Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 39

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, шүүгч Б.Батболор, шүүгч С.Базарханд нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Ж.Оюунхүү,

улсын яллагч Г.Мөнхбаяр,

иргэдийн төлөөлөгч Б.Батчимэг,

хохирогч Б.Алтанжаргал,

шүүгдэгч Ц.Алтангэрэл, түүний өмгөөлөгч А.Дулмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Жалайр овогт Цоггэрэлийн Алтангэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626030476 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Эдийн засгийн үндэсний дээд сургуулийн 4 дүгээр курсийн оюутан, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 9-176 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 16 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Жалайр овогт Цоггэрэлийн Алтангэрэл /РД: УЗ94030616/.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Алтангэрэл нь 2016 оны 03 дугаар сарын 19-ний орой 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрхэт сүлд” амралтын газрын авто зогсоол дээр иргэн Б.Алтанжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг баруун хөлөөрөө хавсарч газар унагаасны улмаас биед нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шинжээч, шүүгдэгч нарын  мэдүүлсэн мэдүүлгүүд:

 

Хохирогч Б.Алтанжаргал: “...2016 оны 03 дугаар сарын 19-ний оройн 17.00 цагийн үед “Эрхэт сүлд” гэх амралтын газар дээр Мөнхцоож, Номинцэцэг, Мижид, Ариунзаяа, Болд-Эрдэнэ нартай хамт очсон. Тэнд очоод бид хөзөр тоглож, хожигдсон нь пиво уух шийтгэлтэй байсан юм. Би шийдэн дээр сагсан бөмбөг тоглож байснаа л санадаг, харин бусад зүйлийг санахгүй байгаа. Хохиролд нийтдээ 12.500.000 төгрөг авсан, одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Шүүх хуралдааны дараа би нөхөх хагалгаанд орно. Миний биеийн байдал харьцангуй гайгүй болсон...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Алтангэрэл: “...2016 оны 03 дугаар сарын 19-ний орой манай найз Батбаяр намайг гэрээс дуудаад "Эрхэт сүлд" амралтын газар руу явж Болд-Эрдэнэ гэх найзыгаа очиж авъя гэхээр нь түүний дуудсанаар би гэрээсээ гараад Батбаяр, Золбаяр нартай хамт амралтын газар луу явсан юм. Тэнд очтол гадаа нь Алтанжаргал, Мижид нар нилээд согтуу байсан. Бид нарыг машиндаа сууж байхад Алтанжаргал нэг махлаг залуутай маргалдаж байсан, нэрийг нь мэдэхгүй байна. Тэр залуутай маргалдчихаад манай машины хойд тал руу Алтанжаргал, Мижид  нар явах үед манай хоёр найз Батбаяр, Золбаяр нар бие засах гээд машинаас буусан. Би машиндаа сууж байтал ар талд хүмүүс маргалдаад байх шиг байхаар нь машиныхаа хаалгыг онгойлж харахад Алтанжаргал, Мижид, Золбаяр, Батбаяр нар муудалцаад зогсож байсан. Буугаад очтол Алтанжаргал согтуу дээгүүрх хувцсаа тайлаад би Дарханых гээд манай найз Батбаярыг 3 удаа цохьсон. Тэгээд би Алтанжаргалыг “боль” гэж хэлээд түлхтэл Алтанжаргал буцаж ирээд Батбаярыг зодох гээд дайраад байхаар нь би найзыгаа хамгаалж Алтанжаргалыг хавсарч унагаасан. Гэтэл Алтанжаргал ухаан алдсан байдалтай, босч ирээгүй. Тэгээд манай найз Золбаяр Болд-Эрдэнийг дуудаад хамт явсан. Тэр хойгуур Алтанжаргалыг өргөөд машиндаа суулгаад явсан. Тэгээд Яармагийн 1 дүгээр буудлын тэнд явж байтал Номинцэцэг гэдэг охин Болд-Эрдэнэ рүү залгахаар нь буцаад амралтын газар луу явсан. Найзуудыг нь гэрт нь хүргэж өгөөд Алтанжаргалыг гэмтлийн эмнэлэгт хүргэсэн...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд:

 

