хэрэг одоо Архангай аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр байгаа хавтаст хэргийн материал дотор байгаа...гэх мэдүүлэг /1хх-ийн 87-89 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Мын  мэдүүлсэн: …Би 2017 оны 06 дугаар сараас 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Цэнхэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаал эрхэлсэн юм. Одоо сургуулийн захирал Долгорсүрэн гэж хүн байгаа. Тухайн цаг хугацаанд зам тээврийн осолд орсон талаар мэдэж байгаа. Гэмтэл авснаас хойш 2020 оны 01 дүгээр сар хүртэл ажиллаагүй. Үүнээс хойш Ковид цар тахал гарсантай холбогдуулан ажилдаа орж гэрээсээ теле, цахим хичээл орж ажилласан юм. Ц.Б нь маш хүнд гэмтэл аваад эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан тул 2019 оны 08 дугаар сарын 20-ны үед сургуулийн захирлын зөвлөл хуралдаж хичээл зохицуулалт хийж группээр ордог хичээлийг нэгтгэж нийлүүлээд сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй зохицуулалт хийж Бийг эмнэлгээс гарах хүртэлх хугацаанд цалинг нь хэвийн олгож байх шийдвэр гаргасан юм. Ингээд Бийн ажлыг Ббагш хийсэн юм. Тухайн үеийн захирлын зөвлөлийн хуралд бага, дунд, ахлах боловсролын менежер, нийгмийн ажилтан, нарийн бичиг Буманцэцэг, Ц, Мандухай, Бадамханд нар байсан. Хурлын тэмдэглэл байгаа байх гэж бодож байна. Бийн цалин хэвийн олгогдож байсан учраас нийгмийн даатгалын шимтгэл автоматаар татагдаад явдаг юм. Тухайн дэвтэр дээр манай сургуулийн нягтлан бичилт хийдэг юм. Ар гэрээс нь сайн дураар төлсөн асуудал байгаа талаар би мэдэхгүй. Бт цалинг хэвийн олгохоор болсон, өөрийнх нь ажлыг Ббагш хийхээр болсон талаар өөрт нь хэлж байсан. Хэрхэн санаж байгаа вэ гэвэл Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүүхдийн мөнгө төлдөг, мөн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, ажилласан жил гэх зүйлүүд нь тасрах гээд байсан болохоор захирлын зөвлөлөөр шийд гаргаж байсан юм. Намайг Архангай аймгийн Шүүхийн шийдвэрээс дуудаад хүүхдийнх нь мөнгө төлөгдөхгүй тасалдаад байна гэж хэлсэн. Тэгээд би Бийг зам тээврийн осолд орсон талаар хэлэхэд тухайн нөхцөлд хүүхдийн мөнгийг төлөхгүй зогсоох боломж байдаг гэж хэлсэн бөгөөд энэ талаар би Бт хэлэхэд би ямар нэгэн байдлаар хүүхдээ 18 нас хүртэл нь мөнгийг нь өгнө гэж хэлж байсан юм....гэх мэдүүлэг /1хх-ийн 246-247 хуу/ 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Мгийн мэдүүлсэн: ...Би Төрийн банкны Архангай салбарын харъяа Цэнхэр тооцооны төвд захирлын ажлыг 2015 оны 08 дугаар сараас хойш одоог хүртэл хийж байна. Ц.Б нь 2019 оны 07 дугаар сарын 20-ноос 2020 оны 10 дугаар сарын 01-ний хооронд зээлтэй байсан ба тухайн цаг хугацаанд олон хоногоор зээл төлөх хугацаа хэтрүүлсэн асуудал байхгүй бөгөөд 01-02 хоногийн л хугацаа хэтэрч байсан байх. Хүлээлгийн 01-02 хоногийн хугацаа байдаг болохоор Б руу зээлээ төл гэж залгаж шаардах шаардлага байхгүй. Зээлээ ямар эх үүсвэрээс төлдөг талаар би мэдэхгүй Ц.Бийн харилцах дансны хуулгыг харж байж ямар эх үүсвэрээс төлсөн эсэхийг мэдэж болно. Манай зээлийн эдийн засагч нар 2019 оноос хойш З удаа солигдсон юм. Одоо манайд эдийн засагч Б.О ажиллаж байгаа...гэх мэдүүлэг /2хх-ийн 12-13 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Оийн мэдүүлсэн: ...Ц.Бийн цалингийн зээлийг хариуцаж байх хугацаанд хугацаа хэтрүүлж байгаагүй. 2021 оны 08, 09 дүгээр сарын үед зээлээ төлж хаалгасан. Яг хэдэн сард зээлээ хаасан эсэхийг би санахгүй байна. Зээлийн дансны хуулга харж байж мэдэх боломжтой. Ц.Бийг ямар эх үүсвэрээс зээлээ төлдөг байсныг нь би мэдэхгүй байна. Харилцах дансны хуулгыг харж байж ямар эх үүсвэрээс төлсөн эсэхийг мэдэж болно...гэх мэдүүлэг /2хх-ийн 16-17 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Цгийн мэдүүлсэн: ...Ц.Бийг ажиллахгүй байх хугацаанд цалинг хэвийн олгож байсан. Бийн ижил мэргэжилтэй багшаар сургуулийн хүүхдүүдэд хичээл оруулж байсан юм. Сургуулийн захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцээд Бийн эрх зүйн байдлыг дордуулахгүй, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгал, ажилласан жилийн хугацаа зэрэг нь тасалдах гээд байсан юм. Цалин нь дансанд нь орж байсан болохоор өөрөө болон ар гэрийнхэн нь мэдсэн байх. Миний зүгээс хэлсэн асуудал байхгүй. Харин манай сургуулийн захирал хэлсэн байх...гэх мэдүүлэг /2хх-ийн 24-25 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ц.Бийн мэдүүлсэн: ...Би тухайн үед шүүхэд мэдүүлэг өгч байхад их мартамхай болчихсон байсан. Манай гэр бүлийн зүгээс миний цалин орж байгаа гэдгийг хэлж байсан боловч маргааш, нөгөөдөр нь би тухайн зүйлийг мартчихдаг байсан. Одоо бол бүр мартаад, байх зүйл байхгүй, хааяа мартах санах зүйл гарч л байдаг. Надад эмнэлгийн акт, оношилгооны баримтууд байгаа боловч намайг мартах өвчтэй гэж оношилсон зүйл байхгүй. Надад мэдүүлэх зүйл энэ л байна. Би өөрийнхөө эм, тарианы баримтыг гаргаж өгсөн. Өөр хэн нэгэн оролцсон зүйл байхгүй...гэх мэдүүлэг /2хх-ийн 47-48 хуу/ 

Ц.Бийн 2019 оны 08 дугаар сараас 2021 оны 03 дугаар сарын цалингийн судалгаа /1хх-ийн 95 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 107-110, 176-180 хуу/
Харилцах дансны харилцагчийн хуулга /1хх-ийн 111-122 хуу/
 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 167 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар /1хх-ийн 181-190 хуу/
Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /1хх-ийн 219-222 хуу/ зэргийг шинжлэн судалсан болно. 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Ц.Б нь А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Бийн зориуд худал мэдүүлсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв. 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: 

гэрч Ж.Жгийн “...Ц.Б нь 2019 оны 08 дугаар сараас хойш тухайн оныг дуустал цалингаа авсан. 2020 оны 1 дүгээр сард цалингаа аваад түүнээс хойш 2, 3 дугаар сарыг манай байгууллага нэг хэсэг өгөхөө больсон. Тэгж байгаад 4 дүгээр сараас эхэлж цалинг олгосон бөгөөд зуны амралтын цалин авсан үгүйг мэдэхгүй байна. Харин 2020 оны 11 дүгээр сараас одоог хүртэл цалингаа авч байгаа...” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 76-78/,  

гэрч Г.Тын “...Тэгээд миний үйлдсэн хэргийн шүүх хурал болж шүүх хурал дээр хохирогч Б нь 20.000.000 төгрөг нэхэмжилсэн баримт шүүхэд гаргаж өгөхдөө хуурамч бичиг баримт бүрдүүлж өгсөн байх гэж бодоод үүнийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар гомдол гаргасан юм. Би Бийн гаргаж өгсөн 20.000.000 төгрөгийн нэхэмжилсэн баримтыг 3 үндэслэлээр хуурамч гэдгийг мэдсэн юм. Үүнд: хохирогч Б нь шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлтээр хөдөлмөрийн чадвар тогтонги байдлаар алдагдуулахгүй гэсэн байхад эмнэлгийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар 80 хувь алдагдсан гэж групп тогтоолгосон байсан. Ямар учраас ингэж групп тогтоолгосныг мэдэхгүй байгаа. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хөдөлмөрийн чадвар алдагдахгүй гэсэн байхад 80 хувь алдагдсан гэж групп тогтоолгосон байсан. 2019 оны 08 дугаар сараас цалин өнөөдрийг хүртэл аваагүй гэж цалингийн зөрүү 13.000.000 төгрөг нэхэмжилсэн баримт хуурамчаар гаргаж өгсөн гэж бодож байна. Учир нь иргэн Б нь 2019 оны 08 дугаар сараас хойш одоог хүртэл цалингаа авч байгаа юм байна лээ. Шүүх хурал дээр ярьсан нь ах дүү, төрөл, саднаараа нийлж нийгмийн даатгалаа төлдөг байсан гэж мэдүүлсэн. Тэгтэл нийгмийн даатгалын дэвтэр дээр сургуулийн санхүүгийн гарын үсэг зураад нийгмийн даатгалын байцаагч баталгаажуулсан байсан. Мөн шүүх хурал дээр Б хэлэхдээ 2020 оны 11 дүгээр сар хүртэл ажил хийсэн гэж ярьсан боловч 2020-2021 оны нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бөглүүлсэн баримтаа шүүх хурал дээр гаргаж өгөөгүй. Сайн дураараа төлж байгаа тохиолдолд нийгмийн даатгалын газартай гэрээ хийх бөгөөд нийгмийн даатгалын дэвтэр дээр сайн дураараа төлж байгаа гэсэн тэмдэглэгээ байх ёстой юм байна лээ. Тухайн тэмдэглэгээ нь байхгүй байсан. Мөн эмчилгээний зардал гэж 6.800.000 төгрөгийн баримт бүрдүүлж өгсний 4.000.000 төгрөгийн эм тариа нь гэмтэлтэй огт хамааралгүй. Үүн дээр нь бөөр, түрүү булчирхай, эмэгтэйчүүдийн сарын тэмдэг тогтворжуулах, цэвэршилтээс урьдчилан сэргийлэх эм, ханиад хордлого тайлах болон гэдэсний гэх мэт өвчинд хэрэглэх эмүүдийн баримт байсан. Тэгээд нэг өдөр нэг эмийн сангаас 4-5 удаа 10-аас 1 цагийн зайтай эм авсан байх жишээтэй. 10-аад төрлийн даралтын эм авсан байгаа бөгөөд даралтын эмийг өөрт тохирсон эмийг эмчийн заавраар хэрэглэдэг. Үүн дээр ямар ч эмчийн заавар байхгүй. Мөн нярай хүүхдийн ханиаднаас урьдчилан сэргийлэх зорилгоор хамарт түрхдэг тос хүртэл авсан байх жишээтэй. Маш олон маск, витамин С, Витагриф, Улаанбаатар хотоос эмийн сангаас авсан эмийн он, сар өдөр нь Архангай аймгийн эмийн сангаас авсан эмийн он, сар өдөртэй давхацсан байсан. Мөн өөр хүний нэртэй эм авсан баримтууд байсан. 500.000 гаруй төгрөгийн хүнсний бүтээгдэхүүний худалдан авалт хийсэн баримтууд байсан юм. Миний үйлдсэн хэрэг одоо Архангай аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр байгаа хавтаст хэргийн материал дотор байгаа...” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 87-89/, 

гэрч М.Мын “…Ц.Б нь маш хүнд гэмтэл аваад эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан тул 2019 оны 08 дугаар сарын 20-ны үед сургуулийн захирлын зөвлөл хуралдаж хичээл зохицуулалт хийж группээр ордог хичээлийг нэгтгэж нийлүүлээд сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй зохицуулалт хийж Бийг эмнэлгээс гарах хүртэлх хугацаанд цалинг нь хэвийн олгож байх шийдвэр гаргасан юм. Ингээд Бийн ажлыг Б багш хийсэн юм. Бийн цалин хэвийн олгогдож байсан учраас нийгмийн даатгалын шимтгэл автоматаар татагдаад явдаг юм. Тухайн дэвтэр дээр манай сургуулийн нягтлан бичилт хийдэг юм. Ар гэрээс нь сайн дураар төлсөн асуудал байгаа талаар би мэдэхгүй. Бт цалинг хэвийн олгохоор болсон, өөрийнх нь ажлыг Б багш хийхээр болсон талаар өөрт нь хэлж байсан...” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 246-247/,  

гэрч Д.Мгийн “...Ц.Б нь 2019 оны 07 дугаар сарын 20-ноос 2020 оны 10 дугаар сарын 01-ний хооронд зээлтэй байсан ба тухайн цаг хугацаанд олон хоногоор зээл төлөх хугацаа хэтрүүлсэн асуудал байхгүй бөгөөд 01-02 хоногийн л хугацаа хэтэрч байсан байх...” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /2хх-ийн 12-13/, 

гэрч Б.Оийн “...Ц.Бийн цалингийн зээлийг хариуцаж байх хугацаанд хугацаа хэтрүүлж байгаагүй. 2021 оны 08, 09 дүгээр сарын үед зээлээ төлж хаалгасан...” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /2хх-ийн 16-17/, 

