Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 26

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй

          Хариуцагч: 1. ОАЗД-д холбогдох “ОАЗД-ын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/259 дугаар “Газар эзэмшүүлэх шийдвэр хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах”;

2. ОАГХБХБГ-т холбогдох “ОАЗД-ын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/259 дугаар захирамжийг биелүүлэхээр ОАГХБХБГ-ын газар чөлөөлөхөөр явуулсан үйл ажиллагааг хууль бусад тооцох”, “Ц” ХХК-тай газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй байгаа, газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах”;

3. ОАБӨСЗД-д холбогдох ОАБӨСЗД-ын 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/193 дугаар “Газар албадан чөлөөлөх тухай” захирамж хууль бус тул хүчингүй болгож, газар албадан чөлөөлснөөс учирсан хохирол 3,800,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай 119/2018/0025/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г, хариуцагч ОАЗД-ыг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, ОАГХБХБГ-ыг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, ОАБӨСЗД-ыг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М-ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Манай компани нь Газрын тухай хуульд заасан журмын дагуу Хүнсний захын орчимд газар эзэмших хүсэлт гаргасан байсан. Газрын харилцааны алба, Засаг дарга судалсны үндсэн дээр ОАЗД-ын 2016 оны 07 дугаар сарын 08-ны А/378 тоот захирамжаар Хүнсний захын баруун хойд талд 700 м.кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэр гаргасан. Энэ захирамжаар нийт 8 компани болон аж ахуйн нэгж, нэг иргэнд 15 жилийн хугацаагаар газар эзэмшүүлэхээр шийдвэрлэгдсэн. Үүнээс хойш нэгэнт захирамж гарсан учир газар эзэмших эрхийн гэрчилгээ авъя, гэрээ байгуулъя гэдэг асуудлаа АГХБХБГт, дарга Д.Ц-д удаа дараа хэлж байсан боловч “Хүлээж бай, тэр захирамжаар олгогдсон газруудын асуудлыг нэг мөр гэрчилгээ олгох, гэрээ байгуулах ажил хийгдэнэ” гэж тодорхой хугацаа заалгүй хүлээлгэсэн. Энэ завсар Орхон аймгийн Аудитын газраас шалгалт хийлгээд 2017 оны 03 дугаар сарын 13-нд 01/14-ОААГ/ГАБ/2017/04-ГА тоот дүгнэлт гаргасан байдаг бөгөөд энэ дүгнэлтийн хавсралтаас үзвэл “Н” ХХК, “Э” ХХК, иргэн С.С нарт газар эзэмшүүлсэн гэрчилгээг олгосон байдаг. Түүнчлэн Аудитын энэ дүгнэлтийн дагуу дуудлага худалдааны жишиг үнийг төлөхөөр хандахад ГХБХБГ мөн л хүлээж бай гэсэн хариу өгч байсан. Нэгэнт захирамж гарч хүчинтэй болсон тул манай компани уг газарт кадастрын зураг хийлгэж хашаа барьсан. Гэтэл 2018 оны 06 дугаар сарын 20-нд манай компанид газар чөлөөлөх мэдэгдэл гэсэн ГХБХБГ-ын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 541 дүгээр бичгийг хавсралт 4 хуудасны хамт авчирч өгсөн. Эдгээрийг уншиж үзэхэд дээр дурдсан АЗД-ын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/378 тоот захирамжийг хүчингүй болгохоор ЗД Д.Б 2018 оны 05 дугаар сарын 01-нд А/259 захирамж гарсан болохыг мэдсэн. Ийм учраас бид мэдэгдэл ирүүлсэн АГХБХБГ-т “Мэдэгдэл хүлээн аваад 2-хон хоногт газар чөлөөлөх боломжгүй, АЗД-ын захирамж мэдээгүй, хүлээж аваагүй” талаар мэдэгдлийн хариу хүргүүлээд уг бичгийн хариуг шаардахад хэлтсийн дарга Ч.Э “Хариу өгөх шаардлагагүй” гэсэн. Ингээд харж байтал 6 дугаар сарын 29-нд хашааг нурааж газрыг албадан чөлөөлөхөөр албаны хүмүүс болон техник ирсэн. Тэдгээр хүмүүстэй манай ажилтан уулзахад газар албадан чөлөөлөх сумын Засаг даргын захирамж гарсан гэсэн ба “Үзүүлж болох уу” гэж гуйж байж үзэж гар утсаараа захирамж, түүний хавсралтын зургийг авсан. Ирсэн хүмүүс барьсан хашааг нурааж, хашаан дотор байсан 2 вагончик, түүн доторх эд хөрөнгийг ачиж явж Хот тохижуулах газрын хашаанд буулгасан.

            Засаг даргын захирамжийн баталгаатай эсэх нь тодорхойгүй хуулбараас үзвэл Засаг дарга газар төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдаагаар эзэмшүүлэх Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, хот тосгоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилгажилтийн төслийг үндэслэн газар олгох Хот байгуулалтын тухай хуулийн 9.1.1 дэх заалтаар дээр дурдсан Аудитын шалгалтаас үзвэл манайд олгосон газрыг өмнөх онд олгосон газартай байршил давхацсан гэдэг үндэслэл зааж байсан байна. Засаг дарга болон түүний Тамгын газар, харъяа албад энэ талаар манай компанид мэдэгдэж харилцсан, үндэслэлийг урьдчилсан танилцуулсан явдал огт байхгүй болно. Засаг даргын 2016 оны А/378 тоот захирамжаар газар эзэмшүүлсэн байгууллага, иргэнээс ганцхан манай компанид гэрчилгээ олгохгүй /төрийн захиргааны болон бусад байгууллага газар эзэмшихээсээ улс төрийн шалтгаанаар татгалзсан байж болох юм/, газрын жишиг төлбөр төлүүлэхгүй байсан нь компанийн захирал Ц.О намайг АН-ын ҮЗХ-ны гишүүн, тус намаас сонгогдсон аймгийн иргэдийн Хурлын Төлөөлөгч гэдгээр ялгаварласан байхыг үгүйсгэхгүй. Иймд дараах шаардлагыг гаргаж байна.

1. ОАЗД-ын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/259 дүгээр захирамжийг Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан хуулийн этгээд, түүний өмчлөгчийн эрхийг хууль бусаар хязгаарласан, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь заалт, 13 дугаар зүйл, 43 дугаар зүйлийг зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгоно уу. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан нөхцөл байгаа тул урьдчилан шийдвэрлүүлэхээр хандах этгээд байхгүй болохыг дурдаж байна.

2. ОАГХБХБГ, БӨСЗД-ын ОАЗД-ын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/259 дүгээр захирамжийг биелүүлэхээр явуулсан үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд зааснаар эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдэд захиргааны актыг мэдэгдээгүй, хүлээлгэн өгөөгүй, мөн хуулийн 94 дүгээр зүйлд зааснаар гомдол хүлээж авахгүй шийдвэрлэхгүй гэж мэдэгдсэн нь захиргааны байгууллагын үйл ажиллагаанд гомдол гаргах эрхийг хязгаарлаж, энэ талаар хандсан бичгийн хүсэлтэд хариу өгөөгүй, хариу шаардахад “гомдол хүлээж авахгүй, хариу өгөх шаардлагагүй” гэж мэдэгдсэн явдал нь урьдчилан шийдвэрлэх талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан үйл ажиллагаа хязгаарлагдаж, мөн хуулийн 14.7-д заасан нөхцөл бий болсон. Иймд ОАЗД-ын А/259 тоот захирамжийг биелүүлэхээр ГХБХБГ-ын явуулсан үйл ажиллагаа үйлдэл, БӨСЗД-ын комисс томилж, газар чөлөөлөх захирамж гаргасан захиргааны үйл ажиллагааг тус тус хууль бусад тооцож өгнө үү”[1]

Нэхэмжлэгч “Ц” ХХК нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “ОАЗД-ын А/259 дугаар “Газар эзэмшүүлэх шийдвэр хүчингүй болгох тухай” захирамж гарч, тус захирамжийг үндэслэн ОАГХБХБГ-аас хууль бус үйл ажиллагаа явуулсан. Мөн ОАБӨСЗД-ын 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/193 дугаар захирамжаар манай компанид эзэмшүүлсэн газрыг албадан  чөлөөлсөн. Манай компани нь ОАЗД-ын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/378 дугаар захирамжаар газар эзэмшиж эхэлсэнээс хойш эзэмшлийн газартаа хашаа барьж нийт 10,000,000 төгрөгийн хөрөнгө оруулсан. 6,200,000 төгрөгийн бараа материал авч, 3,800,000 төгрөгийг хашаа бариулах ажлын хөлсөнд өгсөн. ...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хашааг эргүүлэн барих ажлын хөлс 3,800,000 төгрөгийн хохирол нэхэмжилж байна”[2]   

“...Газар эзэмшүүлэх шийдвэр гарснаас хойш нэхэмжлэгч нь газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ авах хүсэлтээ ОАГХБХБГ-т гаргасан боловч “хүлээж бай, гэрээ байгуулна” гэх хариу өгсөн. Үүнээс хойш хэд хэдэн удаа хүсэлтээ өгсөн боловч “хүлээж бай” гэх хариуг өгч газар эзэмших гэрээ байгуулах, газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй өнөөдрийг хүрсэн. Иймээс “Ц” ХХК-тай газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй байгаа, газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ гаргаж өгөхийг ОАГХБХБГ-т даалгаж өгнө үү”[3]

“ОАБӨСЗД нь 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/193 дугаартай “Газар албадан чөлөөлөх тухай” захирамж гаргаж уг захирамжийн дагуу газар албадан чөлөөлөх ажиллагаа явуулсан байна. Газар албадан чөлөөлөх захирамжийн 1 дэх заалтад “...газар эзэмших эрх дуусгавар болсон тул...” гэж тусгасан зэрэг нь хууль бус юм.

Иймд “ОАЗД-ын А/259 тоот захирамжийг биелүүлэхээр ГХБХБГ-ын явуулсан үйл ажиллагаа, үйлдэл, БӨСЗД-ын комисс томилж, газар чөлөөлөх захирамж гаргасан захиргааны үйл ажиллагааг хууль бусад тооцож өгнө үү” гэх нэхэмжлэлийн шаардлагыг “ОАБӨСЗД-ын 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/193 дугаартай “Газар албадан чөлөөлөх тухай” захирамж хууль бус тул хүчингүй болгуулах гэж тодруулж байна”[4] гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “ОАЗД-ын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/259 дугаар захирамжийн үр дагавар нь захирамжид заасан үндэслэлтэйгээ тохироогүй байна. Тодруулбал: Газрын тухай хуулийн 61-р зүйлд “шийдвэрийг хүчингүй болгох” тухай заасан байдаг. ОАЗД-ын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/259 дугаар захирамжид “...газар эзэмших эрхийг хүчингүй болгосугай” гэж бичсэн байдаг. Эндээс харвал уг захиргааны актын үр дагавар нь зорилгодоо хүрч чадсангүй. Учир нь “Ц” ХХК-ийн газар эзэмших эрх хүчингүй болох ёстой бол тухайн газар эзэмшигч өөрөө Газрын тухай хуульд заасан тодорхой зөрчлүүдийг гаргасан байх ёстой. Газрын тухай хуулийн 39-р зүйлийн 39.1.4-д заасан “газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон” гэж заасан. Гэтэл энэ тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй, гэрээ байгуулагдаагүй байсан. ОАЗД-ын А/259 дугаар захирамж нь өмнөх Засаг даргын захирамжийг хүчингүй болгох бус “Ц” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40-р зүйлд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох уг зохицуулалтыг баримтлах ёстой байсан юм. Нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн хувьд газар эзэмших, ашиглахтай холбоотой ямар нэг зөрчил гаргаагүй. Эрхийг хүчингүй болгосноороо эрх зүйн зөрчилтэй акт гаргасан гэж үзэж байна. Мөн уг захиргааны актыг мэдэгдсэн гэж хариуцагч талын төлөөлөгчид удаа дараа хэлж байна. Мэдэгдээгүй учраас л нэхэмжлэгч тал мэдэгдээгүй гэж тайлбар хэлж байгаа. Нэгэнт Засаг даргын газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг хүчингүй болгох тухай гэсэн нэртэй боловч эрхийг хүчингүй болгосон захирамж нь өөрөө хууль зөрчсөн, үндэслэлгүй байгаа учраас үүнд үндэслэн явагдсан газар албадан чөлөөлөх ажиллагаа давхар хүчингүй болох ёстой. БӨСЗД-ын 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/193 дугаартай “Газрыг албадан чөлөөлөх тухай” захирамжийг мөн хүчингүй болгох шаардлага гаргасан. Газрын тухай хуулийн 57-р зүйлд зааснаар сумын Засаг дарга нь газрыг албадан чөлөөлөх шийдвэр гаргаж болно. Сумын Засаг даргын захирамжийн үндэслэл болсон Газрын тухай хуулийн 57-р зүйлийн 57.3-д зохицуулсан зохицуулалт нь нэхэмжлэгч “Ц” ХХК-д хамааралгүй гэж ойлгож байгаа. Учир нь “Ц” ХХК-ийн газар эзэмших эрхийг нэгэнт хүчингүй болгож байгаа бол Газрын тухай хуулийн 41-р зүйлд заасан журмаар газрыг албадан чөлөөлөх ажиллагаа явагдах ёстой байсан. Тодруулбал 90 хоногийн дотор уг газрыг чөлөөлж хүлээлгэж өгөх ёстой байсан. Гэтэл бодит байдал дээр 90  хоног байтугай 2 хоногийн дотор газар чөлөөлж өг гэсэн шаардлага тавьсан байдаг. Тиймээс сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/193 дугаар захирамж Газрын тухай хуулийн 57-р зүйлийг баримталсан нь үндэслэлгүй болсон байна. Мөн захиргааны байгууллага нь шийдвэр гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй байгууллагыг оролцуулж саналыг авах ёстой. Гэтэл ийм санал авах буюу сонсох ажиллагаа огт хийгдээгүй. Мөн гаргасан шийдвэрээ танилцуулахгүй ажиллагаа явуулсанд маш их гомдолтой байгаа. “Ц” ХХК дураараа очоод хашаа барьсан зүйл байхгүй. ОАЗД-ын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/378 дугаар захирамж гарсан. Уг захирамж хуульд нийцэж гарсан уу үгүй юу гэдгийг “Ц” ХХК хянах үүрэггүй. Захирамж гарангуут газар эзэмших эрхтэй болж байгаа юм байна гэж итгэж зардал гаргаж хашаа барьсан. Гэтэл хэсэг хугацааны дараа гаргасан захирамжаа хүчингүй болгож байгаа нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны байгууллагын үйл ажиллагаандаа баримтлах зарчим алдагдаж байгаа юм. Тодруулбал, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим буюу “Ц” ХХК-ийн захиргааны байгууллагад итгэсэн итгэл  хамгаалагдаагүй зөрчигдсөн юм. Сонсох ажиллагаа хуульд заасны дагуу хийсэн бол хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим хангагдах боломжтой байсан. Тиймээс 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/378 дугаар захирамж гарсанд “Ц” ХХК-ийг буруутгах боломжгүй, энэ бол захиргааны байгууллагын өөрийнх нь гаргасан шийдвэр. Тэр шийдвэрээ хүчингүй болгож байгаа гэсэн нэрийн дор “Ц” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль бус юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна.

Хариуцагч нарын тайлбараас сонсоход тухайн маргаан бүхий газрыг бусдад олгож, одоо үйл ажиллагаа явагдаж байгаа гэж ойлголоо. Тиймээс одоо энэ шүүхээс шийдвэр гарах боломжгүй боллоо. Энэ талаар баримтыг бүрдүүлж байж энэ хэргийг шийдвэрлэх хэрэгтэй” гэв.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Уг маргаан бүхий газрын яг хажууд нэхэмжлэгч “Ц” ХХК худалдаа үйлчилгээний зориулалттай барилга барьсан байдаг. Уг барилгын хажууд авто зогсоолын байдлаар тухайн 700 м.кв газрыг төлөвлөсөн байсан. “Ц” худалдааны төв баригдсан газар илээр худалдаа үйлчилгээ эрхэлж байсан иргэдийн зарим хэсэг нь талбай жижиг байна гэх гомдлыг ихээр гаргаж байсан байдаг. Тиймээс энэ 700 м.кв газрыг дахин худалдаа үйлчилгээний зориулалтаар ашиглаж болох уу, үгүй юу гэдгийг судалсны дүнд тухайн газар худалдаа үйлчилгээний зориулалттай барилга барьж, үүний 1-2 давхрыг авто зогсоол болгож болох санал тавьсан байдаг. Төсөл сонгон шалгаруулалт болон дуудлага худалдаа явагдаагүй. Харин нийгмийн хариуцлагын хүрээнд 2 давхар орчин үед нийцсэн зогсоол барьж, газрын дуудлага худалдааны жишиг үнийг төлөөрэй гэсэн байдаг. Ингээд газрын жишиг үнийг төлөхөөр ОАГХБХБГ-ын даргатай хэд хэдэн удаа уулзаж ярилцахад байж бай гэж хүлээлгээд байсан байдаг. Ийм л зүйл тухайн үед болсон байдаг”

