Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 1183

 

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2017/01183

              Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сансармаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 6 дугаар хороо, 21Д-0 тоотод оршин суух, Борлууд овогтой Цэвээний Нарантуяагийн нэхэмжлэлтэй,

                 Хариуцагч:Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороолол, 31 дүгээр байрны 0 тоотод оршин суух, Цорос овогтой Сэнгэдоржийн Чимэддоржид холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.                                                                 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Нарантуяа, хариуцагч С.Чимэддорж, нарийн бичгийн дарга  С.Баянжаргал нар оролцов.

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч: Ц.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

        “Миний бие С.Чимэддоржтой 1999 онд танилцаж, 2000 онд гэр бүл болж хамтран амьдрах болсон. Бид хамтран амьдрах хугацаандаа 2002 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүү Ч.Гончигдорж, 2003 оны 10 дугаар сарын 05-ны өдөр охин Ч.Сүрэнхорлоо нар төрсөн. Охин төрснөөс хойш С.Чимэддорж нь агсам тавьж, зодож гэрээсээ хөөдөг болсон. Өнөөдрийг хүртэл С.Чимэддоржийг засрах байх гэж бодож амьдарсан. Би С.Чимэддоржтой амьдарч чадахгүй гээд гэрээсээ явахад хоёр хүүхэд аавтайгаа үлдсэн. С.Чимэддорж нь охиноо гэртээ түгжээд явчихсан байхад нь би очиж охиноо авсан. С.Чимэддорж би та гуравт төвөг болохгүй, та гурав гэртээ амьдар гээд гэрээсээ явсан. Одоо би хоёр хүүхэдтэйгээ гэртээ амьдарч байгаа. Хааяа ирээд “чи яв би гэртээ амьдармаар байна” гэдэг болсон. С.Чимэддорж нь байнга архи ууж, агсам тавьж, хүүхдүүдээ “ээжээрээ эцгээ заалга эцгээ олж ав” гэж хэлж өвлийн хүйтэнд хүүхдүүдээ хөөж гаргадаг. Эд хөрөнгөө дуртай үедээ зарж, ломбарданд тавьж архиддаг. Согтуу ирэх болгонд нь бид 3 зугтаахад бэлэн байдалтай хувцастайгаа унтдаг. Олон хоног 2 хүүхдийнхээ хамтаар уулын орой, жалганд хонож байсан. Согтуурхаж хөлчүүрхэхийн хажуугаар ажил дээрээ ч тэр урд хойд, хажуу айлын хүүхнүүдтэй холбогддог.  Намайг бас хардаж сэрдэж утас байнга шалгаж ярьсан дугаар бүрийг өөрөө залгаж шалгаж хэрүүл хийдэг. Хутга, хайч гэх мэт зүйл хэрэглэж ална гэж гүйдэг. Баяр ёслол болон амралтаараа ах дүүгийндээ очсон ч тайван байж чаддаггүй. Байнга агсам тавьж том тэмдэглэлт баяр ёслолоор айлын гадна ч өөрийн гэрийн гадна ч хонодог. Миний аав, ээж, дүү нарт “чиний хүүхдийг алаад жорлонгийн баасанд мөч мөчөөр нь салгасан ч чамд хууль үйлчлэхгүй. Чамайг гээд ирээд сэгийг чинь авах хүн байхгүй” гэж хэлдэг байсан. Миний ээж 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нас барсан. Би С.Чимэддоржоос болоод ээжийнхээ буяны ажилд оролцож чадаагүй. Ах, дүү нарын хүүхэд ирэхээр нэг, хоёр хоног зүгээр байж байгаад л “эгчийгээ аваад зайлахгүй бол би эгчийг чинь ална” гэж хэлээд намайг зоддог. 2012 оны цагаан сараар би гэртээ байгаагүй. 2013 оны цагаан сарын шинийн нэгэн, 2014 оны цагаан сарын шинийн хоёрны өдөр би гэрээсээ хөөгдсөн. Сүүлдээ С.Чимэддорж нь хутга, сүх авч ална гэж дайрдаг болсон. Дээрх шалтгааны улмаас би С.Чимэддоржтой амьдрах боломжгүй болсон. Ийм учраас цаашдаа цуг амьдрах боломжгүй байна. Миний хувьд 2 хүүхдээ дагуулаад очих газаргүй, амьдрах нөхцөл муу, зээл ихтэй байгаа тул бидний дунд хэрэглэж байгаа эд зүйлс гэр оронг 2 хүүхдэд нь зохих хэмжээгээр нь олгож өгнө үү. Миний бие нь өдийг хүртэл хүчирхийлэлд амьдарч ирсэн шалтгаан нь банкны зээл ихтэй байгааг далимдуулан намайг зээлийн барьцаанд байгаа учир чи хэзээ ч шүүх, цагдаад өргөдөл гаргах буюу баривчлуулж чадахгүй гэж сүрдүүлдэг. С.Чимэддорж нь надтай хамт амьдарч байх хугацаанд цалингийн зээл авсан нь 2016 оны 11 сард дууссан. Дахин цалингийн зээл авсан байна. Үүнээсээ 2 хүүхэддээ өвлийн дулаан хувцас түлээ нүүрс авч өгөөч гэж хэлэхэд “би амьдралаа бодсон, шинэ амьдрал гоё байна. Хүүхдүүдээр элдвийн юм битгий нэхүүлээд бай, чаддагийн бол өгөх ёстой газар нь өгч юм олж ав, хуулиа сайн мэддэг болсон хойноо заргалд” гэж зүй бус харьцаж байсан. Шүүхээс бид хоёрт эвлэрэл гэж 3 сарын хугацаа олгосон. Эвлэрч амьдрах гэж үзсэн. Гэсэн ч боломжгүй байна. Нэг бол миний гэрээс гарч зайл, би эд хөрөнгө, гэр орноо авна. Эсхүл чи зайл, үгүй бол би зайлна гэдэг. Тэгээд намайг явах гэхээр гаргахгүй өөрөө гарч явдаг. Тэгээд хаалгаа түгжээд унтаж байхад өрхөөрөө ороод ирнэ. Яаж байгаа юм бэ гэхээр би орон гэртээ орж ирж байна. Чамд хамаагүй гэдэг. Тэр үедээ намайг зодоод алахад ч бэлэн байдаг. Энэ хүний зан ааш дэндүү хувирсан. Иймд Ц.Нарантуяа миний нэхэмжлэлийг харгалзан үзэж бидний гэрлэлтийг цуцалж 2 хүүхдийн асрамж тогтоож, тэтгэмж гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч: С.Чимэддорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Бид анх 1999 онд танилцан 2001 оноос хойш гэр бүл болон амьдарч ирсэн. Том хүү Ч.Гончигдорж 2002 онд төрсөн, бага охин Сүрэнхорлоо 2003 онд төрсөн. Бид анх гэрлэхэд бид Увс аймагт мал маллан амьдарч байгаад 2006 оноос хотод ирж амьдарсан. Би 2007 оноос одоог хүртэл орон сууцны конторт засварчинаар ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд би авсан цалин мөнгөө байнга эхнэртээ өгдөг. Цалингийн карт надад огт байдаггүй эхнэрт байдаг байсан. Би ажил хийж эхнэрээ жолооны курст сурган автомашин хүртэл авч өгч байсан. Шүүхээс бид хоёрт эвлэрэх 3 сарын хугацаа олгосон. Би хүүхдийн тэтгэмж өгч чадахгүй. Би цалингийн зээлтэй Ц.Нарантуяад хэлсэн. Чи хоёр хүүхэддээ 2 жил тэтгэмж авна. Цаашдаа чи 2 хүүхдээ яах гэж байгаа юм бэ. Би чамаас салсан ч 2 хүүхдээ мэргэжилтэй болгоё гэсэн. Гэрээ өгч чадахгүй. Би өөр хүнтэй болсон зүйл байхгүй. Энэ таксинд явна гээд л гараад явдаг. Өглөө 7 цагт 20, 30 мянган төгрөг хийчихээд ирдэг. Би за болж дээ гэж бодоод юу ч хэлдэггүй. Цайзын ломбарднаас 450.000 төгрөгийн ээмэг гинжийг нь би дүүгийнхээ машиныг барьцаалж, мөнгө зээлээд авч өгсөн. Тэгсэн сүүлд аав муудлаа гээд тэр ээмэг, гинжээ тавиад л мөнгө авч явсан байсан. Худлаа хэлж, хулгай хийлтэй биш. 4 дүгээр сарын 20-нд төрсөн өдрөөр нь торт, цэцэг бариад ажил дээр нь очсон. Надыг шууд хөөгөөд гаргасан. Аавынх нь бие муудахад би 500.000 төгрөг, өнгөрөхөд нь 300.000 төгрөг хүнээс зээлээд Увс руу явуулсан. Надад баримт нь байгаа. Буцаад ирэхэд нь би цалингийн 200.000 төгрөгөө аваад шууд Ц.Нарантуяагийн данс руу хийсэн. Би ингэж тусалсан. Энэ хүн сална гээд байвал сална даа гэв.

 

            Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын тайлбар, тэдгээрт холбогдох бичмэл нотлох баримтуудыг хянан хэлэлцээд

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Нарантуяа нь хариуцагч С.Чимэддоржид холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар шаардах эрхтэй, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Зохигчид 1999 онд танилцан, 2001 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр гэр бүл болсныг иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн ПА №131 дугаарт бүртгүүлж, 2002 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хүү Ч.Гончигдорж төрсөн, 2003 оны 10 дугаар сарын 05-ны өдөр охин Ч.Сүрэнхорлоо нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн болон төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

          Зохигчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцлын улмаас  тусдаа амьдарч, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болж, нэхэмжлэгч 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандсан ба 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 3 сарын хугацаатай гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч амжилтгүй болсон тул талуудын хүсэл зориг зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хүүхдийн асрамжийн талаар зохигчид маргаагүй бөгөөд эхийн асрамжид өгөхийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн, амьдралын бусад нөхцөл байдал зэргийг харгалзан нэхэмжлэгч Ц.Нарантуяагийн асрамжид үлдээх бөгөөд гэрлэлт цуцлагдсан ч эцэг нь хүүхдээ тэтгэх үүрэг хэвээр үргэлжилдэг тул хүү Ч.Гончигдорж, охин Ч.Сүрэнхорлоо нарыг эцэг С.Чимэддорж нь тэжээн тэтгэх үндэслэлтэй байна.

          Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс  нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх… эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон  

 

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Борлууд овогтой Цэвээний Нарантуяа, Цорос овогтой Сэнгэдоржийн Чимэддорж нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2002 оны 2 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Ч.Гончигдорж, 2004 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин Ч.Сүрэнхорлоо нарыг эх Ц.Нарантуяагийн асрамжид үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40.1.2-д зааснаар хүү Ч.Гончигдорж, охин Ч.Сүрэнхорлоо нарыг 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг С.Чимэддоржоос сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.

 

        4.Нэхэмжлэгч дундын эд хөрөнгийн талаар шүүхэд хандах эрх нь нээлттэй болохыг дурьдсугай.

 

        5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосугай.

 

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч С.Чимэддоржоос 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Нарантуяад олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.

 

   7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

 

 

                                                                                                          

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.САНСАРМАА