| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Санги-Очирын Олзод |
| Хэргийн индекс | 105/2022/0270/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/275 |
| Огноо | 2022-02-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Амарзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/275
2022 02 23 2022/ШЦТ/275
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттэргэл,
улсын яллагч Я.А.,
шүүгдэгч Т.Э. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ц. овогт Т.ийн Э.ид яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 00000 0180 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1976 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын механик мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Ц. овогт Т.ийн Э..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Э. нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Ибиза” шөнийн цэнгээний газар иргэн О.А.тай маргалдаж, улмаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Э. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч О.А.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Э. ширээн дээр байсан архины шилээр миний толгойн зүүн хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгэхээр нь би толгойн цохиулсан хэсгээ гараараа дараад сууж байсан газраасаа өндийсөн чинь тэр пивоны шилээр миний толгой руу өмнө нь цохисон хэсэгт дахиад 1 удаа цохисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1141 тоот: “О.А.гийн биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 21-22/,
- Гэрч Ч.Амарбаясгалангийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Т.Э. О.А.г хувцсаар нь ялгаварлаад жаахан дээрэлхэх гээд байсан. Хоосон пивоны шилээр толгой руу нь цохиход бид нар эхлээд хоорондоо тоглож байна гэж бодоод инээлдээд өнгөрсөн. Т.Э. нь О.А.гийн толгойг хагалчихаад гараад явчихсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/,
- Т.Э.ийн яллагдагчаар өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 28-ны шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Ибиза” нэртэй шөнийн цэнгээний газарт үйлчлүүлж байгаад үл таних хүнтэй маргалдаж, түүний биед халдаж зодсон. Хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Т.Э. нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Ибиза” шөнийн цэнгээний газар иргэн О.А.тай маргалдаж, улмаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Т.Э.ид холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Т.Э. нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Ибиза” шөнийн цэнгээний газар иргэн О.А.тай маргалдаж, улмаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- Хохирогч О.А.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Э. ширээн дээр байсан архины шилээр миний толгойн зүүн хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгэхээр нь би толгойн цохиулсан хэсгээ гараараа дараад сууж байсан газраасаа өндийсөн чинь тэр пивоны шилээр миний толгой руу өмнө нь цохисон хэсэгт дахиад 1 удаа цохисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1141 тоот: “О.А.гийн биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 21-22/,
- Гэрч Ч.Амарбаясгалангийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Т.Э. О.А.г хувцсаар нь ялгаварлаад жаахан дээрэлхэх гээд байсан. Хоосон пивоны шилээр толгой руу нь цохиход бид нар эхлээд хоорондоо тоглож байна гэж бодоод инээлдээд өнгөрсөн. Т.Э. нь О.А.гийн толгойг хагалчихаад гараад явчихсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/,
- Т.Э.ийн яллагдагчаар өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 28-ны шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Ибиза” нэртэй шөнийн цэнгээний газарт үйлчлүүлж байгаад үл таних хүнтэй маргалдаж, түүний биед халдаж зодсон. Хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Т.Э.ийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Т.Э.ид Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Хохирогч О.А. нь хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Т.Э.ид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц. овогт Т.ийн Э.ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э.ид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Т.Э.ид оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Т.Э. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Э.ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЛЗОД