Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 106

 

А.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2014/01101/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунцэцэг даргалж, шүүгч Л.Амарсанаа, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 574 дүгээр шийдвэртэй,

          Нэхэмжлэгч Түмэн овогтой А-ийн Н-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч Утай овогтой Б-ын Б-т холбогдох

          “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах” тухай иргэний хэргийг

            Нэхэмжлэгч А.Н- болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам нарын  давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Н-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэдэнбал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч А.Н-ээс:

Миний бие нь нөхөр Б.Б-той 1998 онд гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд 1999 оны 10 дугаар сарын 10-нд охин Б.Цогзолмаа, 2003 оны 04 дүгээр сарын 24-нд хүү Б.Цогтбаяр, 2009 оны 03 дугаар сарын 02-нд ихэр хүү болох Б.Төмөрчөдөр, Б.Төмөрчулуун нар төрсөн. Бидний хамтран амьдрах хугацаанд дараах эд хөрөнгө бий болсон. Дархан-Уул аймгийн Дархан сум Их сургуулийн гудамж 13 дугаар баг 2-30 тоот хашаа байшин, 2 машины граж, Дархан-Уул аймгийн Дархан сум 15 дугаар баг Мангиртын 7 дугаар гудамж 7 тоот хашаа байшин, Дархан-Уул аймгийн Дархан сум 7 дугаар баг Майхантын 4-64 тоот 200 мкв талбайтай газар, Ниссан навара маркийн жип машин, Блокны хуучин 2 ширхэг машин, дүүргэлтийн блокны машин, замын  хавтан  болон  тоосгоны  хэвнүүд, супер хуучин портер  машин мотор байхгүй, 5 тн цемент, хуванцар преслэгч машин, кольцоны 5 ширхэг хэв зэрэг зүйлүүд бидний өмчлөлд байгаа болно.

Би бага ангийн багшаар ажиллаж байгаад 2003 оноос хойш хаягдал төмрийн наймаа эрхлэх болсон. Дунджаар өдрийн 800.000-1.500.000 төгрөгийн орлого олдог, сардаа 20-30 сая төгрөгийн орлого олдог байсан. Б.Б- бид хоёрын амьдралд дутагдах гачигдах зүйл байгаагүй. Би хоёр ихэр хүү Б.Төмөрчулуун, Б.Төмөрчөдөр нарыг төрүүлэхдээ их хүндрэлтэй төрсөн. Тэдний бие нь муу байсан учраас би 2-3 жил өөрийн биеэр асарсан. Ажил, ар гэрийн асуудлыг бүгдийг би зохицуулдаг байсан. Их хөдөлмөрийн үрээр их хэмжээний үл хөдлөх хөрөнгө босгосон. Гэтэл энэ байдлыг Б.Б- ер ойлгодоггүй. Граж, байшин, бетон хашааг би түүхий эд борлуулсан ашгаас босгосон. Мөн гэрийнхээ тавилгыг би өөрөө худалдан авсан. Б.Б- архи их уугаад байхаар нь би Сэлэнгэ аймаг руу явж архинаас гаргах эмчилгээ хийлгэж, архинаас гаргасан. Б.Б- намайг их зоддог. Энэ асуудлаас болж би 2015 оны 10 дугаар сард гэрээсээ гарч, одоо дүүгийндээ амьдрах болсон. Хүүхдүүдтэйгээ уулзах гэхээр Б.Б- элдвээр дарамталж, хүүхдүүдтэй минь уулзуулдаггүй. Б.Б- их дээрэнгүй зантай хүүхдүүддээ гар хүрдэг. Том хүү маань аавдаа зодуулсаар байгаад тархины өвчтэй болсон. Охины даралт ихэсдэг болсон.  Би Б.Б-оос гэрлэлтээ цуцлуулж, 4 хүүхдээ өөрийнхөө асрамжид авч, 4 хүүхдэдээ хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Дархан сум, 15-р баг, Мангиртын 6-р хэсэг 07-07 тоот хашаа байшинд би хүүхдүүдийнхээ хамт амьдрах учраас уг хашаа байшинг өөртөө авна. Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, Майхантын 4-64А тоот байрлалтай үл хөдлөх эд хөрөнгө бол А.Гэрэлчулууны өмч тул би авах эрхгүй. Хөөрөг, склад, газрыг Б.Б-т өгч болно. Тус газрыг Б.Б- хүсэлт гаргаж, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн. Харин бусад эд хөрөнгийг би авахгүй, тоног төхөөрөмжүүдийг би барьцаанд тавьсан тул Б.Б-т өгөх шаардлагагүй. Бид цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг хуулийн дагуу цуцалж өгнө үү. Насанд хүрээгүй 4 хүүхдээ өөрийн асрамжинд авна. Б.Б-оос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Түүнчлэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Б.Б-оос:

Манай гэр бүлийн амьдрал маш сайхан байсан. Би 4 хүүхдээ өсгөхдөө ажилгүй 1 хоног байж үзээгүй. Би 5 тоннын том тэрэг барьдаг, манайх 1000 гаруй малтай байсан. Б.Төмөрчөдөр, Б.Төмөрчулуун 2 ихэр хүү маань бие муутай төрсөн учраас хоёр хүүгийнхээ эмчилгээний зардалд малаа зарж дуусгасан. А.Н- тайлбартаа “манай гэр бүл Б.Б-ийн хүчирхийлэл дунд байдаг байсан” гэж ярьж байна. Манай гэр бүлд хүчирхийлэл гэх ямар ч зүйл байгаагүй. Цагдаагийн газар болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх газраас манай гэр бүлийн хүмүүсийг хүчирхийлэл дунд байдаг эсэхийг шалгаад хүчирхийлэл дунд амьдраагүй гэдгийг холбогдох байгууллага тогтоосон. А.Н- бид хоёр хүүхдүүдээ орон сууцанд амьдруулахын тулд 2 өрөө байр худалдан авсан. Тухайн үед А.Н- бид хоёр банкнаас 80 сая төгрөгийн зээл авсан. А.Н- бид хоёр 80 сая төгрөгийг зээлээ төлөх боломжгүй болж бид хоёр 2 өрөө байраа зарж, зээлээ дарсан. Зээлээ төлөөд үлдсэн мөнгөөр нь би машин худалдан авсан. Би А.Н-т дахин зээл авах хэрэггүй гэдгийг хэлж байсан боловч А.Н- “А.Гэрэлчулуун ноолуурын наймаа эрхлэх гэж байгаа юм байна” гээд Капитрон банкаас 65 сая төгрөгийн зээлийг А.Гэрэлчулуунд авч өгсөн. Гэтэл А.Гэрэлчулууны ноолуурын наймаа эрхлэх бизнес нь бүтэлгүйтсэн. Тухайн үед 65 сая төгрөгийн зээлийг төлсөөр 45 сая төгрөгийн зээл үлдсэн. Тэгээд 45 сая төгрөгийн зээлээ чөлөөлүүлэхээр А.Н- бид хоёр Ганболд гэх хүнээс тус 45 сая төгрөгийг зээлж авч зээлээ чөлөөлсөн. Гэтэл А.Н- хашаа байшингаа барьцаанд тавьж, хуурамч бичиг баримт бүрдүүлэн 45 сая төгрөгөө 80 сая төгрөг болгож нэмж авсан байсан. Би тухайн үед А.Н-, А.Гэрэлчулуун нарт “45 сая төгрөгийн зээл аваарай, дараа нь зээлээ төлж чадахгүй байдалд орно” гэж хэлж байсан. Би энэ 80 сая төгрөгөөс болж эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдсан. Эрүүгийн хэрэг үүссэнээс хойш 6 сарын дараа А.Н- гэрээсээ гарч явсан. А.Н- гэрээсээ явснаас хойш хүүхдүүдтэйгээ нэг ч удаа уулзаагүй. Хүүхдүүдийнхээ ангийнх нь багш нартай нэг ч удаа уулзаагүй. А.Н- саяхан надад дахин эрүүгийн хэрэг үүсгэсэн. А.Н-ийн байнга намайг эрүүгийн хэрэгт гүтгэж, надаас гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан нь А.Н- хоёр дахь амьдралаа зохиосон явдал юм. Гэтэл одоо 4 хүүхдээ өөрийнхөө асрамжид авна гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг ойлгохгүй байна. Охин Цогзолмаа, 2 ихэр хүү Төмөрчөдөр, Төмөрчулуун нар надтай хамт байна. Хүү Цогтбаяр яваад жил болж байна. Би 3 хүүдээ хашаа байшин, ганц охиндоо байр бэлдсэн. Эдгээр хөрөнгүүд миний хөрөнгө биш миний хүүхдүүдийн хөрөнгө юм. Би А.Н-ээс гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Харин 4 хүүхдээ би өөрийнхөө асрамжид авна. Хүүхдүүдийнхээ эд хөрөнгө болон газар, хөөрөг зэргийг би авна. А.Н- нь гэр бүлийн дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох 3 хашаа байшинг газрын хамт 80.000.000 төгрөгийг барьцаанд Капитрон банкинд тавьж улмаар банкинд алдаж байна. Үүнээс болж бидний 4 хүүхэд гудамжинд гарч байна. Мөн манай гэр бүл манай хашаанд байрлах иж бүрэн тоног төхөөрөмжүүдийг ашиглан хөнгөн блок, бетонон блок, худгийн кольцо, лотки, лоткины таг зэрэг бетонон эдлэлүүдийг хийж амьжиргаагаа залгуулдаг. Гэтэл А.Н- надад мэдэгдэлгүйгээр эдгээр бетон эдлэл хийх тоног төхөөрөмжүүдийг бүгдийг авч явсан. Үүнээс болж миний бие өрхийн аж ахуйгаа эрхлэх боломжгүй болж санхүүгийн хувьд гачигдалтай нөхцөл байдалтай болсон. А.Н-ийн энэ үйлдэл санаатайгаар гачигдуулах санаа зорилготой байх тул А.Н-ийн эх байх эрхийг Гэр бүлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар хязгаарлаж өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд А.Гэрэлчулуунаас:

Би ээж Түмэндэлгэрийн хамт 2010 оны 8 дугаар сард Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг Майхантын 4-64а тоот хашааг газрын хамт Т.Лхагвасүрэнээс худалдан авч уг хашаандаа мансарттай доороо скалдтай, гурван давхар орон сууцны байшинг өөрсдийн хөрөнгө хүчээр барьж хажууд нь хоёр машины граж барьсан юм. Уг орон сууцны байр болон гражийг барьж дуусаад гэр бүлийн гишүүдийнхээ нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэхээр бичиг баримтаа бүрдүүлж байтал миний төрсөн эгч А.Н- “эгч нь хувиараа бизнес хийж их хэмжээний мөнгөөр эргэлт хийх шаардлагатай байна, та нар газар хашаа орон сууцны байр барилгаа миний нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлчих, эгч нь зээлийн барьцаанд тавьж бизнестээ эргэлтийн хөрөнгө оруулалт хийж эргэлдүүлж байгаад зээлээ дуусахаар өмчлөх эрхийг чинь та нарт буцаан шилжүүлж өгье” гээд гуйхаар нь бид эгчийнхээ амьдралд туслах зорилгоор зөвшөөрч өөрсдийн хөрөнгөөр барьж бүтээсэн үл хөдлөх хөрөнгөө төрсөн эгч А.Н-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан. Эгч маань найдвартай бидний орон байр газрыг буцааж өгнө гэдэгт бүрэн итгэж байсан тул эгчийнхээ нэр дээр бүртгүүлж байшинг барьцаанд тавихыг зөвшөөрсөн юм. Эгч А.Н- нь бидний үл хөдлөх эд хөрөнгийг 2014 оны 11 дүгээр сарын 19-нд Капитрон банкны барьцаанд тавьж 80.000.000 төгрөгийн зээлийг 2 жилийн хугацаатай авсан. Эгч маань энэ зээлээ хугацаанд нь төлж байгаа юм. Гэтэл эгч А.Н- нь нөхөр Б.Б-той гэр бүлийн хүчирхийллийн улмаас таарч тохирохоо больж гэрлэлт цуцлах нэхэмжлэлийг шүүхэд гаргахаас өөр аргагүй болж энэ асуудлыг шийдэх явцад түүний нөхөр Б.Б- нь эд хөрөнгийн маргаан гаргаж бидний өөрсдийн хөрөнгө хүчээр барьж бүтээсэн үл хөдлөх хөрөнгүүдийг гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд тооцож үнэлгээ хийлгэж байгааг эгчээсээ мэдлээ. Б.Б- нь дээр дурьдагдсан үл хөдлөх хөрөнгүүдийг А.Н-ийн өмч биш бидний хөрөнгө гэдгийг мэдэж байгаа мөртлөө өөрсдийн хөрөнгө мэтээр үнэлүүлж хуваах асуудал тавьж байгаа нь бидний өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байгаа тул энэхүү иргэний хэрэгт би бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцож өөрийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэхийг хүсч байна. А.Н-ийн нэр дээр бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Майхантын 4-64а тоотод байрлалтай 1020 мкв талбайтай хувийн орон сууц, 60 мкв талбай бүхий скаладыг улсын бүртгэлд V-2003014866 дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулж, Дархан-Уул аймаг Дархан сум 7 дугаар баг Майхантын 7-64а тоотод байршилтай гэр бүлийн хэрэгцээний 5170 мкв газрыг улсын бүртгэлийн T-2003005445 дугаарт А.Н-ийн нэр дээр олгосон өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, А.Н-ийн нэр бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Майхантын 4-64А тоотод байрлалтай 1020 мкв талбайтай хувийн орон сууц, 60 мкв талбай бүхий склад, мөн Майхантын 4-64а тоотод байрлалтай 5162 мкв талбай бидний гэр бүлийн хэрэгцээний газрын өмчлөгчөөр А.Гэрэлчулуун миний биеийг тогтоож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх  2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 574 дүгээр шийдвэрээр:

            Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Утай овгийн Б-ын Б-, Түмэн овгийн А-ийн Н- нарын гэрлэлтийг цуцлалж,

            Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 1999 оны 10 дугаар сарын 10-ны өдөр охин Б.Цогзолмаа, 2009 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Б.Төмөрчулуун, Б.Төмөрчөдөр нарыг эцэг Б.Б-ийн асрамжид, 2003 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн хүү Б.Цогтбаярыг эх А.Н-ийн асрамжид тус тус үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 1999 оны 10 дугаар сарын 10-ны өдөр охин Б.Цогзолмаа, 2009 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүү Б.Төмөрчулуун, Б.Төмөрчөдөр нарт эх А.Н-ээс, 2003 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүү Б.Цогтбаярт эцэг Б.Б-оос тэтгэлэг авч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар 11 нас хүртэл 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхэд/ хүртэл амьжиргааны түвшингийн хэмжээгээр тус тус сар болгон тэтгэлэг гаргуулан олгож,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3-т заасныг баримтлан 158.950.000 төгрөгийн үнэ бүхий Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, Их сургуулийн 2 дугаар гудамж, 30 тоот 1330 мкв талбайтай, улсын бүртгэлийн Г-2003000266 дугаарт бүртгэлтэй газар, уг газарт байрлах үл хөдлөх хөрөнгийн Ү-2003010198 дугаар гэрчилгээтэй 64 м.кв талбайтай хувийн сууц, 52 мкв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2003017573 дугаарт бүртгэлтэй автомашины граж зэргийг хариуцагч Б.Б-ийн өмчлөлд үлдээж, 141.480.000 төгрөгийн үнэ бүхий Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, Мангирт 6 дугаар хэсэг, 7 дугаар гудамж 7 тоот 1604 мкв Г-2003001039 дугаарт бүртгэлтэй газар, уг газарт байрлах 35 мкв талбайтай Ү-2003017571 дугаартай хувийн сууц, 35.036.000 төгрөгийн үнэ бүхий Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, Майхантын 4-64А тоот 513 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2003005445 дугаартай газар, уг газарт байрлах 102 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2003014866 дугаартай хувийн сууц, 60 м.кв талбайтай склад зэргийг нэхэмжлэгч А.Н-ийн өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч А.Н-ээс 43.668.340 төгрөг болон 21.885.000 төгрөгийн үнэ бүхий блокны 2 машин, дүүргэлтийн блокны машин, замын хавтан болон тоосгоны хэв, кольцоны 5 ширхэг хэв, 5 тн цемент, 7 тонн төмөр бэлдэц зэргийг гаргуулж, хариуцагч Б.Б-т олгож,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3-т заасныг баримтлан 158.950.000 төгрөгийн үнэ бүхий Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, Их сургуулийн 2 дугаар гудамж, 30 тоот 1330 мкв талбайтай, улсын бүртгэлийн Г-2003000266 дугаарт бүртгэлтэй газар, уг газарт байрлах үл хөдлөх хөрөнгийн Ү-2003010198 дугаар гэрчилгээтэй 64 м.кв талбайтай хувийн сууц, 52 мкв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2003017573 дугаарт бүртгэлтэй автомашины граж зэргийг хариуцагч Б.Б-ийн өмчлөлд үлдээж, 141.480.000 төгрөгийн үнэ бүхий Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, Мангирт 6 дугаар хэсэг, 7 дугаар гудамж 7 тоот 1604 мкв Г-2003001039 дугаарт бүртгэлтэй газар, уг газарт байрлах 35 мкв талбайтай Ү-2003017571 дугаартай хувийн сууц, 35.036.000 төгрөгийн үнэ бүхий Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, Майхантын 4-64А тоот 513 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2003005445 дугаартай газар, уг газарт байрлах 102 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2003014866 дугаартай хувийн сууц, 60 м.кв талбайтай склад зэргийг нэхэмжлэгч А.Н-ийн өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч А.Н-ээс 43.668.340 төгрөг болон 21.885.000 төгрөгийн үнэ бүхий блокны 2 машин, дүүргэлтийн блокны машин, замын хавтан болон тоосгоны хэв, кольцоны 5 ширхэг хэв, 5 тн цемент, 7 тонн төмөр бэлдэц зэргийг гаргуулж, хариуцагч Б.Б-т олгож,

Гэр бүлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Н-ийг эх байх эрхийг хязгаарлуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн гаргасан А.Н-ийн өмчлөлд бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, Майхантын 4-64А тоот 513 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2003005445 дугаартай газар, уг газарт байрлах 1020 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2003014866 дугаартай хувийн сууц, 60 м.кв талбайтай склад зэргийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулж, өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 723.150 төгрөг, гуравлагч этгээд А.Гэрэлчулууны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Б.Б-оос улсын тэмдэгтийн хураамжид 892.388 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Н-т олгож, нэхэмжлэгч А.Н-ээс улсын тэмдэгтийн хураамжид 1.221.555 төгрөг нөхөн гаргуулж Төрийн сангийн орлогод оруулж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэн, гэрлэлт цуцласны бүртгэлд бүртгүүлэхийг дурдаж,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдаж,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч А.Н-, өмгөөлөгч Ц.Гэнэндулам нар давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Охин Б.Цогзолмаа, хүү Б.Төмөрчулуун, Б.Төмөрчөдөр нарыг эцэг Б.Б-ийн асрамжинд үлдээсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлээгүй. Шүүх Ниссан навара маркийн жип машиныг хэний өмчлөлд үлдээж байгаа талаар шийдээгүй. Мөн дундын өмчлөлийн эд хөрөнгийг шүүх хуваарилахдаа хэт нэг талыг баримталж үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч А.Н- шүүхэд гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжид авах, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд оногдох хэсгийг гаргуулахаар хариуцагч  Б.Б-т холбогдуулан нэхэмжлэл гаргасныг хариуцагч гэрлэлт цуцлах шаардлагыг зөвшөөрч харин хүүхдийн асрамж  болон дундын  эд хөрөнгийн  талаар маргаж  А. Н-ийн эх байх эрхийг хязгаарлуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

            Мөн А.Гэрэлчулуун нь нэхэмжлэгч,  хариуцагч нарт  холбогдуулан  А.Н-ийн нэр дээр бүртгэлтэй Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Майхантын 4-64 А  тоотод байршилтай гэр бүлийн хэрэгцээний газар болон талбай бүхий 1020 м.кв талбай бүхий  хувийн орон сууц, 60 м.кв талбай бүхий склад зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн талаар бие даасан шаардлага гаргасан байна.

Анхан шатны шүүх  А.Н-ийн нэхэмжлэлийг 2014 оны 12 дугаар сарын 12-нд хүлээн авч 12 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж  хэргийг 6 удаа түдгэлзүүлж , шүүх хуралдааныг хэргийн болон хуралдааны оролцогчдын хүсэлтээр 17 удаа хойшлуулсны эцэст  зохигчдын  гэрлэлтийг  цуцалж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг,  мөн дундын өмчийг гэр бүлийн гишүүдэд хуваарилан шийдвэрлэснийг  нэхэмжлэгч эс зөвшөөрч  шүүхийн шийдвэрийн хүүхдийн асрамж болон дундын эд хөрөнгө хуваарилсан хэсэгт гомдол гаргасан байна.

Хэрэгт цугларсан баримтууд болон талуудын тайлбараар гэрлэгчид сүүлийн 2 жил тусдаа амьдарсан бөгөөд эх  А.Н-тэй хүү Б.Цогтбаяр, эцэг Б.Б-той хүү  Б.Төмөрчөдөр, Б. Төмөрчулуун, Б.Цогзолмаа нар хамт амьдарч байсан байдал тогтоогджээ. 

            Шүүх хүүхдүүдийн  эрх ашиг сонирхлын үүднээс хүүхдүүдийг эцэг эхийн хэний асрамжинд үлдээхийг шийдвэрлэхдээ эцэг эхийн амьдралын орчин нөхцөл, ахуй хангамж, халамж анхаарал, ёс суртахууны байдал болон хүүхдийн өсөж дассан орчин, сургууль зэргийг  харгалзан  үзэхдээ  зөвхөн талуудын гаргаж байгаа тайлбар болон бусад   баримтаас гадна энэ талаар шүүхээс томилсон шинжээчдийн баг болох Дархан-Уул аймгийн хүүхэд залуучуудын хэлтсийн нөхцөл байдлын үнэлгээ болон хүүхдүүдийн саналыг  харгалзан үзжээ.

Нэхэмжлэгч хүүхдүүдийн асрамжийг эцэгт нь үлдээж шийдвэрлэснийг эс зөвшөөрсөн гомдолдоо шүүхийг нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүй хэмээн буруутгаж байгаа боловч хүүхдүүдийг асрамжлан хүмүүжүүлэхэд хариуцагчаас илүү байж болох нөхцөл байдал / орон гэр,  ахуй хангамж, цалин орлого, хүүхдүүдийн дассан байдал, санал хүсэлт /-ын талаарх  ямар  баримтыг шүүх анхаарч үзээгүй байгааг гомдолд дурдаагүйгээс гадна давж заалдах гомдлын дагуу шүүх хэргийг бүхэлд нь хянан үзэхэд нэхэмжлэгчийн хүүхдүүдээ асран хамгаалах, хүмүүжүүлж анхаарал тавих илүү давуу байдлыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна. Түүнчлэн А.Н- нь тодорхой ажил хөдөлмөр эрхэлж цалин орлого олж байгаа болон тодорхой хаягаар оршин сууж байгаа талаар шүүхэд ямар нэгэн баримт ирүүлээгүй байна.

Иймд  шүүх хүүхдүүдийн  өсөж дассан орчин, аав эгч дүү нарын хамт амьдарч  байгаа ахуй нөхцөл байдлыг болон хүүхдүүдийн санал зэргийг харгалзан үзсэн байдлыг буруутгах боломжгүй  байна.

Дундаа хамтран өмчлөх хөрөнгийг хуваарилсан тухайд  шүүх Иргэний хуулийн гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх хөрөнгийг тэнцүү хэмжээгээр хуваарилах зарчмын дагуу нэхэмжлэлд дурдагдаж хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг хуваарилжээ.

Гомдолд дурдсан  Ниссан навара болон моторгүй портер машинуудаас оногдох хувь хэсгийг нэхэмжилсэн шаардлагаасаа  нэхэмжлэгч татгалзсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд өгсөн тайлбараар нотлогдож байна. / 4 дүгээр хавтас 25 хуудас  /  

            Нэхэмжлэгчийн  хүүхдүүдийн асрамжийг өөртөө авах нэхэмжлэлийн  шаардлагыг татгалзах зорилгоор хариуцагч Б.Б- нь  А.Н-ийн  эх байх эрхийг хязгаарлуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч хамтатган шийдвэрлэжээ.

            Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч гомдол гаргаагүй боловч эх эцэг байх эрхийг хязгаарлах, хасах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.12-т зааснаар шүүх онцгой ажиллагааны журмаар сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр шийдвэрлэх эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн байна.

            Мөн хүүхдийн асрамжийн талаар маргасан тохиолдолд дээрх нэхэмжлэлийн шаардлага нь харилцан тооцогдох шинжтэй сөрөг нэхэмжлэл гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар авч  үзэх боломжгүй юм.

            Гэр бүлийн тухай хуульд заасанчлан хүүхдээ тэжээн тэтгэх асран хүмүүжүүлэх үүрэг нь эх эцгийн аль алиных нь үүрэг байх бөгөөд энэ үүргээ биелүүлэхдээ хамтын амьдралтай байж чадахгүйд хүрсэн гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж хүүхдийн амьдрах газар / эх эцгийн хэн нэгэнтэй нь /-ыг тодорхойлох  нь хууль зүйн үг хэллэгээрээ “асрамжид” үлдээх гэж томъёологдсон бөгөөд асрамжийн талаар талууд өөрсдийн байр сууриа илэрхийлж  харилцан тохиролцож чадахгүйд хүрвэл  нь гэрлэгчид   хүүхдээ асрамжиндаа авч  өсгөн хүмүүжүүлэх бололцоотой талаар шүүхэд баримт гарган мэтгэлцэх шүүх хүүхдийн  эрүүл аюулгүй, чөлөөтэй сурч боловсрох, тав тухтай анхаарал халамж бүхий орчинд амьдрах язгуур  эрх ашгийн үүднээс эцэг эхийн хэний асрамжид үлдээж хэнээс нь тэтгэлэг гаргуулах асуудлыг шийдвэрлэх учиртай.

             Ийм төрлийн нэхэмжлэлийн шаардлагатай маргаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т заасан үндсэн нэхэмжлэлийн шаардлага сөрөг нэхэмжлэлтэй тооцогдохоор байвал гэсэн эрх зүйн хэм хэмжээг  буруу тайлбарлан    Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т заасан  үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх  нь иргэн бүрийн журамт үүрэг гэж заасан  мөн хүүхэд эх эцгийн асрамж хайр халамжид өсөж бойжих  Хүүхдийн эрхийн конвенцид заасан заяамал   эрхийг хязгаарлуулах тухай сөрөг  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах ёстой байжээ.

            Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гарган үүнтэй холбогдуулан гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөртөө болон өөрийнхөө асрамжинд үлдэх хүүхдүүдэд оногдох хэсгийг гаргуулах шаардлага гаргасныг  хариуцагч эс зөвшөөрч маргасан.

            Харин нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх хөрөнгүүдийг дундаа хамтран өмчлөх гэр бүлийн гишүүдийн өмч болох талаар талууд маргаагүй байна.

            Өөрөөр хэлбэл эдгээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн  асуудал маргааны зүйл болоогүй байхад зохигчдын хооронд үүссэн маргааны зүйлтэй холбоогүй асуудлаар бие  даасан шаардлага гаргаж   А Н-ийн нэр дээр байгаа  үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгож, өмчлөгчөөр тогтоолгохоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А.Гэрэлчулуун шүүхэд бие даасан шаардлага  гаргажээ.

            Шүүх гуравдагч этгээд бие даасан шаардлага гаргасан тохиолдолд түүнийг захирамж гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах бөгөөд түүний гаргасан шаардлагыг  нэхэмжлэгч хариуцагч нарт гардуулах, танилцуулан хариу тайлбар нотлох баримт гарган мэтгэлцэх эрхийг танилцуулан ийнхүү бололцоогоор хангах ёстой.

            Хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй бөгөөд шүүх хуралдаан эхлэхэд гуравдагч этгээдийн шаардлагыг хэлэлцэж байгаа талаар танилцуулаагүй байна. /4 дүгээр хавтас 36 хуудас /

            Энэ нь хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг хязгаарласан ноцтой зөрчил  бөгөөд шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болох боловч  хэргийн нөхцөл байдлыг дүгнэн үзвээс дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

            Зохигчид хэн алиныхаа нэр дээр бүртгэгдсэнээс үл хамааран гэрлэснээс хойш бий болсон эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдэд хувь тэнцүүлэн хуваарилуулах тухай маргаан үүсгэсэн  харин хэн нэгний хуваарьт өмч  гэж өмчлөх эрхийн талаар маргаагүй байна. Бие даасан шаардлага гаргана гэдэг нь зохигчдын дунд үүссэн маргааны зүйлтэй холбогдуулан тэдгээрийн эсрэг шаардлага гаргахыг  өөрөөр хэлбэл  нэхэмжлэгч хариуцагчийн аль алины эсрэг шаардлагатай байх хуулийн зохицуулалттай.

Гуравдагч этгээдийн шаардлага нь зохигчдын дунд үүссэн маргааны зүйл, харилцаа, үндэслэлтэй ижил биш агуулгатай тул  бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд гэж  үзэхээргүй байна.

            Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн  ашиг сонирхол нь нэхэмжлэгч хариуцагч нарын эсрэг байхаар хуулийн агуулга байхад уг хэрэгт нэхэмжлэгч А.Н- нь  маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг А.Гэрэлчулууны  өмчлөлийнх гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хариуцагчийн эсрэг чиглэгдсэн нэгдмэл сонирхлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд З.Энхтуяа гэж нэг этгээд төлөөлж байжээ. Анхан шатны шүүх  А.Гэрэлчулууны гаргасан нэхэмжлэлийн  шаардлага нь нотлогдоогүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд энэ талаар гуравдагч этгээд гомдол гаргаагүй байна.  Иймд дээр дурдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчсөн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын тайлбараас нэхэмжлэгч А.Н-ийн нэр дээр байгаа дундын өмчлөлийн үл хөдлөх эд  хөрөнгүүдийг барьцаалж Капитрон банкнаас А.Н-,  А. Ариунаа нар нь   зээл авсан бөгөөд үлдэгдэл төлбөр төлөгдөөгүй байгаа тухай байдал тогтоогдсон боловч зохигчид өрийг хэн ямар хэмжээгээр хариуцах талаар ямар нэгэн шаардлага гаргаж мэтгэлцээгүй бөгөөд энэ талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд ямар нэгэн гомдол санал гаргаагүй байна.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээвэл зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 574 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  431.297 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                  ДАРГА-Ч ШҮҮГЧ                                         С.ОЮУНЦЭЦЭГ

                                  ШҮҮГЧИД                                                    Л.АМАРСАНАА                     

                                                                                                       О.НАРАНГЭРЭЛ