Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 00789

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2017/00789

Улаанбаатар хот

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Рашаан 19 дүгээр гудамж, 39А тоотод оршин суух, Боржигон овогт Пүрэвдоогийн Анхцэцэг /РД: УХ85031660/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, 34-12 дугаар байр, 135 тоотод оршин суух, Эрхий мэргэн овогт Очирбатын Баттулга /РД: ТЛ79050177/-д холбогдох,

 

гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, 7 495 600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Анхцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Алтанчимэг, Б.Барсүрэн, хариуцагч О.Баттулга, хариуцагчийн өмгөөлөгч Т.Цэрэндагва, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.Анхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2001 онд О.Баттулгатай танилцан, 2003 онд гэр бүл болсон. Бидний дундаас 2003 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүү Б.Тэмүүжин, 2004 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүү Б.Тэнгис нар төрсөн. 2007 онд О.Баттулга БНСУ-д ажиллахаар явсан боловч 2011 онд хамтран амьдрагчийн хамтаар Монгол улсад ирсэн ба түүнээс хойш холбоогүй болсон. О.Баттулга нь одоо бусадтай хамтран амьдарч байгаа бөгөөд бид цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Өнөөдрийг хүртэл 2 хүүхэд миний асрамжинд байгаа тул хүүхдүүдийг миний асрамжинд үлдээж, О.Баттулгаас хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Мөн хүү Б.Тэмүүжин нь цусны хавдартай, элэгний В вирустэй бөгөөд түүний эмчилгээнд зарцуулсан 525 600 төгрөгийг, мөн түүний “Соробоэ сампин” сургалтын төвийн сургалтын төлбөр 970 000 төгрөг, 2011 оны 01 дүгээр сараас 5 жилийн хугацаанд 2 хүүдийн хувцас, хоол хүнс зэрэг зардалд гарсан 6 000 000 төгрөг, нийт 7 495 600 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч О.Баттулга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие БНСУ-д ажиллаж амьдрах хугацаанд барилгаас унаж хөдөлмөрийн чадваргүй болсон. Би ажиллаж байх хугацаандаа гэртээ мөнгө төгрөг байнга явуулж байсан. Одоо ч гэсэн хэдийн ажил хийж чадахгүй байгаа боловч боломжоороо хүүхдүүдэд мөнгө өгдөг. Гэрлэлт цуцлахыг болон хүүхдүүдийг эхийн асрамжинд үлдээхийг зөвшөөрч байна. Хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг төлнө. Харин 7 495 600 төгрөгийг төлөх боломжгүй. Учир нь БНСУ-д байхдаа болон Монгол улсад ирсэн ч хүүхдүүдийн эмчилгээ болон бусад зардалд мөнгө өгдөг байсан гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Анхцэцэг нь хариуцагч О.Баттулгад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож, 7 495 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч П.Анхцэцэг, хариуцагч О.Баттулга нар 2002 оны 8 дугаар сарын 18-ны өдөр гэр бүл болж, 2003 оны 3 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2003 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүү Б.Тэмүүжин, 2004 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүү Б.Тэнгис нар төрсөн нь ПА 06 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний болон УХ03232831 Г470, УХ04271871 204 дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар тус тус нотлогдож байхаас гадна талууд энэ талаар маргаагүй байна.

 

Талууд хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2011 оноос өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрч байхаас гадна шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШЗ2016/27443 дугаар захирамжаар Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж, гэрлэгчдийг эвлэрүүлэхээр тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлсэн боловч гэрлэгчид эвлэрээгүй болох нь эвлэрүүлэн зуучлагчийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 65 дугаар “эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай” тэмдэглэлээр нотлогдож байна. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална” гэж заасны дагуу гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлав.

 

Гэрлэгчдийг тусдаа амьдрах үеэс эхлэн хүү Б.Тэмүүжин, Б.Тэнгис нар эхийн асрамжинд байгаа нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Түүнчлэн, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх... тухайгаа ...харилцан тохиролцож болно.” гэж заасан байх бөгөөд хүүхдүүдийг эхийн асрамжинд үлдээх талаар талууд маргаагүй байх тул хүүхдүүдийн насны онцлог, өсөж торнисон орчин болон хүүхдүүдийн санал зэргийг харгалзан тэднийг эхийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар гэрлэлт цуцалснаас үл хамааран эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан хугацаа, хэмжээгээр хариуцагчаас тэтгэлэг гаргуулан хүүхдүүдэд олгох нь хүүхдүүдийн эрх ашигт нийцэхээр байна.

 

7 495 600 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно” гэжээ.

 

Нэхэмжлэгчээс хүү Б.Тэмүүжингийн эмчилгээний зардалд 525 600 төгрөгийг, мөн түүний 2016 оны 6 дугаар сараас “Соробон сампин” сургалтын төвийн төлбөрт 970 000 төгрөгийг, түүнчлэн 2011 оны 01 дүгээр сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд хүү Б.Тэмүүжин, Б.Тэнгис нарын хувцас, хоол, хүнсний хэрэглээнд 6 000 000 төгрөгийг төлсөн нь хавтаст хэрэгт авагдсан “ибаримт”-ууд, МСС төвийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, Асе-мид эмийн сангийн бусад зарлагын баримтуудаар тус тус нотлогдохгүй байна.

 

Дээрх үндэслэлээр гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг эхийн асрамжинд үлдээж, хүүхдүүдэд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан хэмжээ, хугацаагаар хариуцагчаас тэтгэлэг гаргуулан олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 495 600 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4-т зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ” гэж заасан ба талууд шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрэл амжилтанд хүрээгүй нь тус дүүргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн ажиллагаа дуусгавар болсон талаарх 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 530 дугаар тэмдэглэлээр тогтоогдож байна. Иймд талуудыг хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглэсэн гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Боржигон овогт Пүрэвдоогийн Анхцэцэг, Эрхий мэргэн овогт Очирбатын Баттулга нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2003 оны 3 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Б.Тэмүүжин, 2004 оны 7 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Б.Тэнгис нарыг эх П.Анхцэцэгийн асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан 2003 оны 3 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Б.Тэмүүжин, 2004 оны 7 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Б.Тэнгис нарыг 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг О.Баттулгаас гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хариуцагч О.Баттулгаас 7 495 600 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар зохигчид эд хөрөнгийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 204 500 төгрөг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 101 056 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.

 

10. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Улсын бүртгэлийн Ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Дөлгөөнд даалгасугай.

  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        М.БАЯСГАЛАН