| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэн-Ишийн Сансармаа |
| Хэргийн индекс | 183/2017/00745/И |
| Дугаар | 1027 |
| Огноо | 2017-05-04 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 1027
| 2017 оны 05 сарын 04 өдөр | Дугаар 183/ШШ2017/01027 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сансармаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Дунд гол 31 дүгээр байрны 14 тоотод оршин суух, Шарнууд овогтой Гэндэнсүрэнгийн Эрдэнэбаярын хүсэлттэй
Нэхэмжлэлийн шаардлага:Баянжаргалын Тамирыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.Эрдэнэбаяр шүүхэд гаргасан хүсэлтдээ:
“Иргэн Гэндэнсүрэнгийн Эрдэнэбаяр миний бие 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “Номтын ам” ХХК-ийн захирал Т.Баяржаргалтай орон сууц захиалгаар барих, бариулах тухй гэрээ хийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо Шинэ ирээдүй хотхоны А блокын 1 дүгээр давхрын 100 тоот 246.63 м.квадрат орон сууцыг захиалсан. Тухайн үед 3-48 байрны 13 тоотын оршин суугч байсан ба энэ байрны суурин дээр уг барилга баригдсан болно. Нийт 369.945.000 төгрөгийн төлбөрийг 100 хувь бүрэн төлж барагдуулсан. Тухайн үед “Номтын ам” ХХК-ийн менежир Төрбат байсан. “Номтын ам” ХХК-ийн захирал Т.Баяржаргал нь анх гэрээ байгуулахдаа 2014 оны 4 дүгээр улиралд багтан ашиглалтанд орно гэж урьдчилгаа төлбөр 40 хувийг авсан. 2014 оны 5 дугаар сард 2014 онд багтаж ашиглалтанд орно гэж 81-н сая төгрөг нэмж бэлнээр авсан. Шаардсан хугацаанд төлбөрийг өгсөн боловч барилга нь товолсон хугацаанд ашиглалтанд ороогүй. Үүнээс хойш 2015 оны 5 дугаар сарын 21-нд 130 сая төгрөгийг 2015 оны 7 дугаар сард ашиглалтанд орно гэж авсан. Одоо Улсын комисс 2016 оны 5 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо Шинэ ирээдүй хотхоны А блокыг хүлээн авсан байхад миний захиалсан 1 давхрын 100 тоот 246.63 м.квадрат орон сууцны заслыг хийж, үл хөдлөхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй. Өөрийн захиалсан Шинэ ирээдүй хотхоны А блокын 1 давхрын 100 тоот 268.63 м.квадрат байрны засал, чимэглэлийн ажлыг хийлгэж байрандаа орох гэж “Номтын ам” ХХК-ийн захирал Б.Тамиртай 2016 оны 2 дугаар сард уулзахад өмнөх захирал өөд болсон шинэ гэрээ байгуулж мөнгө нэмж төл гэсэн. Үүнээс хойш уулзахаар оролдсон боловч гар утсаа авахгүй, ажлын өрөөндөө очихгүй байна. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан үндэслэл буюу Б.Тамир нь тус хаягандаа бүртгэлгүй, оршин суудаггүй гэх Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт ирсэн тул хариуцагч Б.Тамирын орин суугаа газрын хаягийг тодруулж, эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбар, тэдгээрт холбогдох бичмэл нотлох баримтуудыг хянан хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Г.Эрдэнэбаяр нь Б.Тамирыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Г.Эрдэнэбаярын хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч нь Б.Тамирыг эрэн сурвалжлуулж, оршин байгаа хаягийг тодруулснаар ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрх үүснэ гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.
Б.Тамир нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд бөгөөд оршин суух хаягтаа бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 01823 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтаар нотлогдож байна.
Эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн хаяг тодорхойгүйгээс нэхэмжлэгч нь Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болсон байх тул Б.Тамирыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Хан-Уул дүүргийн цагдаагийн 1, 2 дугаар хэлтэст үүрэг болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгч өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Баяржаргалын Тамир /РД:ШУ88012114/-ийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Баяржаргалын Тамир /РД:ШУ88012114/-г эрэн сурвалжилж, түүний оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлсүгэй.
3.Б.Тамирын амьдарч байсан хаяг нь Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Тахилт 6-148 тоот, эзэмшиж байсан гар утасны дугаар нь 96974142, 99107361 дугаар болохыг дурдсугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.САНСАРМАА