Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2017/01252

 

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2017/01252

Улаанбаатар хот

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж ..дүгээр байр ..тоотод оршин суух, …регистртэй, Харуулчин овогт Г.Б-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, ЭТӨЧ, ..дүгээр байр … тоотод оршин суух …регистртэй, Б.Б-т холбогдох,

Түрээсийн төлбөрт 7,369,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

     ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 25 дугаар байр 63 тоот 2 өрөө байрыг Б.Бт түрээслүүлэн Б.Б нь гэр бүлийн хамт амьдарч байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл байрны түрээсийн төлбөрийг төлөөгүй учир түрээсийн төлбөр болох 7,369,000 төгрөгийг хариуцагч Б.Баас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, ЭТӨЧ, 41 дүгээр байр 0-2 тоотод оршин суух Баттулга овогтой Батмягмар миний бие 7,369,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2017 оны 6 дугаар сараас 2017 оны 10 дугаар сарын 01-ний хүртэлх хугацаанд төлж барагдуулна. Ажил эхэлбэл аль болох богино хугацаанд төлж барагдуулна гэжээ.

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Б.Бт холбогдуулан түрээсийн төлбөрт 7,369,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

        Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 7,369,000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын сараас 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

       Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

       ЗАХИРАМЖЛАХ нь:

  1.Г.Б-ийн нэхэмжлэлтэй, Б.Бт холбогдох түрээсийн төлбөрт 7,369,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 7,369,000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сараас 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 132,860 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 66,430 төгрөг, хариуцагч Б.Баас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 66,430 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

ШҮҮГЧ                                А.САРАНТУЯА