Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/51

 

 

 

 

 

 

 

 

 

    2021        12         28                                      2022/ШЦТ/51

 

                            

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттэргэл,  

улсын яллагч Л.Галав,

шүүгдэгч П.Л. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт П.гийн Л.од яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2106 00000 2570 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, Б. овогт П.гийн Л..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Л. нь 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, “Номин” худалдааны төвийн гадна талбайд Д.Б.тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар баруун мөр хэсэгт нь гараараа цохих, хөл рүү нь 2-3 удаа өшиглөх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Л. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Д.Б.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2021 оны 10 дугаар сарын 07-ны орой 18:30-19:00 цагийн хооронд ажлаа тараад Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуун овооны “Номин” дэлгүүр орж, өөрийн найз охин Солонготой уулзахаар очсон. Тэр үед үл таних залуу миний 70-38 УБР улсын дугаартай цагаан өнгийн Марк-Х автомашиныг уначихсан, манай найз охин Солонгын хамт ирсэн. Тэгэхээр нь би машин дээрээ очоод машиныхаа хаалгыг татсан чинь миний машин түгжээтэй байсан, тэр үед хаалга онгойлголгүйгээр шууд хөдөлсөн. Тэгэхээр нь бариулаас нь чирэгдэж байгаад урд копут дээр  нь үсэрч гарч байж машиныг зогсоосон. Машин зогссоны дараа би тэр залууг машинаас буулгаад машиндаа суугаад явах гэтэл машины түлхүүр тэр залууд байсан. Тэгэхээр нь би түлхүүрээ авах гээд “Номин”-гийн үүдэнд зогсч байтал араас гүйж ирээд миний машины жолооч талын хаалгыг татаад, “чамайг ална” гээд чулуугаар цохиод байсан. Мөн машины хаалга руу хөлөөрөө жийж, өшиглөөд байсан. Тэгээд машины хаалга онгойсны дараа намайг машинд сууж байхад баруун хөл, баруун гар, эрүү хэсэг рүү чулуугаар цохисон. Тэр үед манай найз охин Солонго машинаас бууж, тэр залууг машинаас холдуулсан. Тэгээд тэр залуугаас машины түлхүүрийг аваад гэр лүүгээ харьсан. Би Солонго гэх эмэгтэйтэй хамтран амьдраад 5 сар орчим болж байна. Энэ хугацаанд Солонго машинаар ажил төрөл амжуулахаар бол миний машиныг авч үлддэг юм. Тухайн өдөр Солонго миний машинаар гадуур ажил амжуулахаар авч хоцорсон. Тэгээд үдээс хойш над руу яриад найзындаа бага зэрэг пиво уучихсан байна, Чулуун овоон дээр ирээд авчихаарай гэсэн. Үүний дагуу би машинаа авахаар очсон юм. Миний баруун хөл, баруун гарын шууны дээш мөр хүртэл хөхөрсөн. Эрүү хэсгээр хөхөрсөн. Би тэр залууд гар хүрсэн зүйл огт байхгүй. Би ажлаа тараад ирсэн, огт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 11021 тоот: “Д.Б.ын биед баруун шуунд шарх, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралд гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 16-17/,

- 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 24-25/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 36/,

- Яллагдагч П.Л.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Д.Б. эхлээд намайг “түлхүүр өг” гэж хэлэхээр нь би “эхлээд куртик ээ авъя” гэж  хэлтэл өгөхгүй болохоор нь би жолооч талынх нь хаалгыг онгойлгож байгаад Д.Б.ын шанаа хэсэг рүү нь 1 удаа цохиод, мөр хэсэг рүү нь 2 удаа цохиод, хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Гэхдээ би яг биеийн аль хэсэг рүү нь өшиглөсөн гэдгээ мэдэхгүй байна. Тэгтэл Д.Б. машиныхаа хаалгыг хаачихаар нь би баруун урд хаалга руу нь 2 удаа өшиглөтөл Д.Б. хаалга онгойлгохоор нь би машиных нь түлхүүрийг өгөөд “куртик ээ авъя” гэж хэлтэл шууд яваад өгсөн. Д.Б.ын биед би өөрөө гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, “Номин” худалдааны төвийн гадна талбайд Д.Б.тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар баруун мөр хэсэгт нь гараараа цохих, хөл рүү нь 2-3 удаа өшиглөх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул П.Л.од холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             П.Л. нь 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, “Номин” худалдааны төвийн гадна талбайд Д.Б.тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар баруун мөр хэсэгт нь гараараа цохих, хөл рүү нь 2-3 удаа өшиглөх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Д.Б.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2021 оны 10 дугаар сарын 07-ны орой 18:30-19:00 цагийн хооронд ажлаа тараад Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуун овооны “Номин” дэлгүүр орж, өөрийн найз охин Солонготой уулзахаар очсон. Тэр үед үл таних залуу миний 70-38 УБР улсын дугаартай цагаан өнгийн Марк-Х автомашиныг уначихсан, манай найз охин Солонгын хамт ирсэн. Тэгэхээр нь би машин дээрээ очоод машиныхаа хаалгыг татсан чинь миний машин түгжээтэй байсан, тэр үед хаалга онгойлголгүйгээр шууд хөдөлсөн. Тэгэхээр нь бариулаас нь чирэгдэж байгаад урд копут дээр  нь үсэрч гарч байж машиныг зогсоосон. Машин зогссоны дараа би тэр залууг машинаас буулгаад машиндаа суугаад явах гэтэл машины түлхүүр тэр залууд байсан. Тэгэхээр нь би түлхүүрээ авах гээд “Номин”-гийн үүдэнд зогсч байтал араас гүйж ирээд миний машины жолооч талын хаалгыг татаад, “чамайг ална” гээд чулуугаар цохиод байсан. Мөн машины хаалга руу хөлөөрөө жийж, өшиглөөд байсан. Тэгээд машины хаалга онгойсны дараа намайг машинд сууж байхад баруун хөл, баруун гар, эрүү хэсэг рүү чулуугаар цохисон. Тэр үед манай найз охин Солонго машинаас бууж, тэр залууг машинаас холдуулсан. Тэгээд тэр залуугаас машины түлхүүрийг аваад гэр лүүгээ харьсан. Би Солонго гэх эмэгтэйтэй хамтран амьдраад 5 сар орчим болж байна. Энэ хугацаанд Солонго машинаар ажил төрөл амжуулахаар бол миний машиныг авч үлддэг юм. Тухайн өдөр Солонго миний машинаар гадуур ажил амжуулахаар авч хоцорсон. Тэгээд үдээс хойш над руу яриад найзындаа бага зэрэг пиво уучихсан байна, Чулуун овоон дээр ирээд авчихаарай гэсэн. Үүний дагуу би машинаа авахаар очсон юм. Миний баруун хөл, баруун гарын шууны дээш мөр хүртэл хөхөрсөн. Эрүү хэсгээр хөхөрсөн. Би тэр залууд гар хүрсэн зүйл огт байхгүй. Би ажлаа тараад ирсэн, огт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 11021 тоот: “Д.Б.ын биед баруун шуунд шарх, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралд гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 16-17/,

- 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 24-25/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 36/,

- Яллагдагч П.Л.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Д.Б. эхлээд намайг “түлхүүр өг” гэж хэлэхээр нь би “эхлээд куртик ээ авъя” гэж  хэлтэл өгөхгүй болохоор нь би жолооч талынх нь хаалгыг онгойлгож байгаад Д.Б.ын шанаа хэсэг рүү нь 1 удаа цохиод, мөр хэсэг рүү нь 2 удаа цохиод, хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Гэхдээ би яг биеийн аль хэсэг рүү нь өшиглөсөн гэдгээ мэдэхгүй байна. Тэгтэл Д.Б. машиныхаа хаалгыг хаачихаар нь би баруун урд хаалга руу нь 2 удаа өшиглөтөл Д.Б. хаалга онгойлгохоор нь би машиных нь түлхүүрийг өгөөд “куртик ээ авъя” гэж хэлтэл шууд яваад өгсөн. Д.Б.ын биед би өөрөө гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул П.Л.ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч П.Л.ыг Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хохирогч Д.Б. нь хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч П.Л.од ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг СиДи хураагдан ирсэн, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б. овогт П.гийн Л.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л.од 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар П.Л.од оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, П.Л. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, П.Л.од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ОЛЗОД