Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 105

 

Д.Ө-, Ц.Б-, Х.М-, Д.Г-,

Ж.Д- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/01791/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхжаргал даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 681 дүгээр шийдвэртэй,  

          Нэхэмжлэгч Түүдэг хүй ноёд овогтой Д-ийн Ө-,

          Нэхэмжлэгч Хөхнуур овогтой Ц-ын Б-,

          Нэхэмжлэгч Хар сахалт овогтой Х-ы М-,

          Нэхэмжлэгч Монгол овогтой Д-гийн Г-,

          Нэхэмжлэгч Данжинаахан овогтой Ж-гийн Д- нарын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч “Шарын гол” ХК-д холбогдох

          “Шарын гол” ХК-аас хөдөлмөрийн хамтын хэлэлцээрийн дагуу 1 удаагийн тэтгэмж Ц.Б- 8.832.000 төгрөг, Д.Г- 9.984.000 төгрөг, Х.М- 10.752.000 төгрөг, Д.Ө- 12.288.000 төгрөг, Ж.Д- 9.600.000 төгрөг гаргуулахыг хүссэн” иргэний хэргийг

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайваны давж заалдсан гомдлыг үндэслэн

           2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Баттунсаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д-гээс:

Нэхэмжлэгч бид тус уурхайн үндсэн ажилтнаар томилогдон ажиллаж байгаад мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгон группт орж, дараа нь  өөрсдийн  хүсэлтээр өндөр  насны  тэтгэвэр  тогтоолгосон. Бид Геологи, уул уурхайн салбарын 2012-2013 оны хамтын тарифын хэлэлцээрийн 5.5-д заасны дагуу “Шарын гол” ХК-ийн захиргаанд хандахад өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн. Иймд “Шарын гол” ХК-аас тус уурхайд ажиллаж байгаад мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группт орж, улмаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад уурхайчдад хөдөлмөрийн хамтын хэлэлцээрийн дагуу нэг удаагийн тэтгэмж нийт 51.456.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Баттунсагаас:

Ахмадууд нь 1974-1982 оны хооронд Шарын голын уурхайд орж тэтгэвэрт гарах хүртлээ ажиллаж байсан. Геологи уул уурхайн салбарын хамтын хэлэлцээрийн тарифт зааснаар геологи, уул уурхайн салбарт ажиллаж байгаад мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группт гарсан ажилтнуудыг тус салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож ажилласан жилээр бодож 1 удаагийн тэтгэмж олгохоор заасан. Тарифын хэлэлцээрийг хөдөлмөрийн яаманд бүртгүүлсэн. Ажиллаж байсан байгууллага нь тэтгэмж олгоно гэж хамтын тарифын хэлэлцээр дээр заагаагүй байна. Хэлэлцээрийг мөрдөхийн тулд хамтын гэрээнд заавал тусгаж байж хэлэлцээрийг хэрэгжүүлж ажиллах боломжтой юм. Нэхэмжлэл гаргасан хүмүүс нь мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группт гарах үедээ тэтгэмжээ гаргуулж авсан гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайванаас:

2013-2014 оны хамтын хэлэлцээрийн 5.5 дахь заалтыг үндэслэн анхан шатны шүүх “Шарын гол” ХК-ны ажилтан биш, олон жилийн өмнө гэрээ дуусгавар болсон байхад нэхэмжлэгч нарт 27.264.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нар нь “Шарын гол” ХК-ийн ажилтан биш байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан заалтыг ноцтой зөрчиж, ажилтан биш хүнд хэлэлцээрийн заалт үйлчлэх буюу тэрхүү заалтыг үндэслэн шаардах эрхтэй гэж дүгнэсэн. Хамтын гэрээ, хэлэлцээрийн үйлчлэлийг хуулиар тогтоогоод өгсөн заалтыг хэрэглэхгүй буюу хамтын хэлэлцээрийн заалт үйлчилнэ гэдэг хууль зүйн үндэслэлээ гаргаж ирж чадаагүй байна.

