| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2021/0286/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/321 |
| Огноо | 2021-12-17 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2021/ШЦТ/321
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж,
Нарийн бичгийн дарга М.А
Улсын яллагч Н.Д
Хохирогч Х.Х
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б
Шүүгдэгч Л.Энарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Э-д холбогдох эрүүгийн 2125000000349 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Л.Э
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Э нь 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр согтуурсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн нутаг дэвсгэрт байрлах авто зам дээр 74-56 ОРХ улсын дугаартай Митсубиши фусо загварын ачааны тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас Х.Х-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Э-г согтуурсан үедээ авто тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Э мэдүүлэхдээ “Гэм буруугаа сайн ойлгож байна, миний буруу. Хохирогчид 480 000 төгрөг төлсөн” гэв.
Хохирогч Х.Х шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Хохирол гомдол гэх зүйл байхгүй. Л.Э шүүх хурлын өмнө надад 480 000 төгрөг төлсөн. Цаашид нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ш.М “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 12-20-р тал/
2. Хохирогч Х.Х “Тэгээд би тээврийн хэрэгсэл унтраад зогссон газар очиход Л.Э ах ганцаараа байж байсан бөгөөд юу болсон талаар асуухад асахгүй байна, тээврийн хэрэгслийн кабенийг дээш сөхөж үзэж байгаад түлш татах насосыг дараад үзье гэж надад хэлээд намайг түлш татах насосыг дарж бай, хатуурах ёстой, би давхар татуулаад үзье гэж хэлэн тээврийн хэрэгслийн кабен руу яван орж жолооны хүрдний ард суусан. Намайг түлш татах насосыг дарж байхад Л.Э ах тээврийн хэрэгслийг асаах үйлдэл хийхэд тээврийн хэрэгсэл ассан бөгөөд Л.Э ах хааз өгөхөд тээврийн хэрэгсэл гэнэт ухарч, зүүн урд талын дугуйгаар миний зүүн хөлийг хамран биеийн бүсэлхийнээс доош хэсгээр дайрсан. Тэгээд Л.Э ах машинаас бууж ирээд намайг холдуулан замын хөвөө рүү гаргахдаа конс ажиллахгүй, ухрах араагаа салгаж чадсангүй гэж надад хэлсэн. Аарцагны 2 талын умдаг, суудал ясны бага зэргийн зөрөө бүхий далд хугарал, баруун талын тавхайн олон шивнүүрийн бяцарсан далд хугарал, баруун тавхайд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гуя, өвдөгний гадна тал, баруун ташаанд олон тооны зулгаралт, хэвлийн доод хэсэгт зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтлүүд нь Л.Э ах тээврийн хэрэгсэл жолоодон ухрах үйлдэл хийн намайг дайрахад үүссэн. Тухайн өдрийн өглөө Л.Э ахын гэр луү яван ороход Л.Эрдэнэбат ах шартаад үхэх гээд байна гээд 200 байна уу 300 миллилитрийн хэмжээтэй шилтэй архийг задлан ганцаараа ууж байсан. Тэгээд архиныхаа талыг нь уун, дуусгалгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодон явах болсон. Би тухайн үед та архи уусан юм уу зүгээр юм уу гэхэд зүгээр, зүгээр асуудалгүй гэж надад хэлсэн. Архи уусан байсан хэдий ч согтолтын хувьд зүгээр байх шиг байсан” гэсэн мэдүүлэг. /хх-н 27-р тал/
3. Гэрч Б.Б “Бид нар ажлаа хийж байхад Х нь Л.Э-н машиныг асаахад нь туслах гээд явж очсон. Гэнэт хүн орилох шиг чимээ гарсан бөгөөд Л.Э, Х хоёр луу харахад Х нь газарт нь хэвтэж байхаар нь Б, Б 2 түрүүлээд гүйж очсон. Би араас нь юм аа цэгцэлчхээд очсон. Намайг очиход Л.Э нь машин гэнэт ухраад Х-н дээгүүр гарчихлаа гэсэн. Өөр зүйл хэлээгүй. Тэгээд түргэн тусламж ирж Х-ийг аваад явсан бөгөөд Б, Б нар нь хамт явсан. Би араас нь эмнэлэг дээр очсон. Л.Э нь осол болсон газраа тээврийн хэрэгсэл дээрээ үлдсэн. Х бид 2 Л.Э-ыг гуйж ажил хийж байсан газартаа юм ачиж хүргүүлэхийн тулд тээврийн хэрэгсэл жолоодуулах болсон. Л.Э нь том оврын ачааны тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй учир гуйх болсон” гэсэн мэдүүлэг. /хх-н 36-р тал/
4. Гэрч Т.Б-ын “Хишигдорж ах Л.Э ахад туслахаар тээврийн хэрэгсэл рүү нь явсан. Тэгээд удалгүй байж байтал хүн орилох чимээ гарахаар нь чимээ гарсан газар луу хартал Х ах газарт хэвтэн орилж байсан. Б ах бид 2 гүйн очиход Л.Э ах бид хоёрт тээврийн хэрэгсэл Х-ийн дээгүүр гарчихлаа гэж хэлсэн. Хэрхэн, яагаад, яаж гарсан талаар тодруулаагүй” гэсэн мэдүүлэг /хх-н 40-р тал/
5. Сэжигтэн Л.Э-ын “Би Сервис По Сименс ХХК-нд ажиллаж байгаад гарсан. Гэхдээ одоог хүртэл Сервис По Сименс ХХК-ний эзэмшлийн хашаанд өөрийн гэрээ барин амьдарч байгаа. Яг хаягийг нь хэлж мэдэхгүй байна. 