Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/39

 

 

 

 

 

 

                     

                                   

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,     

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,                

улсын яллагч Г.Отгон /томилолт/,     

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,  

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105000001869 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, оны  дугаар сарын -ний өдөр Улаан******* хотод төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , ах, эгч, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн  дүгээр хороо Уяачдын задгай тоотод оршин суух,

Урьд Төв аймаг дахь сум дундын 23 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 4 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Төв аймаг дахь сум дундын 23 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Сум дундын 23 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 4 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялын зарим болох 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн, ******* /РД: /

 

Холбогдсон хэргийн талаар  

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 19 цагийн үед Баянгол дүүргийн ******* дүгээр хороо Зүүн Ард Аюушийн ***** дугаар гудамжны *** тоотод хохирогч Ө.М- хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар заазуураар дух хэсэгт нь зүсэж эрүүл мэндэд нь “духанд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:     

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 19 цагийн үед Баянгол дүүргийн *** дүгээр хороо Зүүн Ард Аюушийн **** дугаар гудамжны **** тоотод хохирогч Ө.М- хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар заазуураар дух хэсэгт нь зүсэж эрүүл мэндэд нь “духанд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:   

 

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

 

Үүнд: 

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ө.М-ын өгсөн:

 

“...2021 оны 10 дугаар сарын 18-ны орой 19 цагийн үед намайг таксинд явж байтал манай найз Ө- намайг Баянгол  дүүргийн ***** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах найзынхаа амьдардаг нийтийн байранд байна, хамт юманд явах гэсэн юм гэхээр нь би Ө-гийн хэлсэн нийтийн байранд очиход Ө-, *******аа болон нэрийг нь мэдэхгүй ч зүс таних 3 эрэгтэй хүн болон *******аа гэх залуугийн найз охин нь гэх эмэгтэй хүмүүс нилээн олуулаа байцгааж байсан бөгөөд тухайн үед тэд нар архи дарс уугаагүй эрүүл байцгааж байсан. Тэгээд Ө- бид хоёр гараад миний машинтай гадуур явж Ө-гийн ажлыг амжуулчихаад эргээд нийтийн байрандаа иртэл Ө-гийн найзууд болох *******аа болон бусад хүмүүс бөөндөө тухайн нийтийн байранд архи ууцгааж байсан. Тэгээд би тухайн хүмүүстэй хамт ууж байсан архинаас нь цуг уугаад байж байтал *******аа гэх залуу анх намайг ороход найз охиныгоо гэж танилцуулж байсан эмэгтэйгээсээ өөр эмэгтэй хүн рүү хандархаад байхаар нь би *******аад хандаж “чи найз охиныхоо хажууд өөр эмэгтэй хүн рүү хандархаад болж байгаа юм уу” гэж хэлтэл *******аа надад хандаж чамд хамаагүй, пизда минь гэж хэлээд сууж байсан газраасаа босоод явчихаар нь би тоолгүй байж байтал хаанаас авсан гэдгийг нь би анзаараагүй ямар байсан над руу ирээд миний дух руу нэг юмаар цохих шиг болтол миний духнаас цус гоожоод нүүр, нүдгүй урсаад эхэлсэн чинь *******аагийн найз охин гэх эмэгтэй “заазуураар нүүрийг нь зүсчихлээ ш дээ” гэж орилсон бөгөөд тэр үед *******аа гартаа барьсан байсан заазуураа үүд рүү шидээд, би нүүрээ дараад доошоо суусан бөгөөд хамт байсан хүмүүс маань миний цусыг тогтоох алчуур, даавуу хайгаад бужигнаад байж байтал цагдаа, түргэн тусламж ирсэн. Духны шархыг *******аа гэх залуу заазуураар заазуурдаж учруулсан. Харин хүзүү, баруун даланд зулгаралт гэсэн гэмтлүүдийг миний бие тухайн өдөр спортын бэлтгэл хийж байгаад маажуулчихсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,   

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.М- өгсөн:

 

“...2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр би гэртээ байж байтал манай найз М- над руу залгаад хороололд нэгэн нийтийн байранд хүмүүстэй архи ууж байна, намайг тухайн нийтийн байрандаа хүрээд ирээч гэхээр нь байгаа газрыг нь заалгаад яваад ортол тухайн нийтийн байранд М- үл таних дөрвөн эрэгтэй, дөрвөн эмэгтэй хүмүүстэй архи уугаад байж байсан. Би М-ын хамт байсан хүмүүстэй танилцахад Ө-, Х-, У-, Б- гэх дөрвөн эмэгтэй, Н-, *******аа, Т- болон тухайн нийтийн байранд амьдардаг гэх бас нэгэн эрэгтэй хүмүүс байсан. Би тэд нартай хамт архи уулгүйгээр хараад сууж байсан чинь Х- гэх эмэгтэй М-той хэл амаараа маргалдаад байж байтал гэнэт *******аа гэх эрэгтэй хөлдөөгчин дээр байсан заазуурыг барьж аваад М- дээр явж очоод нүүрийг нь хоёр удаа зүстэл М-ын нүүрнээс нь маш их цус гарахаар нь би гарт тааралдсан даавуун зүйлээр нүүрийг нь дарж, цусыг нь тогтоогоод миний бие өөрөө цагдаад дуудлага өгөөд удалгүй цагдаа нар ирээд *******аа гэх эрэгтэйг аваад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/, 

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч *******ын өгсөн:

 

“...би тухайн эрэгтэй хүнд хандаж “чи болиочоо” гэтэл миний үгэнд орохгүй “би дөрвөн эрэгтэй хүний хүчтэй, гадаадад таван жил цэргийн сургуульд сурч байгаад ирсэн, та нар намайг барахгүй шүү” энэ тэр гээд байхаар нь би хөлдөөгчин дээр байсан ногоон өнгийн иштэй, заазуурыг гартаа барьж аваад нөгөө агсам тавиад байсан эрэгтэй рүү явж очоод гартаа барьсан байсан заазуураараа хоёр удаа зүстэл нөгөө эрэгтэйн нүүр нь битүү цус болчихоор нь би тухайн үед хамт байсан хүмүүст цагдаа дуудаарай гэж хэлчихээд заазуураа газар шидчихээд нийтийн байрнаас гарч яваад ойролцоо байрлах зочид буудлын өрөөнд ганцаараа байж байтал цагдаа нар орж ирээд намайг бариад, эрүүлжүүлэх байранд аваачиж хийсэн..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54-55 дахь тал/, 

 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №10147 дугаартай:

1. Ө.М-ын биед духанд шарх, хүзүү, баруун даланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн, мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хавтаст хэргийн 40-41 дахь тал/, 

 

Шинжээч эмч Б.Даваасүрэнгийн: “...Ө.М-ын биед учирсан духны шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..”  /хавтаст хэргийн 46 дахь тал/,

 

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 65/,

- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 95/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. 

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 19 цагийн үед Баянгол дүүргийн **** дүгээр хороо Зүүн Ард Аюушийн ***** дугаар гудамжны ***** тоотод хохирогч Ө.М- хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар заазуураар дух хэсэгт нь зүсэж эрүүл мэндэд нь “духанд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

 

Шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хохирлын талаар:  

 

Хохирогч Ө.М- нь 612.605 төгрөгийн хохирол нэхэмжилсэн ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 612.605 /зургаан зуун арван хоёр мянга зургаан зуун тав/ төгрөг гаргуулж, хохирогч Ө.М-од олгохоор шийдвэрлэсэн болно.  

    

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.  

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ыг 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял...оногдуулах саналыг гаргажээ.

 

Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ыг 400 /дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т сануулах нь зүйтэй.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсэг нь 13 мм, бариул хэсэг нь 10.5 см хэмжээтэй нийт 23.5 см урттай заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдъя.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,    36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ыг 400 /дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.

 

  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 612.605 /зургаан зуун арван хоёр мянга зургаан зуун тав/ төгрөг гаргуулж, хохирогч Ө.М-од олгосугай.      

 

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсэг нь 13 мм, бариул хэсэг нь 10.5 см хэмжээтэй нийт 23.5 см урттай заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.  

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