Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 00721

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Барилгачдын тайлбай, Центр 34 дүгээр барилга, 303 тоотод байрлах, “Сера-Интернэшнл” ББСБ /РД: 5723124/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 24 дүгээр байр, 9 тоотод оршин суух, Даш овогт Очирбатын Намнандорж /РД: ЧМ81050212/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 93 дугаар байр, 19 тоотод оршин суух, Боржигон овогт Наранчимэгийн Мөнхжин /РД: УК91120841/ нарт холбогдох,

 

168 569 045 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Галбадар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мөнхбаатар, хариуцагч О.Намнандорж, Н.Мөнхжин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Сера-Интернэшнл” ББСБ-ын төлөөлөгч М.Бүжинлхам шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Галбадар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мөнхбаатар нар шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Сэра-Интернэшнл” ББСБ нь зээлдэгч О.Намнандоржийн хүсэлтээр 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ЗГ15030024 дугаар зээлийн гэрээ байгуулж 120 000 000 төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр олгосон. Улмаар үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон БГ15030024 дугаар барьцааны гэрээг байгуулж, нотариатаар батлуулсан ба зээлийн барьцаанд зээлдэгчийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байр, 19 тоот хаягт байршилтай 295.02 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг барьцаалбар үйлдэн улсын бүртгэлд бүртгүүлж зээл олгосон. Зээлдэгч О.Намнандорж нь 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 5 261 800 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 4 800 000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 8 000 000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 3 099 270 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 800 000 төгрөг, нийт 21 961 070 төгрөг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт төлсөн. 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нэг ч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөөгүй, удаа дараа албан мэдэгдлээр шаардлага хүргүүлсэн боловч зээлийн эргэн төлөлтийг хийгээгүй. Иймд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.1.1, 10 дугаар зүйлийн 10.2, 10.2.1, Барьцааны гэрээний 2 дугаар бүлгийн 2 дахь хэсэг, 5 дугаар бүлгийн 9 дэх хэсэг, Үл хөдлөх барьцааны тухай хуулийн 47 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн хариуцагч О.Намнандорж болон Н.Мөнхжин нараас зээлийн гэрээний үндсэн үүрэг 120 000 000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хүү 41 867 445 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6 601 600 төгрөг, барьцааны зүйлд үнэлгээ хийлгүүлсэн төлбөр 100 000 төгрөг, нийт 168 569 045 гаргуулж өгнө үү. Шүүхийн шийдвэрт барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар тусгаж өгнө үү гэв.  

 

Хариуцагч О.Намнандорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Сэра-Интернэшнл” ББСБ-тай 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ЗГ15030024 дугаар зээлийн гэрээ байгуулж 120 000 000 төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй авсан ба Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байр, 19 тоот хаягт байршилтай 295.02 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг барьцаалсан. Миний бие Н.Мөнхжинтэй гэрлэлтээ 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр шүүхээр цуцлуулсан ба уг шийдвэрээр зээл 150 000 000 төгрөгийг хүүгийн хамт Н.Мөнхжин төлөхөөр эвлэрсэн. Нэхэмжлэлийн шаардлагад маргах зүйл байхгүй гэв.

 

Хариуцагч Н.Мөнхжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөр байгаа гэв.

 

Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Сера-Интернэшнл” ББСБ нь хариуцагч О.Намнандорж, Н.Мөнхжин нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 120 000 000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хүү 41 867 445 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6 601 600 төгрөг, барьцааны зүйлд үнэлгээ хийлгүүлсэн төлбөр 100 000 төгрөг, нийт 168 569 045 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нар нь “...нэхэмжлэлийн шаардлагтай маргах зүйлгүй” гэжээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч О.Намнандорж нарын хооронд 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан ЗГ-15030024 дугаартай зээлийн гэрээгээр хариуцагч О.Намнандорж нь 120 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй нэхэмжлэгчээс зээлэх, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр харилцан тохиролцсон нь зээлийн гэрээ болон талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байхаас гадна талууд гэрээний хүчин төгөлдөр эсэх, мөн гэрээний нөхцөлийн талаар маргаагүй байна.

 

Гэрээний агуулга, шинж, зүйл, талуудын эрх үүрэг, гэрээнд талууд гарын үсэг зурсан, тамга дарсан үйл баримт зэргээс үзвэл дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан нөхцөл, шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Нэхэмжлэгч нь гэрээний 3.1.2-т заасан гэрээний зүйл болох үндсэн зээл 120 000 000 төгрөгийг хариуцагч О.Намнандоржид шилжүүлснийг хариуцагч үгүйсгээгүй байна. Өөрөөр хэлбэл, талууд гэрээний зүйлийг шилжүүлсэн эсэх талаар маргаагүй байх тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх” үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байна.

