Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Санги-Очирын Олзод |
Хэргийн индекс | 105/2022/0037/Э |
Дугаар | 2022/ШЦТ/62 |
Огноо | 2022-01-03 |
Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
Улсын яллагч | Ц.Батболд |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 2022/ШЦТ/62
2022 01 03 2022/ШЦТ/62
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттэргэл,
улсын яллагч Ц.Батболд,
шүүгдэгч хохирогч Э.Б.,
шүүгдэгч хохирогч Б.Д. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А. овогт Э.гийн Б., Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б. овогт Б.ы Д. нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 02408 2627 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2002 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хөдөө аж ахуйн их сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 4, А. овогт Э.гийн Б..
Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа нийтийн байр ажиллуулдаг, ам бүл 5, Б. овогт Б.ы Д..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Б. нь 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 21:00-22:00 цагийн үед Баянзүх дүүргийн 2 дугаар хороо, 1 дүгээр гудамжны 194 тоот нийтийн байрны гадаа үл ялих зүйлээр шалтаглан бусадтай маргалдаж, улмаар хохирогч Б.Д.ий цээжин тус газар өшиглөж, эрүүл мэндэд нь зүүн 3, 4, 5 дугаар хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Б.Д. нь 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 21:00-22:00 цагийн үед Бянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 1 дүгээр гудамжны 194 тоот нийтийн байрны гадаа өөрийн төрсөн эцэг Д.Б.ыг зодлоо хэмээн Э.Б.ын нүүрэн тус газар өшиглөж, эрүүл мэндэд нь нэг шүдний хугарал, доод уруулын шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Э.Б.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 07 дугаар сарын 12-ны өдөр болон 13-ны өдөр өөрийн найз Анхбаярын түрээслэж байсан өрөөнд дүү нар болох Мөнх-Эрдэнэ, Өсөхбаяр, Отгонбаяр нарын хамт 2 хоносон. Энэ үед манай найз Анхбаярын түрээсийн хугацаа дуусаад 2 хоночихсон ба би өөрийн найз Анхбаярын хамт байрны эзэн болох ахаас “мөнгөө өгтлөө амьдарч байя” гэж гуйсан чинь эзэн нь “мөнгө өгөхгүй бол зайл” гэж хэлэхээр нь “тэгвэл хувцсаа аваад явлаа” гэсэн. “Эхлээд илүү хоёр хоносон мөнгийг өгөөд дараа нь хувцсаа” ав гэхээр нь би дүү нарын хамт байрны ажил хийхээр явсан. Тэгээд 07 дугаар сарын 14, 15-ны өдөр ажил хийгээд, мөнгөө аваад, ажлаа тараад тэр мөнгөөрөө өөр байр түрээслээд, дараа нь хувцсаа авахаар Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 1-194 тоот буюу Анхбаярын түрээслэж байсан байранд 21:00 цагийн үед очсон. Тэгээд байрны эзэн байхгүй байхаар нь хашааны гадаа хүлээж байхдаа би багын найз болох Анхбаяртай байрны түрээсийн мөнгөнөөс болж маргалдаад, хоорондоо барилцаж аваад байж байтал байрны ах, өөрийн эхнэрийн хамт машинтайгаа ирэхээр нь би Мөнх-Эрдэнэ, Өсөхбаяр, Отгонбаяр нарын хамт хашаанд ороод байрны эзэн ахтай уулзахаар хүлээгээд, би гар утсаа оролдоод байж байтал байрны эзэн Б. гэдэг хүн над руу ирээд миний үснээс хоёр гараараа зулгаагаад дарсан чинь энэ үед цаана нь юм будаад зогсч байсан хүүхэд нь гэх нэг залуу гүйж ирээд миний ам хэсэг рүү 3 удаа өшиглөсөн. Тэгээд түүнээс нь болж миний хуучин хугараад ломбо хийлгэсэн байсан зүүн талын үүдэн шүдний ломбо нь унаад, бас тогтоосон төмөр нь хөдлөөд, доод талын уруул дотор талдаа язарч, цус гарсан. Тэгээд энэ үед надтай цуг байсан дүү нар болох Мөнх-Эрдэнэ, Өсөхбаяр, Отгонбаяр нар намайг салгаж авах гэсэн чинь тэнд байсан байрны хүмүүс нь барьж авсан байсан. Ингээд миний амнаас цус гараад, шүд хугарчихлаа гэсэн чинь намайг зодохоо болиод, удалгүй цагдаа ирсэн. Ер нь бол миний биед учруулсан гэмтлүүдийг Б. гэх нэртэй нийтийн байрны эзний хүү учруулсан. Харин Б. гэх хүн үсдсэнээс болж миний үс бөөн бөөнөөрөө унасан. Одоо би 200.00 төгрөг нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-15/,
- Хохирогч Б.Д.ий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр өөрийн аав ээжийн хамт ажиллуулдаг Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их Дарь-Эхийн 1-194 тоот хашаан дотор байдаг нийтийн байранд засвар буюу гадна талын ханыг будаж байсан чинь орой 21:00 цагийн үед манай хашаан дотор манай нийтийн байрыг түрээслэж байсан Анхбаяр гэх залуу орж ирээд надад “би танай аавтай чинь уулзах гэсэн юм” гэхээр нь би “аав буюу Б. нь байхгүй, гараад явчихсан байна, ойрхон явсан тул би дуудчихъя” гээд аав руу залгаад, “хүн уулзахаар ирсэн байна” гээд үргэлжлүүлээд засвараа хийж эхэлсэн. Тэгээд удалгүй манай аав Б., ээж Сарангэрэлийн хамт буцаад ирсэн ба машинтайгаа хашаан дотор орж ирээд, аав машинаас буугаад хүн уулзана гэж байсан болохоор хашааны хаалга хэсэг рүү явсан ба эргэж хараад ээжид “цагдаа дуудаарай, хүмүүс зодолдоод байна” гэж хэлэхээр нь би харсан чинь аав буцаад хашааны том хаалга хаах гээд татсан ба тэр үед цаанаас нь нэг буржгар үстэй /Э.Б./ залуу орж ирээд тэрхэн зуур манай аавтай зууралдаад, манай аав нөгөө залуугийн толгой хэсэг дээр дарчихсан харагдсан. Тэгсэн чинь хашааны цаанаас дахиад нэг бараан хувцастай залуу орж ирээд нөгөө хоёртой зууралдаад байхаар нь би тэрийг хараад “хүүш, та нар юу болж байна” гээд ухасхийн гүйгээд очсон. Учир нь манай аав Б. саяхан бие нь өвдөөд хэвтэрт хэвтэж, эмчилгээ хийлгэж байгаад боссон болохоор ямар нэгэн юм болоод, дахин тийм зүйл болж магадгүй гэж бодоод ухаан жолоогүй гүйгээд очсон. Тэр үед манай аавд толгой дээрээ даруулчихсан байсан залуу /Э.Б./ нуруугаа бөхийлгөчихсөн тонгойж байхдаа манай аавын бие рүү хоёр гараараа цохиод, сүүлд орж ирсэн залуу нь хамт зууралдаад байхаар нь би гүйж очоод нөгөө манай аавд толгойгоо даруулаад, тонгойнгоо аав Б.ыг цохиж байсан залуугийн /Э.Б./ гарнаас татаад, өөрийн ааваас салгаад, дараа нь нөгөө хоёр дахь орж ирсэн залуугийн гараас барьж авсан чинь эхлээд миний очиж салгасан буржгар үстэй /Э.Б./ залуу миний хүзүү хэсэг рүү цохих шиг болоод, дараа нь миний араас тэвэрч байгаад хөл рүү цохиод, би баруун талаараа газар унасан ба газар унаад шууд өөрийнхөө нүүрийг хаасан чинь миний зүүн гарын шуу хэсэг рүү болон цээж, зүүн талын хавирга хэсэг рүү нөгөө намайг газар унагаадаг буржгар үстэй залуу өшиглөсөн. Яг хэдэн удаа өшиглөсөнг би мэдэхгүй байна. Тэгээд удалгүй энд тэндээс баахан хүмүүс ирчихсэн бид нарыг салгаад удаагүй байхад цагдаа нар ирсэн. Тухайн хэрүүл маргаанд би болон манай аав Б., тэгээд нөгөө эхлээд хашаагаар орж ирсэн буржгар үстэй залуу, мөн дараа нь орж ирсэн залуу нар оролцсон. Би очоод өөрийн аавыг салгахаар татаж чангаасан зүйл байгаа. Түүнээс хэн нэгнийг цохиж зодсон зүйл байхгүй. Намайг буржгар үстэй залуу газарт хүзүү хэсэг рүү цохиж болон хөл рүү өшиглөж унагаасан. Бас намайг унасны дараа миний бие рүү өшиглөсөн. Тухайн буржгар үстэй залуугаас өөр хүн намайг өшиглөх боломжгүй гэж бодож байна. Буржгар үстэй залуугийн араас орж ирсэн бараан хувцастай залуу миний аавтай зууралдаад, бие биеийнхээ хувцаснаас барьчихсан зогсож байсан болохоос манай аавыг намайг харж байхад цохиогүй, миний биед халдаагүй. Тухайн хэрүүл маргаан болсон 2021 оны 07 дугаар сарын 15-ны орой миний биеийн гадна талд ямар нэгэн гэмтэл шарх учраагүй байсан боловч хоёр хоногийн дараачаас миний зүүн цээжний зүүн хөхний доод талд хөндүүрлээд өвдөөд байхаар нь эмнэлэгт үзүүлсэн чинь миний зүүн талын урд 3, 7 дугаар хавирга хугарсан байна гэж надад хэлсэн. Би тухайн өдрөөс болж хавирга хугарсан гэж бодож байна. Ө.Ундрах гэдэг хүн манай нийтийн байрны жижүүр хүн юм. Энэ хүн тухайн хэрүүл маргаан болох үед байхгүй байсан. Ө.Ундрах эмээ хэрүүл маргаан болох үед оролцоогүй. Харин холоос харж байсан байж магадгүй. Би өөрийн эрүүл мэндээрээ хохирсон, эмчилгээний зардал нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30/,
- Гэрч О.Өсөхбаярын мөрдөн шалган ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр би өөрийн найзууд болох Отгонбаяр, Мөнх-Эрдэнэ, Анхбаяр, Б. нарын хамт барилгын туслах ажил хийж байгаад орой 19:00 цаг өнгөрч байхад тарсан. Тэгээд бид нар тэндээсээ Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Их Дарь-Эхийн тэнд нийтийн байр Отгонбаяр, Б. нарын хамт түрээслэхээр болоод тохирсон. Тэгээд бид нар хашааных нь гадаа байрны эзэнг хүлээгээд байж байсан чинь Анхбаяр, Б. нар хоорондоо юм ярьж байгаад барьцалдаад авсан. Б. Анхбаярын хөлийг тахимдаад унагаагаад байж байсан чинь байрны эзэн гэх ах эхнэртэйгээ ирээд машинтайгаа хашаа руу орсон ба Б. түрээсийн мөнгөө өгөх гээд хашаа руу нь бөөндөө орсон чинь байрны эзэн гэх ах машинаасаа бууж ирээд шууд манай найз Б.ыг үсдэж авахаар нь би очиж салгасан. Б.ыг нөгөө байрны эзэн гэх ах ахиад 2 гараараа үсдэж аваад доош нь дарсан чинь цаанаа юм будаж байсан хүү нь гэх залуу гүйж ирээд Б.ын нүүр хэсэг рүү өшиглөөд, над руу салаавч гаргаад, “хэдүүлээ үзье” гээд орилоод байсан чинь байрны эзний эхнэр цагдаа дуудсан. Энэ үед би Б.ыг харсан чинь нүүр лүү өшиглөөд, хуучин ломботой шүдийг хугалчихлаа гээд амнаас нь цус гарч байсан. Хашааны гадаа Б., Анхбаяр нар хоорондоо маргалдахдаа хэн нэгнийхээ биед халдаагүй, ямар нэгэн гэмтэл учруулаагүй. Б., Анхбаярыг нэг удаа тахимдаж унагаасан. Гэхдээ үүнээс болж гэмтэл учраагүй. Хашаанд мөнгөө өгөхөөр орохоос өмнө Б.ын биед ямар нэгэн гэмтэл учраагүй, зүгээр байсан. Б.ын үснээс нь байрны эзэн ах Б. зулгаасан, хүүхэд нь үснээс нь зулгаасан байхад нь Б.ын нүүр лүү өшиглөсөн. Байрны эзэн гэх Б.ы биед хэн нэгэн халдаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36/,
- Гэрч П.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Тэгээд бид нар байраа олчихоод, дараа нь миний түрээслэж байсан Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 1-194 тоот хашаанд байдаг нийтийн байрны эзэн Б. гэх ахад илүү хоног хэтэрсэн гээд 50.000 төгрөгөө өгөөд, хувцсаа өрөөнөөсөө авъя гэж хэлээд бөөндөө 21:00 цагийн үед очсон. Тэгээд нийтийн байрны гадаа очиход байрны эзэн гэх ах, эгч хоёр байхгүй, хүүхэд нь гэх залуу ганцаараа байшингаа будаж байсан тул хүлээнгээ хашааны гадаа байхдаа би өөрийн найз Б.т “би байрны эзэнтэй уулзаад илүү хоногийн мөнгөө өгөөд хувцсаа авна, та нар эндээ байж бай” гэсэн чинь Б. дургүйцээд, бид хоёр түүнээс болж маргалдаж, бие биеийнхээ хувцаснаас бариад зууралдсан чинь Б. намайг давхар хамаад, газар унагаагаад, салаад байж байтал байрны эзэн болох Б. эхнэрийн хамт ирэхээр нь бид нар хашаан дотор дагаж ороод, би нойл ороод гараад ирсэн чинь байрны эзэн болох Б. Б.ын үснээс нь зулгаагаад, дараа нь хүү нь гэх залуу нүүр лүү өшиглөснөөс болоод Б.ын ломботой хиймэл шүд нь хугараад унасан гээд амнаас нь цус гарчихсан зогсч байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. Би хашааны гадаа Б.тай хоорондоо маргалдахдаа хэн нэгнийхээ биед халдаагүй, ямар нэгэн гэмтэл учруулаагүй. Б. намайг нэг удаа унагаасан. Гэхдээ үүнээс болж гэмтэл учраагүй. Хашаанд орохоос өмнө Б.ын биед ямар нэгэн гэмтэл учраагүй байсан. Тухайн хэрүүл маргаанд манай найзуудаас зөвхөн Б. оролцсон. Ө.Ундрах гэх эмээгийн биед хэн нэгэн халдахыг би хараагүй, мөн хэн нэгний биед халдаж байхыг нь хараагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40/,
- Гэрч Б.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр би өөрийн найзууд болох Отгонбаяр, Анхбаяр, Б. нарын хамт барилгын туслах ажил хийж байгаад орой 19:00 цаг өнгөрч байхад тарсан. Хашааных нь гадаа байрны эзэнг хүлээж байсан чинь Анхбаяр, Б. ах хоёр байрны ахтай аль нэг нь уулз аа гээд ярьж байснаа Б. ах Анхбаяр ахыг хөл рүү нь орж татаад газар унагаахаар нь би очоод салгаад босгож байсан чинь байрны эзэд болох ах, эгч хоёр ирээд, хашаа руугаа машинтайгаа орохоор нь араас нь Б. ах, Отгонбаяр хоёр уулзахаар надаас түрүүлээд хашаа руу нь ороод, удалгүй араас нь би орсон чинь байрны эзэн гэх ах манай найз Отгонбаярыг үсдчихсэн зогсож байхаар нь би шууд очоод салгасан чинь нөгөө байрны эзэн ах Б. ахыг зөрүүлээд үсдээд, доош нь дарсан чинь нөгөө байрны эзэн ахын хүүхэд гэх залуу ирээд Б.ын нүүр лүү 3 удаа өшиглөсөн ба очиж салгаж чадаагүй. Би байрны эзэн болон хүүхэд нь Б. ахыг ямар шалтгааны улмаас тэгж зодож, үсдсэнийг мэдэхгүй байна. Тухайн үед өөр хэн нэгэн хэрүүл маргаанд оролцоогүй ба би Б. ахыг салгаад нүүрийг нь харсан чинь үүдэн шүд нь унаад, цус гарчихсан байсан. Би хэн нэгний биед халдаагүй, миний биед хэн нэгэн халдаагүй. Байрны эзэн гэх Б.ы биед хэн нэгэн халдаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 42, 43/,
- Гэрч Д.Сарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2021 оны 07 дугаар сарын 15-ны орой өөрийн нөхөр Б.ы хамт өөрийн гэрээс ойрхон айлд очиж, барилгын багаж авахаар явсан. Тэгээд би нөхрийн хамт машинтайгаа хашаа руугаа орсон ба хашаа руу орж байхад манай нөхөр Б. нь надад “хашааны гадаа хүмүүс зодолдоод байна, цагдаад дуудлага өгчих” гэхээр нь би цагдаагийн дотоод утас болох 94945413 гэсэн дугаарт дуудлага өгчихөөд машинаас буугаад харсан чинь хэд хэдэн хүмүүс бужигнаж байсан ба нэг харсан чинь манай нөхрийг нэг залуу хананд шахчихсан байсан ба наад талд нь хэд хэдэн хүмүүс хоорондоо бужигнаад, нөгөө хүмүүс дээр очоод өөрийн нөхрийг зуурсан байсан нэг цоохор захтай срочкан цамцтай залуугаас өөрийн нөхрийг татаж холдуулаад, гэртээ оруулаад, буцаад гарч ирэхэд маргалдахаа больчихсон байсан. Би машинаас буугаад харахад манай хашааны хаалганы ойролцоо манай нөхөр Б., хүү Д. нар нь өмнө манай нийтийн байрыг түрээслэж байсан Анхбаяр гэдэг хүүхэд болон түүн дээр ирж хонож байсан залуучуудтай хэрүүл маргаан хийгээд хоорондоо зууралдчихсан байсан. Би яг хэн нь хэнийгээ цохиж байхыг бол хараагүй. Би Ө.Ундрах эмээгийн биед хэн нэгэн халдахыг хараагүй. Харин хэрүүл маргааны дараа Ө.Ундрах эмээгийн зүүн өвдөг шалбарсан байсан ба би Ө.Ундрах эмээгээс юу болсон талаар асуухад хэрүүл маргааныг болиулах гэж дунд нь явж байгаад газар унаад хөлөө шалбалсан гэж надад хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 45-47/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 6368 дугаартай: “1. Э.Б.т нэг шүдний хугарал, доод уруулын шарх тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 56, 57/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 7069 дугаартай: “1. Б.Д.ий биед зүүн 3, 4, 5 дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 60, 61/,
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Б. нь 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 21:00-22:00 цагийн үед Баянзүх дүүргийн 2 дугаар хороо, 1 дүгээр гудамжны 194 тоот нийтийн байрны гадаа үл ялих зүйлээр шалтаглан бусадтай маргалдаж, улмаар хохирогч Б.Д.ий цээжин тус газар өшиглөж, эрүүл мэндэд нь зүүн 3, 4, 5 дугаар хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Б.Д. нь 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 21:00-22:00 цагийн үед Бянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 1 дүгээр гудамжны 194 тоот нийтийн байрны гадаа өөрийн төрсөн эцэг Д.Б.ыг зодлоо хэмээн Э.Б.ын нүүрэн тус газар өшиглөж, эрүүл мэндэд нь нэг шүдний хугарал, доод уруулын шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- Хохирогч Э.Б.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Байрны эзэн Б. гэдэг хүн над руу ирээд миний үснээс хоёр гараараа зулгаагаад дарсан чинь энэ үед цаана нь юм будаад зогсч байсан хүүхэд нь гэх нэг залуу гүйж ирээд миний ам хэсэг рүү 3 удаа өшиглөсөн. Тэгээд түүнээс нь болж миний хуучин хугараад ломбо хийлгэсэн байсан зүүн талын үүдэн шүдний ломбо нь унаад, бас тогтоосон төмөр нь хөдлөөд, доод талын уруул дотор талдаа язарч, цус гарсан...” гэх мэдүүлэг,
