Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 020/2014/0202/З |
Дугаар | 221/МА2016/0281 |
Огноо | 2016-05-05 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2016/0281
Л.Цэрэндондог, Ц.Энэрэл нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгч Ц.Энэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ, гуравдагч этгээд Б.Баярсайхан нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 123 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нар болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Л.Цэрэндондог, Ц.Энэрэл нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Цэрэндондог, Ц.Энэрэл нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах 324 м.кв газарт барилга барих зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, барилга барих зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах, мөн дээрх газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болгож иргэн Б.Баярсайханд барилга барих зөвшөөрөл олгож, барилгын зургийг баталсан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б.Баярсайхан нь 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр тус байгууллагад дан барилга барих тухай хүсэлт ирүүлснийг судлан үзээд 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Мэргэжлийн комиссын хурлаар оруулж дэмжигдэн 2012 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 146 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар бичигдэж, 13м х 17мхэмжээтэй 7 давхар үйлчилгээтэй орон сууцны зураг төсөл батлагдсан.
Манай байгууллагаас иргэн Б.Баярсайханд барилга барих архитектур төлөвлөлтийн даалгавар өгөхдөө нэхэмжлэгч талын барилга барих эрхэд нөлөөлөхгүйгээр урд талдаа цонх, хаалгагүйгээр зураг төслийг боловсруулан ирэх даалгавар өгсөн. Энэ нь нэхэмжлэгч талын барилга барих боломжийг хангаж байгаа үйлдэл юм.
Иргэн Л.Цэрэндондог нь 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдөр тус байгууллагад хандан барилга барих хүсэлт ирүүлсэн. Хүсэлтийг судлан үзээд 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдөр техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, иргэд болон СӨХ-ны эсэргүүцлийг шийдвэрлэсний дараа хүсэлтийг дахин хэлэлцэхээр хойшлогдсон. Иргэд оршин суугчдаас нэхэмжлэгч талын болон Б.Баярсайханы төлөвлөгдсөн барилгыг бариулахгүй хэмээн эсэргүүцэж байсан тул иргэдийн дэмжлэгийг авах тухай 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн техникийн зөвлөлийн хурлаас гарсан дүгнэлтийг албан бичгээр хүргүүлсэн.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам-д барилга барих үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийн оролцоог хангах, саналыг тусгах асуудлыг тодорхой тусгасан. Нэхэмжлэгч нар энэ журмыг баримтлан барилга барих зөвшөөрөл авах, зураг төслөө батлуулах эрх нь нээлттэй. Иймд нэхэмжлэгч нарыннэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Б.Баярсайхан шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би 1999 онд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах агуулахын зориулалттай барилгыг худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ авсны үндсэн дээр газар эзэмших гэрээ байгуулан гэрчилгээний хугацааг хуульд заасны дагуу сунгуулан одоо агуулахын барилга бүхий нийт 518 м.кв газрыг эзэмшиж байна.
Энэхүү газартаа нийслэлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн, өөрийн өмчлөлийн агуулахын барилгын талыг буулгах замаар өөрийн эзэмшил газрын хэмжээг 187 м.кв-аар багасган орц, гарц гаргаж, үйлчилгээтэй орон сууц барихаар төлөвлөж, 2011 онд нийслэлийн Засаг даргаар шийдвэрлүүлэн, 2012 онд Нийслэлийн барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газарт хандаж архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсан.
Нийслэлийн ерөнхий архитектур, хот суурин газрын барилгажилтын нормд нийцүүлэн архитектуртөлөвлөлтийн даалгаврыг баталдаг учир 2012 онд батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгавар иргэнЛ.Цэрэндондогийн барилга барих эрхэд нөлөөлөхгүй. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 123 дугаар шийдвэрээр: Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2-т заасныг баримтлан иргэн Л.Цэрэндондог, Ц.Энэрэл нарын Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 324 м.кв талбайтай газар дээр барилга барих зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, барилга барих зөвшөөрөл олгохыг даалгах, дээрх газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болгож иргэн Б.Баярсайханд барилга барих зөвшөөрөл олгож, барилгын зургийг баталсан шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Л.Цэрэндондог, Ц.Энэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ нар давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэрээр Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2-т заасныг баримтлан бидний барилга барих эрх зөрчигдсөн тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь огт ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна. Учир нь биднийг барилга барихад гуравдагч этгээд Б.Баярсайхан санаатайгаар саад учруулж байгаа. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар хууль бусаар бүх зөвшөөрлийг түүнд олгож, харин хууль ёсны зөвшөөрөлтэй бидний барилгыг барих боломжгүй гэж хэдэн янзаар хариу өгч байгаа эс үйлдэхүйг тогтоолгохоор маргаж байна. Энэ нь тэдний шүүхэд ирүүлсэн материалууд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр хангалттай нотлогдож байхад шүүх буруу, дутуу шийдвэр гаргасан.
Хариуцагч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар өмнөх удирдлагуудынхаа 2003 оны 05 дугаар сарын 19-нд баталсан Улаанбаатар хотын 6 дугаар хорооны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг үгүйсгэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм. Хэрэв энэ төлөвлөгөө хүчингүй болсон бол хүчингүй болгосон эрх зүйн актаа ирүүлэх ёстой. Нөгөө талаас ийм төлөвлөгөө байхгүй бол яагаад нэхэмжлэгч Л.Цэрэндондогийн барилга барих эрх нээлттэй гэж яриад байгаа юм бэ. Энэ нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар төлөвлөгөө байгааг, төлөвлөгөөний дагуу нэхэмжлэгч барилга барих эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрч байгааг баталж байна.
Дээрх шүүхийн шийдвэрт үндэслэл болгосон Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д заасны дагуу барилгын зураг төсөл эхлээд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдэлтэй уялдсан байх ёстой. Гэтэл Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас энэ төлөвлөгөөнд огт ороогүй гуравдагч этгээд Б.Баярсайханы барилгыг оруулан баталсан нь мөн энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 24.1.5-д заасныг зөрчсөн хууль бус үйлдэл байна.
Гуравдагч этгээд Б.Баярсайханд барилга барих зөвшөөрөл олгосон Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын мэргэжлийн комиссын 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хурлаар баталсан газар олголтын бичиг баримтад зарим эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, гарын үсгийн бүрдэл дутуу байхад барилгын зургийгбаталсан нь хууль бус, гуравдагч этгээдийн талд үйлчилж байгаагийн нотолгоо болно.
Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан барилгын зурагт нэхэмжлэгч Л.Цэрэндондогийн эзэмшил газрыг машины зогсоол болгон баталсан байдаг. Үүнийгээ мөн олон янзаар худал тайлбарладаг.
2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч биднийг Б.Баярсайхан зөвшөөрөл авсны дараа барилга барих хүсэлтээ гаргасан, зөвхөн 2013 онд гаргасан гэж худал мэдүүлсэн. 2013 оноос шинэ журам гарч иргэдийн санал хүсэлтэд бичгээр хариу өгдөг болсон бөгөөд түүнээс өмнө бид дүүрэг хариуцсан архитектуруудтай биечлэн уулзаж байсан. Тиймээс 2005 онд архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан бөгөөд 2005 онд барилгын эскиз зураг хийгдэж байсан.
Гуравдагч этгээд Б.Баярсайхан нь анхнаасаа барилга барих захирамжгүй байсан бөгөөд 2012 онд барилга барих зөвшөөрөл авах үед нь бид Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд Эск инженеринг ХХК-тай газар давхацсан маргаан шийдвэрлүүлж байсан. Бид энэ тухай Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт мэдэгдэж байсан ба уг асуудлыг шийдвэрлэтэл иргэн Б.Баярсайханы барилга барих асуудлыг түдгэлзүүлэхийганхааруулж бичгээр хүсэлт өгч байсан.
Түүний өмч гэх 1 давхар, дулаан, цэвэр, бохир усны холболтгүй, шавар агуулахын барилгыг нураасан ч барилга барих боломжгүй байршилтай. Тиймээс ХБХэлтсээс агуулахыг нураах шийдвэр гарсан. Уг агуулахыг нурааж, бидний барих барилгын гадна тохижилтыг хийж, Улаанбаатар хотын 6 дугаар хорооны хэсэгчилсэн төлөвлөгөөнд тусгасан.
Нийслэлийн Засаг даргын 2000 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/59 дүгээр захирамжаар газар ашиглахдаа Оч хангал ХХК-ийн 1999 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/47 дугаар захирамжийн зориулалтыг өөрчлөн, өөрийн нэр дээр хууль бусаар шилжүүлж авсан нь харагдаж байна. Агуулах худалдаж авсан хүнд Хотын дарга газар эзэмших захирамж гаргахгүй. Түүнчлэн энэ захирамжид дурдсан газрын хэмжээ, газрын байршил гуравдагч этгээдийн худалдаж авсан гэх агуулахын хэмжээ, байршилтай таарахгүй байгаа нь үүнийг баталж байна.
Гуравдагч этгээд Б.Баярсайханы 2005, 2006 онд хийлгэсэн Нийслэлийн Газрын албаны газрын баталгаат хэмжээ тогтоосон актад газар зохион байгуулагчийн гарын үсгийн бичилт өөр байна. Энэхүү кадастрын зургийг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128 дугаар захирамжаар эзэмшил газрын хэмжээг 518 м.кв болгож нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй.
1999 оноос энэ газрыг ашиглаж, эзэмшиж байгаа гэж нотлох баримтын шаардлага хангаагүй бичиг, байршлын зураг гаргаж шүүхэд өгсөн боловч газар ашигласны төлбөрөө 2003 оноос төлсөн байна.
Дээр дурдсан бидний маргаж буй, тодруулахыг хүссэн асуудлуудыг бүрэн шалгахгүй бүрхэгдүүлэн орхих нь учир дутагдалтай, шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудыг шинжилж шалгах шаардлагатай гэж үзэж байна.
Гуравдагч этгээд Б.Баярсайхан ч өөрөө энэ асуудлыг ярьдаг. Албан тушаал, эрх мэдлээрээ нөлөөлж Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраар барилгын зураг батлуулсан бөгөөд бидний барихаар хэсэгчилсэн төлөвлөгөөнд тусгагдсан барилгын орчны тохижилтыг эвдэж, барилгын орц, гарц, орчны талбайд гуравдагчэтгээд Б.Баярсайхан барилга барих боломжгүй.
Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт Нэхэмжлэгч нар эзэмшил газрынхаа урд талаар хаалга гаргасан,мөн автомашины зам тавигдсан байсан нь маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр тогтоогдож байгаа бөгөөднэхэмжлэгч зайлшгүй гуравдагч этгээд Б.Баярсайханы газраар өөрийн барилгын орц, гарцыг төлөвлөж буй нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч нар нь өөрсдийн эзэмшил газрын урд хэсгээр орц, гарц хийхээр ирээдүйнбаригдах барилгаа төлөвлөх бүрэн боломжтой. Нэхэмжлэгч Л.Цэрэндондог, Ц.Энэрэл нар нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа журмуудыг баримтлан барилга барих зөвшөөрөл авах, зураг төслөө батлуулах эрх нь нээлттэйболохыг тэмдэглэж байна гэж шүүх Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын ажлыг хийж, тэдэнтэй ижил дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна. Харин эсрэгээрээ энэ асуудлыг мэргэжлийн байгууллага, шинжээчээр шалгуулж, зохих дүгнэлт гаргуулах хэрэгтэй байсан гэж үзэж байна. Бидний шинжээч томилох хүсэлтийг шүүх хүлээж аваагүй.
Мөн Үндэслэх хэсэгт дурдсан шиг нэхэмжлэгч бидний зүгээс барилгын зургийн талаар төлөвлөсөн зүйл одоогоор байхгүй, байх ч үндэсгүй. Учир нь барилгын орц, гарц, талбайг төлөвлөхөөс өмнө тухайн газарт барилга барьж болох эсэх талаар Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас зөвшөөрөл авах журамтай ба энэ зөвшөөрлийг олгохоос үндэслэлгүй олон шалтгаанаар татгалзаж байна. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар наанаа таны эрх нээлттэй байна гэж байгаа боловч цаанаа биднийг барилга бариулахгүй байх үйлдэл хийгдэж байна. Бид ирээдүйд барилгаа барьж чадахгүй нөхцөл байдал үүсээд шүүхэд хандсан.
Түүнчлэн энэ хэрэгт албан тушаал, эрх мэдлийн асуудал хөндөгдөж байгаа учраас архивт бидэнтэй холбогдолтой материал олдохгүй байгааг бидний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэл болгох учиргүй. Бид барилгын зургаа батлуулж чадахгүй байна гэж шүүхэд гомдол гаргаад байхад барилгын зураг архивт байгаа эсэхийг шүүгч С.Төмөрбат асуулгаж, архивын бичгийг үндэслэсэн байна. Зурагбатлагдаагүй учраас архивт байхгүй байх нь ойлгомжтой. Захиргааны хэргийн шүүх өөрийн эрх мэдлийн хүрээнд эдгээр барилга барих, газар эзэмших эрхтэй холбоотой асуудлуудыг гэрч, шинжээч нарыг оролцуулан мэргэжлийн дүгнэлт хийлгэж, түүний үндсэн дээр шийдвэрээ гаргах үүрэгтэй.
Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-д заасны дагуу хэргийгбүхэлд нь хянаж, нэхэмжлэлийг бүрэн хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.
