| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2022/0022/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/53 |
| Огноо | 2022-02-15 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Г.Чанцалдулам |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/53
02 15 2019/ШЦТ/39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,
Улсын яллагч Г.Чанцалдулам,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Түвшинтөгс,
Шүүгдэгч Д.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Д-ад холбогдох эрүүгийн 2138000000600 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д.Д.
Шүүгдэгч Д.Д- нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутаг дэвсгэрээс 2021 оны 08 дугаар сарын 05-ны орчим хохирогч Ш.М-гийн хул гүү, унагатай нь буюу бусдын олон тооны малыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч бусдад 1.450.000 төгрөгийн хохирол, мөн Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутаг дэвсгэрээс 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр иргэн Б.Д-гийн эзэмшлийн X үсгэн тамгатай хээр зүсмийн гүү, хүрэн зүсмийн унага буюу бусдын олон тооны малыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч бусдад 1.250.000 төгрөгний хохирол учруулсан хулгайлсан ба уг гэмт хэргийг олон тооны мал хулгайлж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Д- нь шунахайн сэдэлтээр 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн орчим Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутаг дэвсгэрээс хохирогч Ш.М-гийн дөлтэй чандмань тамгатай хул гүүг хул унагатай нь, хохирогч Б.Д-ын X үсгэн тамгатай хээр зүсмийн гүүг хүрэн зүсмийн унагатай нь буюу бусдын олон тооны малыг хулгайлж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
Шүүгдэгч Д.Д-ын хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
- Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот /хх-ийн 47 дугаар хуудас/,
- Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 49 дүгээр хуудас/,
- Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 50 дугаар хуудас/,
- 2020 оны жилийн эцсийн малын А дансны хуулбар /хх-ийн 53 дугаар хуудас/,
- Урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54, 120 дугаар хуудас/,
- Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 65-67 дугаар хуудас/,
- Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 184 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 56-60 дугаар хуудас/,
- Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 221 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 61-64 дүгээр хуудас/ зэрэг баримт бичиг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч Д.Д- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч Д.Д- нь шунахайн сэдэлтээр 2021 оны 08 дугаар сарын 05-ны орчим Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутаг дэвсгэрээс хохирогч Ш.М-гийн дөлтэй чандмань тамгатай хул гүүг хул унагатай нь, хохирогч Б.Д-гийн эзэмшлийн X үсгэн тамгатай хээр зүсмийн гүүг хүрэн зүсмийн унагатай нь буюу бусдын олон тооны малыг хулгайлж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9, 81 дүгээр хуудас/, хохирогч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-15, 17 дугаар хуудас/, хохирогч Ш.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 86-87 дугаар хуудас/, гэрч Я.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-21, 96-98, 104 дүгээр хуудас/, гэрч З.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-25, 100-102, 106 дугаар хуудас/, гэрч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-30 дугаар хуудас/, гэрч Д.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 90-91 дүгээр хуудас/, гэрч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 93-94 дүгээр хуудас/, “ИхэрМөрөн-Аудит” ХХК-ны хөрөнгийн үнэлгээчин Б.Мядагмаагийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №2145617200548 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 31-32 дугаар хуудас/, “ИхэрМөрөн-Аудит” ХХК-ны хөрөнгийн үнэлгээчин Б.Мядагмаагийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №2145617200519 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 107-108 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 44, 119 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тус тус тогтоогдож, шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бусдын олон тооны малыг хулгайлсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан. Мал гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна. Олон тооны мал гэдэгт 8 бог, 2 бодоос дээш малыг ойлгохоор тус тус хуульчилсан.
Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “олон тооны мал хулгайлж” гэх хүндрүүлэх зүйчлэлд хамаарч байх тул хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг
зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Шүүгдэгч Д.Д-ын: “...2021 оны 07 сард манай адуунд Б.Д-а гэдэг хүний 2 гүү, 2 унага нийлсэн байсан. Тэгээд би 08 сард өөрийнхөө адуугаа хурааж байхдаа мэдээд өөрийнхөө өвөлжөөн дээр хашсан юм. Би тухайн үед Я.О- гэдэг хүнээс хашаа байшин аваад үлдэгдэл 3 сая төгрөгийн өртэй байсан. Тэгээд 3 сая төгрөгийнхөө өрөнд Я.О- гэдэг хүнд 1 гүү, 1 унага өгсөн. Тухайн үед би О-гэрэлд гүүгээ аваарай гэж хэлсэн. Удалгүй Я.О- Портер загварын машинтай ирээд гүүгээ ачаад явах явах гэхээр нь би О-гэрэлд хандаж Хишгээ гэдэг хүнд би бас гүү өгөх юм аа та авч яваад аваачаад өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд О-гэрэл манай адуунд нийлсэн байсан 2 гүү, 2 унагыг ачаад Мөрөн рүү явсан” /хх-ийн 44, 119/ гэх мэдүүлгээс дүгнэвэл шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, мөн амар хялбар аргаар эд хөрөнгө, мөнгө олох зорилготой, иргэдийн мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг дутмаг, мал сүргийн хариулга, маллагаа хангалтгүй, малаа удаан хугацаагаар бэлчээрт орхих зэрэг нөхцөл байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Д.Д-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын өмчлөх эрхийн халдашгүй байдалд нийт 2.700.000 төгрөгийн хохирол учирч, 4 тооны бод мал хулгайлагдсан гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Д- нь хохирогч Ш.М-д 1.450.000 төгрөгийн хохирол учруулснаас хохирогч Ш.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 87х/, мөн хохирогч Б.Д-д 1.250.000 төгрөгийн хохирол учруулснаас хохирогч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...саран дэвсгэртэй X үсгэн тамгатай хээр зүсмийн гүүг, хүрэн зүсмийн унагатай нь алдсан. Ингээд алдсан гүүгээ хайхад Алаг-Эрдэнэ сумын Ш- гэдэг хүнд Арбулаг сумын 1 дүгээр багт байдаг Д.Д- гэгч зарсан байсныг нь би өөрөө очиж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15х/ хэрэгт авагдсан байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Д-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч Б.Д- нь адуу тэжээх тэжээлийн үнэ болох 2.000.000 төгрөгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Д-аас нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Д-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг тус тус харгалзан “бусдын олон тооны малыг хулгайлсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, мөн зүйл, хэсгийн 1.3 “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Д-ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Д.Д- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох ял шийтгэлийн лавлагаа /хх-ийн 54,120/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 56-67/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүхээс шүүгдэгч Д.Д-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” санал,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн: “...миний үйлчлүүлэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх хүсэлт зэргийг харгалзан үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д-ад урьд авсан цагдан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ...олон тооны мал хулгайлж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Д-ыг 1 (нэг) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-ад оногдуулсан 1 (нэг) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Д- нь адуу тэжээх тэжээлийн үнэ болох 2.000.000 (хоёр сая) төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Д-аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР