| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Санги-Очирын Олзод |
| Хэргийн индекс | 105/2022/0091/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/126 |
| Огноо | 2022-01-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/126
2022 01 18 2022/ШЦТ/126
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттэргэл,
улсын яллагч М.Эрдэнэзаяа,
шүүгдэгч П.С. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт П.ийн С.од яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 00000 2677
дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Б. овогт П.ийн С..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.С. нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны 22:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, “Сансар” хотхоны Оргил 1-03 тоотод А.Б.тай маргалдаж, толгойн тус газар нь өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.С. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч А.Б.ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр найз П.С.той уулзаад, гадуур явж байгаад найз Б.Мөнх-Эрдэнэтэй уулзахаар Цайзын тийшээ очиж, бид гурав 1 шил архи, пиво уучихаад П.С.ын гэр лүү явсан юм. П.С.ын гэрт очоод л юу болсон талаар санахгүй байгаад байгаа юм. Тэгээд нэг мэдсэн чинь цагдаагийн алба хаагч нар, дуудлагаар эмч ирчихсэн миний толгойд оёо тавьж байсан юм. Тэгсэн чинь П.С.ыг цагдаагийн алба хаагч нар аваад эрүүлжүүлэх байр луу аваад явсан. П.С. нь хэлэхдээ хоёулаа маргалдаад, гадаа гарч газарт унаад, чиний толгой руу чинь би барилгын ажилд өмсдөг гутлаараа нэг өшиглөсөн юм гэж хэлээд байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 11/,
- Гэрч Б.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “П.С., А.Б. хоёр хоорондоо юм яриад, маргалдаад байсан. Тэгээд би гараад 00 орчихоод буцаж гэр лүү нь ороход П.С., А.Б. хоёр барьцалдаад авсан байсан ба А.Б.ы толгой хагарсан байдалтай цус гарч байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 12/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 26 дугаартай “А.Б.ы биед зулайн ар хуйханд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 17/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч П.С. нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны 22:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, “Сансар” хотхоны Оргил 1-03 тоотод А.Б.тай маргалдаж, толгойн тус газар нь өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- Хохирогч А.Б.ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр найз П.С.той уулзаад, гадуур явж байгаад найз Б.Мөнх-Эрдэнэтэй уулзахаар Цайзын тийшээ очиж, бид гурав 1 шил архи, пиво уучихаад П.С.ын гэр лүү явсан юм. П.С.ын гэрт очоод юу болсон талаар санахгүй байна. Тэгээд нэг мэдсэн чинь цагдаагийн алба хаагч нар, дуудлагаар эмч ирчихсэн миний толгойд оёо тавьж байсан. П.С. нь хэлэхдээ хоёулаа маргалдаад, гадаа гарч газарт унаад, чиний толгой руу чинь би барилгын ажилд өмсдөг гутлаараа нэг өшиглөсөн юм гэж хэлсэн.” гэх мэдүүлэг,
- Гэрч Б.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “П.С., А.Б. хоёр хоорондоо юм яриад, маргалдаад байсан. Тэгээд би гараад 00 орчихоод буцаж гэр лүү нь ороход П.С., А.Б. хоёр барьцалдаад авсан байсан ба А.Б.ы толгой хагарсан байдалтай цус гарч байсан.” гэх мэдүүлэг,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 26 дугаартай “А.Б.ы биед зулайн ар хуйханд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Учир нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримт зэргээс үзвэл 2021 оны 12 дугаар сарын 03-ны 22:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, “Сансар” хотхоны Оргил 1-03 тоотод шүүгдэгч П.С. нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас буюу согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн найз А.Б.тай “гэрийн эд зүйл шидсэн, агсарсан” гэх шалтгаанаар маргалдаж, хохирогч А.Б.ы толгой хэсэгт нь өшиглөж, улмаар зулайн ар хуйханд нь язарсан шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байхаас гадна хохирогч, гэрч нарын мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, шинжээчийн дүгнэлт хэргийн үйл баримт, цаг хугацаатай тохирч байна.
Өөрөөр хэлбэл, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан П.С.од яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч А.Б. нь гомдол саналгүй, шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэж тайлбарласан байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч П.С.од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа санаатай гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу П.С. нь эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, тодорхой тохиолдолд хувиараа хөдөлмөр эрхэлж, ар гэрийн амьжиргаагаа залгуулдаг зэрэг нөхцөл байдлуудаас үзвэл түүнд торгохоос өөр төрлийн буюу нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулвал түүний гэр бүлийн гишүүдийн, тэр дундаа хүүхдийн эрх ашиг хөндөгдөх нөхцөл үүсч болзошгүй тул шүүгдэгч П.С.од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б. овогт П.ийн С.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.С.од 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.С.од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.С.од оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.С. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЛЗОД