Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
Хэргийн индекс | 188/2022/0155/Э |
Дугаар | 2022/ШЦТ/162 |
Огноо | 2022-02-11 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Д.Ганчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/162
2022 02 11 2022/ШЦТ/162
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
нарийн бичгийн дарга: Б.Энхжин,
улсын яллагч: Д.Ганчимэг,
шүүгдэгч: С.Г нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Год холбогдох эрүүгийн 2108000000000 тоот хэргийг 2022.01.03-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Увс аймгийн Улаангом суманд 1991 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гидромеханик инженер мэргэжилтэй, “Г” ХХК-нд талбайн инженер ажилтай, ам бүл-4, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо Булгийн 00-000б тоотод оршин суух, урьд хоёр удаагийн ял шийтгэлтэй, Засгууд овогт С-гын Г /РД:**0000000/ нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Г нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 17 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” ХХК-ийн агуулахын хашаанд Г ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Этэй нэмэгдэл хөлсний асуудлаар маргалдаж байх явцдаа иргэн О.Хийн толгойн тус газарт чулуугаар 2 удаа цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага мэдээлэл /хх-137/,
- Иргэн О.Хийн гомдол, ажил гүйцэтгэх гэрээ /хх-138-139/,
- Хохирогч О.Хийн: “2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр манай захирал Б.Э хийсэн шилэн металл, шилэн фасад авна гэж Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Монос” ХХК-ийн агуулахын хашаанд очоод металл болон шилэн фасадаа авч байхад Галаа хүрч ирээд миний баруун гарын булчин хэсэг рүү гараа атгаж байгаад нэг удаа цохиж түлхсэн юм. Тэгээд манай дарга Б.Эийг “гөлөгнүүдээ аваад зайл хаанахын хулгайчууд авч ирсэн юм” гэж хэлсэн юм. Тэгээд цаанаас нь Галаагийн ах гэх нэг залуу гарч ирээд Б.Эийг нүүр рүү нь гараа атгаж байгаад 1 удаа цохиж аваад Галаагийн хүн болох үл таних 2 хүн дарж аваад цохиод байсан. Тэгээд би очоод эхлээд цохисон хүнийг нь татаж авахад миний толгой руу Галаа газар байсан чулуугаар 2 удаа миний толгойны зулай хэсэгт цохисон юм. Тэгээд би орхичоод холдож цусаа арчсан юм. Тэгээд би Галаад “чи миний толгой руу цохичихлоо” гэхэд “хохь нь шүүх цагдаагаараа яваад юмаа олж долоогоорой” гэсэн юм. Тухайн үед манай дарга Б.Эийг Галаагийн ах нь гараараа ямар ч байсан нэг удаа цохисон. Би салгах гээд очиход Галаа намайг чулуугаар миний толгойны орой хэсэгт буюу зулай руу 2 удаа чулуугаар цохиж зодсон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 146-148/,
- Гэрч Б.Эийн: “Манай ажилчин О.Хтэй, “Монос” ХХК дээр ажиллаж байсан талбайн инженер С.Г гэх залуу маргалдаад байсан бөгөөд миний бие өөрийн ажилчин О.Хийг өмөөрөөд С.Гтой маргалдаж байхад С.Гын ах нь гэх 30 орчим насны, 180 орчим см өндөртэй С.М гэх залуу намайг гэнэт миний баруун шанаа руу 1 удаа цохисон. Тэр үед би газарт унасан ба унасны дараа “Монос” ХХК-ийн талбай дээр ажиллаж байсан Мөнх-Эрдэнэ гэх залуу миний толгой ар дагз, баруун чихний ар хэсэг рүү 1 удаа өшиглөсөн ба надтай хамт явсан залуучууд ирээд салгахад манай ажилчин О.Хийн ар толгой хэсэг рүү нь С.Г баруун гартаа чулуу барин цохисон. Тухайн үед манай компанийн ажилчин Мөнх-Эрдэнэ гэх залуу С.Гыг болиулах санаатай хойноос нь тэвэрч хамтдаа даран газар унагасан. Унаад босоход С.Гын хамар нь халцарсан босож ирсэн. ...Би Мөнх-Эрдэнэ гэх хүнтэй маргалдаж барьцалдаж байх үед манай ажилчин О.Х нь салгахад С.Г нь О.Хийн толгой хэсэг рүү гартаа чулуу барин цохисон. ...би эмнэлгийн байгууллагаар эмчлүүлж чадаагүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 156-159/,
Гэрч С.Мын: “ажил хийж байхад гаднаас хэдэн хүмүүс ирээд урд талын барилгын шилэн фасадтай хэсэг дээр ирээд Б.Э гэх хүн хүмүүсээрээ шилэн фасад зүсэж авахыг нь аваад дүү С.Гтой маргалдаад байсан. Би очоод “та нар одоо яаж байгаа юм бэ” гэхэд Б.Э нь “чи хэн юм бэ” гэхээр нь малгайтай цамцнаас нь татаад хавсарч унагаасан. Тэгсэн чинь Б.Э босож ирээд намайг шанаадаад авсан. Тэгээд байж байтал дүү С.Г, Б.Эийн хамт явж байсан О.Х гэх хүн ирээд салгасан. С.Г нь Б.Этэй маргалдаж байхад О.Х нь салгах гээд явж байсан. С.Гтой О.Х маргалдсан зүйл байхгүй, салгах гэж очиход ганц хоёр цохичих шиг болсон. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-160-161/
- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 10557 дугаартай: “О.Хийн биед зулайн хуйханд шарх, цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх зулайн хуйханд шарх цус хуралт, тархи доргилт гэмтэл нь тус тус эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /х.х-168-169/
-Шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 10557 дугаартай: С.Гын биед хамрын нуруунд цус хуралт, зулгаралт, баруун чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өгзөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-163-164/ зэрэг баримтууд хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч С.Гын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.Г нь Г Эра ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Этэй нэмэгдэл хөлсний асуудлаар маргалдаж байх явцдаа иргэн О.Хийн толгойн тус газарт чулуугаар 2 удаа цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хохирогч О.Хийн мэдүүлэг, гомдол, гэрч Б.Э, С.М нарын мэдүүлэг, шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 10557 дугаартай дүгнэлт /хх-146-148, 156-158, 160-161,168-169/ болон С.Гын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-177/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Гын энэхүү үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул С.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйл хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Гын хууль бус санаатай үйлдлийн улмаас иргэн О.Хийн биед “зулайн хуйханд шарх, цус хуралт, тархи доргилт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 10557 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг нөхөн төлж арилгахыг хохирогч О.Х нь шаардах эрхтэй, шүүгдэгч С.Г нь өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорын төлбөрийг нөхөн төлж, хариуцан арилгах үүрэгтэй байна.
Хохирогч О.Х нь цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гомдолдоо “тэр оройноос буюу 27-ны оройноос гэмтлийн эмнэлгийн тусламж, эмчилгээ, төлбөртэй шинжилгээ буюу толгойны компьютер томографи, цээжний компьютер томографи хийлгээд гэмтлийн эмчийн бичиж өгсөн эм тариа антибиотикийг хэрэглээд гэрээрээ өрх дээрээ боолт хийлгээд хэвтрийн дэглэм барих шаардлагатай гэсэн учир ажлаа хийхгүй гэртээ эмчлүүлж байна. С.Г миний биед гэмтэл учруулаагүй бол гэрээ цуцлагдахгүй ажлаа хийгээд цалин хөлсөө авах байлаа, хийсэн гэрээ цуцлагдсан тул орлогогүй болоод байна. Миний эмчилгээ болон надад учирсан санхүүгийн хохирлыг барагдуулж өгөхийг хүсэж өргөдөл гаргасан болно” гэж, уг өргөдөлд Г Эра ХХК-тай байгуулсан 2021 оны 10 дугаар сарын 25-наас 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл 20 хоногийн хугацаатай, 35 сая төгрөгийн төлбөр бүхий ажил гүйцэтгэх гэрээг хавсарган өгчээ. /хх138-142/ С.Год холбогдох эрүүгийн хавтаст хэргийг судалж үзэхэд хохирогч О.Х нь иргэний нэхэмжлэлийг нотлох дээр дурьдсан ажил гүйцэтгэх гэрээнээс өөр баримт гаргаж өгөөгүй байх ба шүүгдэгч С.Гоос хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, түүний шаардлага нь баримтаар хангалттай нотлогдохгүй байна. Хохирогч нь хуульд зааснаар өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгах тухай шаардлага гаргах эрхийг чөлөөтэй эдлэх боловч нөгөө талаас тухайн шаардлагаа нотлох баримтаа гаргаж, хэрэгт хавсаргуулах үүрэгтэй. Иймд хохирогч О.Хийн иргэний нэхэмжлэл нь баримтаар хангалттай нотлогдохгүй, нэхэмжлэлийн үнэ тодорхойгүйн улмаас түүнийг иргэний нэхэмжлэл гаргасанд тооцох үндэслэлгүй тул О.Хийн эрүүл мэндэд учирсан гэм хорын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо. Хохирогч О.Х нь шаардлагатай гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байна.
Хохирогч О.Хэд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “Шүүх хуралдаанд оролцохгүй. Би хөдөө байна. С.Гоос нийт 1,5 сая төгрөг авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн болох нь шүүхийн мэдэгдэх хуудсаар тогтоогдож байх тул С.Г нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж арилгасан, бусдад төлбөргүй болсон байна.
Шүүгдэгч С.Г нь урьд 2 удаа ял шийтгүүлж байсан нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 245 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж байсан.
2. Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 91 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, зан үйлээ засах сургалтад хамрагдах албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн. С.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 2019.01.07-ны өдөр, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг 2019.08.08-ны өдөр тус тус биечлэн эдэлсэн болох нь шийтгэх тогтоолын хуулбар хувь, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх123-127/ баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Г нь 2012 оны 7 дугаар сарын 5-ны өдөр хорих ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг үйлдээгүй учир Эрүүгийн хуулийн /2002 оны/ 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар ялгүй болсон. 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдөр шүүхээс оногдуулсан торгох ял, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биечлэн эдэлж дуусгасан байх тул урьд 2 удаа ял шийтгүүлсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.
Шүүгдэгч С.Г нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг сайн дураараа мөнгөөр нөхөн төлж арилгасан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Дээрх нөхцөл байдал болон хохирогч О.Х, гомдолгүй болсон, С.Г нь бусдад төлөх төлбөргүй болсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан, түүний хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас санал болгосончлон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 57 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан яллагдагч С.Год холбогдох зарим хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь тогтоогдож байна. /хх-243-244/
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу яллагдагч С.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, “С.Г нь О.Хийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.
Иймд дээр дурьдсан прокурорын тогтоолд өмгөөлөгч Э.Шинэзоригоос гаргасан гомдлыг Нийслэлийн прокурорын газраас ирүүлснийг хэлэлцэхгүй орхилоо. Тухайн гомдлоо жичид нь шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Засгууд овогт С-гын Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Засгууд овогт Сүхтулгын Год 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан С.Год оногдуулсан 700000 төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч С.Г нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч О.Хэд 1500000 төгрөг хүлээлгэн өгсөн ба хохирогч нь “гомдол саналгүй” гэсэн ба иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Год урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино гэдгийг С.Год мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