Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Санги-Очирын Олзод |
Хэргийн индекс | 105/2022/0165/Э |
Дугаар | 2022/ШЦТ/173 |
Огноо | 2022-02-09 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Н.Өнөрбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/173
2022 02 09 2022/ШЦТ/173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва,
улсын яллагч Н.Өнөрбаяр,
шүүгдэгч Э.Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Н. овогт Э.ын Б.д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 00000 0014 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Н. овогт Э.ын Б..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Б. нь 2021 оны 11 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Булгачины 3 дугаар гудамжны 52 тоотод Ж.Б.тэй маргалдаж, улмаар нүүр хэсэгт нь гараараа 5-6 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Ж.Б.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Булгачины 3-52 тоот гэртээ 2021 оны 11 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө 4-7 насны хүүхэдтэйгээ байж байхад манай нөхрийн төрсөн дүү болох Э.Б. манай гэрт архи хэрэглэсэн үедээ орж ирээд “уух юм байна уу” гэж асуусан. “Хоёр хүүхэдтэй чинь ална шүү” гэж орилж, босож ирээд намайг ширээн дээр түлхэж унаагаагаад дээрээс дарж аваад, миний нүүр лүү гараараа 5-6 удаа цохиод байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 11926 тоот: “Зүүн зовхи, дээд уруул, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 17-18/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Э.Б. нь 2021 оны 11 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Булгачины 3 дугаар гудамжны 52 тоотод Ж.Б.тэй маргалдаж, улмаар нүүр хэсэгт нь гараараа 5-6 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Э.Б.д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Э.Б. нь 2021 оны 11 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Булгачины 3 дугаар гудамжны 52 тоотод Ж.Б.тэй маргалдаж, улмаар нүүр хэсэгт нь гараараа 5-6 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- Хохирогч Ж.Б.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Булгачины 3-52 тоот гэртээ 2021 оны 11 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө 4-7 насны хүүхэдтэйгээ байж байхад манай нөхрийн төрсөн дүү болох Э.Б. манай гэрт архи хэрэглэсэн үедээ орж ирээд “уух юм байна уу” гэж асуусан. “Хоёр хүүхэдтэй чинь ална шүү” гэж орилж, босож ирээд намайг ширээн дээр түлхэж унаагаагаад дээрээс дарж аваад, миний нүүр лүү гараараа 5-6 удаа цохиод байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 11926 тоот: “Зүүн зовхи, дээд уруул, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 17-18/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Э.Бат-Эрдэнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Э.Б.д Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Хохирогч Ж.Б. нь хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Э.Б.д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н. овогт Э.ын Бат-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б.д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Э.Б.д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Э.Б.д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЛЗОД