| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэн-Ишийн Сансармаа |
| Хэргийн индекс | 183/2017/01036/И |
| Дугаар | 1058 |
| Огноо | 2017-05-09 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 1058
| 2017 оны 05 сарын 09 өдөр | Дугаар 183/ШШ2017/01058 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сансармаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ажилчдын гудамж, ШДШ-ийн 32 дугаар байр, 1-р орцны 13 тоотод оршин суух, Боржигон овогтой Банзрагчийн Оюунчимэг /РД:МЬ73120809/-ийн хүсэлттэй,
Нэхэмжлэлийн шаардлага:Ё.Чулуунготовтой хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Оюунчимэг, нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Оюунчимэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Б.Оюунчимэг миний бие Ё.Чулуунготовтой 1996 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод анх танилцаж, 1996 оныхоо өвөл нэг гэрт орж амьдарсан. Ингээд 1997 онд анхны охиноо төрүүлсэн. 2000 онд 2 дахь хүүгээ төрүүлж өсгөсөн. Тэр цагаас хойш бид хоёр нэг гэрт хамтран амьдарч байгаад нөхөр Ё.Чулуунготов маань 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүнд цохиулж нас барсан. Бид энэ хугацаад хадам эгч Ё.Чулуунцэцэгийн барьсан компанийнх нь 2 өрөө байр буюу Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Ажилчдын гудамж ШДШ-ийн 32 дугаар байрны 1 дүгээр орцны 13 тоотод амьдарч байсан. Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан Хүү Ч.Зоригт тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох болсон тул бид хоёрыг 1996 оноос 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Б.Оюунчимэг нь Ё.Чулуунготовтой хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Б.Оюунчимэгийн хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэж байна.
Хүсэлт гаргагч Б.Оюунчимэг нь Ё.Чулуунготовтой хамтын амьдралтай байснаа тогтоолгосноор, насанд хүрээгүй хүү Ч.Зоригтод тэжээгчээ алдсаны тэтгэлэг авах эрх үүснэ гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.
Б.Оюунчимэг, Ё.Чулуунготов нар 1996 онд танилцаж, 1996 оноос хамтран амьдарч байгаад, 1997 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр охин Ч.Цэцэгсайхан, 2000 оны оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүү Ч.Зориг нарыг төрүүлсэн ба эцэг Ё.Чулуунготов нь 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр зуурдаар нас барсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, ¹0000194302 дугаартай нас барсны лавлагаа, гэр бүлийн фото зураг, гэрч Ё.Чулуунчимэг, Ё.Чулуунцэцэг нарын тайлбар, мэдүүлэг, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын хорооны тодорхойлолт, хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Б.Оюунчимэгийн Ё.Чулуунготовтой хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 133-р зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар нэхэмжлэгч Боржигон овогтой Банзрагчийн Оюунчимэг нь Боржигон овогтой Ёндонгын Чулуунготовтой /талийгаач/ 1996 оноос 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Оюунчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.САНСАРМАА