 

Гэрээний хугацаа 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр дууссаж, талууд сунгаагүй байх бөгөөд хариуцагч О.Намнандорж нь 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 5 261 800 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 4 800 000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 8 000 000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 3 099 270 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 800 000 төгрөг, нийт 21 961 070 төгрөгийг тус тус гэрээний үүрэгт төлж, үүнээс хойшх хугацаанд тэрээр төлбөр төлөөгүй болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, гэрээний хугацаанд зээлдэгч нь 28 800 000 төгрөгийн хүү төлөх байснаас нийт 21 961 070 төгрөгийг төлж, үлдэх 6 838 930 төгрөгийг хүү, мөн үндсэн зээл 120 000 000 төгрөгийг тус тус төлөөгүй байна. Иймд түүнийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч нь 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс нэхэмжлэлд заасан 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх 6 сар 23 хоногийн үндсэн зээл 120 000 000 төгрөгийн хүү 39 518 930 төгрөгийг мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар үндсэн зээл 120 000 000 төгрөгийг хамт, мөн нэмэгдүүлсэн хүүгийн шаардсан хэмжээ болох 6 601 600 төгрөг нь үлдэх хүүгийн 20 хувиас хэтрээгүй байх тул нэмэгдүүлсэн хүү 6 601 600 төгрөгийн хамт хариуцагч О.Намнандоржоос шаардах эрхтэй байжээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2016/01444 дүгээр шийдвэрээр Н.Мөнхжингийн нэхэмжлэлтэй, О.Намнандоржид холбогдох, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг тогтоолгон, гаргуулах тухай иргэний хэрэгт О.Намнандоржийн “Сера-Интернэшнл” ББСБ-д зээлийн гэрээний үүрэгт төлөх 150 000 000 төгрөгийг Н.Мөнхжин төлөхөөр харилцан тохиролцсон нь шүүхийн шийдвэр болон талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байхаас гадна шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. Мөн хариуцагч нар дээрх зээлийн гэрээний үүргийг 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан ЗГ-15030024 дугаартай зээлийн гэрээний үүрэг мөн эсэхэд маргаагүй байна. Иймд Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар хариуцагч О.Намнандоржийн нэхэмжлэгчид төлөх өрөөс шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс хойшх өр нь хариуцагч Н.Мөнхжинд дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шилжиж, өмнөх хугацааны үүрэг нь хариуцагч О.Намнандоржид үлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч О.Намнандорж нь гэрээний хугацаанд төлөх хүүгээс үлдэх 6 838 930 төгрөг, гэрээний хугацаа дууссан 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хүү 23 680 000 төгрөг, нийт 30 518 980 төгрөгийн хүүг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна. Мөн нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээний хувьд хариуцагч О.Намнандорж нь хүү 39 518 930 төгрөгийн 30 518 980 төгрөгийг буюу 78 хувийг төлөөгүй байх тул нэхэмжлэгчийн шаардсан нэмэгдүүлсэн хүү болох 6 601 600 төгрийн 78 хувь болох 5 149 248 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүнд төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч Н.Мөнхжингийн хувьд шүүхийн шийдвэрийн дагуу үндсэн зээл 120 000 000 төгрөгийг уг шийдвэр гарсан 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс нэхэмжлэлд заасан 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны хүү 8 800 000 төгрөгийг нэмэгдүүлсэн хүү 6 601 600 төгрийн 22 хувь болох 1 452 392 төгрөгийг үндсэн зээлийн хамт нэхэмжлэгчид төлөөх үүрэгтэй байна.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч Н.Мөнхжингөөс үндсэн зээл 120 000 000 төгрөгийг, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хүүнд 8 800 000 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүнд 1 452 392 төгрөгийг, нийт 130 252 392 төгрөгийг, харин хариуцагч О.Намнандоржоос мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хүүнд 30 518 980 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүнд 5 149 248 төгрөгийг, нийт 35 668 178 төгрөгийг тус тус шаардах эрхтэй байна.

 

Барьцааны зүйлд үнэлгээ хийлгүүлсэн төлбөр 100 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.

 

Хавтаст хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банк, Төрийн банкны 2016 оны 01 дүгээр сарын 29, 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн орлогын ордер болон мөнгөн шилжүүлгийн баримтаар нэхэмжлэгчид барьцааны зүйлд үнэлгээ хийлгүүлсний улмаас 100 000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгч нь хариуцагч нараас 100 000 төгрөгийг шаардах эрхгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч О.Намнандоржоос 35 668 178 төгрөг, хариуцагч Н.Мөнхжингөөс 130 252 392 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 648 475 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүх барьцааны гэрээний талаар болон барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангах талаар дүгнэлт хийх боломжгүй.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас нийт 165 920 570 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн тул уг хэмжээнд ногдох тэмдэгтийн хураамж болох 987 553 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн мөнгөн төлбөрийн хэмжээгээр хувиар тооцон гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар  зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч  О.Намнандоржоос 35 668 178 төгрөг, хариуцагч Н.Мөнхжингөөс 130 252 392 төгрөг тус тус гаргуулан, нэхэмжлэгч “Сера-Интернэшнл” ББСБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 648 475 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 000 880 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Намнандоржоос улсын тэмдэгтийн хураамжинд 212 323 төгрөг, хариуцагч Н.Мөнхжингөөс улсын тэмдэгтийн хураамжинд 775 229 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        М.БАЯСГАЛАН