гэрч Б.Цгийн “...Ц.Бийг ажиллахгүй байх хугацаанд цалинг хэвийн олгож байсан. Бийн ижил мэргэжилтэй багшаар сургуулийн хүүхдүүдэд хичээл оруулж байсан юм. Сургуулийн захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцээд Бийн эрх зүйн байдлыг дордуулахгүй, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгал, ажилласан жилийн хугацаа зэрэг нь тасалдах гээд байсан юм. Цалин нь дансанд нь орж байсан болохоор өөрөө болон ар гэрийнхэн нь мэдсэн байх. Харин манай сургуулийн захирал хэлсэн байх...” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /2хх-ийн 24-25/, 

Ц.Бийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Би тухайн үед шүүхэд мэдүүлэг өгч байхад их мартамхай болчихсон байсан. Манай гэр бүлийн зүгээс миний цалин орж байгаа гэдгийг хэлж байсан боловч маргааш, нөгөөдөр нь би тухайн зүйлийг мартчихдаг байсан. Би өөрийнхөө эм, тарианы баримтыг гаргаж өгсөн. Өөр хэн нэгэн оролцсон зүйл байхгүй...”, “...Миний бие “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.12 дахь хэсэгт зааснаар хүнд гэмтэл авсан. Би тухайн гэмтэл авсны дараа 1 жилийн хугацаанд хэвтэрт байсан. Энэ үед зарим зүйлсийг дутуу буруу ойлгодог байсан. Хамгийн анхны шүүх хурал дээр би цалин авч байгаа талаараа ойлгоогүй, нэхэмжилсэн байсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг, 

Ц.Бийн 2019 оны 08 дугаар сараас 2021 оны 03 дугаар сарын цалингийн судалгаа /1хх-ийн 95/, 
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 107-110, 176-180/, 
Харилцах дансны харилцагчийн хуулга /1хх-ийн 111-122/, 
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 167 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар /1хх-ийн 181-190/, 
Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /1хх-ийн 219-222/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Худал мэдүүлэх гэмт хэргийн субъектив тал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэх ба шүүгдэгч Ц.Б нь 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө хэрэг хариуцах чадвар, чадамжтай байсан төдийгүй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж Г.Таас хууль бусаар гэм хорын хохиролд ажилгүй байсан хугацааны цалин 13.830.426 төгрөг гаргуулж авах санаа зорилготой байсан нь тогтоогдож байгаа болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан худал мэдүүлэх гэмт хэрэгт үйлдэгдсэн цаг хугацааг тодорхой заасан учраас Ц.Б нь 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлж байгаа нь тухайн гэмт хэргийн объектив талын шинжийг бүрэн хангасан төдийгүй Ц.Б нь 46 настай, хэрэг хариуцах чадвартай, тухайн үед Г.Тт холбогдох эрүүгийн хэргийн хохирогч байсан нь энэ гэмт хэргийн субъект болж байгаа юм. 

Эдгээр нотлох баримт болон тогтоогдсон нөхцөл байдлуудаар шүүгдэгч Ц.Бийн “Миний бие “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.12 дахь хэсэгт зааснаар хүнд гэмтэл авсны улмаас тухайн гэмтэл авсны дараа 1 жилийн хугацаанд хэвтэрт байсан. Энэ үед зарим зүйлсийг дутуу буруу ойлгодог байсан. Хамгийн анхны шүүх хурал дээр би цалин авч байгаа талаараа ойлгоогүй, нэхэмжилсэн. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх мэдүүлэг нь няцаагдаж байна. 

Иймд шүүгдэгч Г овогт Цын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогч шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв. 

Хохирол хор уршгийн талаар:

            Худал мэдүүлэг гэмт хэрэг нь давхар объекттой гэмт хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас хэрэг хянан шийдвэрлэх хэвийн үйл ажиллагаанд хандаж, улмаар хүний эрх ашиг сонирхолд хохирол учруулж болох ба энэхүү гэмт хэргийн улмаас хохирол учирсан болохыг шаардахгүй хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм. 

            Шүүгдэгч Ц.Бийн гэмт хэргийн улмаас бусдад эдийн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Ц.Бийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

        Шүүгдэгч Ц.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байх ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгч Цэнхэр сумын Ерөнхий боловсролын сургуульд багшаар ажилладаг, тогтмол цалинтай зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Ц.Бт торгох ял оногдуулж, түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ц.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. 
Шүүгдэгч Ц.Б нь өмгөөлөгч авах хүсэлт гаргасны дагуу түүний өмгөөлүүлэх эрхээр хангахаар шүүх хуралдааныг 2 удаа хойшлуулсан бөгөөд тэрээр 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр шүүх хуралдаанд оролцохдоо өмгөөлөгчгүй оролцоно гэсэн хүсэлт гаргаж өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцсон болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг 36.8 дугаар зүйл, , 36.10дугаар зүйлийн 4 дэх хэсэг,  37.1 дүгээр зүйл , 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Г овогт Цын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогч шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бт оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

            5. Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Бийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай. 

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