Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 285

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарангэрэл даргалж, ҮХБ ХХК-ийн гомдолтой, Монголбанкны Хяналт, шалгалтын газрын Тусгай хяналтын албаны хянан шалгагч Б.М-д холбогдох зөрчлийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, хариуцагч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х нар оролцов.

Гомдлын шаардлага:

1. Монголбанкны Хяналт шалгалтын газрын Тусгай хяналтын албаны хянан шалгагч Б.М-гийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №0050227 дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, 6.10, 6.11, 6.12, 6.14, 6.15, 6.16, 6.17, 6.18, 6.19, 6.20, 6.21, 6.22, 6.23, 6.24, 6.25, 6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ.” гэж заасан тул бид үүний дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж байгаа билээ.

Монголбанкны Хяналт шалгалтын газрын тусгай хяналтын албаны хянан шалгагч Б.М нь ҮХБ-ийгЗөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлд заасан “Мөнгө угаах болон терроризмын санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5.2.3, 5.2.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн болох нь тогтоогдсон” гэсэн үндэслэлээр 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №0050227 дугаар Шийтгэлийн хуудсаар шийтгэл ногдуулсан.

Зөрчлийн тухай хууль нь 2017 оны 05-р сарын 11-ний өдөр батлагдаж 2017 оны 07-р сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Гэтэл хууль мөрдөгдөж эхлэхээс өмнөх буюу 2008-2016 онуудад манай банканд нээсэн харилцагчийн “дансны эцсийн өмчлөгчийг тодорхойлоогүй” гэх зөрчлөөр хэрэг үүсгэж шийтгэсэн нь огт үндэслэлгүй юм. Хэрэв манай банкийг зөрчил гаргасан гэж үзвэл энэ нь хууль мөрдөгдөж эхлэхээс өмнө үйлдэгдсэн зөрчил тул Зөрчлийн тухай хуульд хамаарахгүй.

Тус хуулийн 1.4 дүгээр зүйлд 5.Шинээр зөрчилд тооцсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж заасан атал шинээр зөрчилд тооцсон, өндөр хэмжээний торгууль ногдуулж хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэсэн нь хууль бус юм.

Мөн Зөрчлийн тухай хуульд хөөн хэлэлцэх хугацааг ялгавартай тогтоосон бөгөөд манай банкны үйлдсэн гэж буруутгагдаж буй зөрчлийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь тус хуулийн 1.5 дугаар зүйлд зааснаар “зөрчил үйлдсэнээс хойш нэг жил” байна.

Ийнхүү Зөрчлийн тухай хуулийг буцаан хэрэглэсэн, мөн зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад зөрчлийн хэрэг үүсгэж 50,000 нэгж буюу 50,000,000 /тавин сая/ төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.1-т тус тус заасны дагуу дээрх захиргааны актыг буюу Монголбанкны Хяналт шалгалтын газрын Тусгай хяналтын албаны хянан шалгагч Б.Мгийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №0050227 дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Б.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай /МУТСТ/ хуулийн үндсэн зорилт нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах эрх зүйн үндсийг тогтоох бөгөөд тус хуулийн дагуу мэдээлэх үүрэгтэй этгээд болох банкны дээрх үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий этгээд нь Төв банк (Монголбанк)-ны тухай хууль, Банкны тухай хууль болон Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дагуу Монголбанк билээ.

Банк нь хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөнөөс гадна бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж харилцдаг, хадгаламж эзэмшигчийн итгэлцэлд тулгуурлан хуульд заасан үйл ажиллагааг Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлдэг санхүүгийн байгууллага юм.

Мөнгө угаах гэмт хэрэг нь тухайн этгээд гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдлах зэргээр хохирогчийн амьдралын болон бизнесийн үйл ажиллагааны эх үүсвэр болсон эдийн засгийн ач холбогдол бүхий эд хөрөнгийн эрхэд ноцтой хохирол учруулдаг гэмт хэрэг бөгөөд түүнээс урьдчилан сэргийлэх, харилцагчийг таньж мэдэх, эцсийн өмчлөгчийг олж тогтоох зэрэг хуульд заасан арга хэмжээг тухай бүр, цаг алдалгүй авч хэрэгжүүлэн ажиллах нь мэдээлэх үүрэгтэй этгээд болох банкны үндсэн үүрэг мөн болно.

