Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/124

 

 

 

 

 

 

 

 

 

    2022        01         18                                      2022/ШЦТ/124

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттэргэл,  

улсын яллагч Ц.Батболд,

шүүгдэгч Л.О. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан О. овогт Л.ын О.д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2106 04251 0056 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын механик мэргэжилтэй, “Эм Эс Эм” ХХК-д автын механик ажилтай, ам бүл 4, О. овогт Л.ын О..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.О. нь 2021 оны 11 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 22 дугаар байрны 55 тоотод хамтран амьдрагч Э.З.тай маргалдаж, улмаар хүүхдийн хөлд оруулагч тоглоомоор цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.О. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Э.З.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 22-55 тоотод Билэгт, Батбаяр, хамтран амьдрагч Л.О., О.Дэлгэрмандах 11 сартай хүү нарын хамтаар байсан юм. Тухайн үед хамтран амьдрагч Л.О.тэй болон бусад хүмүүстэй юм яриад сууж байтал үл ялих маргаан гарсан ба хамтран амьдрагч Л.О. миний үснээс зулгааж байгаад дээрээс дэвсээд, толгой, нүүр, хамар, хүүхдийн хөлд оруулагч тоглоомоор хоёр хөл рүү цохиод, зодоод байсан. Тухайн үед орилж хашгираад хажуу айлын хүмүүс цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би дүү Батбаяртай юм яриад сууж байтал шууд зодоод унасан. Миний нүүр, толгой, хоёр гарын бугалга, уруул язарсан байна. Хоёр хөл хөхөрч хавдсан байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 17, 21-22/,

- Гэрч Г.Билэгтийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Тэр 2 дахиад хэрэлдээд, хүүхэд нь уйлсан ба сэрээд өрөө лүү ороход нэг нэгэн лүүгээ хүүхдийн хөлд оруулагч шийдсэн байдалтай байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30/,

- Гэрч Н.Батбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Тэр хоёрыг ямар шалтгааны улмаас маргалдсаныг мэдэхгүй байна. Унтаж байхад хоорондоо маргалдаж байхыг нь сонссон. Сүүлд сэрэхэд ямар ч байсан ноцолдсон байдалтай харагдсан. Э.З. эгч сүүлд сэрэхдээ өмнө аваарай, туслаарай гээд байсан. Тэгээд сэрээд өрөө лүү нь орсон чинь ноцолдсон байдалтай байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35/,

- Гэрч Д.Энхболдын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Гадуур явж байсан чинь Н.Батбаяр, Г.Билэгт рүү залгаад “Л.О. ах эхнэртэйгээ муудалцаад, хэрэлдээд байна” гэж дуудсан. Тэгээд бид 2 явж очсон ба бид хоёрыг  гаднаас ороход хэрэлдээд зогсож байсан. Би хүүхдийг нь авсан бөгөөд бид 3 нөгөө хоёр хандаад дундуур нь ороод “одоо боль” гэж хэлсэн. Тэр хоёрыг ямар шалтгааны улмаас маргалдсаныг мэдэхгүй байна. Г.Билэгт бид хоёрыг гадуур явж байхад Н.Батбаяр “маргалдаад байна” гээд дуудсан ба явж очоод хэрүүлийг нь болиулаад унтсан. Тэгтэл дахиж босоод хэрэлдсэн юм. Тэгэхэд цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/,

- Яллагдагч Л.О.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Эхнэр бид 2 хүүхэд буйдангаас унасан асуудлаас болж маргалдаж эхэлсэн. Манай эхнэр над руу янз бүрийн үг хэлээд дайраад байсан. Би хариуд нь хүүхдийн  хөлд оруулагч аваад эхнэрийн гуя, хөл рүү 2-3 удаа цохисон юм. Тэгэхэд манай эхнэр хашхирсан ба тэр үед дүү нар сэрээд бид хоёрыг салгасан. Хаалга цохихоор нь онгойлгосон чинь цагдаа нар ирчихсэн байсан. Өөрийнхөө хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Дахиж ийм зүйл хийхгүй. Эхнэр бид хоёр эв зүйгээ олсон. Тухайн үед энэ асуудлыг ийм байдалд хүрнэ гэж бодоогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 7-10/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11673 тоот: “Э.З.гийн биед хоёр бугалга, шилбэ, нуруу, баруун тохой, өвдөг, ташаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/,

- Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 102-104/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Л.О. нь 2021 оны 11 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 22 дугаар байрны 55 тоотод хамтран амьдрагч Э.З.тай маргалдаж, улмаар хүүхдийн хөлд оруулагч тоглоомоор цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Л.О.д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             Л.О. нь 2021 оны 11 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 22 дугаар байрны 55 тоотод хамтран амьдрагч Э.З.тай маргалдаж, улмаар хүүхдийн хөлд оруулагч тоглоомоор цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Э.З.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...хамтран амьдрагч Л.О. миний үснээс зулгааж байгаад дээрээс дэвсээд, толгой, нүүр, хамар, хүүхдийн хөлд оруулагч тоглоомоор хоёр хөл рүү цохиод, зодоод байсан. Миний нүүр, толгой, хоёр гарын бугалга, уруул язарсан, хоёр хөл хөхөрч хавдсан байна.” гэх мэдүүлэг,  

- Гэрч Г.Билэгтийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...өрөө лүү ороход тэр хоёр нэг нэгэн лүүгээ хүүхдийн хөлд оруулагч шийдсэн байдалтай байсан.” гэх мэдүүлэг,

- Гэрч Н.Батбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Унтаж байхад хоорондоо маргалдаж байхыг нь сонссон. Тэгээд сэрээд өрөө лүү нь орсон чинь ноцолдсон байдалтай байсан.” гэх мэдүүлэг,  

- Гэрч Д.Энхболдын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Г.Билэгт бид хоёрыг гадуур явж байхад Н.Батбаяр “маргалдаад байна” гээд дуудсан ба явж очоод хэрүүлийг нь болиулаад унтсан. Тэгтэл дахиж босоод хэрэлдсэн юм.” гэх мэдүүлэг,

- Яллагдагч Л.О.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Эхнэр бид 2 хүүхэд буйдангаас унасан асуудлаас болж маргалдаж эхэлсэн. Манай эхнэр над руу янз бүрийн үг хэлээд дайраад байсан. Би хариуд нь хүүхдийн  хөлд оруулагч аваад эхнэрийн гуя, хөл рүү 2-3 удаа цохисон юм. Тэгэхэд манай эхнэр хашхирсан ба тэр үед дүү нар сэрээд бид хоёрыг салгасан. Хаалга цохихоор нь онгойлгосон чинь цагдаа нар ирчихсэн байсан. Өөрийнхөө хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Дахиж ийм зүйл хийхгүй. Эхнэр бид хоёр эв зүйгээ олсон. Тухайн үед энэ асуудлыг ийм байдалд хүрнэ гэж бодоогүй.” гэх мэдүүлэг,  

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11673 тоот: “Э.З.гийн биед хоёр бугалга, шилбэ, нуруу, баруун тохой, өвдөг, ташаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй.” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Л.О.г гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Л.О.д Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хохирогч Э.З. нь хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Л.О.д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О. овогт Л.ын О.г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О.д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Л.О.д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Л.О. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.О.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ОЛЗОД