Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 58

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Орхон,

           улсын яллагч Ж.Батхуяг,

            хохирогч Д.Чулуунтогтох,

шүүгдэгч Г.Ганганбаатар, түүний өмгөөлөгч Б.Ганболд /ҮД:0-968/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэцэн овогт Гомбын Ганганбаатарт холбогдох эрүүгийн 201626030656 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1977 оны 02 дугаар сарын 26-нд Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “ДЦС” ТӨХК-нд машинч ажилтай, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 8 дугаар гудамжны 134а тоотод оршин суух, 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Цэцэн овогт Гомбын Ганганбаатар /РД:ШД77022610/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Ганганбаатар нь Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Жаргалантын 20 дугаар гудамжинд иргэн Д.Чулуунтогтохтой “аавтай нийлж архи уулаа, уухаар гудамжинд орхиод явдаг” гэж маргалдан, улмаар түүнийг зодож биед нь биеийн баруун талын 8, 9, 10 дугаар хавирганы зөрүүтэй хөндлөн хугарал, 2 шүдний хугарал, 1 шүдний сулрал, дух хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт үүсгэсэн хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Г.Ганганбаатар нь Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Жаргалантын 20 дугаар гудамжинд иргэн Д.Чулуунтогтохтой “аавтай нийлж архи уулаа, уухаар гудамжинд орхиод явдаг” гэж маргалдан, улмаар түүнийг зодож биед нь биеийн баруун талын 8, 9, 10 дугаар хавирганы зөрүүтэй хөндлөн хугарал, 2 шүдний хугарал, 1 шүдний сулрал, дух хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт үүсгэсэн хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь:

             1. Шүүгдэгч Г.Ганганбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”Мэдүүлэг өгөхгүй, урьд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд үнэн зөв, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Хохирогч Д.Чулуунтогтохын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр би гэрийнхээ ойролцоо гудамжинд хоёр найзтайгаа хамт юм яриад сууж байхад Ганганбаатар ирээд манай аавын бие муу байхад уруу татаж архи уулаа гээд намайг зодсон. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            3. Хохирогч Д.Чулуунтогтохын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн орчим Нүхтийн 20 дугаар гудамжны үзүүрт 2 хүнтэй юм яриад зогсож байсан чинь Ганганбаатар ирээд “Манай аавд архи дарс өгсөн байна, бас зодсон байна” гэж хэлээд намайг шууд зодсон. Намайг газар цохиж унагаад тэгээд дээрээс өшиглөөд байсан. Намайг зодуулж байхад манай охин Баярцэцэг ирж салгаж цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-19/

            4. Гэрч Ч.Баярцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...гэрт байж байсан чинь манай хашааны хаалгыг нэг жаахан танихгүй хүүхэд нүдээд балбаад байсан. Тэгэхээр нь гарсан чинь манай аав Чулуунтогтохыг миний зүс таних манай тэр хавьд байдаг Ганганбаатар зодож байсан...Тухайн үед Ганганбаатар манай аавыг газар унагаачихаад өшиглөөд л байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22/

            5. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /№6099/-ын дүгнэлт:

                        -Д.Чулуунтогтох-н биед баруун талд 8, 9, 10-р хавирганы зөрүүгүй, хөндлөн хугарал, 2 шүдний хугарал, 1 шүдний сулрал, дух, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

                        -Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 29/ 

            6. Яллагдагч Г.Ганганбаатарын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...би Чулуунтогтох ахаа та яагаад манай аавтай хамт архи уугаад байгаа юм бэ нүүр нь халцарчихсан байна лээ гэж хэлсэн чинь миний өөдөөс “Надад ямар хамаатай юм бэ” гэж хэлээд над руу салаавч гаргахаар нь би очоод баруун гараараа Чулуунтогтох ахын зүүн талын хацар руу нь хоёр удаа цохисон. Тэгээд Чулуунтогтох ахыг газар шороон дээр унахаар нь би хоёр удаа өшиглөсөн. Би цээж хэсэг рүү нь өшиглөсөн. Тэгсэн чинь Чулуунтогтох ахын охин нь гарч ирээд намайг яагаад аавыг маань цохиод байгаа юм бэ гэхээр нь би салаад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-41/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Г.Ганганбаатар нь 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 55, 70-72/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгч Г.Ганганбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т “хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа  эдэлж дууссанаас  хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй болно” гэж зааснаар түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /№6099/-ыг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

            Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Ганганбаатар нь Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Жаргалантын 20 дугаар гудамжинд иргэн Д.Чулуунтогтохтой “манай аавын бие муу байхад уруу татаж архи уулаа”, “манай аавд архи дарс өгсөн байна, бас зодсон байна”, “аавтай нийлж архи уулаа, уухаар гудамжинд орхиод явдаг” гэх зэргээр маргалдан, улмаар түүнийг зодож биед нь биеийн баруун талын 8, 9, 10 дугаар хавирганы зөрүүтэй хөндлөн хугарал, 2 шүдний хугарал, 1 шүдний сулрал, дух хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг хувийн сэдэлтээр үйлдсэн гэж үзнэ.

            Иймд шүүгдэгч Г.Ганганбаатарыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дүгээр зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, шударгаар хүлээн мэдүүлсэн, хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн хувийн байдал /49 настай/ зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх заалтуудад зааснаар ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Цэцэн овогт Гомбын Ганганбаатарыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Цэцэн овогт Гомбын Ганганбаатарыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Г.Ганганбаатарын эдлэх 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Г.Ганганбаатарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Ганганбаатарт оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, түүнд хяналт тавихыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

6. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Ганганбаатарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                             Б.БАТБОЛОР