Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 33

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Г, Т.У нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

       

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

            Прокурор                                                        Н.Цогтбаяр

            Шүүгдэгч                                                       Д.Г, Т.У

            Нарийн бичгийн дарга                                  Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 589 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Жамбалсүрэнгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн, Д.Г, Т.У нарт холбогдох 1812001160088 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн  Өлзийт суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат баг, Зөрүүлэг гэх газар оршин суух, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Ө овогт Дгийн Г

 

Монгол улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт баг, Жишиг хорооллын 1Б тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, М овогт Тийн У

 

Д.Г нь 2018 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт баг, Орхоны хөндий гэх газраас иргэн Ггийн 1 тооны адууг хулгайлж, 650 000 төгрөгийн хохирол учруулсан,

Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн засаг дарга ажилтай Т.У нь 2018 оны 01 сарын 28-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн нутаг дэвсгэрт Д.Гад 1 тооны адууг захиран зарцуулах эрхийг тодорхойлсон, мал, махны гарал үүслийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Д.Гад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Т.Ут холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 589 дугаартай шүүгчийн захирамжаар: “Шүүгдэгч Т.У нь 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн даргын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг шалгах шаардлагатай нөхцөл байдал тогтоогдсон, энэ ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул Д.Г, Т.У нарт холбогдох 1812001160088 дугаартай эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Архангай аймгийн Прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж үзэв гээд

Шүүгдэгч Д.Г, Т.У нарт холбогдох 1812001160088 эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Архангай аймгийн прокурорын газарт буцааж, Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Д.Г, Т.У нарт урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, Захирамжийг эс зөвшөөрвөл прокурор ажлын 5 хоногт багтаан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.”

 

Дээд шатны прокурор Д.Жамбалсүрэнгийн бичсэн эсэргүүцэлд: “Архангай аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Д.Жамбалсүрэн би тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 589 дугаартай шүүгчийн захирамжийг 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянавал:

Шүүгдэгч Д.Г нь 2018 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт баг, Орхоны хөндий гэх газраас иргэн Ггийн 1 тооны адууг хулгайлж, 650 000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Т.У нь 2018 оны 01 сарын 28-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн нутаг дэвсгэрт Д.Гад 1 тооны адууг захиран зарцуулах эрхийг тодорхойлсон, мал, махны гарал үүслийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.  

Архангай аймгийн Прокурорын газраас Д.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан, Т.Уыг мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 125 дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Г, Т.У нарт холбогдох хэргийг 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Т.Уын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах шаардлагатай, уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна.

Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т зааснаар сум, дүүрэг, баг хорооны Засаг дарга мал бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас төв суурин газарт борлуулах, худалдах зорилгоор оруулж байгаа мал, маханд мал, мах бэлтгэх гарал үүслийн гэрчилгээ олгохоор хуульчилсан.

Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн засаг дарга ажилтай, шүүгдэгч Т.У нь хуулиар хүлээсэн чиг үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүйгээр холбогдох журмыг зөрчин шүүгдэгч Д.Гын өмчлөлийн адуу гэж хөнгөмсөгөөр найдаж, түүний гуйлтаар, хулгайлсан 1 тооны адууг нь захиран зарцуулах эрхийг тодорхойлсон, бодит байдалтай нийцээгүй, малын гарал үүслийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.У нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн субьектив шинж нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон шууд санаатай үйлдэл байхыг шаарддаг.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Т.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах шаардлагатай гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, үндэслэлгүй шийдвэр болжээ.

Мөн түүнчлэн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгоно” гэж хуульчилсан бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаагаар Т.У нь албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор Д.Гын хохирогч Ггаас хулгайлсан 1 тооны адуунд мал, махны гарал үүслийн гэрчилгээ олгосон болох нь тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Д.Г, Т.Уын нарын уг хэрэгтэй адил арга, хэлбэрээр үйлдэгдсэн Я.Отгонбаяр, П.Наранбат нарт холбогдох эрүүгийн 1712001810063 дугаартай хэрэгт тус прокурорын газраас яллагдагч П.Наранбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд шүүгдэгч П.Наранбатад холбогдох хэргийг мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцэл бичсэн бөгөөд Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 30 дугаартай магадлалаар прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй гэж дүгнэн хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Иймд шүүгдэгч Д.Г, Т.У нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 589 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор оролцуулж өгнө үү.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Шүүгдэгч Т.У, Д.Г нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны дахин шүүхээр хэлэлцүүлж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, дээд шатны прокурор Д.Жамбалсүрэнгийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

 Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад анхан шатны шүүх Д.Г, Т.У нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын газарт буцаасан нь үндэслэлгүй байна.

 

 Т.У нь тухайн үед Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан сум, дүүрэг, баг хорооны Засаг дарга мал бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас төв суурин газарт борлуулах, худалдах зорилгоор оруулж байгаа мал, маханд мал, мах бэлтгэх гарал үүслийн гэрчилгээ олгох эрхтэй байсан байна.

 

Дээрх эрхийг хэрэгжүүлэхдээ Т.У нь хууль, журамд заасан үүргийг биелүүлэх үүрэгтэй.

Аливаа эрх олгосон баримт бичиг нь хэлбэр болон агуулгын хувьд үндэслэл бүхий үнэн зөв мэдээллийг агуулсан хууль, журамд заасны дагуу үйлдэгдсэн тохиолдолд хууль ёсны гэж үзнэ.

 Гэтэл Т.Уын 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Д.Гын 1 тооны адууны махыг захиран зарцуулах эрхийг тодорхойлсон мал, махны гарал үүслийн бичиг нь хэлбэрийн хувьд хууль ёсны боловч агуулгын хувьд бодит байдлаас зөрүүтэй байгаа нь эрх олгосон баримт бичгийг хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй юм.

 

              Иймд  прокурорын эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дээр дурдсан үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.   

 

   Шүүгдэгч Д.Г, Т.У нарын холбогдсон гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан хэргийг анхан шатны шүүхэд очтол тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дах хэсэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана, 6.13 дах хэсэгт нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол, 6.14 дах хэсэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдол, 6.15 дах хэсэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт, 6.16 дах хэсэгт хөрөнгө хураан авах ажиллагаатай холбоотой санал, хүсэлт зэрэг асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана, 33.1 дүгээр зүйлийн 12 дах хэсэгт урьдчилсан хэлэлцүүлгээр энэ зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэнэ гэж хуульчилжээ.

 

             Гэтэл анхан шатны шүүх оролцогчийн хүсэлт эсхүл өөрийн санаачлагаар урьдчилсан хэлэлцүүлэг хийгээгүй атлаа дээрх хуулийн заалтуудыг гэм буруугийн шүүх хуралдаанаар шийдвэрлэх талаар захирамжинд заасан нь хуульд нийцээгүй төдийгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг буцаах талаарх дүгнэлтээ гэм буруугийн шүүх хуралдаанаас өмнө урьдчилан хийсэн гэж үзэхээр байна. Иймд оролцогч хүсэлт гаргаагүй бол шүүгч өөрийн санаачлагаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийж байвал зохино.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.3-т тус тус заасныг удирдлага болгон

 

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 589 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол Д.Г, Т.У нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Т.ДАВААСҮРЭН

 

                             ШҮҮГЧИД                                         Д.БЯМБАСҮРЭН

 

                                                                                       В.ЦЭЦЭНБИЛЭГ