Хохирогч Б.Алтанжаргал мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр найзууд болох Зоригт, Мижид, Болд-Эрдэнэ, Ариунаа, хамаатны залуу болох Мөнхцоож, түүний эхнэр Номинцэцэг нарын хамт амралтанд явахаар болсон. ...Бид нар Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрхэст сүлд” нэртэй амралтын газарт орой 18 цагийн үед очсон. ...Орой 21 цаг хүртэл сагсан бөмбөг тоглож байгаад би Мижидийн хамт сагсны бөмбөгийг нь хажуу гэрийн залуучуудад оруулж өгөхөд нэг залуу нь согтуу надад үг хаяад янз бүрийн юм яриад байхаар нь тоохгүй гараад явсан. ...Би тухайн үед хөзөр тоглоод хожигдоод арай илүү пиво уусан. Орой 23 цагийн үед Номинцэцэг гэрээс түрүүлж гараад амралтын газрын зогсоол дээр тавьсан миний машин руу явсан, харин араас нь Мижид бид хоёр хамт гэрээс гараад автомашины зогсоол руу очих гээд явган хүний замаар алхаж байхад сагсны бөмбөг оруулж өгөхөд үг хаяад томроод байсан махлаг залуу нэлээн согтуу байдалтай тамхи татаад зогсож байсан. Бид хоёрыг хажуугаар нь гарахад тэр залуу миний өөдөөс тамхи татсан утаагаа үлээхээр нь би тэр залуутай маргалдаж нэлээн хэрэлдсэн. Мижид намайг салгаад цаашаагаа явсан. Машин дээрээ очоод Номинцэцэгийг хамаатны ах Болд-Эрдэнийн гурван найз машинтайгаа ирсэн байсныг сүүлд мэдсэн. Мижид бид хоёр тамхи авах гээд машиныхаа хажууд зогсож байсан, харин Номинцэцэг машин дотор сууж байсан. Нэг мэдсэн Болд-Эрдэнийн гурван найзтай маргалдсан. Би эхлээд надтай маргалдсан махлаг залуутай андуураад тэр залуугийн найз нар байна гэж бодоод маргалдсан. Би тухайн үед нэлээн согтуу байсан болохоор үүнээс хойш юу болсоныг санахгүй байна, нэг мэдсэн эмнэлэг дээр сэрсэн. ...Би их согтолттой байсан.  ...Би хохиролд эхлээд 2,500,000 төгрөг авсан. Намайг 3 жил ажил хийж болохгүй гэсэн учир хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 жилд үржүүлээд 6,900,000 мөн дээрээс нь одоо хагалгаан орох 1,500,000 төгрөгийг бас нэхэмжилнэ...” /хх-ийн 33-34, 118/ гэсэн,

 

Гэрч С.Номинцэцэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ...Эрхэт сүлд амралтын газарт очсон ...Би буцаж гэрээс гараад зогсоол руу очиж машинаас цүнхээ авах санаатай явсан. Миний араас Алтанжаргал, Мижид гэх хоёр найз гарч ирсэн юм байна лээ. Би машин дотор суугаад цүнхээ авах гээд хайж байхад машины ар талд манай найз нарын дуу гараад байхаар нь машинаас гараад хартал манай найз Алтанжаргалыг үл таних залуу хавсраад газар унагаж байсан. Би машинаас буугаад гүйж очоод Алтанжаргалаа яасан бэ зүгээр үү гээд орилоод уйлсан чинь миний танил Батбаяр нар байсан. ...Алтангэрэл манай найз Алтанжаргалыг газар унагааж байсан, миний харснаар хавсарч унагах шиг харагдсан. ...Алтангэрэл гэх залуу манай машиныг жолоодож ...гэмтлийн эмнэлэг орсон...” /хх-ийн 35-36/ гэсэн,

 

Гэрч Б.Батбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 03 дугаар сарын 19-ний орой ...манай найз Ц.Алтангэрэл, Э.Золбаяр хоёр манай орцны үүдэнд ирээд гурвуулаа хамт Нисэхийн “Эрхэт сүлд” амралтын газарт орой 23 цаг 30 минутын үед очсон. ...Харин найз Ц.Алтангэрэл машин дотроо суугаад үлдсэн. Намайг буцаад алхаад ирэхэд хохирогч Б.Алтанжаргал, Мижид хоёр  нэлээн согтуу алхаж чадахгүй бие биенээ түшиж байгаад машиныхаа хойд талд ирээд газар унасан. ...Намайг машин руугаа суух гэж байхад Алтанжаргал, Мижид хоёр босч ирээд та нар энэ бүдүүн найзыгаа авах гэж ирсэн үү, яасан их найзыгаа өмөөрдөг юм бэ гээд Мижид нь хүрч ирээд намайг шууд цохиод авахаар нь би бултсан. ...Алтанжаргал босч ирээд дээгүүрх хувцсаа тайлаад цээжээ нүцгэлээд та нар Дарханы залуучууд гэж мэдэх үү гээд орилоод хүрээд ирсэн. Машин дотроос найз Алтангэрэл бууж ирээд Алтанжаргалыг болиулаад салгасан. ...манаач ах надад хандаж ах нь машин барьж чадахгүй гээд байж байхад гэнэт пид гээд хүчтэй дуу гарсан. Намайг эргээд хартад Мижидийг газар бөгсөөр нь суулгаад ...харин Алтанжаргал газар унасан дээшээ харсан байдалтай урд нь Алтангэрэл хараад зогсож байсан. Би Алтангэрэлийг унагаачихлаа гэж бодоод гүйж очоод яаж байгаа юм бэ гээд бөгс рүү өшиглөхөд Алтангэрэл зүгээр чимээгүй зогсоод сандарсан байсан...” /хх-ийн 39-40/ гэсэн,

 

Гэрч Э.Золбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Амралтын газрын манаач ах бид гурав дээр хүрч ирээд та нар энэ махлаг согтуу залууг авах гэж ирсэн үү гэж асуухад үгүй гэж хэлсэн. Цаанаас Алтанжаргал, Мижид гэх хоёр залуу согтуу алхаж ирээд нөгөө замын хажуу талын хашлаган дээр сууж байсан махлаг согтуу залуутай гэнэт маргалдаад эхэлсэн. ...Амралтын газрын манаач ах салгаад байх шиг байсан. Батбаяр машинаа хойшлуулж зогсоолын гол хавьцаа зогссон. Тэр үед би бие засаад буцаад ирэхэд Алтанжаргал, Мижид хоёр найз Батбаярыг хоёр талаас нь дайраад зодох гээд зогсож байхаар нь очоод Мижид гэх залууг нь салгаад найз Батбаяраас холдуулсан. Алтангэрэл машинаас бууж ирээд Алтанжаргал гэх залууг холдуулсан. Мижид гэх залуу нь намайг цохих гээд байхаар нь би гарыг нь барьж аваад урагш нь угзарсан чинь газар сөгдөөд унахдаа миний өвдөг рүү толгойгоороо цохиод бид хоёр хамт газар унаад босоод ирсэн чинь Алтанжаргал гэх залуу газар унасан хажууд нь Алтангэрэл зогссон байсан...” /хх-ийн 41-42/ гэсэн,

 

Гэрч М.Мижид мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 03 дугаар 19-ний өдөр ...Эрхэт сүлд амралтын газарт очсон. ...Номинцэцэг бид хоёроос түрүүлээд машин руу явсан, Алтанжаргал бид хоёр араас нь  явсан юм. ...Өөрсдийнхөө машины хажууд зогсож байхад хоёр залуу хажууд ирсэн. Алтанжаргал тэр хоёр залуутай маргалдаж та нар тэр залууг авах гэж ирсэн үү, найз нар нь юм уу гээд бид хоёр тэдгээр залуучууд руу агсарч томорсон юм. ...Золбаяр гэх залуу миний хоёр гарыг хойд талд бариад газар өвдгөөрөө би дээшээ өндийх үед цаахан талд Алтанжаргал дээгүүрх хувцсаа тайлж шидээд Дарханы залуучуудыг мэдэх үү гэж орилоод тэнд зогсож байсан Алтангэрэл рүү гүйж очоод Алтанжаргал газар унасан. Би яг яаж газар унасныг хараагүй...” /хх-ийн 52-53/ гэсэн,

 

Шинжээч Ч.Эрдэмболор мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Дээрх гэмтлүүдээс гавлын суурь ясны зүүн дэлбэнгээс чамархайн дагз яс хүрсэн шугаман хугарал, хатуу хальсны дээрх  цусан хураа, толгойн хуйхны зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун дал, зүүн сарвуунд зулгаралт, зүүн бугуйнд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Уг гэмтэл нь газар унах үед болон хүн түлхэн унагаах үед хоёуланд үүсэх боломжтой...” /хх-ийн 58-59/ гэсэн,

Шүүгдэгч Ц.Алтангэрэл мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 03 дугаар сарын 19-ний орой ...найз Батбаяр, Золбаяр бид гурав хамт 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрхэт Сүлд” амралтын газарт очсон. Алтанжаргал, Мижид хоёр манай машины урд замын хашлаган дээр ганцаараа сууж байсан согтуу залуутай очоод юм яриад маргалдаж байснаа нэг цохиод авах шиг харагдсан. ...Найз Батбаяр, Золбаяр хоёр бие засаад ирье гээд машинаас буугаад явсан, би машин дотроо үлдсэн. Хэсэг хугацааны дараа машины нэлээн хойд талд автомашины зогсоолын хойд талын хэсэгт хүмүүс дуугараад байхаар нь би арын цонхоор хартал манай хоёр найз Батбаяр, Золбаяр нартай Алтанжаргал, Мижид нар маргалдаад зогсож байсан. ...Алтанжаргал Батбаярыг нэг цохиод авсан. Би чи боль л доо гээд Алтанжаргалын гарыг тавиулаад хойш нь болгоход хохирогч Б.Алтанжаргал болихгүй, дахиад агсраад дайраад байхаар нь баруун хөлөөрөө хавсарч газар унагасан. Алтанжаргал газар унахдаа их хүчтэй унасан. Тэгээд босч ирэхгүй хэвтээд байсан. ...Би тэр Тоёотай Истимаг жолоодож ...Номинцэцэг, Мөнхцоож хоёр Алтанжаргалыг эмнэлэгт очоод үзүүлье гэхээр нь Гэмтлийн эмнэлэг орж үзүүлж толгойны зураг авхуулаад хэвтэж эмчлүүлэх шаардлагатай гээд хэвтсэн...” /хх-ийн 67-68, 123/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 112-117/,

- Хураан авах тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2-3/,

- Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 6/,

-  Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 9-13/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн № 3983 тоот акт, дүгнэлтэд:  “...Дүгнэлт 1. Алтанжаргалын биед гавлын суурь ясны зүүн дэлбэнгээс чамархай, дагз яс хүрсэн шугаман хугарал, хатуу хальсны дээрх цусан хураа, толгойн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун дал, зүүн сарвуунд зулгаралт, зүүн бугуйд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 ба 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрлээс хамаарна...” /хх-ийн 55/ гэсэн дүгнэлт,

- Шүүгдэгч Ц.Алтангэрэлийн иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 98, 71/,

- Тодорхойлолт  /хх-ийн 80, 125-126/,

- Хохирогч Б.Алтанжаргалын өвчний түүх /хх-ийн 84-96/,

- Шүүгдэгч Ц.Алтангэрэлийн хувийн байдалтай холбоотой гэрч Х.Баялагмаагийн мэдүүлэг /хх-ийн 119/,  гэрч Д.Цоггэрэлийн мэдүүлэг /хх-ийн 121-122/, сурагчийн хувийн хэрэг /хх-ийн 127-139/,

- Хохирлын баримт /хх-ийн 146-163/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх тэдгээрийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

Шүүгдэгч Ц.Алтангэрэл нь 2016 оны 03 дугаар сарын 19-ний орой 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрхэт сүлд” амралтын газрын авто зогсоол дээр иргэн Б.Алтанжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг баруун хөлөөрөө хавсарч газар унагааж биед нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Алтанжаргал, гэрч С.Номинцэцэг, Б.Батбаяр, Э.Золбаяр, М.Мижид нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3983 тоот дүгнэлт, шүүгдэгч Ц.Алтангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Алтангэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, түүний үйлдэл энэ гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Ц.Алтангэрэл урьд нь Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 16 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2-т “Дор дурдсан этгээд дараахь тохиолдолд ялгүй болно: 78.2.1 тэнсэж хянан харгалзсан ...хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй” гэж заажээ. Шүүгдэгч Ц.Алтангэрэл нь 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр дахин гэмт хэрэг үйлдсэн буюу түүний ялтай байдал дуусгавар болсон байна. Иймд түүнийг анх удаагаа гэмт хэрэгт үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Алтанжаргалын биед гавлын суурь ясны зүүн дэлбэнгээс чамархай, дагз яс хүрсэн шугаман хугарал, хатуу хальсны дээрх цусан хураа, толгойн хуйхны зөөлөн эдийн няцрал зэрэг хүнд зэргийн гэмтэл учирсан /хх-ийн 55/ ба шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардал, гэм хорын хохиролд мөрдөн байцаалтын шатанд 2,500,000 төгрөг, шүүхийн шатанд 10,000,000 төгрөг тус тус нөхөн төлсөн болох нь шүүгдэгчийн өмгөөлөгч А.Дулмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн хохирол төлсөн баримт болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.

 

Шүүгдэгч Ц.Алтангэрэлд ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогчид эмнэлгийн болон бусад тусламж үзүүлсэн зэргийн ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүний үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх, шүүгдэгч Ц.Алтангэрэл нь хорих ял шийтгүүлж болох хүнд гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн рентгений 3 ширхэг зургийг хохирогч Б.Алтанжаргал буцааж авна гэсэн тул түүнд буцаан олгож, онош тодорхойлсон 2 ширхэг хуудсыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, эрүүгийн 2016260300476 тоот хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Алтангэрэл энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний  бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Алтанжаргал гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Жалайр овогт Цоггэрэлийн Алтангэрэлийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч Цоггэрэлийн Алтангэрэлийг 03 /гурав/ жил 05 /тав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ц.Алтангэрэлд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн рентген зураг 3 ширхгийг хохирогч Б.Алтанжаргалд буцаан олгож, онош тодорхойлсон 2 ширхэг хуудсыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

5. Эрүүгийн 2016260300476 тоот хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Алтангэрэл энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний  бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Алтанжаргал гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч Ц.Алтангэрэлд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Алтангэрэлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.АЛТАНЖИГҮҮР

ШҮҮГЧИД                                                                 Б.БАТБОЛОР

С.БАЗАРХАНД