Иймд ҮХБ ХХК-иас танай шүүхэд 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

   1.Монголбанкнаас Үндэсний хөрөнгө оруулалтын банканд хийгдсэн шалгалтаар тус банкны данс эзэмшигч нийт харилцагчийн жагсаалтаас түүвэрлэлт хийж шалгахад 41 хуулийн этгээд харилцагчийн тухайд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5.2.3, 5.2.4-т заасан эцсийн өмчлөгчийг тодорхойлох үүргийг биелүүлээгүй байсан нь Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 2-т заасныг зөрчиж байна.

   2.Шалгалтаар илэрсэн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.3, 5.2.4-т заасан харилцагчийн эцсийн өмчлөгчийг тодорхойлох үүргийг биелүүлээгүй зөрчил нь данс нээгдсэн өдрөөс эхлээд шалгалт хийх өдөр хүртэл хүртэл үргэлжилж байгаа тул хуулийг буцаан хэрэглэсэн, мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл данс хэзээ нээгдсэн нь бус нээлттэй байгаад дээрх хуулийн заалтууд хамаатай тул банк дээрх харилцагчдын тухайд хуулийн дагуу харилцагчийг таньж

мэдэх үүргийг биелүүлэх үүрэгтэй байна.

Мөн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасны дагуу мэдээлэх үүрэгтэй этгээд нь 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 9 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд 1) харилцагчийг таньж мэдэх арга хэмжээг авах; 2) харилцагчийг таньж мэдэх талаарх урьд авсан мэдээллийг шинэчлэх; 3) өндөр эрсдэлтэй харилцагчийн талаарх мэдээллийг шинэчлэх; 4) дотоод хяналтын хөтөлбөрийг шинэчилсэн байх үүргийг хүлээсэн боловч Үндэсний хөрөнгө оруулалтын банк нь тус хуулийн дагуу хуульд заасан хугацаанд авч хэрэгжүүлэх байсан арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй байх ба энэ талаар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ уг хуулийг хэрэгжүүлэх шаардлагагүй байсан мэт дурджээ.

   3. Монголбанкнаас Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг шалгаад, илэрсэн зөрчилтэй холбогдуулан зөрчлийн хэрэг нээн, зөрчлийн шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж торгох шийтгэл оногдуулсан бөгөөд шалгалтаар илэрсэн зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу торгох шийтгэл оногдуулах тухай заасан тул банкны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэсэнтэй нийцэхгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

ҮХБ ХХК-иас гаргасан “Монгол банкны хяналт шалгалтын газрын тусгай хяналтын албаны хянан шалгагч Б.М-гийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 0050227 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн шаардлага бүхий гомдлыг дор дурдсан үндэслэлээр хүчингүй болгон шийдвэрлэв:

Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Үндэсний хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомж, Монголбанкнаас баталсан заавар журмуудтай нийцэж байгаа эсэхийг шалгаж, дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдалд хариуцлага тооцон, холбогдох арга хэмжээг авч арилгуулах чиглэл бүхий хяналт шалгалтын удирдамжийн дагуу хариуцагч улсын байцаагчаас гомдол гаргагч банканд хяналт шалгалт хийж, зөрчлийн хэрэг нээх зөрчил хянан шалгах ажиллагааг явуулжээ.  

Зөрчил хянан шалгах ажиллагаагаар гомдол гаргагч банкны данс эзэмшигч нийт харилцагчийн жагсаалтаас түүвэрлэлт хийж шалгахад 41 хуулийн этгээдийн харилцагчийн тухайд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5.2.3, 5.2.4-т заасан өмчлөгчийг тодорхойлох үүргийг биелүүлээгүй  зөрчил гаргасан гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу торгох шийтгэлийг ногдуулж, шийтгэлийн хуудсыг 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гаргажээ.

Гомдол гаргагчаас шүүхэд бичгээр гаргасан тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбаруудаас судлан үзэхэд тэрээр тус банкийг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5.2.3, 5.2.4-т заасан “эцсийн өмчлөгчийг тогтоох үүргийг биелүүлээгүй” зөрчил гаргасан эсэх нөхцөл байдалтай маргаагүй байна.

Харин “...дутагдалтай гэж дүгнэсэн тохиолдолд банканд хугацаат үүрэг даалгавар өгч, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах, биелэлтэд хяналт тавьж ажиллахаар, журам, хуульд заасан байтал торгууль ногдуулсан нь үндэслэлгүй” гэж, мөн “...илүү нарийвчилсан хуулийг хэрэглэх байтал ерөнхий харилцааг зохицуулсан Зөрчлийн тухай хуулийг хэрэглэсэн нь үндэслэлгүй”, “Зөрчлийн тухай хууль 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөрөөс мөрдөгдөж эхэлсэн байтал хууль мөрдөгдөж эхлэхээс өмнөх 2008-2016 онуудад гаргасан зөрчилд шийтгэл ногдуулж, хуулийг буцаан хэрэглэсэн нь үндэслэлгүй” гэж тус тус маргажээ.

1.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Энэ хуулийг зөрчсөн гэм буруутай этгээдэд холбогдох хуульд заасан хариуцлагыг хүлээлгэнэ.”, 23.2-т “Энэ хууль, хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, эсхүл зөрчиж болзошгүй нь хяналт шалгалтаар тогтоогдсон, тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаагүй нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол энэ хуулийн 19.1-д заасан байгууллагын эрх бүхий албан тушаалтан үүссэн нөхцөл байдал, дутагдлыг харгалзан дараах арга хэмжээг авна:” гээд 23.2.1-д “дутагдлыг арилгах талаар албан шаардлага тавьж, сануулга өгөх, хугацаатай үүрэг, даалгавар өгөх;”, 23.3-д “Эрх бүхий албан тушаалтнаас энэ хуулийн 23.2-т заасны дагуу өгсөн хугацаатай үүрэг, даалгавар, сануулга, шаардлагыг биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.” гэж заажээ.

Хуулийн заалтаас дүгнэхэд, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг зөрчсөн, эсхүл зөрчиж болзошгүй нь гэмт хэргийн эсхүл, зөрчлийн шинжгүй тохиолдолд л дутагдлыг арилгах талаар албан шаардлага тавьж, сануулга өгөх, хугацаатай үүрэг даалгавар өгөх арга хэмжээг эрх бүхий этгээд авч хэрэгжүүлэх боломжтой байна. Харин Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг зөрчсөн үйлдэл, эс үйлдэл нь гэмт хэргийн, эсхүл зөрчлийн шинжтэй тохиолдолд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх агуулгатай байна.

Түүнээс гомдол гаргагчийн маргаж байгаа үндэслэлд дурдсанаар “зөрчлийн шинжтэй арга хэмжээ авахаас өмнө заавал урьдчилан дутагдлыг арилгах талаар албан шаардлага хүргүүлж, сануулах, хугацаатай үүрэг өгөх” арга хэмжээг хэрэглэхийг эрх бүхий этгээдэд болох улсын байцаагчид үүрэг болгосон шинжийг агуулаагүй байна. Тухайлан хэлбэл, Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжийг агуулсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагаас өмнө заавал хугацаатай үүрэг даалгавар өгөх урьдчилсан нөхцөлийг заасан заалт биш байна.

Үүний учир гомдол гаргагчаас Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А-293 дугаар журмын 1 дүгээр хавсралтын 4.3.1-д “дутагдалтай” гэж дүгнэсэн тохиолдолд банканд хугацаат үүрэг даалгавар өгч биелэлтэд хяналт тавьж ажиллана” гэсэн заалтыг баримтлаагүй, “..дутагдалтай гэж дүгнэсэн тохиолдолд банканд хугацаат үүрэг даалгавар өгч, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах, биелэлтэд хяналт тавьж ажиллахаар, журам, хуульд заасан байтал шууд торгууль ногдуулсан нь үндэслэлгүй” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймээс маргаан бүхий шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжийг агуулж байгаа үндэслэлээр, зөрчлийн хэрэг нээж улмаар зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, зөрчил ногдуулсан үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан сонгох боломжоо хэрэгжүүлэхдээ дээр дурдсан гомдол гаргагчийн маргаж байгаа хууль зүйн үндэслэлээр буруутгах, хуульд нийцээгүй өөрт хуулиар олгогдсон бүрэн эрхийг хэтрүүлсэн, зөрчсөн  гэж үзэх үндэслэлгүй байна. 

Мөн хариуцагч улсын байцаагчаас хийсэн хяналт шалгалт нь Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Н/34 дугаарын тушаалын дагуу гомдол гаргагч банкны мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааны эрсдэлийн удирдлага, харилцагчийг таньж мэдэх, талаарх банкны үйл ажиллагаа, мэдээлэх үүрэгтэй холбоотой банкны үйл ажиллагаа, тусгайлан хяналт тавих үйл ажиллагаа, санхүүгийн хоригийн хэрэгжилтийг шалгаж үнэлэлт, дүгнэлт өгөх зэрэг 4 чиглэлээр хийгдсэн байна. Уг 4 чиглэлийн дагуу хийгдсэн хяналт шалгалтаар гомдол гаргагч банкийг харилцагчийн эцсийн өмчлөгчийг тогтоохтой холбоотойгоор Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.3, 5.2.4 дэх заалтын хэрэгжилтийг хангаж ажиллах, тайлагнах арга хэмжээ авахыг дурдсан байна.[1]  

Уг шалгалтын дүнг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зөрчих гэсэн 11.29 дүгээр зүйлийн 2-т “Эцсийн өмчлөгчийг тогтоох талаар хуульд заасан зохицуулалтыг зөрчсөн бол зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж ..., хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасны дагуу шийтгэлийн хуудас үйлдсэн хариуцагчийг буруутгах үндэслэлгүй юм. 

2.Мөн гомдол гаргагчаас “...илүү нарийвчилсан хуулийг хэрэглэх байтал ерөнхий харилцааг зохицуулсан Зөрчлийн тухай хуулийг хэрэглэсэн нь үндэслэлгүй” гэж маргажээ.

Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд 1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино.” гэжээ.

Харин Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах эрх зүйн үндсийг тогтооход оршино.” гэж заажээ.

Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Энэ хуулийг зөрчсөн гэм буруутай этгээдэд холбогдох хуульд заасан хариуцлагыг хүлээлгэнэ.”, 23.2-т “Энэ хууль, хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, эсхүл зөрчиж болзошгүй нь хяналт шалгалтаар тогтоогдсон, тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаагүй нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол энэ хуулийн 19.1-д заасан байгууллагын эрх бүхий албан тушаалтан үүссэн нөхцөл байдал, дутагдлыг харгалзан дараах арга хэмжээг авна:”, 23.3-д “Эрх бүхий албан тушаалтнаас энэ хуулийн 23.2-т заасны дагуу өгсөн хугацаатай үүрэг, даалгавар, сануулга, шаардлагыг биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.” гэж зохицуулжээ.

Зөрчлийн тухай хуулийн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зөрчих гэсэн 11.29 дүгээр зүйлийн 2-т “Эцсийн өмчлөгчийг тогтоох талаар хуульд заасан зохицуулалтыг зөрчсөн бол зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж, харин Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Энэ хуулийн 5.1-д заасны дагуу харилцагчийг таньж мэдэхийн тулд энэ хуулийн 4.1-д заасан этгээд дараах арга хэмжээ авна: 5.2.3.эцсийн өмчлөгчийн нэрийн өмнөөс данс нээж, гүйлгээ хийж байгаа эсэхийг мэдэх, ойлгох зорилгоор тухайн бизнесийн харилцааны зорилго, гүйлгээний утга, эцсийн хүлээн авагчийн тухай мэдээллийг тодруулах; 5.2.4.харилцагч нь хуулийн этгээд бол түүний эцсийн өмчлөгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрийг тодорхойлж, эцсийн өмчлөгчийн талаар болон харилцагчийн өмчлөл, хяналт, зохион байгуулалтын бүтцийг таньж мэдэхтэй холбоотой боломжит бүх арга хэмжээг авах;” гэж тус тус заажээ.

Дээрхи хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасныг зөрчсөн тохиолдолд а/гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол уг хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан албадлагын арга хэмжээг авах, б/ уг албадлагын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд уг хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т заасны дагуу Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага тооцох, в/ гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй тохиолдолд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага ногдуулах гэсэн албадлагын арга хэмжээ болон хариуцлагын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр зохицуулжээ.

Маргааны хувьд улсын байцаагчаас гомдол гаргагч банкыг  Зөрчлийн тухай хуулийн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зөрчих гэсэн 11.29 дүгээр зүйлийн 2-т заасныг зөрчсөн зөрчил үйлдсэн гэж үзэж шийтгэл ногдуулж, “эцсийн өмчлөгчийг тогтоох талаар зохицуулсан” Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.3, 5.2.4-т заасныг тус тус зөрчсөн гэж үзсэн нь хууль хэрэглэхдээ хууль зөрчсөн хариуцлагатай холбоотой ерөнхий хуулийг хэрэглэсэн, нарийвчилсан хуулийг хэрэглээгүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй бөгөөд хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Учир нь Зөрчлийн тухай хууль болон Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн “хууль зөрчсөнтэй холбоотой хүлээлгэх хариуцлагын талаархи” заалтууд нь хоорондоо зөрчилдөөгүй бөгөөд Зөрчлийн тухай хуулийн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зөрчих гэсэн 11.29 дүгээр зүйлийн 2 дахь заалт болон Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх заалт нь ижил харилцааг зохицуулаагүй байна.

3.Шийтгэлийн хуудсанд 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр түүвэрлэсэн баримтаас 41 хуулийн этгээдийн харилцагчийн хувийн хэргийн бүрдэл дутуу, эцсийн өмчлөгч тодорхойгүй байдлыг тогтоосон, мөн хяналт шалгалтаар гомдол гаргагч банкны 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 30-ны хүртэлх хугацааны мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ажиллагаанд хяналт шалгалт хийсэн гэдэг нь үзлэг хийсэн тэмдэглэл,[2] холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл[3], газар дээрх шалгалтын материал[4] зэргээр тогтоогдож байна.

Иймээс гомдол гаргагчаас “Зөрчлийн тухай хууль 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн байтал хууль мөрдөгдөж эхлэхээс өмнөх 2008-2016 онуудад гаргасан зөрчилд шийтгэл ногдуулж, хуулийг буцаан хэрэглэсэн нь үндэслэлгүй” гэж маргаж байгаа үндэслэл тогтоогдохгүй байна.

Дүгнэхэд, хариуцагч улсын байцаагчийн шийтгэлийн хуудас үйлдсэн үйлдлийг хуульд нийцээгүй бөгөөд уг шийтгэлийн улмаас гомдол гаргагч банкны үйлдээгүй зөрчилдөө шийтгэл хүлээхгүй байх, хуульд нийцээгүй үндэслэлээр гаргасан шийтгэлийн хуудснаас шалтгаалж гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн  хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага ТОГТООХ нь:

1.Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 2, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.3, 5.2.4, Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг тус тус үндэслэн гомдол гаргагч ҮХБ ХХК-ийн “Монголбанкны Хяналт шалгалтын газрын Тусгай хяналтын албаны хянан шалгагч Б.М-гийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №0050227 дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү”  гэсэн шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид гомдол гаргагчаас төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                             А.САРАНГЭРЭЛ