- Хохирогч Б.Д.ий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэр үед манай аавд толгой дээрээ даруулчихсан байсан залуу /Э.Б./ нуруугаа бөхийлгөчихсөн тонгойж байхдаа манай аавын бие рүү хоёр гараараа цохиод, сүүлд орж ирсэн залуу нь хамт зууралдаад байхаар нь би гүйж очоод нөгөө манай аавд толгойгоо даруулаад, тонгойнгоо аав Б.ыг цохиж байсан залуугийн /Э.Б./ гарнаас татаад, өөрийн ааваас салгаад, дараа нь нөгөө хоёр дахь орж ирсэн залуугийн гараас барьж авсан чинь эхлээд миний очиж салгасан буржгар үстэй /Э.Б./ залуу миний хүзүү хэсэг рүү цохих шиг болоод, дараа нь миний араас тэвэрч байгаад хөл рүү цохиод, би баруун талаараа газар унасан ба газар унаад шууд өөрийнхөө нүүрийг хаасан чинь миний зүүн гарын шуу хэсэг рүү болон цээж, зүүн талын хавирга хэсэг рүү нөгөө намайг газар унагаадаг буржгар үстэй залуу өшиглөсөн. Яг хэдэн удаа өшиглөсөнг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг,
- Гэрч О.Өсөхбаярын мөрдөн шалган ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ... байрны эзэн гэх ах машинаасаа бууж ирээд шууд манай найз Б.ыг үсдэж авахаар нь би очиж салгасан. Б.ыг нөгөө байрны эзэн гэх ах ахиад 2 гараараа үсдэж аваад доош нь дарсан чинь цаанаа юм будаж байсан хүү нь гэх залуу гүйж ирээд Б.ын нүүр хэсэг рүү өшиглөөд, над руу салаавч гаргаад, “хэдүүлээ үзье” гээд орилоод байсан чинь байрны эзний эхнэр цагдаа дуудсан. Энэ үед би Б.ыг харсан чинь нүүр лүү өшиглөөд, хуучин ломботой шүдийг хугалчихлаа гээд амнаас нь цус гарч байсан. Хашааны гадаа Б., Анхбаяр нар хоорондоо маргалдахдаа хэн нэгнийхээ биед халдаагүй, ямар нэгэн гэмтэл учруулаагүй. Б., Анхбаярыг нэг удаа тахимдаж унагаасан. Гэхдээ үүнээс болж гэмтэл учраагүй. Хашаанд мөнгөө өгөхөөр орохоос өмнө Б.ын биед ямар нэгэн гэмтэл учраагүй, зүгээр байсан. Б.ын үснээс нь байрны эзэн ах Б. зулгаасан, хүүхэд нь үснээс нь зулгаасан байхад нь Б.ын нүүр лүү өшиглөсөн...” гэх мэдүүлэг,
- Гэрч П.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би нойл ороод гараад ирсэн чинь байрны эзэн болох Б. Б.ын үснээс нь зулгаагаад, дараа нь хүү нь гэх залуу нүүр лүү өшиглөснөөс болоод Б.ын ломботой хиймэл шүд нь хугараад унасан гээд амнаас нь цус гарчихсан зогсч байсан. Би хашааны гадаа Б.тай хоорондоо маргалдахдаа хэн нэгнийхээ биед халдаагүй, ямар нэгэн гэмтэл учруулаагүй. Тухайн хэрүүл маргаанд манай найзуудаас зөвхөн Б. оролцсон...” гэх мэдүүлэг,
- Гэрч Б.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Удалгүй араас нь орсон чинь байрны эзэн гэх ах манай найз Отгонбаярыг үсдчихсэн зогсож байхаар нь би шууд очоод салгасан чинь нөгөө байрны эзэн ах Б. ахыг зөрүүлээд үсдээд, доош нь дарсан чинь нөгөө байрны эзэн ахын хүүхэд гэх залуу ирээд Б.ын нүүр лүү 3 удаа өшиглөсөн ба очиж салгаж чадаагүй. Тухайн үед өөр хэн нэгэн хэрүүл маргаанд оролцоогүй ба би Б. ахыг салгаад нүүрийг нь харсан чинь үүдэн шүд нь унаад, цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 6368 дугаартай: “1. Э.Б.т нэг шүдний хугарал, доод уруулын шарх тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 7069 дугаартай: “1. Б.Д.ий биед зүүн 3, 4, 5 дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Б.ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Д.ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж үзлээ.
Учир нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримт зэргээс үзвэл 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 1 дүгээр гудамжны 194 тоот нийтийн байрны гадаа шүүгдэгч Э.Б. нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас буюу бусадтай түрээсийн төлбөр, орон байрны асуудлаас болж маргах, үл ойлголцох явцдаа “аавыгаа өмөөрч намайг өшиглөсөн” гэх шалтгаанаар хохирогч Б.Д.ий цээжин тус газар нь өшиглөж, улмаар 3, 4, 5 дугаар хавиргыг нь хугалж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Б.Д. нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас буюу “өөрийн эцэг Д.Б.тай зодолдлоо” гэх шалтгаанаар хохирогч Э.Б.ын нүүр хэсэгт нь өшиглөж, улмаар нэг шүдний хугарал, доод уруулын шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байхаас гадна гэрчүүдийн мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, шинжээчийн дүгнэлтүүд хэргийн үйл баримт, цаг хугацаатай тохирч байна.
Өөрөөр хэлбэл, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Э.Б.т, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Д.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгч нарыг тус тус гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч хохирогч Э.Б. нь хохирогчоор болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “...Би өмнө нь 200.000 төгрөгөөр төмөртэй ломбо хийлгэсэн байсан тул 200.000 төгрөг нэхэмжилж байна. Надад эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй байна.” гэж, шүүгдэгч хохирогч Б.Д. нь хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “...Би эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Надад эмнэлгийн байгууллагад үзүүлсэн баримт байгаа.” гээд мөрдөн байцаалтын шатанд үзлэг, оношлогоо хийлгэсний нийт 180.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн боловч яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “...Бид сайн дураараа эвлэрч, өөрсдөд учирсан хохирлоо нөхөн төлсөн.” гэж тайлбарласан, мөн шүүгдэгч нар нь харилцан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа тус тус бичгээр илэрхийлсэн /хх-ийн 131-132/ байх тул Э.Б., Б.Д. нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов. Өөрөөр хэлбэл, шүүх гагцхүү баримтаар тогтоогдсон хохирол, төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулах бөгөөд баримтаар нэхэмжилсэн боловч тодорхой шалтгаанаар, сайн дураараа нэхэмжлэхээс татгалзах нь хохирогчийн эрх тул харилцан хохирол төлүүлэх шаардлагагүй гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.
Улсын яллагдагчаас иргэн Ө.Ундрахад холбогдох нотлох баримтуудыг хэргийн нотлох баримтаас хасуулах хүсэлтийг гаргасан.
Хавтаст хэргийн 7 дугаар талд иргэн Ө.Ундрахын цагдаагийн байгууллагад гаргасан гомдол авагдаж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 6366 дугаар дүгнэлтэд “...Ө.Ундрахад зүүн өвдгөнд шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, үрэх үйлдлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” /хх-ийн 67-68/ гэсэн байх боловч тус эрүүгийн хэрэгт Ө.Ундрахыг хохирогчоор тогтоогоогүйгээс гадна түүнд холбогдох мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн эсэх талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй тул Ө.Ундрахын гаргасан гомдол, түүнд гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргийг хэргийн нотлох баримтаас хасах шаардлагагүй, харин шүүх тэдгээрийг үнэлээгүйг тэмдэглэвэл зохино.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Э.Б., Б.Д. нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нарын харилцан хууль бус, зүй бус үйлдлээс тус тус шалтгаалсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал буюу Э.Б. нь Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутан тул нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах буюу суралцах байдалд нь саад учруулж болзошгүй, харин Б.Д. нь ам бүл 5 буюу эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, түүнд тухайн зүйл, хэсэгт заасан торгохоос өөр төрлийн ял оногдуулах зайлшгүй үндэслэл тогтоогдоогүй зэрэг байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Э.Б.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Д.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А. овогт Э.гийн Б.ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б. овогт Б.ы Д.ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б.т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д.д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б., Б.Д. нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Б.т оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ял, Б.Д.д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Б., Б.Д. нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЛЗОД