| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 188/2022/0158/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/163 |
| Огноо | 2022-02-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Отгончимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/163
2022 02 11 2022/ШЦТ/163
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
нарийн бичгийн дарга: Б.Энхжин,
улсын яллагч: Ж.Отгончимэг,
шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2208000000000 тоот хэргийг 2022.01.14-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1987 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дүнд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, эхийн хамт Баянгол дүүргийн 0 дугаар хороо Энхтайвангийн өргөн чөлөө 00 дугаар хороолол к000-00 тоотод оршин суух, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**00000000/ Баруун хээр овогт Ц-гийн Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын 106-27 тоотод оршин суух найз И.Мийн гэрт Б.Б, И.М, Б.Х нартай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Хтэй “дүүгээ өмөөрлөө” гэх шалтгаанаар маргалдаж улмаар цээжний зүүн дээд хэсэгт нь хутгалсны улмаас түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-11/,
- Хохирогч Б.Хгийн “2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр танил дүү Б.Б намайг “Содон” хорооллын 106 дугаар байрны 1 дүгээр орцны 27 тоотод дуудсан. ...Б.Б бид хоёр буцаад нөгөө айлдаа ороод дахин Хараа нэртэй 500 граммын архи уусан. Гэтэл намхандуу шар царайтай залуу нь Б.Бтэй мөнгө яриад маргалдаад байх шиг байсан, яг юунаас болсон талаар нь мэдэхгүй байна. Тэгээд би хажуугаас нь тэр намхандуу шар залуугаас нь “ахын дүү яасан юм” гэсэн чинь тэр залуу над руу “чи дүүгээ өмөөрлөө” гээд ширээн дээр байсан хар өнгийн иштэй, өргөндүү хутгыг аваад миний зүүн талын мөр рүү 1 удаа хутгалсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,
- Гэрч Б.Бгийн “бид 4 авсан архиа хувааж уугаад дахиад 0,75 литрийн Хараа гэх нэртэй 1 шил, нийт 2 шил авч ууж байх үед Б.Х ахтай найз ******* маргалдаад байсан. Би ямар асуудлаас болж маргалдсаныг нь мэдэхгүй байна. ******* уурлаад шүүгээнээс хар өнгийн иштэй хутга авч Б.Х ахын зүүн талын мөрний дээд хэсэгт 1 удаа хутгалсан. Тэгээд би Б.Х ахыг гэрээс авч гараад 103 руу залгасан. Цагдаа нар ирээд намайг авч яваад эрүүлжүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 20/,
- Гэрч И.Мийн “Б.Х ахтай найз ******* хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдаж эхэлсэн. Би ямар асуудлаас болж маргалдсаныг нь мэдэхгүй байна. Удалгүй ******* уурлаад уурандаа гал тогооны хэсгийн аяга тавгийн шүүгээн дотроос хар өнгийн иштэй хутга авч Б.Хгийн зүүн талын мөрний дээд хэсэгт 1 удаа хутгалсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22/,
- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 12012 дугаартай: “Б.Хгийн биед цээжний зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 25-26/,
- Яллагдагч *******-ын “Б.Х ахтай үл ялих зүйлээс болж маргалдсан Тухайн үед би Б.Х ахыг айлгах гэж гал тогооны шүүгээнээс хутга авсан чинь Б.Х ахын зүүн талын мөрний дээд хэсэгт 1 удаа хутгаар хатгачихсан. Гэтэл Б.Х ах гэрээс гараад явсан” гэх мэдүүлэг /хх-71/ зэрэг баримтууд хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******-ын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч ******* нь “Б.Б, Б.Х нар архинд явж архи худалдаж авсан бөгөөд би өөрийнхөө картыг өгч явуулсан юм. Гэтэл картнаас 300000 төгрөг, 25000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байсан тул Б.Хтэй маргалдсан. Миний картанд цалин 380000 орчим төгрөг байсан” хэмээн мэдүүлснийг шалгаж үзэхэд ******* энэ талаар урьд нь мэдүүлж байгаагүй байх ба түүний мэдүүлэг нь хэрэгт байгаа баримтаар батлагдахгүй байна. Шүүгдэгч ******* нь тухайн асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулах эрх нь нээлттэй байна.
Шүүгдэгч ******* нь тухайн үед үүссэн таарамжгүй харилцаанаас шалтгаалан иргэн Б.Хгийн хуулиар хамгаалагдсан халдашгүй эрх, эрх чөлөөнд нь хүйтэн зэвсэг хэрэглэн халдаж Б.Хг хутгалсны улмаас түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь *******-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, гэрч И.М, Б.Б, хохирогч Б.Х нарын мэдүүлэг /хх-20, 22, 15-16/, шүүх эмнэлгийн шинжээчийн 2021.12.06-ны өдрийн 12012 дугаартай дүгнэлтээр /хх-25-26/ тус тус нотлогдон тогтоогдож байх тул *******антулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******-ын хууль бус санаатай үйлдлийн улмаас Б.Хгийн биед цээжний зүсэгдсэн шарх бүхий, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэмтэл учирсан болох нь шинжээчийн 12012 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна. Хэргийн материалаас үзэхэд Б.Х нь цээжний зүүн хэсэгт 0,5х4,5 см урттай оёдол тавиулах мэс ажилбар хийлгэсэн байх ба өөр эмчилгээ хийлгэсэн эсэх нь баримтаар нотлогдохгүй байна. Хохирогч Б.Х нь эмчилгээтэй холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй тул өнөөдрийн шүүх хуралдаанаар иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэх үндэслэлгүй байна. Хэдий тийм боловч шүүгдэгч ******* нь өөрийн сайн дураар хохирогч Б.Хд нийт 250000 төгрөг шилжүүлж өгсөн болох нь банкны орлогын мэдүүлгээр тогтоогдож байх тул *******антулгыг гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж арилгасанд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь урьд шүүхээр 3 удаа ял шийтгүүлж байсан нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 313 дугаар шийтгэх тогтоолоор ******* нарыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, мөн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147-р зүйлийн 147.2-т зааснаар 8 жил 1 сарын хугацаагаар хорих, мөн Эрүүгийн хуулийн 145-р зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, *******д оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж биечлэн эдлэх ялыг 8 жил 1 сараар тогтоож, хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар хувь баримтаар /хх56-58/,
2. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2004 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 121 дугаар шийтгэх тогтоолоор *******антулгыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147-р зүйлийн 147.2-т зааснаар 8 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 жил 1 сарын хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 9 жил 6 сарын хугацаагаар тогтоож, уг хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар хувь баримтуудаар /хх-52-53/,
3. Хан-Уул дүүргийн шүүхийн 2005 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолоор ******* нарыг хорих ангиас бүлэглэн оргосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216-р зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоног хорих ялаар шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас заримыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 8 жил 6 сар 10 хоногийн хугацаагаар тогтоож, хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. ******* нь хорих ялыг биечлэн эдэлж байгаад 2011.07.06-ны өдөр хорих ялаас 2 жилийн өмнө тэнсэн суллагдсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар хувь баримтуудаар /хх-54-55, 48/ тус тус тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн /2015/ 6.6 дугаар зүйлд урьд ял шийтгүүлж байсан байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохоор заагаагүй тул *******-ын урьд 3 удаа ял шийтгүүлсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Улсын яллагчаас *******д 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал, шүүгдэгч ******* нь “би ажилд орсон байгаа. Торгуулмаар байна” гэх саналыг тус тус гаргалаа.
Шүүх дээрх нөхцөл байдал болон *******-ын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг сонгон хэрэглэж, торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болснооос хойш 4 сарын хугацаанд хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч *******-ын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн гэх хутгыг эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн байх тул тухайн хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Баруун хээр овогт Ц-гийн Гантулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баруун хээр овогт Цолмонгийн Гд 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан *******д оногдуулсан 700000 төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Б.Хд 250000 төгрөг шилжүүлсэн, хохирогч нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг хутгыг устгуулахаар Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.
6. Энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц нэг ширхэг хутгыг Шүүхийн Тамгын газарт хүлээлгэн өгч, баримтыг *******д холбогдох эрүүгийн 2208000000039 тоот хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад даалгасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд тогтоосон хувь хэмжээгээр биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино гэдгийг *******д мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