Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 00780

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2017/00780

Улаанбаатар хот

 

                                           Зохигчийн эвлэрлийг баталж,

                                        хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 8-р хороо, 4-р хороолол, 13 байр 70 тоотод оршин суух, Жалайр овогтой Батсайханы Ганцэцэг /РД: ШВ80012606/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 8-р хороо, 4-р хороолол, 13 байр 70 тоотод оршин суух, Батууд овогтой Бат-Өлзийгийн Батнамсан /РД: ЧЛ75030172/-д холбогдох,

 

гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган оролцов.  

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ганцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 1998 онд анх танилцаад 1999 онд гэр бүл болсон. Өнөөдрийг хүртэл хугацаанд 4 хүүхэд гаргасан. Эхэндээ сайхан байсан. Бүх зүйлийг хамтдаа хийж болгоё гэж байсан. Бид 2 тусдаа амьдарч байсан. Сүүлийн жилүүдэд хоорондын харилцаа таарамжгүй болсон. Юм ярих үед өөдөөс орилж харьцдаг. Байнга уурладаг. Ийм байдалтай байж байгаад 2017 оны 01 сарын 20-нд шөнө орж ирээд учиргүй зодоод эхэлсэн. Том охин минь босч ирээд аавыгаа салгах гэсэн чинь том охиныг минь барьж аваад зодсон. Би охиноо салгаж авах гээд араас нь тавчикаар цохисон чинь эргэж хараад намайг дахиад зодсон Ингэхдээ миний толгойруу цохиод, гал тогооноос том ороо хүртэл үснээс зулгаагаад чирсэн. Тэр үед үнэхээр аймар байсан. Энэ байдал надад үнэхээр арилашгүй толбо болсон. Би дүүг нь дуудаад ирээд ахыгаа ав гэхэд манай ах хүн зодох хүн биш гэж хэлээд тоохгүй байсан. Би арга ядахдаа цагдаа дуудсан. Цагдаа дуудсаны дараа дүү нь орж ирээд намайг хараад инээдээгд байсан. Би цаашид ийм байдалтайгаар амьдарч чадахгүй. Энэ хүн дахиад намайг зодохгүй гэсэн баталгаа байхгүй. Гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. 4 хүүхдээ өөр дээрээ авч өсгөх хүсэлтэй байна. бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй, одоо байгаа байрандаа бага охиноо 18 нас хүртэл амьдрах хүсэлт гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч Б.Батнамсан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би гэр бүлээ авч явах гэж найзтайгаа нийлж нохой үржүүлж зардаг байсан. Том охин минь одоо оюутан болох гэж байгаа. Охиныхоо сургалтын төлбөр, хүүхдүүдийнхээ хэрэглээнд нэмэрлэх гэж нохой тэжээж эхэлсэн. Энэ үедээ эхнэрээсээ тусдаа амьдарч байсан. Манай ээж аав 2 одоогийн амьдарч байгаа Баянгол дүүргийн байрыг бид 2-т өгөөд хүүхдүүд чинь одоо өсч том боллоо. Энэ байрыг та 2-т өгнө. Энд ирж амьдар гэсэн учраас бид одоогийн амьдарч байгаа энэ байранд нүүж орсон. Би нохойгоо зархын тулд хуучин амьдарч байсан Чингэлтэй дүүрэгт байдаг хашаа байшиндаа амьдарч байсан. Би 7 хоногийн 3-4 өдөр нь гэртээ ирж хоноод бусад өдөрт нь нохойгоо харж хонодог байсан. Муухай аашилж байсан тал дээр надад халамж дутаад байсан. Би нохойноос, хүүхдүүдээсээ халамж хүсэхгүй. Эхнэрээсээ халамж хүссэн. Надад халуун цай, халуун хоол аягалаад өгдөггүй байсан учраас муухай аашилж эхэлсэн. Сүүлд гарсан маргааны тухайд манай аав хатгаа аваад 12 сарын 20-ноор хэвтсэн. Ингээд нарийн шинжилгээ хийлгэх болсон. Тэр үед хатуу чихрийн цуглуулга байсан. Би он гаргачихаад гэрлүүгээ явсан. Гэтэл ээж надад би танай хүүхдүүдийг чинь ялгаж үзээгүй гэж хэлсэн. Аавын чинь даралт эхсээд байна гэж хэлсэн. Аав дээрээ очих үед манай эхнэр ээжрүү миний хүүхдүүдийг ялгалаа. Энэ хогийг чинь хогийн савруу хийсэн шүү гэж мессеж бичсэн байсан. Гэхдээ би эхнэртэйгээ бэлэгний талаар маргаан гаргаагүй. Манай эхнэр надад чи бид 2-ын дундаас үлдсэн хогийн бөгжийг чинь би ломбарданд нь зарсан шүү гэж хэлсэн. Тэр орой манай найз гадаадаас ирээд 1 литр 500 грамтай вискиг хувааж уугаад гэртээ харьсан. Тэр орой эхнэрээ зодсон гэдгээ мэдээгүй. Маргааш өглөө нь эхнэрээ зодсон гэдгээ мэдсэн. Охинтойгоо таарамжгүй харилцаатай байдаг нь үнэн. Гэхдээ манай охин уруул амаа цоолоод хар хувцас өмсчихсөн тийм байдалтай байдаг. Энэ нь надад таалагдахгүй байгаа. Өмнө нь бүгдээрээ хамт амьдарч байх хугацаандаа миний охин, эхнэр ийм байгаагүй. Гэтэл тусдаа амьдардаг болсоноос хойш ийм байдал үүссэн. Тиймээс гэрлэлтээ цуцлуулах тал дээр эсэргүүцэж байна гэв.

 

Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ганцэцэг нь хариуцагч Б.Батнамсанд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШЗ2017/01885 дугаар захирамжаар гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авч, эвлэрүүлэх ажиллагааг гүйцэтгэхийг тус шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид даалгасан байна.

 

Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрсэн нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 61 дугаар эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3-т “гэрлэгчид эвлэрвэл шүүгч эвлэрлийг баталсан захирамж гаргаж хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу гэрлэгчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 132 дугаар зүйлийн 132.3-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Б.Ганцэцэгийн нэхэмжлэлтэй, Б.Батнамсанд холбогдох, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэрэгт гэрлэгчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       М.БАЯСГАЛАН