Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 080

 

Хас банкны Баян-Өлгий салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгчид М.Нямбаяр, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 232 дугаар шийдвэртэй, Хас банкны Баян-Өлгий салбарын нэхэмжлэлтэй, С.Бердимурат, Х.Бегасыл нарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Айбек, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Нурлан, хариуцагчийн өмгөөлөгч С.Нургайып нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн нийт төлбөр 21093018 төгрөг гаргуулан, №1260011890 дугаартай барьцааны гэрээний дагуу хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Зээлдэгч С.Бердимурат нь тус банкнаас 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 1260011890 тоот зээлийн гэрээгээр 20000000 /хорин сая/ төгрөгийн зээлийг жилийн 26,4%-ийн хүүтэй, төлбөрөө сар бүр тэнцүү хувааж хийхээр, холимог зориулалтаар 36 сарын хугацаатай буюу 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгөөр авч өөрийн өмчлөлийн автомашин болон хашаа байшинг газрын хамт барьцаалуулсан. Өнөөдрийн байдлаар С.Бердимуратын үндсэн зээлийн үлдэгдэл 17472669 төгрөг, үндсэн хүү 3504140 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 116209 төгрөг, нийт 21093018 төгрөг байна. Зээлдэгч нь зээл ашиглалтын явцад банктай байгуулсан зээлийн гэрээний 3.2.1 дахь заалтыг зөрчин төлбөр хийх хугацаа хэтрүүлэн 245 хоног боллоо. Энэ хугацаанд банкны зүгээс зээлдэгчийг зээлийн төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа гэрээний үүргээ биелүүлэх шаардлагуудыг тавьж байсан боловч зээлдэгч банктай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй тул зээлийн гэрээний зээлийн гэрээний 5.1.1, 5.1.4 дэх заалтын дагуу банк нэг талын санаачилгаар 1260011890 тоот зээлийн гэрээг цуцалж байна. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж шийдвэр гаргаж өгнө үү: Зээлдэгч С.Бердимуратын барьцаалуулсан хөрөнгөнөөс зээлийн нийт төлбөр 21093018 төгрөгийг төлүүлж банкийг хохиролгүй болгох, зээлдэгч С.Бердимуратын зээлийн барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахыг аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж өгөхийг хүсье гэжээ.

 

Хариуцагч нарын тайлбарын агуулга: Миний бие С.Бердмурат эхнэр Х.Бегасылын хамт Хас банкнаас зээл авсан нь үнэн юм. 10 гаруй удаа тус банкнаас зээл авч хугацаандаа төлж байсан юм. Миний бие сүүлийн нэг жилийн хугацаанд хэдэн компаниудын газар шорооны ажил гүйцэтгэсний хөлсөө авч чадаагүйгээс болж банкны зээлээ хугацаандаа төлж чадаагүй юм. Тухайлбал, Хятад Улсын Шон харайх нуруу ХХК-аас 7 сая төгрөг, Монгол Улсын Есөн өргөө ХХК-аас 6 сая төгрөг, Ганбарыс ХХК-аас 3 сая төгрөг гэх мэтчилэн олон аж ахуй нэгж, иргэдээс авах ажил гүйцэтгэсний хөлсөө авч чадаагүй байна. Цаашид ч гэсэн газар шорооны ажил гүйцэтгэхээр байгуулсан гэрээ хэлэлцээрүүд олон байгаа тул банкны зээлийг энэ зунд багтаагаад бүрэн төлөх боломжтой юм. Энэхүү байдлаа банкны зохих ажилтнуудад тухай бүр мэдэгдэж мөн бүх зээлээ зохих журмын дагуу төлж барагдуулахаа хэд хэдэн удаа мэдэгдэж байсан юм. Гэвч банк нь 3 жилийн хугацаагаар байгуулсан гэрээг зөвхөн нэг талын санаачилгаар цуцлан миний амьдралын эх үүсвэр болсон машин болон гэр бүлээрээ амьдарч буй гэр орноо булаан авч дуудлага худалдаагаар хохирлоо арилгуулах шаардлага гаргажээ. Миний гэр бүлийн амьдрал, амьдралын эх үүсвэрээс салгахаар ийм шаардлага гаргаж болох юм уу. Өнгөрсөн жилд улсын эдийн засгийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан надтай ажилласан байгууллагууд төрөөс авах ёстой тендерийн мөнгөө гүйцээд аваагүй гэх шалтгааны улмаас миний ажил гүйцэтгэсний хөлсийг өгч чадаагүй болно. Энэ зунд багтаагаад тэдгээр байгууллагууд надад ажлын хөлсөө бүрэн өгөх тул банкны зээлийг тухайн үед бүрэн барагдуулах боломжтой юм. Хас банктай байгуулсан зээлийн гэрээний 1.4-д хэрэв зээлдэгч хүсвэл зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хойшлуулж өөрчлөлт оруулж болох ба үүнтэй холбогдон гарах зардлыг зээлдэгч бүрэн хариуцна гэсэн бөгөөд миний бие дээрх шалтгааны улмаас зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хойшлуулж өөрчлөлт оруулахаар хэд хэдэн удаа банкны ажилтанд хандсан боловч хүсэлтийг хүлээн аваагүй билээ. Гэвч банктай байгуулсан зээлийн гэрээнд эргэн төлөлтийн хуваарьт хугацааг өөрчлөх боломжтой болохыг дурдсан тул банк учиргүй дайрч давшлан намайг амьдралгүй болгохыг л оролдож гэрээний заалтыг зөрчсөн үндэслэлгүй шаардлага гаргаж байна. Эцэст нь хэлэхэд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд энэ зунд бүх зээлийг хүүтэйгээ хамт төлж барагдуулна гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 232 дугаар шийдвэрээр:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан Хас банкны Баян-Өлгий салбарын нэхэмжлэлтэй,С.Бердимурат, Х.Бегасыл нараас зээлийн нийт төлбөр 21093018 /хорин нэгэн сая ерэн гурван мянга арван найман/ төгрөгийг гаргуулах, №1260011890 дугаартай Барьцааны гэрээний дагуу хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Хас банкны Баян-Өлгий салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263415 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: ХасБанкны нэхэмжлэлтэй, хариуцагч С.Бердимурат, Х.Бегасыл нарт холбогдох 1260011890 дугаартай Зээлийн гэрээний дагуу төлөх үүрэг бүхий үндсэн зээл 17.472.669 төгрөг, үндсэн хүү 3.504.140 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 116.209 төгрөг, нийт 21.093.018 төгрөгийг гаргуулах, хариуцагч нар төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Барьцааны гэрээ, Баталгаат ипотекийн гэрээнд заасан барьцаа хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хэрэв зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангаж хүрэлцэхгүй тохиолдолд хариуцагчдын өмчлөлийн бусад хөрөнгөөс нь гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 232 дугаар шийдвэрийг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр гардан авч танилцаад шийдвэрийн зүйл, заалт, үндэслэлийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

 

1. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 232 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсэгт Нэхэмжлэгч Хас Банкны Баян- Өлгий салбараас нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад үндсэн зээл 17472669 төгрөг, үндсэн хүү 3504140 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 116209 төгрөг нийт 21093018 төгрөг гаргуулах-ыг хүссэн ба хариуцагч С.Бердимурат нь банкинд эргэн төлөлтийн хуваарийн дагуу 13500000 төгрөг төлөх ёстой гэж тайлбарлаж байгааг дүгнэхэд Хас Банк Баян-Өлгий салбар нь зээлдэгч С. Бердимурат, Х.Бегасыл нараас 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг хэрхэн тооцож нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, өнөөдрийг хүртэл зээлдэгч хэдэн төгрөг төлсөн хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй, хэдэн төгрөгийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх талаар нарийн тооцоогүй нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгч Хас Банк Баян-Өлгий салбар нь зээлдэгч С.Бердимурат, Х.Бегасыл нараас нийт 21093018 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага нь нотлогдохгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. гэсэн талаар

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч талаас 1260011890 дугаартай Зээлийн гэрээний дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд тус дансны хуулганд хариуцагч нь өнөөдрийг хүртэл хэдэн төгрөгийг зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүнд төлсөн, хэзээ төлсөн, зээлийн нийт төлбөрөөс хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болох нь тодорхой тусгагдсан атал Нэхэмжлэгч талаас өөрийн шаардлагаа үндэслэж гаргасан, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай тус нотлох баримтыг Шүүгч үнэлээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох 1260011890 дугаартай Зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга зэрэг баримтыг хуульд заасан шаардлагыг хангасан байдлаар гаргаж өгсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37,2 дахь хэсэгт Хэргийн нотлох баримт бичмэл ба эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж заасан боловч нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлээгүй гэж үзэхээр байна. Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт Зээлдэгч С.Бердимурат, Х.Бегасыл нар нь Хас Банкны Баян-Өлгий салбараас 2015 оны 3 дугаар сарын 04~ний өдрийн 1260011890 дугаартай Зээлийн гэрээгээр 20.000.000 төгрөгийн зээлийг, 36 сарын хугацаатай, 365 хоногт 26,4 хувийн хүүтэй авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээ .... зохигчдын тайлбараар тус тус нотлогдож байна. Зээлдэгч С.Бердимурат, Х.Бегасыл нар зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн нь талуудын тайлбараар нотлогдсон гэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгч Хас Банк Баян-Өлгий салбар нь зээлдэгч С.Бердимурат, Х.Бегасыл нараас нийт 21.093.018 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага нь нотлогдохгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. гэсэн нь үндэслэлгүй байна.

Талууд зээлийн гэрээ байгуулсан бөгөөд хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан, тус нэхэмжлэлийн шаардлагаа дансны хуулга болон холбогдох баримтаар нотолсон атал нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүхийн Шийдвэрт С.Бердимурат нь банкинд эргэн төлөлтийн хуваарийн дагуу 13.500.000 төгрөг төлөх ёстой гэж тайлбарлаж байгааг дүгнэхэд ....үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг хэрхэн тооцож нэхэмжилж байгаа нь тодорхойгүй гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

Хариуцагч 13.500.000 төгрөг төлөх ёстой гэж тайлбарлаж болох боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж. өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасны дагуу нотлох ёстой. Гэтэл анхан шатны. шүүх нь хариуцагчийн нотлогдоогүй тайлбарыг үнэлж, нэхэмжлэгчийн хуульд заасан шаардлагыг хангасан байдлаар гаргасан нотлох баримтыг үнэлээгүй нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

2.Тус шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт Барьцааны гэрээ, баталгаат ипотекийн гэрээнд заасан барьцаа хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хэрэв зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангаж хүрэлцэхгүй тохиолдолд хариуцагчдын өмчлөлийн бусад хөрөнгөөс нь гаргуулж өгнө үү" гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь зээлийн төлбөрийг хариуцагчийн өмчлөлийн бусад эд хөрөнгөөр хангуулах талаар хоёр тал гэрээгээр харилцан тохиролцоогүй, чухам хариуцагч нарын ямар эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлттэй байгаа нь тодорхойгүй байна. гэсэн талаар

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл шүүхийн шийдвэр ... байна гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт Төлбөрийг төлбөр төлөгч-иргэний өмчлөлийн эд хөрөнгө болох түүний банк, банкны бус санхүүгийн байгууллага дахь хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгө, үнэт цаас, түүнчлэн үл хөдлөх ба хөдлөх эд хөрөнгө, бусад хөрөнгөөс гаргуулна гэж, 53.6 дахь хэсэгт Энэ хуулийн 53.1-д заасан эд хөрөнгө байхгүй, эсхүл төлбөр төлөхөд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн өмчлөлийн бусад эд хөрөнгөөс төлбөрийг гаргуулна" гэж, 53.7 дахь хэсэгт Энэ хуулийн 53.3, 53.6-д заасан эд хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй байвал төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх эд хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулна гэж тус тус заасан байна.

Үүний дагуу нэхэмжлэгч нь хариуцагч С.Бердимурат, Х.Бегасыл нараас зээлийн төлбөр нийт 21.093.018 төгрөгийг гаргуулах, хариуцагч нар төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Барьцааны гэрээ, Баталгаат ипотекийн гэрээнд заасан барьцаа хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хэрэв зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангаж хүрэлцэхгүй тохиолдолд хариуцагчдын өмчлөлийн бусад хөрөнгөөс нь гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

Гэтэл шүүхийн шийдвэрт зээлийн төлбөрийг хариуцагчийн өмчлөлийн бусад эд хөрөнгөөр хангуулах талаар хоёр тал гэрээгээр харилцан тохиролцоогүй гэсэн нь үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн өмчлөлийн бусад эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг гаргуулах талаар талууд гэрээгээр тохиролцох талаар хуульд аливаа байдлаар заагаагүй байна.

Мөн тус шийдвэрт чухам хариуцагч нарын ямар эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлттэй байгаа нь тодорхойгүй гэсэн боловч ямар эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг нэхэмжлэгч тодорхойлох үүрэггүй бөгөөд Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хариуцагчийн бусад хөрөнгийг тодорхойлж төлбөр гаргуулах ажиллагааг хийх үүрэгтэй талаар хуульд заасан байна. Иймд Барьцааны гэрээ, баталгаат ипотекийн гэрээнд заасан барьцаа хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хэрэв зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангаж хүрэлцэхгүй тохиолдолд хариуцагчдын өмчлөлийн бусад хөрөнгөөс нь гаргуулж өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэрт Хавтаст хэрэгт нэхэмжлэгч талын гаргаж өгсөн 2013 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хийсэн МяА08 дугаартай барьцаалбар нь 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээнд хамааралгүй байна. Нэхэмжлэгч Хас Банкны Баян-Өлгий салбар нь 2013 оны 2 дугаар сарын 22- ны өдөр №126000645701 дугаартай баталгаат ипотекийн гэрээ байгуулахад хамтран өмчлөгчдийн зөвшөөрлийг авч, барьцаалбараар хашаа, байшинг барьцаалсан ипотекийн гэрээг зээлийн гэрээнд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 1260011890 дугаартай барьцааны гэрээ, 126000645701 дугаартай ипотекийн гэрээг тус тус байгуулсан, үүнийг холбож өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч үүнийг яаж холбож өгсөн нь, ипотекийн гэрээ байгуулан хамтран өмчлөгчдийн зөвшөөрлийг хуулийн дагуу авсан эсэх нь тодорхойгүй байна.

Зээлдэгч С.Бердимурат, Х.Бегасыл нар нь Хас Банкны Баян-Өлгий салбараас 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 12600117890 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 20.000.ч000 төгрөгийн зээл авахад баталгаат ипотекийн гэрээ байгуулаагүй болох нь шүүх хуралдааны шатанд өгсөн зохигчдын тайлбараар бүрэн нотлогдож байна. гэсэн талаар

 

Нэхэмжлэгч болон хариуцагч С.Бердимурат, Х.Бегасыл нарын хооронд 2013 онд байгуулагдсан 1260006457-01 дугаартай Баталгаат ипотекийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт Энэхүү гэрээгээр Банк болон зээлдэгч С.Бердимурат нарын 2013 оны 2 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан 1260006457 дугаартай Барьцаат зээлийн гэрээ болон цаашид тэдгээрийн хооронд байгуулагдах зээлийн гэрээнүүдээр хүлээсэн үүргийг Зээлдэгч гүйцэтгээгүй тохиолдолд Барьцаалуулагч нь энэхүү гэрээний 2.1-д заасан өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр Банкны шаардлагыг хангахтай холбоотой харилцаанд талуудын эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлно. гэж заасан нь энэхүү Баталгаат ипотекийн гэрээгээр зөвхөн 1260006457 дугаартай Барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг хангуулах зорилгоор бус, 2013 оноос хойш Хас Банк болон Зээлдэгч нарын хооронд байгуулагдах зээлийн гэрээнүүдийн үүргийг хангуулах зорилгоор байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Үүний дагуу нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан 1260011890 дугаартай Зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.8 дахь хэсэгт Банк зээлдэгчийг гэрээний үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 1260011890 дугаартай Барьцааны гэрээ, 1260006457-01 дугаартай Баталгаат ипотекийн гэрээ тус тус байгуулсан болно гэж, 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсэгт Банк барьцаа хөрөнгийг худалдан борлуулсан дүн гээс төлбөрийг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн төлбөр гэсэн дарааллаар төлүүлэх бөгөөд аль үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг түрүүлж хэрэглэх дарааллыг Банк тогтооно гэж тус тус заасан болно.

Иргэний хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгч ипотекийн эрхийн бүртгэлийг нотолгоо болгохгүйгээр зөвхөн өөрийн шаардлагыг нотлох замаар ипотекийн эрхээ хангуулахаар хэлэлцэн тохиролцож болох бөгөөд уг ипотекийг улсын бүртгэлд баталгаат ипотек гэж бүртгэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч нь дээрх гэрээнүүдийг нотлох баримтаар гарган өгч холбогдох заалтуудыг тайлбарлан өөрийн шаардлагыг нотлож байх тул 2015 онд байгуулсан 1260011890 дугаартай Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг 1260006457-01 дугаартай Баталгаат ипотекийн гэрээгээр барьцаалсан хөрөнгөөр хангуулах эрхтэй байна.

Гэтэл Шийдвэрт Зээлдэгч С.Бердимурат, Х.Бегасыл нар нь 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 12600117890 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 20.000.000 төгрөгийн зээл авахад баталгаат ипотекийн гэрээ байгуулаагүй гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

4.Шийдвэрт Иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээдээс зөвшөөрөл авахгүйгээр эд хөрөнгийг нь барьцаалсан үйлдэл нь хууль бус явагдсан буюу хууль зөрчсөн байх тул энэхүү хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байх тул нэхэмжлэгч Хас Банкны Баян-Өлгий салбарын хариуцагч нартай байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцаалбар нь анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байсан байна. гэсэн талаар

1260006457-01 дугаартай Баталгаат ипотекийн гэрээг байгуулахдаа талууд Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсэгт Тэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна гэж заасны дагуу тухайн үед насанд хүрсэн гишүүд болох Х.Бегасыл, Б.Досжан нарын бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авсан болох нь, Баталгаат ипотекийн гэрээний хавсралтад тусгасан болох нь нотлох баримтаар нотлогдож байна. 2015 онд талууд 1260011890 дугаартай Зээлийн гэрээг байгуулж тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэгэнт хуульд заасны дагуу байгуулагдсан Баталгаат ипотекийн гэрээний дагуу хангуулахаар тохирсон бөгөөд ийнхүү тохиролцсон нь Баталгаат ипотекийн гэрээ болон барьцаалбарыг анхнаасаа хүчин төгөлдөр бус байсан гэж үзэх үндэслэл болохгүй болно.

Шүүхийн шийдвэрт Хариуцагчийн шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн нотариатаар баталгаажуулсан Хас Банкны Баян-Өлгий салбарын 2013 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 26/118 дугаартай Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн албанд гэх Барьцаа хөрөнгө чөлөөлөх тухай албан бичигт: Өлгий сумын 5-р багийн иргэн Сураган овогтой Бердимурат тус банктай байгуулсан 1260001175 тоот барьцаат зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тул 0213000839 тоот улсын бүртгэлийн дугаартай хашаа байшин, 0213000156 тоот улсын бүртгэлийн дугаартай өмчлөлийн газрын хамт барьцаанаас чөлөөлсөн болохыг тодорхойлов. гэсэн захирал Х.Сьезгүл гэж гарын үсэг зурж баталгаажуулсан бичгийн нотлох баримтаар барьцаалсан хөрөнгүүд нь барьцаанаас чөлөөлөгдсөнөөр баталгаат ипотекийн гэрээ дуусгавар болсон байна гэжээ.

Хас Банкны Баян-Өлгий салбарын 2013 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 26/118 дугаартай Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн албанд гэх Барьцаа хөрөнгө чөлөөлөх тухай албан бичигт: Бердимурат тус банктай байгуулсан 1260001175 тоот барьцаат зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тул.. гэсэн байна.

Хариуцагч 1260001175 тоот барьцаат зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн тул Нэхэмжлэгч тус албан бичгийг хүргүүлэн барьцаа херөнгүүдийг чөлөөлсөн боловч мөн өдрөө 1260006457-01 дугаартай Баталгаат ипотекийн гэрээг Банк болон зээлдэгч С.Бердимурат нарын 2013 оны 2 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан 1260006457 дугаартай Барьцаат зээлийн гэрээ болон цаашид тэдгээрийн хооронд байгуулагдах зээлийн гэрээнүүдээр хүлээсэн үүргийг хангуулах зорилгоор байгуулсан болох нь холбогдох гэрээнүүд, дээрх албан бичгээр нотлогдож байна, Гэтэл анхан шатны шүүхээс барьцаалсан хөренгүүд нь барьцаанаас чөлөөлөгдсөнөөр баталгаат ипотекийн гэрээ дуусгавар болсон байна гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүй болохыг илтгэж байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хэдэн гэрээ, хэрхэн байгуулагдсан болохыг тогтоогоогүй, нотлох баримтыг бүрэн гүйцэд, тал бүрээс нь шинжлээгүйгээс хариуцагч, нэхэмжлэгч нарын хооронд өмнө байгуулагдсан 1260001175 дугаартай Барьцаат зээлийн гэрээний үүргийг биелүүлсэнтэй холбоотойгоор Хас Банкнаас улсын бүртгэлийн албанд хүргүүлсэн албан бичгийг буюу тус хэрэгт хамааралгүй нотлох баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хариуцагч 1260011890 дугаартай Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор байгуулсан 1260006457-01 дугаартай Баталгаат ипотекийн гэрээ нь дуусгавар болоогүй, мөн Иргэний хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага дуусгавар болоогүй болно.

Анхан шатны шүүхийн шийдвэрт 2013 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн Хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл гэх нотариатаар баталгаажуулсан баримтад тухайн үед Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-д заасан дундын өмчлөлд байгаа ... зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрөв гэж зөвшөөрсөн зөвшөөрлийн бичигт хамтран өмчлөгчид гарын үсэг зурсан байх ба үүнд ...энэ зөвшөөрөл нь зөвхөн дээр дурдсан үйлдэлд хамаарагдах ба дахин ашиглагдахгүй болно гэж дурдсан байх тул дахин энэ зөвшөөрлийн бичгийг ашиглах боломжгүй гэж үзлээ." гэсэн талаар

2013 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн Хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл гэх нотариатаар гэрчлүүлсэн баримтад Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсэгт заасны дагуу бидний дундын өмчлөлд байгаа 000048707, Г-0213000156 улсын бүртгэлийн дугаар бүхий өмчлөлийн газар, 000062759, Ү-0213000839 улсын бүртгэлийн дугаар бүхий хувийн сууцыг Сураган Бердимуратын зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрөв Энэ зөвшөөрөл нь зөвхөн дээр дурдсан үйлдэлд хамаарагдах ба дахин ашиглагдахгүй болно. гэсэн байна.Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т заасан гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна гэсэн шаардлагыг хангасан байдлаар авсан Хамтран өмчлөгчдийн зөвшөөрлийг үндэслэн Хас Банк Зээлдэгчтэй Баталгаат ипотекийн гэрээ байгуулсан. Хариуцагч нь 2013 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 1260006457 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, 2015 оны 3 дугаар сарын 4-ний өдөр 1260011890 дугаартай Зээлийн гэрээг тус тус байгуулж, эдгээр гэрээгээр хүлээсэн үүргээ Баталгаат ипотекийн гэрээгээр барьцаалсан барьцаа хөрөнгүүдээр хангуулахаар харилцан тохиролцсон. Дээрх Хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл баримтад ....Зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрөв гэсэн байгаа бөгөөд 1260006457 дугаартай Барьцаат зээлийн гэрээ эсхүл 1260011890 дугаартай Зээлийн гэрээний барьцаанд гэж тусгаагүй, Баталгаат ипотекийн гэрээний дагуу өөрсдийн өмчлөлийн хөрөнгөө барьцаалахыг зөвшөөрч байна гэсэн агуулга тусгагдсан байна.

Мөн 2013 оны 1260006457 дугаартай Баталгаат ипотөкийн гэрээний 1-1 дүгээр хавсралт Барьцаа хөрөнгө хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл гэх баримтыг талууд харилцан тохиролцож үйлдсэн байх бөгөөд тус баримтад Барьцаалуулагч Сураганы Бердимуратын барьцаалуулсан эд хөрөнгийг хамтран өмчлөгчид бид Зээлдэгч Сураган Бердимурат нь Хас Банктай байгуулсан 1260006457 дугаар Барьцаат зээлийн/Зээлийн шугамын/Санхүүгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Банкны шаардлагыг дээрх барьцаа хөрөнгийн өөрт ногдох хэсгээс хангахыг зөвшөөрч байна. Барьцаа хөрөнгийг Баталгаат ипотекийн гзрээний дагуу барьцаалуулсан бол дээрх зөвшөөрөл нь Зээлдэгч болон Банкны хооронд цаашид байгуулагдах зээлийн болон санхүүгийн түрээсийн гэрээнүүдэд мөн адил хамаарна," гэж тусгасан байна.

Гэтэл анхан шатны шүүхээс энэ нотлох баримтыг үнэлээгүй, талуудын хүсэл зориг юу байсан, ямар зорилгоор Баталгаат ипотекийн гэрээ байгуулсан, тус гэрээнд яагаад дээрх заалтыг тусгасан, Хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл баримтад ....Зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрөв гэсэн нь яг аль гэрээний зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрснийг илэрхийлж байгааг, Баталгаат ипотекийн гэрээ байгуулж, хөрөнгийг барьцаалахыг зөвшөөрч байгаа бол тус Баталгаат ипотекийн гэрээгээр барьцаалсан хөрөнгөөр хэдэн ч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах хууль зүйн боломжтой байдаг талаар Хамтран өмчлөгчид нь ойлгож мэдсэн байх ёстой зэргийг үнэлээгүйгээрээ нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. 7. Шүүхийн шийдвэрт Хас Банкны Баян-Өлгий салбарын 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 09:19 минутад Хас Банкны 126 салбарт 1260008138 дугаартай дансанд 779,593.24 төгрөгийн гүйлгээ хийгдэн, гүйлгээний утга зээл хаав гэсэн орлогын маягтад тэмдэглэл хийж, гарын үсэг зурж, теллер гарын үсгээ зурж тэмдэг дарж баталгаажуулсан баримтаар зээлдэгч С.Бердимурат, Х.Бегасыл нар нь тухайн үед авсан зээлээ бүрэн төлж, зээлээ хааж байсан нь энэхүү баримтаар нотлогдож байна гэж үзлээ. гэсэн талаар

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт Зээлдэгч С.Бердимурат, Х.Бегасыл нар нь Хас Банкны Баян-Өлгий салбараас 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 1260011890 дугаартай Зээлийн гэрээгээр 20.000.000 төгрөгийн зээлийг авсан болох нь нотлогдож байна. Зээлдэгч С.Бердимурат. Х.Бегасыл нар зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн нь талуудын тайлбараар нотлогдсон гэсэн бөгөөд Нэхэмжлэгчийн хувьд тус зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг Хариуцагчаас нэхэмжилж байгаа атал С.Бердимуратын 1260008138 дугаартай дансанд гүйлгээ хийснийг тухайн үед авсан зээлээ бүрэн төлж, зээлээ хааж байсан нь нотлогдож байна гэсэн нь үндэслэлгүй байна.

Гүйлгээний утгыг харилцагчийн хүсэлтээр ямар ч байдлаар тусгах боломжтой тул Гүйлгээний утга дээр Зээл хаав гэж бичсэн эсэхээс үл хамаараад тус төлбөрийг зээлийн данс руу хийсэн эсэх, 1260008138 дугаартай данс нь зээлийн төлбөр хүлээн авах данс мөн эсэхийг үнэлсний үндсэн дээр зээлээ хааж байсан нь нотлогдлоо гэж үзэх боломжтой байсан. Мөн тус гүйлгээний баримт нь хэрэгт ямар ач холбогдолтой болох нь тодорхойгүй байхад зээлээ хааж байсан нь нотлогдож байна гэх байдлаар дүгнэж хэрэгт ач холбогдолгүй нотлох баримтыг үнэлсэн нь ойлгомжгүй байна.

Мөн Нэхэмжлэгч нь 2017 оны 3 дугаар сарын 03 өдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн Нотлох баримт гаргаж өгөх, тайлбар хүргүүлэх, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх тухай албан бичигт нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлж байна. Хариуцагч С.Бердимурат, Х.Бегасыл нараас 1260011890 дугаартай Зээлийн гэрээний дагуу төлөх үүрэг бүхий үндсэн зээл 17 472 669 төгрөг, үндсэн хүү 3 504 140 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 116 209 төгрөг, нийт 21.093.018 төгрөгийг гаргуулах, хариуцагч нар төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Барьцааны гэрээ, Баталгаат ипотекийн гэрээнд заасан барьцаа хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хэрэв зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангаж хүрэлцэхгүй тохиолдолд хариуцагчдын өмчлөлийн бусад хөрөнгөөс нь гаргуулж өгнө үү. гэж тусгасан атал үүнийг Шүүхийн шийдвэрт дурдаагүй бөгөөд хүсэлт гэж үзэн хүсэлтийг хангах боломжгүй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 232 дугаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Хас банкны Баян-Өлгий салбар нь хариуцагч С.Бердимурат, Х.Бегасыл нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэлд 17472669 төгрөг, зээлийн хүүд 3504140 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 116209 төгрөг, нийт 21093018 төгрөг гаргуулах, зээлийн барьцаат хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч С.Бердимурат, Х.Бегасыл нар нь Хас банкны Баян-Өлгий салбраас 2015 оны 3 дугаар сарын 04-ны өдрийн зээлийн гэрээгээр 20000000 төгрөгийн зээлийг, 36 сарын хугацаатай авч 2015 оны 3 дугаар сарын 04-ны өдрийн барьцааны гэрээгээр БӨА 4471 улсын дугаартай камаз маркийн автомашин, 2013 оны 02 сарын 22 өдрийн барьцааны гэрээгээр Өлгий сумын 4 дүгээр багт байрлах 200 м.кв талбайтай 8 өрөө хувийн сууц барьцаалан зээл авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хариуцагч нар зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн тул зээлийн гэрээний 5.1.1, 5.1.4-д заасан үндэслэлийн дагуу нэхэмжлэгч тал зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, зээлийн нийт төлбөр болох 21093018 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх Хас банкны Баян-Өлгий салбар нь үндсэн зээлийн үлдэгдэлд 17472669 төгрөг, зээлийн хүүд 3504140 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 116209 төгрөг, нийт 21093018 төгрөг гаргуулахыг хүссэн ба хариуцагч нар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 13500000 төгрөг төлөх ёстой гэж тайлбарлаж байгааг дүгнэхэд Хас банкны Баян-Өлгий салбар нь зээлдэгч нараас 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг хэрхэн тооцож нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, өнөөдрийг хүртэл зээлдэгч хэдэн төгрөг төлсөн хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй, хэдэн төгрөгийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх талаар нарийн тооцоогүй, нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байх тул Хас банкны Баян-Өлгий салбар нь хариуцагч С.Бердимурат, Х.Бегасыл нараас 21093018 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага нь нотлогдохгүй байгаа тул гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлгүй болжээ.

 

Хариуцагч С.Бердимурат, Х.Бегасыл нар нь Хас банкны Баян-Өлгий салбараас 2015 оны 3 дугаар сарын 04-ны өдрийн зээлийн гэрээгээр 20000000 төгрөг авсан, эргэн төлөлтийн хуваарийн дагуу 13500000 төгрөг төлөх ёстой гэж тайлбарлах боловч анх зээл авснаас хойш хэдэн төгрөг төлсөн, одоо төлөх 13500000 төгрөг үлдсэн талаарх тайлбараа нотлох баримтаар нотлож чадаагүй байна. Хас банкны Баян-Өлгий салбар нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээлийн үлдэгдэлд 17472669 төгрөг, зээлийн хүүд 3504140 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 116209 төгрөг, нийт 21093018 төгрөг нэхэмжилсэн нь хавтаст хэрэг авагдсан зээлийн гэрээ, С.Бердимуратын дансны хуулга болон бусад нотлох баримтаар нотлогдож байна гэж үзлээ. Иймд хариуцагч С.Бердимурат, Х.Бегасыл нар зээлийн нийт төлбөрт 21093018 төгрөгийг гаргуулан Хас банкны Баян-Өлгий салбарт олгож, хариуцагч С.Бердимуратын эзэмшлийн АЯ00860908 гэрчилгээний дугаартай БӨА 4471 улсын дугаартай, Камаз маркийн автомашиныг албадан дуудлага худалдаанд оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Ү-0213000839 өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Өлгий сумын 4 дүгээр багт байрлах 200 м.кв талбайтай 8 өрөө хувийн сууц, 946 м.кв талбайтай, Г-0213000156 өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай газрын хамт албадан дуудлага худалдаанд оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хас банкны Баян-Өлгий салбар нь хариуцагч С.Бердимурат, Х.Бегасыл нарт 2015 оны 3 дугаар сарын 04-ны өдрийн зээлийн гэрээгээр 20000000 төгрөгийн зээл олгохдоо Ү-0213000839 өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Өлгий сумын 4 дүгээр багт байрлах 200 м.кв талбайтай 8 өрөө хувийн сууц, 946 м.кв талбайтай, Г-0213000156 өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай газарт баталгаат ипотекийн гэрээ байгуулаагүй ба хариуцагч нарын 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн авсан зээлд байгуулсан 12600006457-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээг 2015 оны 3 дугаар сарын 04-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 1.8-д Банк зээлдэгчийг гэрээний үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 12600006457-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээг байгуулсан болно гэж заасан боловч 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн авсан зээлд байгуулсан 12600006457-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээ нь Иргэний хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-д Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага дуусгавар болсон ...бол ипотек үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчид шилжинэ гэж заасан, Хас банкны Баян-Өлгий салбарын захирлын 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 26/118 дугаартай Эд хөрөнгийн улсын бүртгэлийн албанд бичсэн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт барьцаанаас чөлөөлсөн тухай албан бичгээр барьцаанаас чөлөөлсөн ба 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн авсан зээлд байгуулсан 12600006457-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээ дуусгавар болсон байна.

 

Мөн 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн нотариатаар баталгаажуулсан хамтран өмчлөгчдийн зөвшөөрөлд Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-д заасан дундын өмчлөлд байгаа ...өмчүүдийг зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрөв гэж хамтран өмчлөгч нар гарын үсэг зурсан ба энэхүү зөвшөөрөл нь зөвхөн дээр дурдсан үйлдэлд хамаарагдах ба дахин ашиглагдахгүй болно гэж заасан байх тул 2015 оны 3 дугаар сарын 04-ны өдрийн зээлийн гэрээнд 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн авсан зээлд байгуулсан 12600006457-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээг ашиглах боломжгүй байна гэж дүгнэлээ.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын заримыг хүлээн авч, давж заалдах гомдолд төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 263415 төгрөгийг шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчид буцаан олгох нь зүтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 232 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Ители күйк овогт Сураганы Бердимурат, Найман овогт Хумырысхагийн Бегасыл нараас зээлийн нийт төлбөрт 21093018 /хорин нэгэн сая ерэн гурван мянга арван найм/ төгрөгийг гаргуулан Хас банкны Баян-Өлгий салбарт олгож, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар С.Бердимуратын эзэмшлийн АЯ00860908 гэрчилгээний дугаартай 1997 онд үйлдвэрлэгдсэн БӨА 4471 улсын дугаартай Камаз маркийн авто машиныг дуудлага худалдаанд оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтын үлдээсүгэй. гэснийг үлдээж, хариуцагч С.Бердимурат, Х.Бегасыл нараас 263415 төгрөг гаргуулан Хас банкны Баян-Өлгий салбарт олгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263415 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

 

Д.КӨБЕШ