“Шүүхийн шийдвэр биелэх боломжтой байх ёстой. Гэтэл шүүхийн шийдвэр биелэх эсэх нь эргэлзээтэй боллоо. Маргаантай нөхцөл байдал хэвээр байгаа. Гэтэл тухайн маргаантай газарт өөр этгээд юм барьсан байна. Тухайн маргаантай газартай холбогдуулан дахиад шийдвэр гарсан байх магадлалтай байгаа учир энэ талаар тодруулах шаардлагатай байгааг шүүх анхаарна уу. Хэргийг эцэслэн шийдвэрлэхээр шүүх хуралдаан болж байгаа тул өмгөөлөгчийн хувьд би хууль зүйн дүгнэлтээ хэлэх нь зүйтэй байх. Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2-т зааснаар хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим байдаг. Үндсэн хуулийн үзэл баримтлалын хүрээнд Захиргааны ерөнхий хууль батлагдсан. Захиргааны ерөнхий хуулийн зорилго, агуулга нь нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж буй захиргааны байгууллагаас захиргааны акт, хэм хэмжээний акт гаргах, гэрээ байгуулах замаар иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлдэг. “Газар эзэмшүүлэх шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/259 дугаар захирамж буюу захиргааны акт байгаа гэдэг нь тодорхой байгаа. Захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуульд заасан процессын дагуу шийдвэр, үйл ажиллагаа явуулах ёстой. Захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуульд үндэслээгүй гэдгийг товч байдлаар тайлбарламаар байна. ОАЗД-ын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/259 дугаар захирамжийн агуулгаас харахад Газрын тухай хуулийн 61-р зүйлийн 61.1, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтууд, мөн Орхон аймгийн аудитын газрын “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагын дагуу “Ц” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байдаг. Гэтэл үндэслэл болгосон уг албан шаардлагыг Захиргааны хэргийн шүүхээс хүчингүй болгосон. Тиймээс хүчингүй актанд үндэслэж “Ц” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь ямар ч үндэслэлгүй юм. Мөн А/259 дугаар захирамж нь бичгээр гаргаж байгаа захиргааны актад тавигдах хуулийн шаардлага болох “тодорхой ойлгомжтой” байх наад захын шаардлагыг хангахгүй байна. Захирамжийн тэргүү хэсэгт “шийдвэрийг хүчингүй болгож байна” гэсэн атлаа дотор агуулга нь “эрхийг” хүчингүй болгож байгаа нь тодорхой ойлгомжтой байх хэлбэрийн шаардлагыг хангаагүй байна. Ингэснээр Захиргааны ерөнхий хуулийн 4-р зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчим алдагдсан. Захиргааны актын үндэслэл нь өмнөх гаргасан буруу шийдвэрийг засах зорилготой байсан бол эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг үүнд татан оролцуулах ёстой байсан. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 24-р зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох, 25-р зүйлд заасан нотлох баримтыг цуглуулах, 26-р зүйлд зааснаар оролцогчийг сонсох, 27-р  зүйлд зааснаар оролцогчийг сонсох ажиллагааг явуулах ёстой байтал эдгээрийг огт хийгээгүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 28-р зүйлд заасан сонсох ажиллагаа явуулахгүй байх тохиолдлуудыг зохицуулсан. Гэтэл энэ нөхцөл байдал байхгүй байхад 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/259 дугаар захирамжаар газар эзэмшүүлэх шийдвэрийг хүчингүй болгох гэж байгаад эрхийг нь хүчингүй болгосноос харвал ОАЗД хууль бус шийдвэр гаргасан байна. Ингэхдээ “Ц” ХХК-ийг дуудаж аудитын дүгнэлтийг ч танилцуулаагүй, газар эзэмших эрхийг хүчингүй болгох гэж байгаа тухай мэдэгдэж санал хүсэлтийг нь ч аваагүй байдаг. Хэрвээ саналыг сонссон бол тухайн газар дээр хоёр дахин том хэмжээний авто зогсоол барих санал байсан гэдгийг мэдэж болох байсан. Учир нь тухайн газар нь анхнаасаа ерөнхий төлөвлөгөөнд тусгагдахдаа авто зогсоолоор төлөвлөгдсөн байдаг. Гэтэл ийм боломж олгохгүй, цагийг нь тулгаж мэдэгдэж, улмаар албадан чөлөөлж байгаагаас харвал анхнаасаа тухайн газрыг өгөх сонирхолгүй байсан нь харагдаж байна. Тиймээс ОАЗД-ын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/259 дугаар захирамж нь хууль ёсны дагуу гараагүй захиргааны акт байна. Мөн тэр хавийн аж ахуй нэгж байгууллага, иргэдээс маш олон гомдол гаргасан гэж байгаа ч энэ нь ямар ч үндэслэлгүй, энэ талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй байдаг. Тухайн газарт илүү үр өгөөжтэй байгууламж барих аргыг сонгохоосоо илүү газрын эзэмших эрхийг хүчингүй болгох л санаа зорилготой байж. Иймээс захиргааны ерөнхий хуульд үндэслээгүй ажиллагаа болсон байна. Мөн хариуцагч тал газрыг нь хүлээлгэж өгөөгүй байхад хашаа барьсан гэж буруутгаж байгаа хирнээ байгаль орчинд нөлөөлөх үнэлгээ хийлгэж ирээгүй гэдэг. Тэгвэл ямар газар гэдэг нь мэдэгдэхгүй байхад байгаль орчны үнэлгээ хийлгэх ёстой гэж яагаад ярьж байгаа вэ. Газрын тухай хуулийн 34-р зүйлийн 34.3-т зааснаар “байгаль орчинд нөлөөлөх үнэлгээгээр сөрөг дүгнэлт гарсан бол эрхийн гэрчилгээ олгохоос татгалзаж, дуудлага худалдааны үнийг буцаан олгоно” гэдэг. Эндээс харвал газрыг хүлээлгэж өгөөгүй нөхцөлд байгаль орчны үнэлгээг хийлгээгүй байна гэж буруутгаж байгаа нь ямар ч үндэслэлгүй юм. Газар эзэмших эрхийг хүчингүй болгох, шийдвэрийг хүчингүй болгох хоёр маш том ялгаатай ойлголт байгаа. Хууль бус захирамжид үндэслэн яарч сандран биелүүлэх шаардлагатай нэг санаа зорилго байсан байна. 2016 оны захирамжаар эрх нь үүссэн. Эрхийг баталгаажуулах гэрчилгээ нь гараагүй байхад тухайн байгууллагыг шууд буруутгаж газрыг албадан чөлөөлж байгаа нь буруу юм. АЗД-ын шуурхай дээр амаар өгсөн үүрэг даалгаврын дагуу сумын Засаг дарга захирамж гаргасан гэж байна. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан зохицуулалт нь гаргасан шийдвэрийнхээ биелэлтийг тухайн албан тушаалтан буюу АЗД өөрөө хариуцаж арилгах үүргийг хэлж байгаа юм. 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн АЗД-ын А/259 дугаар захирамжийг илт хууль бусад тооцуулаад нэхэмжлэгчийн эрх сэргэхгүй гэж үзсэн учраас хүчингүй болгож, улмаар хууль бус захирамжид үндэслэсэн БӨСЗД-ын А/193 дугаар захирамжийг хүчингүй болгож, уг захирамжид үндэслэн явагдсан газар албадан чөлөөлөх үйл ажиллагааг мөн хүчингүй болгож, үүдэн гарсан хохирлыг шаардаж байгаа. 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/378 дугаар захирамжаар АГХБХБГ-т үүрэг болгосон. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй, биелүүлээгүй шалтгаанаа хууль бус захирамж байсан гэж одоо тайлбарлаад байгаа. Гэхдээ тухайн захирамж нь хууль бус эсэхийг зөвхөн шүүх тогтооно. Шүүхийн өмнөөс хууль бус гэсэн дүгнэлтийг хийж, тэр үүргээ биелүүлээгүй байна. Хууль бус байсан учраас биелүүлэхгүй байх эрхтэй гэж хуулинд заагаагүй. Харин хууль бус гэж үзсэн бол тухайн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нь зохицуулсан. Гэтэл захиргааны байгууллага өөрөө ийм ажиллагаа огт хийгээгүй. Тиймээс ОАЗД-ын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/378 дугаар захирамжийг биелүүлэхгүй байгаа ОАГХБХБГ-ын эс үйлдэхүй нь хууль бус юм. 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/378 дугаар захирамж нь одоо ч хүчин төгөлдөр хэвээр байгаа. Ингээд дүгнээд хэлбэл 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/259 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн эрх ашиг хөндөгдөж газар эзэмших эрхийг нь хөндсөн байна. Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.3.1-д зааснаар ОАЗД-ын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/259 дугаар захирамж, БӨСЗД-ын 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/193 дугаар захирамжуудыг тус тус хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн байгаа учраас тэдгээрийг хүчингүй болгож, ОАГХБХБГ-ын газар албадан чөлөөлсөн ажиллагааг хууль бусад тооцож, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.3.7-д зааснаар БӨСЗД-ын хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгч компанид учирсан хохирол болох 3,800,000 төгрөгийг сумын Засаг даргаас гаргуулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.3.4-д зааснаар газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг ОАГХБХБГ-т даалгаж өгнө үү” гэв.

            Хариуцагч ОАЗД шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “АЗД-ын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/378 дугаар захирамжаар “Ц” ХХК-д хүнсний захын баруун хойд талд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь батлагдсан хэсэгчилсэн төлөвлөгөөг үндэслээгүй, Хот байгуулалтын тухай хууль, Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байсан. АЗД-ын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/259 дүгээр захирамжаар газар эзэмшүүлэх шийдвэрийг хүчингүй болгосон. Уг захирамжийн дагуу “Ц” ХХК-д ГХБХБГ-аас 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 541 тоот албан бичгээр маргаан бүхий газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдэлд заасан хугацаанд газраа чөлөөлөхгүй бол албадан чөлөөлөх тухай дурдсан. Уг хугацаа өнгөрсөн тул БӨСЗД-ын захирамж гарч ажлын хэсэг байгуулагдан газрыг албадан чөлөөлсөн. Энэхүү үйл ажиллагаа нь хууль тогтоомж зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”[5] гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ОАЗД-д нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн зүгээс ямар нэг байдлаар хүсэлт ирүүлсэн удаа байдаггүй. Мөн тухайн газрыг эзэмшүүлэх талаар сонгон шалгаруулалт, дуудлага худалдаа огт явагдаагүй байдаг. Эндээс харвал нэхэмжлэгч “Ц” ХХК-д газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн ОАЗД-ын 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/378 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 33-р зүйлийн 33.1.2-д заасныг зөрчсөн байдаг. Тухайн газар нь Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдснаар “олгох ёсгүй” газар байсан. Мөн ийнхүү ерөнхий төлөвлөгөөнд тусгагдснаас бусад зориулалтаар газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж байгаа бол тухайн үед ажиллаж байсан АЗД дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт зарлах ёстой байсан ч ийм ажиллагаа огт хийгдээгүй байдаг. Хот байгуулалтын тухай хуулийн 9-р зүйлийн 9.1.1-д “Засаг дарга нь хот тосгоны батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилгажилтын төслийг үндэслэн газар олгох, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах эрхтэй” гэж заасан байдаг. Гэтэл “Ц” ХХК-иас ирүүлсэн ямар нэг барилгажилтын төсөл гэж байхгүй, цаашлаад газар зохион байгуулалтын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг зөрчсөн байх тул ОАЗД-ын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/378 дугаар захирамж нь хууль зөрчсөн гэдэг нь тогтоогдож байгаа юм. Тиймээс Газрын тухай хуулийн 61-р зүйлийн 61.1-д зааснаар “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан нь өөрөө тухайн хууль бус шийдвэрээ хүчингүй болгоно” гэж зохицуулсан байгаа. Үүний дагуу ОАЗД-ын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/378 дугаар газар эзэмшүүлэх захирамжийг одоогийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/259 дугаар захирамжаар хүчингүй болгосон юм. Нэхэмжлэгч тал 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/259 дугаар захирамжтай танилцаагүй гэж тайлбартаа хэллээ.  Гэтэл уг захирамжийг 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 16:30 цагт “Ц” ХХК-ийн зохион байгуулагч Э гэх хүн гардаж авсан байдаг. Мөн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 541 дугаартай албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Уг мэдэгдлийг 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр “Ц” ХХК-ийн нягтлан бодогч Ц гэх хүн гардаж авсан байдаг. Эндээс үзвэл ОАЗД-ын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/259 дугаар захирамж гарсныг мэдээгүй гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй юм. Газрын тухай хуулийн 61-р зүйлийг баримталсан нь зөв юм. Уг зүйлд “...хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасан. Тэгэхээр нэгэнт АЗД 2016 онд хууль бус шийдвэр гаргасан, энэ үйлдлээ таслан зогсоож, хуульд заасан эрхийнхээ дагуу шийдвэрлэж захирамж гаргасан нь хууль зүйн хувьд үндэслэлтэй юм.

ОАЗД-ын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/378 дугаар захирамж буюу газар эзэмшүүлэх шийдвэр гарснаар тухайн газрыг эзэмших эрхтэй болсон гэж ойлгож болохгүй. Газрын тухай хуулийн 27-р зүйлд зааснаар гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр газрыг эзэмшүүлдэг. Газрын тухай хуулийн 27-р зүйлийн 4-т зааснаар хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүйгээр аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно. Тэгэхээр “Ц” ХХК нь зохих журмын дагуу хүсэлтээ гаргаж, гэрээгээ байгуулж, гэрчилгээгээ авсны дараа тухайн газар хашаа барьж эд хөрөнгөө тавих ёстой байсан. Тиймээс нэхэмжлэгч компанийн зөвшөөрөлгүй дур мэдэн хашаа барьсан үйл ажиллагааг Газрын тухай хуулийн 27-р зүйлийн 27.4-р няцааж тайлбарлаж байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

БӨСЗД-ын захирамжийн хууль зүйн үндэслэл болсон Газрын тухай хуулийн 57.3-р заалт нь зөв юм. Газрын тухай хуулийн 57-р зүйлийн 57.3-д “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад  хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол сумын Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57-р зүйлийн 57.4-д “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж тус тус зааснаар хуулийн дагуу ажиллагаа явагдсан. Газрын тухай хуулийн 34-р зүйлийн 34.2-т зааснаар үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуй нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх ёстой. Гэтэл нэхэмжлэгч “Ц” ХХК нь хуульд заасан ажиллагаагаа өөрөө биелүүлээгүй байж үүнийг ОАГХБХБГ-ын хууль бус эс үйлдэхүй мэтээр тайлбарлах нь зохимжгүй юм” гэв.

            Хариуцагч ОАГХБХБГ-аас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “ОАЗД-ын 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/378 дугаар захирамжаар “Ц” ХХК-д Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэр хүнсний захын баруун хойд талд 700 м.кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байх бөгөөд уг шийдвэр нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, Хот байгуулалтын тухай хуулийн 9.1.1 дэх заалтуудыг тус тус зөрчин газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулалгүйгээр эзэмшүүлсэн болох нь Орхон аймгийн Аудитын газрын 2017 оны 01/14-ОААГ/ГАБ/2017/01-ГА дугаартай “Зөрчил арилгуулах тухай” дүгнэлт, албан шаардлагаар тогтоогдсон байдаг. Мөн уг байршилд 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу явагдсан худалдаа үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтад оролцож ялагчаар шалгарахдаа “Ц” ХХК нь авто зогсоол хийхээр зураг хийлгэн аймгийн ерөнхий архитектороор батлуулсан байдаг. Дээрх албан шаардлагын биелэлтийг хангах ажлын хүрээнд газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох мэдэгдлийг “Ц” ХХК-д манай байгууллагын зүгээс 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 335 дугаартай албан бичгээр мэдэгдэж уг мэдэгдлийг 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гарын үсэг зуруулан хүлээлгэн өгсөн. “Ц” ХХК нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасан “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэсэн заалтыг зөрчин манай байгууллагын зүгээс нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг зааж өгөөгүй байхад дур мэдэн хашаа барьсан.

            Нэхэмжлэлд дурдсан АЗД-ын 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/378 дугаар захирамжаар газар эзэмших эрх авсан “Н” ХХК, “Э” ХХК, иргэн С.С нарт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон гэсэн нь үндэслэлгүй бөгөөд уг захирамжид дурдсан нэг ч иргэн, аж ахуйн нэгжтэй газар эзэмших гэрээ, гэрчилгээ олгоогүй бөгөөд газар эзэмших шийдвэрүүдийг АЗД-ын захирамжаар хүчингүй болгосон.

            ОАЗД-ын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/259 дүгээр захирамжаар “Ц” ХХК-д Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэр хүнсний захын баруун хойд талд 700 м.кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон бөгөөд уг шийдвэрийн дагуу газраа чөлөөлөхийг манай байгууллагын зүгээс 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 541 тоот албан бичгээр мэдэгдэж, 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гардуулан өгсөн байна. Дээрх мэдэгдэлд 2018 оны 06 дугаар сарын 22-ны дотор газраа чөлөөлөхийг заасан бөгөөд уг мэдэгдэлд заасан хугацаанд газраа чөлөөлөөгүй тул Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт заасныг үндэслэн БӨСЗД-ын 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/193 дугаартай “Газар албадан чөлөөлөх тухай” захирамжийг гаргасан байдаг. Дээрх захирамжийн дагуу албадан буулгах ажлыг 2018 оны 06 дугаар сарын 29-ны өдөр зохион байгуулсан. Иймд “Ц” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”[6]

            “...Манай байгууллагад хандаж “Ц” ХХК-иас газар эзэмших эрхийн гэрчилгээ авах тухай албан бичгээр ирүүлсэн хүсэлт бүртгэгдээгүй. Газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгохдоо Газрын харилцаа, геодизи, зураг зүйн газрын даргын 2008 оны 823 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг баримтладаг. Уг журмын 10 дугаар зүйлийн 10.15 дахь хэсэгт “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”, “Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах журам”-ын дагуу газар эзэмшүүлж, ашиглуулсан бол гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээг олгох ажлыг мөн энэхүү журамд заасны дагуу гүйцэтгэнэ гэж заасан байх бөгөөд тухайн байршилд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтын дагуу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулсан баримт байгаагүй болно.

            “Ц” ХХК-д эзэмшүүлсэн гэх 700 м.кв газрын байршлын схем болон кадастрын зураг байхгүй. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан “Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасан байх бөгөөд “Ц” ХХК-иас тухайн байршилд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн баримт байхгүй байна. Иймд “Ц” ХХК-ийн гаргасан газар эзэмших гэрээ байгуулаагүй байгаа, газар эзэмших гэрчилгээ гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ гаргаж өгөхийг даалгасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү”[7] гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “АЗД-ын А/259 дугаар захирамжийг үндэслэн БӨСЗД-ын А/193 дугаар захирамж гарсан. Үүнийг үндэслэн БӨСЗД-ын захирамжийн ажлын хэсгийн ахлагчаар Ч.Э миний бие томилогдсон. Тиймээс газрыг албадан чөлөөлөх ажиллагааг хийж гүйцэтгэсэн. АЗД-ын захирамж гарсныг манайхаас удаа дараа мэдэгдсэн. Мэдэгдэх хуудсыг хоёр удаа өгсөн байдаг. Мөн утсаар холбоо барьж мэдэгдэх гэсэн боловч утсаа авахгүй байсан. Мөн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 10:05 цагт “Ц” ХХК-ийн захирал Ц.О-т өөрт нь мэдэгдсэн байдаг. Ингээд сонсох ажиллагаа хуулийн дагуу бүрэн хийгдсэн учир 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр газрыг албадан чөлөөлсөн. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр тухай газар нь нийтийн эзэмшлийн авто зогсоол байгуулахаар төлөвлөгдсөн байсан. Уг газрыг хууль бусаар авсан. Үүн дээр Баян, Төгөл зэрэг худалдааны төвийн түрээслэгч иргэд маш их өргөдөл гомдол гаргасан байдаг. Үүний үндсэн дээр манайхаас шалгалт явуулж хуулийн хүрээнд саналаа боловсруулж танилцуулсан. Нэхэмжлэгч “Ц” ХХК  нь газар эзэмших гэрчилгээ гаргуулах болон гэрээ байгуулах хүсэлтийг албан ёсоор гаргаагүй байдаг. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуй нэгж, байгууллага нь 90 хоногийн дотор  байгаль орчны үнэлгээг хийлгэж, үүний дараа гэрчилгээ олгох, гэрээ байгуулах хүсэлт ирүүлэх ёстой байсан. Гэтэл ийнхүү байгаль орчны үнэлгээ хийлгэж, гэрчилгээ гаргуулах, гэрээ байгуулах хүсэлт өгсөн зүйл огт байхгүй. Газар эзэмших эрх олгох гэрээ нь хоёр талын хүсэл сонирхолд нийцсэн байх ёстой. Гэтэл компани өөрөө ямар ч хүсэлт гаргаагүй байдаг. Мөн байгаль орчны үнэлгээ хийлгэсэн талаар ямар ч баримт хэрэгт байхгүй. Төрийн албаны тухай хуульд зааснаар 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/378 дугаар захирамжийг биелүүлээгүйг зөвтгөх үндэслэлтэй. Учир нь аливаа төрийн байгууллага, албан тушаалтан нь хууль бус шийдвэрийг дагаж биелүүлэхгүй байх эрхтэй. Өөрөөр хэлбэл 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/378 дугаар захирамж  нь анхнаасаа хууль бус байсан учир үүнийг биелүүлээгүй гэж ойлгож болно. Иймд ОАГХБХБГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

            Хариуцагч ОАБӨСЗД шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...“Ц” ХХК-ийн 2016 оны А/378 дугаар захирамжтай 700 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ОАЗД-ын А/259 дугаартай захирамжаар хүчингүй болгосон тул газрыг чөлөөлөх 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 541 тоот албан мэдэгдлийг 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр “Ц” ХХК-ийн нягтлан бодогчид танилцуулж хүлээлгэн өгсөн байдаг. ОАЗД-ын А/259 тоот захирамжийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/193 тоот захирамжийг гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү”[8]

            “...“Ц” ХХК-д дээрх хэмжээний хохирол захиргааны үйл ажиллагааны улмаас учирсан байна гэж шүүхээр тогтоогдоогүй байгаа ба захиргааны буруутай үйл ажиллагаа тэр дундаа сумын Засаг даргын буруутай үйл ажиллагаа байсан гэж үзэхгүй байна. Учир нь ОАЗД-ын А/259 тоот захирамжийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 /г/, 29.1.3 /ж/-д, 19.1.3 /к/, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 59 дүгээр зүйлийн 59.1.1 дэх заалтуудыг үндэслэн газрыг албадан чөлөөлөх тухай захирамж гаргасан.

            Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү”[9] гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ОАЗД-ын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/259 дугаар захирамжийн дагуу “Ц” ХХК-д мэдэгдэх асуудлыг ОАГХБХБГ-т даалгаж, үүний дагуу ажиллагааг хийсэн байдаг. Тухайн маргаан бүхий газар нь Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт хамаарах учраас тухайн нутаг дэвсгэрт мөрдөгдөж буй хууль, журмыг хэрэгжүүлэх, дээд шатны Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх чиг үүргийн хүрээнд БӨСЗД-аас 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэйгээр “Газар албадан чөлөөлөх тухай” А/193 дугаар захирамж гаргасан. Уг захирамж нь хуулийн дагуу гарсан ба газар албадан чөлөөлөх ажиллагаа нь хууль зөрчсөн зүйл байхгүй учир БӨСЗД-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Газрын тухай хуульд зааснаар газар албадан чөлөөлөхтэй холбогдон гарсан зардлыг тухайн газрыг хууль бусаар эзэмшиж байсан иргэн, аж ахуй нэгж, байгууллага өөрөө хариуцдаг учраас хашааны төлбөр 3.800.000 төгрөгийг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Ц” ХХК нь ОАЗД, ОАГХБХБГ, ОАБӨСЗД нарт холбогдуулан “ОАЗД-ын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/259 дугаар “Газар эзэмшүүлэх шийдвэр хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах, АЗД-ын А/259 дугаар захирамжийг биелүүлэхээр ОАГХБХБГ-ын явуулсан үйл ажиллагаа үйлдэл, БӨСЗД-ын комисс томилж, газар чөлөөлөх захирамж гаргасан захиргааны үйл ажиллагааг хууль бусад тооцох”-ыг хүссэн нэхэмжлэлийг[10];

            хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Ц” ХХК-тай газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй байгаа, газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг ОАГХБХБГ-т даалгах[11], газар албадан чөлөөлснөөс учирсан хохирол 3,800,000 төгрөг гаргуулахаар[12] нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд “ОАБӨСЗД-аас газар албадан чөлөөлснөөс учирсан хохирол 3,800,000 төгрөгийг гаргуулах” гэж;

            мөн “АЗД-ын А/259 дугаар захирамжийг биелүүлэхээр ОАГХБХБГ-ын явуулсан үйл ажиллагаа үйлдэл, БӨСЗД-ын комисс томилж, газар чөлөөлөх захирамж гаргасан захиргааны үйл ажиллагааг хууль бусад тооцох” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа “ОАБӨСЗД-ын 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/193 дугаартай “Газар албадан чөлөөлөх тухай” захирамж хууль бус тул хүчингүй болгуулах”[13] гэж тодруулсан бөгөөд шүүх хуралдаанд “АЗД-ын А/259 дүгээр захирамжийг биелүүлэхээр ОАГХБХБГ-ын газар чөлөөлөхөөр явуулсан үйл ажиллагааг хууль бусад тооцох” гэсэн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж тайлбарласан болно.

            Иймд шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

            Нэг. ОАЗД-ын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/259 дугаар “Газар эзэмшүүлэх шийдвэр хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн тухайд: ОАЗД-ын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/378 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар[14] “Ц” ХХК-д 700 м.кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

            ““Ц” ХХК-д дээрх газрыг анх эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалт болон батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг тус тус зөрчсөн тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ОАЗД-ын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/259 дугаар “Газар эзэмшүүлэх шийдвэр хүчингүй болгох тухай” захирамжаар[15] анх газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон” гэж хариуцагч талаас тайлбарласан. 

            ОАЗД-ын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/259 дугаар захирамж нь “Газар эзэмшүүлэх шийдвэр хүчингүй болгох тухай” гэсэн “баримт бичгийн тэргүү” буюу “гарчиг”-тай боловч захирамжийн 1 дэх заалтаар “...“Ц” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосугай” гэж шийдвэрлэсэн нь алдаатай болсон, тодруулбал, Албан бичгийн гарчиг буюу тэргүү нь түүний агуулгыг товч, хураангуй байдлаар илэрхийлдэг бөгөөд энэхүү захирамжийн “тэргүү”-ээс харвал “Ц” ХХК-д газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох зорилго бүхий шийдвэр гаргаж байгаа атлаа газар эзэмших эрхийг хүчингүй болгох гэж захирамжид тусгасан нь учир дутагдалтай болжээ.

            Гэхдээ захиргааны актын дээрх алдааг захиргааны байгууллага өөрөө засах боломжтой байсан хэлбэрийн хувьд алдаатай шийдвэр байх бөгөөд агуулгын хувьд алдаагүй, тодруулбал, “Ц” ХХК-д анх газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа холбогдох хууль тогтоомж зөрчсөн хууль бус шийдвэрийг хүчингүй болгох зорилго бүхий агуулгатай байна. 

            Дээрх захиргааны актын алдаатай байдал нь нэхэмжлэгчийн маргаж буй захиргааны актыг хүчингүй болгох, эрх зүйн зөрчилтэйд тооцох үндэслэл болохгүй, улмаар тухайн захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, нэхэмжлэгчийн эрх хамгаалагдах үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Учир нь: ОАЗД нь 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/378 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 /энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ/, 33 дугаар зүйлийн 33.4 /Аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно/, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 /Хот тосгоны батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилгажилтын төслийг үндэслэн газар олгох, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах/ дэх заалтуудыг тус тус зөрчсөн нь тогтоогдож байх бөгөөд захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг зөв тогтоосон.

Тодруулбал, 1. “Ц” ХХК-д 700 м.кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явуулаагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогддог, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй;

 2. Тухайн маргаан бүхий газар нь дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын журмаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэхээр 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй болох нь Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаар “Газрын харилцааны талаар 2016 онд баримтлах үйл ажиллагааны чиглэл батлах тухай” тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “2016 онд аж ахуйн зориулалтаар иргэн, аж ахуйн нэгжид шинээр эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ” тогтоосон шийдвэрээр[16] нотлогдсон;

3. Эрдэнэт хотын батлагдсан хэсэгчилсэн төлөвлөгөөнд тухайн газар нь худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх газарт хамаарахгүй бөгөөд нийтийн эдэлбэр газарт хамаарахаар буюу ил зогсоол /Авто зогсоол/ байхаар төлөвлөгдсөн болох нь Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаар “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөөөний тодотголд өөрчлөлт оруулах тухай” тогтоолын 2 дугаар хавсралт[17], Хавтаст хэрэгт авагдсан Ерөнхий төлөвлөгөөний[18] холбогдох хэсгээр тус тус тогтоогдож байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж, мөн хуулийн 37.4-д “Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчилэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно” гэж зааснаар ОАЗД-ын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/378 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамж нь “Ц” ХХК-д газар эзэмших эрх олгосон шинжээрээ үйлчлэл нь чиглэсэн этгээддээ эерэг нөлөөлөл бүхий захиргааны актад хамаарах ба газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа холбогдох хуулиудыг зөрчсөн байдлаараа эрх зүйн зөрчилтэй захиргааны акт байх тул тухайн актыг эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны акт гэж үзнэ.  

Иймд эерэг нөлөөлөл бүхий хууль бус захирааны актыг түүнийг баталсан захиргааны байгууллага, албан тушаалтан Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгох эрхтэй бөгөөд энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь хэсэгт заасан “Хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмын дагуу захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн итгэл хамгаалагдахгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1 /хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан/, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 /Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно/-т зааснаар дээрх байдлаар анхнаасаа хууль зөрчиж газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох, газар эзэмших эрхийг дуусгавар болгоход чиглэсэн шийдвэр гаргасан нь хууль зөрчөөгүй, ОАЗД-ын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/259 дугаартай “Газар эзэмшүүлэх шийдвэр хүчингүй болгох тухай” захирамж нь эрх зүйн хувьд зөрчилгүй захиргааны акт гэж үзэхээр байна.

Захиргааны байгууллагын зүгээс ийнхүү шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан “Газар төрийн хяналт, хамгаалалтад байх”, 4.1.3-т заасан “Газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчимд нийцнэ. Өөрөөр хэлбэл, Захиргааны байгууллагаас газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа газар эзэмшихийг хүссэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад адил, тэгш хандаж, аль нэгэн этгээдэд давуу байдал олгохгүй байх, хуульд заасан журмын дагуу газрыг эзэмшүүлэх, хууль зөрчиж газар эзэмшүүлсэн шийдвэрийг цуцлах, үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ авч байгаа нь дээрх зарчимд нийцэж байгаа болно. 

Нөгөөтэйгүүр энэхүү захиргааны актын улмаас “Ц” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй, түүний газар эзэмших эрх хуулийн дагуу хамгаалагдах боломжгүй юм. Учир нь: Эзэмших эрх гэдэг нь тухайн этгээдэд хууль болон гэрээгээр олгогдож буй хууль зүйн боломж бөгөөд эзэмших эрх нь хуулийн дагуу /хууль ёсны дагуу/ үүссэн бол өөрөө хуулиар хамгаалагдах эрх, ашиг сонирхлыг үүсгэнэ.

Гэтэл “Ц” ХХК-ийн газар эзэмших эрх нь хуульд заасан журмын дагуу хууль ёсны дагуу үүсээгүй, анхнаасаа хууль зөрчиж газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан учраас түүний газар эзэмших эрх зөрчигдөөгүй, газар эзэмших эрх хуулийн хүрээнд хамгаалагдах боломжгүй байна.

Иймд маргаан бүхий захиргааны акт хууль бус болох нь тогтоогдоогүй, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч “Ц” ХХК-д газар эзэмшүүлэх эрх ОАЗД-ын захирамжийн дагуу үүссэн боловч тухайн шийдвэр нь хууль зөрчсөн, тухайн газар эзэмшигч нь газрыг гэрээний үндсэн дээр, эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байгаагүй, тодруулбал тухайн газрыг эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгогдоогүй байсан. Тийм учраас Газрын тухай хуулийн 39, 40 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрх дуусгавар болох, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох асуудлууд тухайн маргаанд хамааралгүй.

ОАЗД-ын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/259 дугаар “Газар эзэмшүүлэх шийдвэр хүчингүй болгох тухай” захирамжийн нэг үндэслэл болсон Орхон аймаг дахь Төрийн аудитын газрын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 05/12-ОААГ-ГАБ/2017/01-ГА дугаартай албан шаардлагыг[19] хүчингүй болгосон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 162 дугаар магадлал[20], Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 172 дугаартай тогтоол[21] нь хуулийн хүчин төгөлдөр болсон хэдий ч энэ үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Учир нь: ОАЗД-ын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/259 дугаартай “Газар эзэмшүүлэх шийдвэр хүчингүй болгох тухай” захирамж нь дээрх албан шаардлагаас гадна Газрын тухай хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хот байгуулалтын тухай хуульд заасан тухайн шатны Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэр болно.

Сонсох ажиллагааны журмыг хэрэгжүүлсэн байдлын талаар: ОАГХБХБГ-ын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 335 дугаартай албан бичгээр[22] “Ц” ХХК-д газар эзэмших эрхийг хүчингүй болгох нөхцөл байдал үүссэнийг мэдэгдсэн, тухайн албан бичгийг “Ц” ХХК-д гардуулсан болох нь ОАГХБХБГ-ын 2017 онд явуулсан бичгийн бүртгэлийн 199 дугаарт[23] бүртгэгдсэн байгаагаас үзвэл захиргааны байгууллагаас Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 /бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах/, 26 дугаар зүйлийн 26.1 /Захиргааны акт...-г батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно/, 26.2 /Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ/-т зааснаар шийдвэр гаргах талаар түүнд мэдэгдсэн, энэ талаар тайлбар, санал гаргах боломжоор хангасан гэж үзнэ.

“Ц” ХХК нь захиргааны байгууллагад тайлбар, саналаа гаргаж хүргүүлээгүй нь захиргааны байгууллагыг шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн, оролцогчийг сонсох ажиллагааг явуулаагүй гэж буруутгах үндэслэл болохгүй.

Хоёр. “Ц” ХХК-тай газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй байгаа, газар эзэмших гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ гаргаж өгөхийг ОАГХБХБГ-т даалгах нэхэмжлэлийн тухайд: Нэхэмжлэгчээс “Газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ авах хүсэлтээ хэд хэдэн удаа өгсөн боловч “хүлээж бай” гэх хариу өгч өнөөдрийг хүрсэн”, “Гэрээ байгуулж, гэрчилгээ авах хүсэлтээ тус хэлтэст хандаж амаар гаргаж байсан”, “ОАЗД-ын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/378 дугаар захирамжийн 2 дахь заалтаар “газрыг хүлээлгэн өгч, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэхийг даалгасан байтал энэ үүргээ хэрэгжүүлээгүй” гэж, хариуцагчаас “гэрээ байгуулах, гэрчилгээ авах тухай хүсэлт гаргаж байгаагүй, бичгээр ирүүлсэн хүсэлт байхгүй, мөн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар гэрээ байгуулж, гэрчилгээ олгох үндэслэл бүрдээгүй”, “уг газар анхнаасаа дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журмаар олгогдоогүй учраас гэрээ байгуулж, гэрчилгээ олгоогүй” гэж тус тус маргасан.

Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбараас дүгнэхэд нэг талаас ОАГХБХБГ-аас Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 /Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэлийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ/-т зааснаар АЗД-ын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/378 дугаартай захирамжийн 2 дахь заалтаар даалгасан үүрэг болох газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, улсын бүртгэлд бүртгэх үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй байгаа;

Мөн тухайн газар нь анхнаасаа тухайн жилд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэхээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, төлөвлөгдөөгүй байсан нь газрын зааг, нэгж талбарыг харуулсан тойм зураг байхгүй, тухайн газарт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явагдаагүй учраас газар эзэмших эрхийн гэрчилгээний үнэ төлөгдөөгүй, газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрыг хүлээлгэн өгөх ажиллагаа хийгдээгүй;

Нөгөө талаас газар эзэмших гэрээ байгуулах, эрхийн гэрчилгээ авах асуудлыг хүсэлт гаргагч этгээд санаачлан шийдвэрлүүлэх нь зүйтэй бөгөөд “Ц” ХХК нь энэ талаар амаар хүсэлтээ гаргаж байсан гэх боловч хуульд заасан шаардлагыг хангаж, хүсэлтээ гаргаагүй, тодруулбал “Ц” ХХК нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 /Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ/-т зааснаар хуульд заасан шаардлагыг хангаж, байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэн газар эзэмших гэрээ байгуулах, гэрчилгээ олгох талаар хүсэлтээ гаргаагүй байжээ.

Иймд “Ц” ХХК-тай газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй, газар эзэмших гэрчилгээ олгоогүй асуудалд дан ганц захиргааны байгууллагыг буруутгах үндэслэл болохгүй тул ОАГХБХБГ-ын “Ц” ХХК-тай газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй, газар эзэмших гэрчилгээ олгоогүй эс үйлдэхүйг хууль бус гэж үзэхээргүй байна.  

Мөн ОАЗД-ын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/259 дүгээр захирамжийн улмаас “Ц” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдоогүй тул түүнтэй газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ гаргаж өгөхийг ОАГХБХБГ-т даалгах нэхэмжлэл хангагдах үндэслэлгүй юм.

Гурав. ОАЗД-ын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/259 дугаар захирамжийг биелүүлэхээр ОАГХБХБГ-ын газар чөлөөлөхөөр явуулсан үйл ажиллагааг хууль бусад тооцох нэхэмжлэлийн тухайд: ОАЗД-ын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/259 дугаар захирамжийн 2 дахь заалтаар газрыг чөлөөлүүлэхийг АГХБХБГ-т даалгасан байх бөгөөд ОАГХБХБГ-ын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 541 дугаартай “Мэдэгдэл  хүргүүлэх тухай” албан бичгээр  “Ц” ХХК-ийг 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дотор газрыг чөлөөлөхийг мэдэгдсэн мэдэгдлийг 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гардуулсан болох нь тус газрын 2018 онд явуулсан бичгийн бүртгэлийн  106 дугаарт бүртгэгдсэн[24];

“Ц” ХХК-иас “Мэдэгдлийг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсан тул 2 хоногийн дотор газрыг чөлөөлөх боломжгүй, АЗД-ын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/259 дугаартай захирамжийг мөн өдөр хүлээн авсан тул захирамжид хуульд заасан журмын дагуу гомдол гаргах” талаар хариу хүргүүлсэн тус компанийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 14 дугаартай албан бичиг[25]  зэргээр нотлогдсон.

ОАГХБХБГ нь “Ц” ХХК-д газрыг чөлөөлөх талаар хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 85 дугаар зүйлийн 85.1 /Албадлагыг хуульд зааснаар нэн даруй хэрэглэхээс бусад тохиолдолд албадлага хэрэглэх тухай мэдэгдлийг үүрэг хүлээгчид бичгээр өгөх бөгөөд уг мэдэгдэлд үүрэг биелүүлэх хугацааг заана/-т заасан журмыг захиргааны байгууллагаас хэрэгжүүлсэн байх боловч мөн хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 /Захиргааны шийдвэрээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй этгээдэд захиргааны байгууллага хуульд заасан журмын дагуу албадлага хэрэглэнэ/-т зааснаар албадлага хэрэглэх талаар буюу газрыг албадан чөлөөлөх талаар тухайн захиргааны байгууллага нь захиргааны акт /захирамжилсан шийдвэр, үйл ажиллагаа/-ыг бие даан гаргаагүй байна.

Тодруулбал, ОАГХБХБГ-аас ОАЗД-ын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/259 дугаар захирамжийг биелүүлэхээр албадлага хэрэглэх ямар нэгэн шийдвэр гаргаагүй, газрыг албадан чөлөөлөх ажиллагааг явуулаагүй, ОАБӨСЗД-ын 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/193 дугаар “Газар албадан чөлөөлөх тухай” захирамжийн[26] хавсралтаар томилсон ажлын хэсгийн дарга, бүрэлдэхүүнд тус газрын холбогдох мэргэжилтнүүд оролцож, БӨСЗД-ын шийдвэрийг биелүүлсэн гэж үзнэ.

Иймд дараах хоёр үндэслэлээр дээрх нэхэмжлэл нь захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаанд хамаарахгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 /захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус/, 109 дүгээр зүйлийн 109.2 /Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны явцад тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана/-т зааснаар уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, тус шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Үүнд: Нэгдүгээрт. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно”, 37.2-т “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж тус тус зааснаар захиргааны байгууллагын захирамжилсан үйл ажиллагаа нь захиргааны актад хамаардаг.

ОАГХБХБГ нь газар чөлөөлөх талаар захиргааны акт гаргаагүй /Захиргааны ерөнхий хуулийн 37.2-т заасан захирамжилсан үйл ажиллагаа явуулаагүй/, БӨСЗД-ын “Газар албадан чөлөөлөх тухай” захирамжаар томилсон “Ажлын хэсэг”-ийн ахлагч, гишүүнд тус газрын холбогдох мэргэжилтнүүд оролцож, сумын Засаг даргын шийдвэрийг биелүүлсэн. Үүнийг ОАГХБХБГ-ын гаргасан захиргааны акт /захирамжилсан үйл ажиллагаа/ гэж үзэхгүй.

Хоёрдугаарт, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох ...” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүхээс мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд...түүнийг хүчингүй болгох”, 106.3.2-т “захиргааны акт, ...илт хууль бус болохыг тогтоох”, 106.3.3-т “...маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох”, 106.3.4-т “...эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж тус тус зааснаар шийдвэр гаргахаар зохицуулсан.

Иймд нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн гаргасан “ОАЗД-ын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/259 дугаар захирамжийг биелүүлэхээр ОАГХБХБГ-ын газар чөлөөлөхөөр явуулсан үйл ажиллагааг хууль бусад тооцох” гэсэн нэхэмжлэл нь захиргааны хэргийн шүүхэд гаргах нэхэмжлэлийн төрөлд хамаарахгүй байна.

Дөрөв. ОАБӨСЗД-д холбогдуулан гаргасан ОАБӨСЗД-ын 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/193 дугаартай “Газар албадан чөлөөлөх тухай” захирамж хууль бус тул хүчингүй болгуулах, газар албадан чөлөөлснөөс учирсан хохирол 3,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн тухайд: ОАБӨСЗД нь “Ц” ХХК-ийн газар эзэмших эрх дуусгавар болсон, газар чөлөөлөх тухай мэдэгдэлд заасан хугацаанд газар чөлөөлөх арга хэмжээ аваагүй гэх үндэслэлээр 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/193 дугаар “Газар албадан чөлөөлөх тухай” захирамж гаргаж, тухайн албадан чөлөөлөх ажиллагааг гүйцэтгэх ажлын хэсгийг байгуулжээ.

Хариуцагч ОАБӨСЗД, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарт “АЗД-ын 2018 оны А/259 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах, АЗД-аас шуурхай зөвлөгөөн дээр өгсөн үүргийн хүрээнд газар албадан чөлөөлөх шийдвэр гаргаж, хэрэгжүүлсэн” гэжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.2 /Дээд шатны захиргааны байгууллагаас гаргасан захиргааны шийдвэрийг анхан шатны захиргааны байгууллага/-т зааснаар АЗД-ын гаргасан шийдвэрийн гүйцэтгэлийг сумын Засаг дарга хариуцан биелүүлэх боломжтой ч ОАЗД-ын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/259 дугаартай захирамжийг биелүүлэх үүргийг түүнд дээд шатны албан тушаалтнаас даалгаагүй, тодруулбал Захиргааны ерөнхий хуулийн 83 дугаар зүйлийн 83.1.1 /шийдвэр гүйцэтгэх эрхийг нотолсон шийдвэр байх/-д зааснаар шийдвэр гүйцэтгэх эрхийг нотолсон шийдвэр БӨСЗД-д байхгүй байсан байна. 

Иймд БӨСЗД-ын 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/193 дугаартай захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн хүрээнд дээд шатны захиргааны байгууллагын шийдвэрийг гүйцэтгэх, албадлага хэрэглэхийг шийдвэрлэсэн захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй.

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1 дэх хэсэг /нутаг дэвсгэртээ ...газрын тухай хууль тогтоомж...хэрэгжилтийг зохион байгуулж хангах/-т зааснаар сумын Засаг дарга нь тухайн сумын нутаг дэвсгэрт Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах бүрэн эрхтэй бөгөөд энэхүү бүрэн эрхийн хүрээнд газрыг чөлөөлөх талаар мэдэгдэл хүргүүлэх, албадан чөлөөлөх арга хэмжээг Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 /Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө/, 57.4 /Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна/-т зааснаар хэрэгжүүлна.  

ОАБӨСЗД нь ““Ц” ХХК-ийн газар эзэмших эрх дуусгавар болсон” гэх үндэслэлээр газрыг чөлөөлөх талаар “Ц “ХХК-д мэдэгдэл хүргүүлж байгаагүй атлаа, мэдэгдэлд заасан хугацаанд газрын чөлөөлөөгүй гэж газрыг албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь буруу, захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоож чадаагүй, эрх зүйн зөрчилтэй захиргааны акт гаргасан.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 /Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ/-т зааснаар хуульд заасан журмын дагуу гаргасан Засаг даргын захирамж, түүний үндэслэн байгуулсан газар эзэмших гэрээ, эрхийн гэрчилгээг олгосны үндсэн дээр газар эзэмших эрх баталгаажиж, тухайн газар эзэмших эрхийн гэрчилгээ бүхий этгээд газраа зориулалтын дагуу эзэмшиж, газар дээрээ үйл ажиллагаа явуулах эрх үүснэ. Гэтэл “Ц” ХХК нь хуульд заасан журмын дагуу газар эзэмших эрхээ баталгаажуулаагүй байхдаа газар дээр хашаа барьж, эзэмших эрхээ хэрэгжүүлсэн нь хууль зөрчсөн.

ОАБӨСЗД-ын 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/193 дугаар “Газар албадан чөлөөлөх тухай” захирамж нь хууль бус байх боловч газар эзэмших эрхийн гэрчилгээгүйгээр газрыг эзэмшиж, газар дээр хашаа барьсан тус компанийн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан.

Иймд дээрх захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй гэж үзэж, маргаан бүхий захирамжийг хүчингүй болгуулах, газар албадан чөлөөлснөөс учирсан хохирол 3,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан “Маргаан бүхий газрыг бусдад олгож, тухайн маргаантай газарт өөр этгээд юм барьсан байна. Тухайн маргаантай газартай холбогдуулан дахиад шийдвэр гарсан байх магадлалтай байгаа учир энэ талаар тодруулах шаардлагатай, Тиймээс одоо энэ шүүхээс шийдвэр гарах боломжгүй, энэ талаар баримтыг бүрдүүлж байж энэ хэргийг шийдвэрлэх хэрэгтэй” гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн шаардаж буй асуудлаар нотлох баримтыг бүрдүүлсэний дараа тухайн хэргийг хянан шийдвэрлэх шаардлагагүй, уг хэргийг хянан шийдвэрлэхэд энэ талаарх нотлох баримтууд хамааралгүй гэж үзэн хэргийг шийдвэрлэсэн болно.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.4, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь заалтуудыг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

       1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.3, 20 дугаар зүйлийн 20.2.1, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 48 дугаар зүйлийн 48.2.1, 85 дугаар зүйлийн 85.1, 85.2 дахь заалтуудыг тус тус баримтлан

1.1.“Ц” ХХК-ийн ОАЗД-д холбогдуулан гаргасан “ОАЗД-ын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/259 дугаар “Газар эзэмшүүлэх шийдвэр хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах”;

1.2.ОАГХБХБГ-т холбогдуулан гаргасан ““Ц” ХХК-тай газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй байгаа, газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах”;

1.3.ОАБӨСЗД-д холбогдуулан гаргасан ОАБӨСЗД-ын 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/193 дугаартай “Газар албадан чөлөөлөх тухай” захирамж хууль бус тул хүчингүй болгож, газар албадан чөлөөлснөөс учирсан хохирол 3,800,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

     2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Ц” ХХК-ийн ОАГХБХБГ-т холбогдуулан гаргасан “ОАЗД-ын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/259 дугаар захирамжийг биелүүлэхээр ОАГХБХБГ-ын газар чөлөөлөхөөр явуулсан үйл ажиллагааг хууль бусад тооцох”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

     3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

     4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 П.УУГАНЦЭЦЭГ

 


[1] ХХ-ийн I хавтас, 1-3 дахь тал.

[2] ХХ-ийн I хавтас, 167-169 дэх тал.

[3] ХХ-ийн I хавтас, 172 дахь тал.

[4] ХХ-ийн II хавтас, 50 дахь тал.

[5] ХХ-ийн I хавтас, 196 дахь тал.

[6] ХХ-ийн I хавтас, 67-68 дахь тал.

[7] ХХ-ийн II хавтас, 46-47 дахь тал.

[8] ХХ-ийн I хавтас, 151 дэх тал.

[9] ХХ-ийн I хавтас, 195 дахь тал.

[10] ХХ-ийн I хавтас, 1-3 дахь тал.

[11] ХХ-ийн I хавтас, 172 дахь тал.

[12] ХХ-ийн I хавтас, 167-169 дэх тал.

[13] ХХ-ийн II хавтас, 50 дахь тал.

[14] ХХ-ийн I хавтас, 70 дахь тал.

[15] ХХ-ийн I хавтас, 77 дахь тал.

[16] ХХ-ийн I хавтас 118 дугаар хуудасны ар, өвөр талд.

[17] ХХ-ийн II хавтас, 54-58 дахь тал.

[18] ХХ-ийн I хавсралт, 121-122 тал.

[19] ХХ-ийн I хавтас, 94-97 дахь тал.

[20] ХХ-ийн II хавтас, 23-28 дахь тал.

[21] ХХ-ийн II хавтас, 29-33 дахь тал.

[22] ХХ-ийн I хавтас, 71 дэх тал.

[23] ХХ-ийн I хавтас, 72 дахь тал.

[24] ХХ-ийн I хавтас, 78-79 дэх тал.

[25] ХХ-ийн I хавтас, 12 дахь тал.

[26] ХХ-ийн I хавтас, 80-81 дэх тал.