| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэн-Ишийн Сансармаа |
| Хэргийн индекс | 183/2017/01016/и |
| Дугаар | 1059 |
| Огноо | 2017-05-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 1059
| 2017 оны 05 сарын 09 өдөр |
Дугаар 183/ШШ2017/01059 |
Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сансармаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, уяачдын 3 дугаар гудамж, 49а тоотод оршин суух, Галуут овогтой Рагчаагийн Наранхүү /РД:ПН66071203/-ийн нэхэмжлэлтэй
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.Наранхүү, нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Наранхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Р.Наранхүү миний бие Ховд аймгийн Чандмань суманд төрж өссөн. Бага балчир наснаасаа эцэг эхийн халамжинд хүмүүжин, 1981 онд Ховд аймгийн Чандмань сумын Ерөнхий боловсролын 8 жилийн сургуульд сурч төгсөөд, 1982 оноос хойш эцэг эхийн хамт “Шинэ зам” нэгдэл 4-р бригадад малчин ногоочноор ажиллаж, улмаар 1990 он хүртэл тус нэгдэлд ажилласан юм. Миний бие дээрх нэгдэлд ажиллаж байх үед дарга нь н.Сандаг гэдэг хүн байсан. Мөн тухайн үед надтай хамт Р.Жаргалсайхан, Р.Очирбат зэрэг олон хүмүүс хамт ажиллаж байсан. Миний бие тэтгэвэрт гарах болоход тухайн үед ажиллаж байсан талаар хөдөлмөрийн дэвтэр, тушаал зэрэг баримтууд байхгүй олдохгүй байдаг, архиваас авах гэхээр Үндэсний төв архив, Ховд аймгийн төв архив, Чандмань суманд “Шинэ зам” нэгдлийн 4-р бригадын талаархи баримт байхгүй байгаа юм. Иймд Рагчаа овогтой Наранхүү намайг 1982 оноос 1990 он хүртэл хугацаанд Ховд аймгийн чандмань сумын “Шинэ зам” нэгдэл 4-р бригадад малчин, ногоочноор нийт 8 жил ажиллаж байсан гэдгийг тогтоож өгнө үү” гэв.
Шүүх нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Р.Наранхүү нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ.
Р.Наранхүүгийн гаргасан хүсэлтэд иргэний хэрэг үүсгэж, уг хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэгдэх үндэслэлтэй байх ба хүсэлт гаргагч нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүснэ гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үндэслэн Г.Наранхүүгийн хүсэлтийг бүхэлд нь ханган шийдвэрлэх нь зүйтэй байна.
Р.Наранхүү нь Ховд аймаг, Чандмань сумын “Шинэ зам” нэгдлийн 4-р бригадад 1982 оноос 1990 он хүртэл, малчин, ногоочноор ажиллаж байсан болох нь Р.Наранхүүд 1980 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймаг, Чандмань сумын “Шинэ зам” нэгдлийн газраас олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар дээрх бичилтүүд, 1984 оны “Ногоо бригад”-ын хамт олонтой авахуулсан гэрэл зураг, Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 128 дугаар тодорхойлолт, гэрч Р.Жаргалсайханы “...би Ховд аймаг, Чандмань сумын “Шинэ зам” нэгдэл 4-р бригадад 1972 оноос 1990 он хүртэл малчнаар ажилласан. Р.Наранхүү нь 1982 оноос 1990 он хүртэл малчнаар ажиллаж байсан нь үнэн” гэсэн мэдүүлэг, гэрч П.Очирбат “...би Ховд аймаг, Чандмань сумын “Шинэ зам” нэгдэл 4-р бригадад 1969 оноос хойш 1990 он хүртэл малчнаар ажиллаж байсан. Р.Наранчимэг нь тус нэгдэлд 1982 оноос 1990 он хүртэл малчин, ногоочноор ажиллаж байгаад 1991 оноос хот явсан” гэсэн мэдүүлэг болон түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар дээрх бичилтүүд зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Р.Наранхүү нь Ховд аймаг, Чандмань сумын “Шинэ зам” нэгдлийн 4-р бригадад 1982 оноос 1990 он хүртэл малчин, ногоочноор ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заанаар Галуут овогтой Рагчаагийн Наранхүү нь нь Ховд аймаг, Чандмань сумын “Шинэ зам” нэгдлийн 4-р бригадад 1982 оноос 1990 он хүртэл малчин, ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.Наранхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.САНСАРМАА