Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 131/ШШ2017/00537

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 4 дүгээр багт оршин суух, эмэгтэй, ВА63111706 регистрийн дугаартай, Холгор овогт Содномын Эрдэнэчимэгийн ажиллаж байсан байдал болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгохыг хүссэн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Р.Уранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дэчмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие 1963 онд төрсөн. 54 настай. Би Баянхонгор аймгийн Баянбулаг сумын бага сургуулийг 1979 онд төгсөөд, 1979 оны 09 сарын 01-нд Баянхонгор аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрийн сургуульд элсэн орж, 1981 онд барилгын өрлөгчин мэргэжлээр төгссөн. Ингээд 1981 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн тус аймгийн Техник туслалцааны барилга трестэд барилгын өрлөгчнөөр ажилд томилогдож, 1993 оныг дуустал ажилласан. Би 1983 онд Б.Гүрсэдтэй гэр бүл болж, 1983 онд охин Г.Өлзийцэцэгийг төрүүлсэн. 2005 онд өөрийн бүх бичиг баримт галд шатаж үрэгдсэн учраас улсад ажилласан талаар байгаа баримт бичгийг бүрдүүлсэн. Намайг бага байхаас гэр бүл ойр дотныхон Эрдэнэ, Эрка гэж дуудаад бүтэн нэрээр дуудаж мэддэггүй байсан.

Миний ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр, иргэний үнэмлэх дээрх нэр /Цэцэг, Чимэг/ гэж зөрж, Баянхонгор аймгийн архивын тасгаас баримт шүүлгэхэд С.Эрдэнэцэцэг нэрээр 1982 оноос 1992 оны цалингийн түүвэр болон 1993 оны 12 сарын 25-ны өдөр хүртэл ажилласан тушаалууд гарсан. 2001 онд шинээр иргэний үнэмлэх солиулж, авахад миний нэрийг Эрдэнэчимэг гэж буруу бичигдсэн байсан. Би үүнд чухал ач холбогдол өгөөгүй өдий хүрсэн. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр, архивын лавлагаанд миний жинхэнэ нэр буюу Содномын Эрдэнэцэцэг нэрээр гарсан тул 1979 оны 09 сарын 01-ний өдөр надад олгосон хөдөлмөрийн дэвтэр болон 2005 оны 05 сарын 06-ны өдрийн 252 тоот Архивын лавлагаа зэргийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож, Баянхонгор аймгийн барилга трестэд нормчин, өрлөгчнөөр 1981 оны 07 сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэл, Барилга трест бүтэцийн өөрчилөлт хийж Барилгачин хувьцаат компани болж өөрчилөгдөн 1991 оны 04 сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 сарын 25-ны өдрийг хүртэл нормчин, өрлөгчнөөр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Р.Уранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Содномын Эрдэнэчимэг нь Баянхонгор аймгийн шүүхэд ажилласан жилээ тогтоолгох, хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгохоор хүсэлт гаргасан. 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 4 дүгээр сар хүртэл Баянхонгор аймгийн Барилга терстэд нормчин, өрлөгчнөөр ажилдаг байсан нь хөдөлмөрийн дэвтэр болон архиваас гарсан лавлагаагаар хангалтай нотлогддог. Түүний нэр Эрдэнэцэцэг нэртэй боловч улаан паспорт авахдаа Эрдэнэчимэг гэж бичигдсэн байдаг түүнээс хойш бичиг баримт нь Эрдэнэцэцэг биш Эрдэнэчимэг гэж солигдсон байгаа. Нэрнийхээ зөрүүг хөөцөлдөөгүй байсан. Тэтгэвэр тогтоолгохоор хандахад нэрийн зөрүүтэй байдал үүсч шүүхэд хандаж байна. Жинхэнэ нэр Эрдэнэцэцэг бөгөөд шинэ үнэмлэхэд нь Эрдэнэчимэг гэсэн учир түүнээс хойш Эрдэнэчимэг гэдэг нэрээр явсан байгаа. Шинэ үнэмлэхийг 2002 онд авсан түүнээс хойш Эрдэнэчимэг гэж явсан, 2002 оноос өмнө Эрдэнэцэцэг гэдэг нэрээрээ бичиг баримт авч байсан. Мөн барилга терстед нэгдэл тарсанаар хувьд шилжиж Барилгачин ХХК компани болж 1993 он хүртэл үйл ажиллагаа явуулсан байдаг. Сүүлд 1993 оны хөдөлмөрийн дэвтэр дээр бичилтийг цуцалсан нь архивын баримтаас гарч ирсэн 1994 -1995 онд Барилгачин ХХК-д нооромчин, өрлөгчнөөр ажиллаж байсныг Эрдэнэчимэгээр нь ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Архивын лавлагааны жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох шаардлагаасаа татгалзсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

С.Эрдэнэчимэг нь ажиллаж байсан байдал болон Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргасан байх бөгөөд уг хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6, 135.2.4 дахь хэсэгт тус тус зааснаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох үйл явдалд хамаарахаар байна.

Харин архивын лавлагааны жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгохыг хүссэн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасан эрх олгосон баримт бичигт хараарахгүй бөгөөд хүсэлт гаргагч уг шаардлагаасаа татгалзсан болно.

С.Эрдэнэчимэг нь 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Барилга трестэд нормчин, өрлөгчнөөр, 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нормчин, өрлөгчнөөр ажиллаж байсан болох нь түүний иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 252 тоот лавлагаа, Баянхонгор аймгийн Барилгачин хувьцаат компанийн Ерөнхий захирлын 1993 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 60 тоот тушаал, хавсралт, 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

Мөн хүсэлт гаргагчийн өөрийн Эрдэнэцэцэг гэх нэр нь 2002 онд шинэ/цахим/ иргэний үнэмлэх авахад Эрдэнэчимэг гэж буруу бичигдсэн түүнээс өмнөх баримт бичигт Эрдэнэцэцэг гэж бичигдэж, дуудагддаг тухай тайлбарлажээ.

Содномын Эрдэнэцэцэг гэх нэрээр Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 252 тоот лавлагаа гарсан байх бөгөөд энэ баримтыг шүүх Содномын Эрдэнчимэгийн ажиллаж байсан байдлыг нотлох хамаарал бүхий баримт байна гэж үзэж дээрхи үндэслэлүүдээр хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Холгор овогт Содномын Эрдэнэчимэгийг 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Барилга трестэд нормчин, өрлөгчнөөр

1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Барилгачин хувьцаат компанид нормчин, өрлөгчнөөр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан Холгор овогт Содномын Эрдэнэчимэгийг 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

3. С.Эрдэнэчимэг нь Баянхонгор аймгийн Архивын тасгийн архивын лавлагааны жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан С.Эрдэнэчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА