Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 131/ШШ2017/00527

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа би

Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум 6 дугаар баг, 4 дүгээр гудамж, 44 тоотод оршин суух, РЭ82062415 регистрийн дугаартай, Хотгойд овогт Магваны Дасдаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ИНЕГ-ын харъяа Баянхонгор аймаг дахь Нисэх буудалд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 1.300.000 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Дасдаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие М.Дасдаа нь 2005 онд анх Хөвсгөл аймгийн нисэх буудалд ажилд орсон. 2009 онд Баянхонгор аймаг дахь нисэх буудалд шилжин орж нислэгийн удирдагч гэсэн албан тушаалд томилогдон орсон. Ажиллаж байх хугацаандаа үр бүтээлтэй ажиллаж Иргэний нисэхийн Ерөнхий газрын жуух, баярын бичиг болон нисэх буудлын даргын шагналаар 2 удаа шагнагдаж байсан. 2017 оны 05 сарын 04-ний өдөр нислэгийн удирдагч Энхболдын гараанд гарах ээлж байсан бөгөөд тухайн өдөр нь би амарч байх хугацаандаа өөрийн найз нөхдийн хамт баяр тэмдэглэж, согтууруулах ундаа бага зэрэг хэрэглэсэн. Ингээд би 2017 оны 05 сарын 04-ний өдрийн өглөө эрт Энхболдоос мөнгө авахаар ирсэн бөгөөд ирэхэд Төмөрбаатар дарга намайг архидан согтуурсан үедээ ажлын байран дээр ирсэн гэсэн үндэслэлээр ажлаас халсан. Тус нисэх буудалд нислэгийн удирдагч 2 хүн ажилладаг бөгөөд албан ёсны ээлжийн хуваарьт удирдлагаас гаргаагүй тул өөрсдөө, хоорондоо тохиролцож, ээлжид гарч ажилладаг. Намайг ажлаас халсан Баянхонгор аймаг дахь Нисэх будлын даргын 2017 оны 05 сарын 05-ны өдрийн Б/28 дугаар тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй, намайг ажлаас халсан гэж дарга хэлчихээд надад огт тушаал гардуулаагүй тул миний бие Иргэний нисэхийн Ерөнхий газрын даргын А/66 тоот тушаалын дагуу 14 хоногийн сургалтад сууж, буудлын зардал 700.000 төгрөгийг өөрөөсөө төлсөн. А/66 тушаалд зааснаар миний сургалтын зардлыг нисэх буудал төлөх ёстой байсан. Хэрэв дарга Ц.Төмөрбаатар дарга надад тушаал гарсан талаар танилцуулж, чи сургалтад явах шаардлагагүй гээд танилцуулсан бол миний нэрийг Иргэний нисэхийн Ерөнхий газарт хасч би өөрөөсөө зардал гаргаж сургалтад суух шаардлагагүй байсан. Дарга Ц.Төмөрбаатар нь 2017 оны 05 сарын 22-ны өдөр зөвхөн факсаар авсан тушаал гардуулан өгсөн бөгөөд өнөөдрийг хүртэл эх хувийг өгөхгүй байна. Надад ямар нэгэн байдлаар шат дараалсан арга хэмжээ авсан байсан бол би гомдолгүй байх байсан.

Иймд намайг Баянхонгор аймаг дахь Нисэх буудлын нислэгийн удирдлагын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 1.300.000 төгрөгийг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М.Дасдаа шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие Баянхонгор аймаг дахь Нисэх буудлын дарга Н.Баярхүүтэй харилцан ярилцаж, 2017 оны 07 сарын 25-ны өдөр Баянхонгор аймаг дахь Нисэх буудлын нислэгийн удирдагчийн албан тушаалд эгүүлэн авч, ажилгүй байсан хугацааны цалин 1.300.000 төгрөгийг 2017 оны 08 сард авах тохиролцлоо. Ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Н.Баярхүү шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие Баянхонгор аймаг дахь Нисэх буудлын даргын үүрэгт ажлыг гүйцэтгэдэг. М.Дасдаатай харилцан ярилцаж, 2017 оны 07 сарын 25-ны өдөр Баянхонгор аймаг дахь Нисэх буудлын нислэгийн удирдагчийн албан тушаалд эгүүлэн авч, ажилгүй байсан хугацааны цалин 1.300.000 төгрөгийг 2017 оны 08 сард өгөхөөр тохиролцлоо гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Дасдаа нь ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзаж, хариуцагчийн төлөөлөгч Н.Баярхүү нь нэхэмжлэгч М.Дасдааг 2017 оны 07 сарын 25-ны өдөр Баянхонгор аймаг дахь Нисэх буудлын нислэгийн удирдагчийн албан тушаалд эгүүлэн авч, ажилгүй байсан хугацааны цалин 1.300.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд тайлбар гаргасныг үндэслэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Хуульд зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч байгууллагаас 17875 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

 ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Дасдаа ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлагаасаа татгалзаж, хариуцагчийн төлөөлөгч Н.Баярхүү нэхэмжлэгчийг 2017 оны 07 сарын 25-ны өдөр Баянхонгор аймаг дахь Нисэх буудлын нислэгийн удирдагчийн албан тушаалд эгүүлэн авч, ажилгүй байсан хугацааны цалин 1.300.000 төгрөгийг 2017 оны 08 сард төлөхийг хүлээн зөвшөөрсөн зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч байгууллагаас 17875 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан уг захирамжийг хариуцагч ИНЕГ-ын харъяа Баянхонгор аймаг дахь Нисэх буудал сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ Н.ГАНТУЯА