Нэхэмжлэгч иргэдээс Гуравдагч этгээд Б.Баярсайхан биднийг барилга барихад санаатайгаар саад учруулж байна, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар Б.Баярсайханд хууль бусаар бүх зөвшөөрлийг олгосон, бидний барилга 2003 оны Улаанбаатар хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан байхад уг төлөвлөгөөг үгүйсгэж хууль зөрчсөн, бидний барих барилгын орчны тохижилтыг эвдэж, барилгын орц, гарц, орчны талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд огт тусгагдаагүй гуравдагч этгээд Б.Баярсайханы барилгыг баталсан зэрэг үндэслэлээр маргаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан байна.
Нийслэлийн Засаг даргын 2007 оны 128 дугаар захирамжаар иргэн Б.Баярсайханд 518 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, тус газартаа Б.Баярсайханыг барилга барихыгМэргэжлийн комиссын 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хурлаар хэлэлцэж зөвшөөрсний дагуу нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 760 дугаар захирамжаар эзэмшил газрын зориулалтыг өөрчлөн, 0,022 га газарт нь үйлчилгээтэй орон сууцны барилга барихыг зөвшөөрчээ.
Улмаар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 2 дугаар байрны хойд талд байршуулан 0,022 га талбайд 13,0 х 17,0 м хэмжээтэй, 9 давхар, цутгамал төмөр бетон каркасан хийцтэй барилга барих 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1,46 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар болон орон сууцны зураг төсөл батлагджээ.
Дээрхээс үзвэл иргэн Б.Баярсайхан зохих журмын дагуу барилга барих зөвшөөрөл авсан байх бөгөөднэхэмжлэгч нарын гомдолд дурдсан Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар Б.Баярсайханд хууль бусаар бүх зөвшөөрлийг олгосон гэх байдал тогтоогдохгүй байна.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Л.Цэрэндондог, Ц.Энэрэл нар нь нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/398 дугаар захирамжийн дагуу үйлчилгээний зориулалтаар, 5 жилийн хугацаатай эзэмших болсон Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрших 324 м.кв газартаа барилга барихаар 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт барилга, байгууламж барихыг хүссэн өргөдлийг гаргасан байна.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хот байгуулалт, төлөвлөлтийн хэлтсийн 2005 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр баталсан СБД/009/05 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаварт нэхэмжлэгч нарын барихыг хүссэн барилгын урт, өргөний хэмжээг 18м х 18м /324 м.кв/ буюу нийт талбайн 100 хувьд барилгажихаар тусгасан нь 2008 онд батлагдсан Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-дБарилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна гэж заасантай нийцэхгүй байна.
Иймээс шүүх 1998 оны Хот байгуулалтын тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байх үед батлагдсанСБД/009/05 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэж, нэхэмжлэгч нарын барилгыг барих зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах боломжгүй.
Мөн нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2014 оны 02 дугаар сарын 08, 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр баригдах барилгын хэмжээгээ багасгаж хүсэлт гаргасан гэх боловч энэ нь баримтаар тогтоогдохгүй байна.
Бидний барилга 2003 оны Улаанбаатар хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан байхад шүүх уг төлөвлөгөөг үгүйсгэж хууль зөрчсөн гэх гомдлын тухайд шүүх нэхэмжлэгчийн барилга төлөвлөгдсөн гэх 2003 оны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгт авахаар зохих ажиллагааг хийсэн боловч уг төлөвлөгөө байхгүй талаар холбогдох төрийн байгууллагуудаас хариуг ирүүлсэн, хэрэгт 2003 оны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө гэх баримт авагдсан байх боловч уг баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Түүнчлэн нэхэмжлэгч нараас бидний газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болгож, барих барилгын орчны тохижилтыг эвдэж Б.Баярсайханд барилга барих зөвшөөрөл олгосон гэж маргах боловчгуравдагч этгээдэд барилга барих зөвшөөрөл олгосноор нэхэмжлэгч нарын газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болгосон гэх үйл баримт тогтоогдохгүй, газрын давхцалтай холбоотой маргаан байхгүй байна. Харин хариуцагчаас гуравдагч этгээдийн газартай хил залгаа байршилтай нэхэмжлэгчийн эрхийг хөндөхгүйн тулд гуравдагч этгээдийн барилгын зураг төслийг урд талдаа цонх, хаалгагүй байхаар баталжээ.
Нэгэнт гуравдагч этгээд зохих журмын дагуу архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулж, барилга барих зөвшөөрлийг авсан байх тул нэхэмжлэгч иргэдийн нэхэмжлэлээр иргэн Б.Баярсайханд олгосон барилга барих зөвшөөрөл, барилгын зургийг баталсан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.
Харин нэхэмжлэгч нар одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, журамд нийцүүлэн барилга барих хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нар болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 123 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нар болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН