Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 00738

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 62-р байр, 11 тоотод оршин суух, Цогт овогт Хүрэлбаатарын Өлзийтайван /РД: ШУ92040926/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 62-р байр, 11 тоотод оршин суух, Боржигон овогт Мөнхтулгын Очир-Эрдэнэ /РД: УШ91012111/-д холбогдох,

 

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Өлзийтайван, хариуцагч М.Очир-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Өлзийтайван шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2010 онд анх М.Очир-Эрдэнэтэй танилцаад гэр бүлийн харилцаатай болж, 2011 оноос эхлэн хамтран амьдарч 2011 оны 8 дугаар сарын 13-ны өдөр О.Хулан гэдэг охинтой болсон. Бид хамт 3 жил амьдарсан боловч гэрлэлтээ батлуулаагүй. Одоо охин маань цэцэрлэгт явдаг, ирэх жил сургуульд орно. Бид 2013 онд салсан. Одоо охиндоо тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч М.Очир-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2010 онд анх Х.Өлзийтайвантай танилцсан. 2011 оны 8 дугаар сарын 13-ны өдөр О.Хулан гэдэг охинтой болсон. 2013 онд хоорондын таарамжгүй харилцаанаас болоод салах болсон. Хүүхдийн тэтгэлийг хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

          

Нэхэмжлэгч Х.Өлзийтайван нь хариуцагч М.Очир-Эрдэнэд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

Нэхэмжлэгч Х.Өлзийтайван, хариуцагч М.Очир-Эрдэнэ нар 2010 онд танилцаж, тэдний дундаас 2011 оны 8 дугаар сарын 13-ны өдөр охин Очир-Эрдэнийн Хулан төрсөн нь талуудын шүүхэд гаргасан тайлбар болон хүүхдийн 2806 дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байхаас гадна талууд энэ талаар маргаагүй байна.

 

Талууд гэрлэлтээ бүртгүүлээгүй, хүүхэд хариуцагчаар овоглодог, хариуцагч нь 2011 оны 8 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин О.Хулангийн төрсөн эцэг мөн гэж хүлээн зөвшөөрч байна.

 

Талуудыг тусдаа амьдрах үеэс эхлэн охин О.Хулан эхийн асрамжинд байгаа нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Түүнчлэн, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх... тухайгаа ...харилцан тохиролцож болно.” гэж заасан байх бөгөөд хүүхдийн насны онцлог, өсөж торнисон орчин зэргийг харгалзан хүүхдийг эхийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар гэрлэлт цуцалснаас үл хамааран эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хугацаа, хэмжээгээр хариуцагч М.Очир-Эрдэнээс тэтгэлэг гаргуулан хүүхдэд олгох нь хүүхдийн эрх ашигт нийцэхээр байна.

 

Дээрх үндэслэлээр О.Хуланг эх Х.Өлзийтайвангийн асрамжинд үлдээж, эцэг М.Очир-Эрдэнээс тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2011 оны 8 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин О.Хуланг эх Х.Өлзийтайвангийн асрамжинд үлдээсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин О.Хуланг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг М.Очир-Эрдэнээс гаргуулан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасныг баримтлан нэхэммжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.        

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        М.БАЯСГАЛАН