Хамтын тарифын хэлэлцээрийн ерөнхий зүйлийн 5.5-д зааснаар ажиллаж байсан ажилтнуудад ажил олгогч нь тэтгэмж өгөх талаар заагаагүй, нийгмийн асуудлын талаар тохиролцсон хэсэгт ажил олгогч нь тэтгэмж олгоно гэж бичигдээгүй байна. Тарифын хэлэлцээрийг хамтын гэрээнд тусгаж тэтгэмж олгох ёстой байсан. Энэ хэлэлцээр дээр төлөөлөх эрх бүхий биш төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга  гарын үсэг зурсан байсан. Хамтын хэлэлцээр нь өнөөдөр ажиллаж байгаа ажилтны асуудлыг журамладаг, урьд нь ажиллаж байсан ахмадуудад хамааралгүй гэж үзэж байна. Мөн хөдөлмөрийн гэрээгээр зохицуулсан гэрээний харилцаа нь тэтгэмж олгоно гэж хамтын тарифын хэлэлцээрт заагаагүй, хэлэлцээрийг мөрдөхийн тулд хамтын гэрээнд заавал тусгаж байж хэлэлцээрийг хэрэгжүүлж ажиллах боломжтой юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 681 дүгээр шийдвэрээр:

     Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 9.4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Ө-т 6.144.000 төгрөг, нэхэмжлэгч Ц.Б-т 5.568.000 төгрөг, нэхэмжлэгч Д.Г-т 5.184.000 төгрөг, нэхэмжлэгч Х.М-т 5.376.000 төгрөг, нэхэмжлэгч Ж.Д-д 4.992.000 төгрөгийг тус тус хариуцагч “Шарын гол” ХК-аас гаргуулж, нэхэмжлэгч Д.Ө-ийн 6.144.000 төгрөг, нэхэмжлэгч Ц.Б-ын 5.568.000 төгрөг, нэхэмжлэгч Д.Г-ийн 5.184.000 төгрөг, нэхэмжлэгч Х.М-ын 5.376.000 төгрөг, нэхэмжлэгч Ж.Д-гийн 4.992.000  төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Шарын гол” ХК-аас улсын тэмдэгтийн хураамж 415.230 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван давж заалдсан гомдолдоо:

            Нэхэмжлэгч нар нь “Шарын гол” ХК-ийн ажилтан биш. Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг ноцтой зөрчиж, ажилтан биш хүнд хэлэлцээрийн заалт үйлчлэх буюу тэрхүү заалтыг үндэслэн шаардах эрхтэй гэж дүгнэсэн. Хамтын гэрээ, хэлэлцээрийн үйлчлэлийг хуулиар тогтоогоод өгсөн заалтыг хэрэглэхгүй буюу хамтын хэлэлцээрийн заалт үйлчилнэ гэдэг хууль зүйн үндэслэл гаргаж ирж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл хамтын хэлэлцээр нь ямар ч тохиолдолд ажилтан биш хүнд үйлчлэхгүй, хамтын гэрээн дээрх тохиолдолд ажилтан биш хүнд үйлчилж болохоор хууль зүйн зохицуулалт өнөөдрийг хүртэл үйлчилж байна. Хамтын хэлэлцээрээр цөөн хэдэн аж ахуйн нэгж байгууллагын эдийн засагч, ажилтан, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга, хэлтсийн дарга зэрэг албан тушаалтан компаниа төлөөлж гарын үсэг зурсан, тамга тэмдэг дарагдаагүй байдлаас харагдаж байна. Түүнчлэн нэхэмжлэгч нар нь тэтгэмж олгох асуудлыг хамтын гэрээнд тусган хэрэгжүүлнэ гэснийг сайн мэдэж байгаа бөгөөд “Шарын гол” ХК-ний хамтын гэрээнд тусгаж өгөөч гэсэн хүсэлтийг 2014 онд гаргаж, компани хариуг 2014 оны 05 дугаар сарын 16-ны 4/110 тоот хамтын гэрээний 5.5 дахь заалтыг тусгах боломжгүй байна гэж мэдэгдсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагад нийцсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байна.

            Д.Ө- нарын нэр бүхий 5 нэхэмжлэгчийн “Шарын гол” ХК-д холбогдуулан  Геологи уул уурхайн салбарын 2013-2014 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн дагуу тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 13,18,19 дүгээр  зүйлүүдийг буруу тайлбарлаж  хэрэглэсэн учир шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохыг хүсч хариуцагч гомдол гаргажээ.

            Дээрх шаардлагаа үндэслэхдээ Геологи уул уурхайн салбарын 2013-2014 оны  хамт /тариф/-ын хэлэлцээрийн 5.5-д Геологи уул уурхайн салбарт ажиллаж байгаад ҮО, МШӨ-ний улмаас группт байгаа иргэдээс өөрсдийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тохиолдолд салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг салбарт ажилласан жилээр үржүүлж нэг удаа тэтгэмж олгоно гэсэн заалт нь зөвхөн  “Шарын гол” ХК болон үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан хамтын гэрээнд заагдсан тохиолдолд  тухайн гэрээний оролцогч болох ажилтанд хамаарах заалт юм.

            Ийм байхад шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 13.1-д заасан хамтын гэрээ хэлэлцээр нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь төлөөлөн хамгаалж байгаа гэрээ, хэлэлцээрт оролцогч талуудын нийт ажил олгогч ажилтныг хамаарч үйлчилнэ гэсэн, Хөдөлмөийн тухай хуулийн 3.1.2-д “ажилтан” гэж хөдөлмөрийн гэрээ байгуулан “ажиллаж байгаа” иргэнийг хэлнэ гэж тодорхой зохицуулсан байгааг буруу тайлбарлан ажилтан бус этгээдээд хэлэлцээрийн заалтыг хамааруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна гэжээ. 

            Хэрэгт авагдсан “Шарын гол” ХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны  хооронд байгуулсан хамтын гэрээний 1-р заалтад Геологи уул уурхайн салбарын 2013-2014 оны  хамт /тариф/ -ын хэлэлцээрийг үндэслэн гэрээ байгууллаа гэсэн байх боловч  уг  гэрээнд  хамтын хэлэлцээрийн 5.5-д заасан заалтыг  тусгаагүй байна.

            Үүнийг  үндэслэн хамтын гэрээнд тусгаагүй хөнгөлөлтийг уг гэрээнд хамаарах ажилтан бус этгээд шаардах эрхгүй гэсэн хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй юм.

            Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасан   хамтын хэлэлцээр гэдэг нь  тухайн салбарын ажлын болон ажилтны онцлог нөхцөл байдлын бусад салбараас ялгагдах нөхцөл байдлыг харгалзан хөдөлмөрийн орчин түүнээс үүсэх эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх эрсдэл үүссэн болон гэм хор учирсан тохиолдолд хамгаалах, нөхөн сэргээх, хөнгөлөлт урамшууллыг Хөдөлмөрийн хуульд зааснаас илүү нөхцлөөр тогтоох зорилготой бөгөөд ийнхүү тогтоосон нь хууль тогтоомжинд нийцсэнийг бүртгэсэн байх шаардлагыг хуульчилсан байна.

Уг хэлэлцээр нь хуулийн дээрх шаардлагыг хангасан бөгөөд тухайн онуудад  хүчин төгөлдөр мөрдөгдөж байсныг хариуцагч тал маргаагүй.

            Ийнхүү хуульд нийцэж гарсан хэлэлцээрийн заалтыг өмчийн хэлбэр харгалзахгүй тухайн салбарын аж ахуйн нэгж байгууллагууд хамтын гэрээ байгуулан мөрдөж ажиллана гэж хэлэлцээрийн 1.1-д заасан байна.

            “Шарын гол” ХК  нь энэ заалтыг мөрдөж хамтын  гэрээнд хэлэлцээрийн заалтыг тусгаж ажиллаагүй байгаад ажилтнуудын буруу байхгүй бөгөөд энэ нь хуулийн этгээдийн үүрэг байхаар байна.

            Хамтын гэрээ хэлэлцээрийн заалт нь зөвхөн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтнуудад хамаатай хэмээн Хөдөлмөрийн тухай хуулийн 13–р зүйлийг явцууруулан тайлбарлах боломжгүй бөгөөд аливаа хамтын гэрээ хэлэлцээр нь тус байгууллагад ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осол,  мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас тахир дутуу болох өндөр насны тэтгэвэрт гарсан этгээдийн нийгмийн асуудлыг зохицуулсан байдаг бөгөөд ГУУС- ын хамт /тариф/ -ын  хэлэлцээрийн 5.5-д  тус салбарт ажиллаж байгаад ҮО, МШӨ-ний улмаас  группт байгаа иргэд нь өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа тохиолдлыг тусгайлан зохицуулжээ.

            Нэхэмжлэгч нар нь дээрх хэлэлцээрийн заалтын шаардлагыг хангаж байгаа талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэгдсэн байна.

            Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ажилласан жилээр тооцож нэхэмжлэл гаргасныг шүүх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухайн үед мөрдөгдөж байсан хуулинд заасан хэмжээгээр буюу шаардлагаас бага хэмжээгээр тэтгэмж гаргуулж шийдвэрлэсэнд гомдол гаргаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн талуудын зарчимд үндэслэн энэ талаар өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ.

Хариуцагчийн гомдлыг хангаагүй тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 681 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 294.270 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ЭНХЖАРГАЛ             

                                    ШҮҮГЧИД                                               С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                    О.НАРАНГЭРЭЛ