Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/141

 

 

 

 

 

 

 

 

 

    2022        01         21                                      2022/ШЦТ/141

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттэргэл,  

улсын яллагч А.Амарсанаа,

шүүгдэгч О.Ч. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны      “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт О.ийн Ч.т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2106 04345 0149 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын шаварчин, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, Б. овогт О.ийн Ч..  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Ч. нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Онон” караокед 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Д.Н.тэй маргалдаж, улмаар толгойн тус газар нь пивоны шилээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Ч. мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Д.Н.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Бид гурвыг архи, согтууруулах ундаа хэрэглэж байхад манай найз Баасансүрэн намайг авахаар, харин Болдоогийн найз бас нэг Болдоо гэдэг залуу Болдоог авахаар бид нарын сууж байсан караокед ирсэн байсан. Яг тэр хоёрыг ирсэн байхад О.Ч. пивоны шилээр миний толгой хэсэгт цохиж, миний толгойг хагалсан. Тэгээд над руу О.Ч. ахиж зодох гэж дайрсан, нөгөө сүүлд ирсэн Болдоо гэдэг залуу О.Ч.ыг надаас холдуулсан. Тэгээд цагдаа дуудсан. О.Ч.тай би 2019 оны 12 дугаар сард танилцаж, 2020 оны 06 дугаар сараас нэлээн дотно харилцаатай болсон. Тэр үед О.Ч. надад эхнэртэй гэдгээ хэлээгүй. Тэгээд би 2020 оны 07 дугаар сарын сүүлээр О.Ч.ыг эхнэртэй гэдгийг мэдээд О.Ч.тай харилцаагаа таслахаар шийдсэн. Тэр үед О.Ч. бид хоёр ярилцаад зүгээр мэндийн зөрүүтэй, найз нөхдийн харилцаатай байхаар шийдсэн. Ингээд би О.Ч.тай уулзахгүй утсаар ярьж харилцдаг байсан ба тэр өдөр Болдоотой уулзах болоод зүгээр л уулзаад салахаар болсон. Ингээд уулзсаны дараа караокед орж, 2 цаг дуулахаар болж, дуулангаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Тэр үед О.Ч. намайг Болдоотой хардаад миний толгой руу цохисон гэж бодож байна. Тэрнээс О.Ч. бид хоёрын дунд ямар нэг өр авлага, өс хонзонгийн зүйл байхгүй. Ер нь надтай О.Ч. дотно байхдаа бусадтай хардах өнгө аястай байдаг байсан. Би тухайн үед толгойн томографийн зураг 130.000 төгрөгөөр авахуулсан. Тэрний дараа эмчийн бичиж өгсөн эмүүдийг авч уусан, мөн гэрээр дусал хийлгэсэн, бариачид очиж толгойгоо бариулсан зэрэг зардал гарсан. Надад баримтууд нь байгаа. Авчирч өгч, хохирлыг тооцуулна. О.Ч. надад учруулсан хохиролд 600.000 төгрөг бэлнээр төлж барагдуулсан. Одоо надад ямар нэг хохирол байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-23/,

- Гэрч Г.Баасансүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Тухайн өдөр би гадуур ажилтай явж байсан ба нэлээн оройхон цагийг нь сайн санахгүй байна манай найз Д.Н. над руу утсаар яриад “би О.Ч., Болдоо хоёртой Баянзүрх дүүргийн нутагт байрлах “Их засаг” их сургуулийн урд талд байдаг “Онон” нэртэй караокед сууж байна, чи намайг ирж аваарай” гэж хэлсэн. Тухайн үед би өөрийнхөө машинтай гадуур явж байсан болохоор Д.Н.ийг авахаар “Онон” нэртэй караокед ирсэн чинь Д.Н., О.Ч., Болдоо нар дуулаад сууж байсан. Наана нь Болдоогийн машиныг жолоодож явна гээд бас нэг Болдоо гэдэг залуу ирсэн байсан. Ингээд намайг орсноос хойш 10 орчим минут болоод Д.Н. бид хоёр явахаар болж, Д.Н. хувцсаа өмсчихөөд Болдоотой сүүлийн дуугаа дуулаад сууж байсан чинь О.Ч. Д.Н.ийн хажууд сууж байснаа ширээн дээр байсан пивоны шилийг гараараа барьж аваад, өндийж босож ирэнгүүтээ Д.Н.ийн толгой руу нөгөө шилээрээ цохисон. Тэгсэн Д.Н.ийн толгойноос цус гоожоод эхэлсэн. Болдоо О.Ч.ыг барьж авч, Д.Н.ээс холдуулсан. Ингээд цагдаа, эмнэлэг дуудсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11425 тоот “Д.Н.ийн биед зулайд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 37-38/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас О.Ч. нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Онон” караокед 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Д.Н.тэй маргалдаж, улмаар толгойн тус газар нь пивоны шилээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул О.Ч.т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             О.Ч. нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Онон” караокед 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Д.Н.тэй маргалдаж, улмаар толгойн тус газар нь пивоны шилээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Д.Н.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...О.Ч. пивоны шилээр миний толгой хэсэгт цохиж, миний толгойг хагалсан. Тэгээд над руу О.Ч. ахиж зодох гэж дайрсан, нөгөө сүүлд ирсэн Болдоо гэдэг залуу О.Ч.ыг надаас холдуулсан. Тэр үед О.Ч. намайг Болдоотой хардаад миний толгой руу цохисон гэж бодож байна. Тэрнээс О.Ч. бид хоёрын дунд ямар нэг өр авлага, өс хонзонгийн зүйл байхгүй. Ер нь надтай О.Ч. дотно байхдаа бусадтай хардах өнгө аястай байдаг байсан.” гэх мэдүүлэг,

- Гэрч Г.Баасансүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Д.Н. хувцсаа өмсчихөөд Болдоотой сүүлийн дуугаа дуулаад сууж байсан чинь О.Ч. Д.Н.ийн хажууд сууж байснаа ширээн дээр байсан пивоны шилийг гараараа барьж аваад, өндийж босож ирэнгүүтээ Д.Н.ийн толгой руу нөгөө шилээрээ цохисон. Тэгсэн Д.Н.ийн толгойноос цус гоожоод эхэлсэн.” гэх мэдүүлэг,

            - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11425 тоот “Д.Н.ийн биед зулайд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул О.Ч.ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч О.Ч.т Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хохирогч Д.Н. нь хохирол төлөгдсөн гэж тайлбарласан байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч О.Ч.т ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б. овогт О.ийн Ч.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ч.т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар О.Ч.т оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, О.Ч. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ч.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ОЛЗОД