Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 00779

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2017/00779

Улаанбаатар хот

 

      Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

    баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 16 дугаар байр, 2 тоотод оршин суух, Халх овогт Лхамсүрэнгийн Наранбаатар /РД: ЧЛ74102674/-ын нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 44-144 тоотод байрлах “Мөнхтэнгэрийн ханлиг” ХХК /РД: 5564743/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 26 дугаар байр, 42 тоотод оршин суух, Соод овогт Жанчивдоржийн Эрдэмбилэг /РД: ЧМ83021211/ нарт холбогдох

 

12 960 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган оролцов.

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Наранбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Мөнхтэнгэрийн ханлиг” ХХК-ийг төлөөлж Ж.Эрдэмбилэг нь 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан болно. Түрээсийн гэрээгээр Баянгол дүүргийн 1-р хороо 2 хороолол 16 байр 2 тоот 40м.кв талбай өргөтгөлтэй 3 өрөө үл хөдлөх хөрөнгийн Ү-2205010982 тоот гэрчилгээтэй орон сууцыг таван жилийн хугацаатай нэг сарын 2 000 000 төгрөгөөр түрээслүүлэхээр түрээсийн гэрээг хоёр тал харилцан тохиролцож байгуулсан. Түрээслүүлэгч нь түрээсийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т заасны дагуу 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл нийт 24 сая төгрөгний түрээсийн төлбөр төлсөн боловч 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 2014 оны 05 дугаар сарын 19-ны өдрийг хүртэл 6 сарын түрээсийн төлбөр буюу 12 сая төгрөгийг төлөөгүй болно. Түрээслүүлэгчээс түрээсийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т заасны дагуу түрээсийн төлбөрийг удаа дараа шаардсан боловч түрээслэгч удахгүй гадаадаас мөнгө ирнэ тэгэхээр бөөнөөр нь төлнө, 200 сая төгрөг японоос орж ирж байгаа мэтээр түрээсийн төлбөрийг төлөхгүй байсан тул гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т заасны дагуу гэрээг 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр цуцалж, түрээсийн байрнаас гаргасан болно. Гэрээг цуцалснаас хойш түрээсийн төлбөрийг төлөхийг удаа дараа шаардаж байсан бөгөөд Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хүртэл гомдол өгөн шалгуулсан боловч дүүргийн хоёрдугаар прокурорын газрын хяналтын прокурор Ц.Хашбаатар 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн болно. Гэрээнд заасны дагуу ашиглалтын зардал болох орон сууцны тог, сөх, ус, дулааны зардалыг бүрэн хариуцан ажиллаж байсан болно. Иймд түрээсийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т заасны дагуу 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 6 сарын түрээсийн төлбөр буюу 12 000 000 төгрөг, мөн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т заасны дагуу түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүйн алданги 960 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 222 310 төгрөг, нийт 13 182 310 төгрөгийг “Мөнхтэнгэрийн ханлиг” ХХК-ийг төлөөлж гэрээ байгуулсан Ж.Эрдэмбилэгээс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Л.Наранбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч “Мөнх тэнгэрийн ханлиг” ХХК, Ж.Эрдэмбилэг нарт холбогдох 12 960 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 11.00 цагт товлосон шүүх хурлыг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.                   

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Наранбаатар нь хариуцагч “Мөнх тэнгэрийн ханлиг” ХХК, Ж.Эрдэмбилэг нарт холбогдуулан 12 960 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Л.Наранбаатар нэхэмжлэлээсээ татгалзсан нь түүний тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгч өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болох тул нэхэмжлэгчийн өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг үндэслэн түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Л.Наранбаатарын нэхэмжлэлтэй, “Мөнх тэнгэрийн ханлиг” ХХК, Ж.Эрдэмбилэг нарт холбогдох 12 960 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 222 380 төгрөгийн тал хувь болох 111 190 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.БАЯСГАЛАН