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гэртээ байж байхад Т, Б, Б, Х нар нь ачааны тээврийн хэрэгсэл жолоодох ангилалтай жолооч байхгүй байна, тээврийн хэрэгсэл жолоодоод өгөөч гэхээр нь би зөвшөөрөн. Уг газраасаа 74-56 ОРХ улсын дугаартай Митсубиши фусо маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Шанд багийн 3 дугаар гудамжинд очих гээд баруунаас зүүн зүг рүү чиглэн явж байхад Шанд багийн 3 дугаар гудамжны ард талд түлш тасалдаад доголдоод унтрахаар нь өөрөөр нь өнхрүүлэн замаа чөлөөлөн ухрах араанд нь хийн зогссон. Тэгээд хамт явж байсан Т, Б, Б, Х нар нь хийх ёстой байсан ажил руугаа явсан бөгөөд Х нь эргээд над дээр ирж тээврийн хэрэгсэл асаахад тусалсан. Бид 2 тээврийн хэрэгслийг кабенийг дээш сөхөн түлш татах насосыг даран түлш татуулж байхад насос сайн хатуурахгүй, түлш сайн татаж өгөхгүй байхаар нь бид 2 ярилцан Х-ийг уг насосыг давтан даруулж байхад нь би кабен руу орон конс, тоормоз 2 дээр гишгэж байгаад түлхүүрээ эргүүлэн тээврийн хэрэгслээ асаах үйлдэл хийхэд тээврийн хэрэгсэл шууд асан гэнэт ухран Хишигдоржийн зүүн талын хөлийг дайрсан, тухайн үед конс тоормоз 2 ажиллагаагүй болохоор нь түлхүүрээрээ тээврийн хэрэгслээ унтрааж зогсоосон. Тэгээд Х ёолон орилж байхад Б Б нар нь ирэн түргэн тусламж дуудан өгсөн. Тэгээд эмнэлгийн түргэн тусламж ирэн Хишигдоржийг аван явсан бөгөөд би уг газраа үлдсэн. Ийм л асуудал болсон” гэсэн мэдүүлэг /хх-н 101-102-р тал/
6. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 557 дугаартай “Х.Х-ийн биед аарцагны 2 талын умдаг, суудал ясны бага зэргийн зөрөө бүхий далд хугарал, баруун талын тавхайн олон шивнүүрийн бяцарсан далд хугарал, баруун тавхайд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гуя, өвдөгний гадна тал баруун ташаанд олон тооны зулгаралт, хэвлийн доод хэсэгт зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Аарцаг ясны 2 талын умдаг, суудал ясны хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Тавхайн ясны хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт /хх-н 49-50-р тал/
7. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 сарын 06-ны өдрийн 267 дугаартай “Л.Э-ын биенээс авсан гэх цусанд 3,45 промилл процент этилийн спирт илэрсэн” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 55-56-р тал/
8. Техникийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 21 дугаартай дүгнэлт /хх-н 71-78-р тал/
9. Зам тээврийн осол дээр тогтоосон мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 21 дугаартай магадалгаа "Л.Э нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтуудыг зөрчсөн байна. Үүнд: 3.5-д согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох зорилгоор шинжилгээ авах хүртэл, эсхүл ийм шинжилгээ авах шаардлагагүй гэж цагдаагийн ажилтан шийдвэр гаргах хүртэл энэ төрлийн зүйл хэрэглэхгүй байх, 3.7.а. тухайн ангиллын тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, 10.14. Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн магадлагаа /хх 82-86-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “ Шүүгдэгч Л.Э нь 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум, Шанд багийн нутаг дэвсгэрт 74-56 ОРХ улсын дугаартай Митсубиши фусо загварын тээврийн хэрэгслийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон ухрах үйлдлийг хийх явцдаа иргэн Х.Х-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан нотлох баримтууд болох хохирогчийн мэдүүлэг, мөрдөгчийн магадалгаа, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 557 дугаартай шинжээчийн дүгнэлт, 267 дугаартай цуснаас этилийн спирт гарсан тухай шинжээчийн дүгнэлт, гэрч Б.Б, Т.Б-н мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Э нь тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас Х.Х-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсгүүдэд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба хохирогч 470 000 төгрөг нэхэмжилснээс 480 000 төгрөгийг шүүгдэгч бүрэн төлж барагдуулсан байна. Хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй. Л.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Уг ялыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 1.2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусаламж үзүүлсэн, хохирол төлсөн зэрэг нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй. Л.Э-д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б дүгнэлтдээ “Шүүгдэгч нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул түүний гэм буруугийн талаар тусгайлан гарах саналгүй. Хохирогч Х.Хболон иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ш.М нар нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж байна. Иргэний хариуцагч гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй талаар мэдэгдсэн байсан. Тухайн машины эвдрэл гэмтлийн тухайд уг осол болохоос өмнө учирсаныг шинжээч тогтоосон. Л.Э хохирогчид 480 000 төгрөгийг өглөө хурлаас өмнө өгсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг шүүгдэгчээс бус иргэний хариуцагчаас гаргуулахаар шийдэх нь зүйтэй гэж үзэж байна. Л.Э-ын хувьд бусдад төлөх төлбөргүй талаар дурдаж, шийдвэрлэх нь зүйтэй байна. Хэргийн зүйлчлэлийн хувьд хорих ялын дээд хэмжээ 3 жил хүртэл байдаг ба хөнгөн төрлийн гэмт хэрэг юм. Энэ төрлийн гэмт хэрэг нь болгоомжгүй, хайхрамжгүй үйлдлээр үйлдэгддэг буюу уг гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь бусдын хохирогчийн гуйлтаар тухайн тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөнд оролцсон. Л.Э-д гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байгаагүй харин бусдад тусалъя гэсэн санаа зорилгоор тухайн тээврийн хэрэгслийг жолоодсон нь хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон хохирогчийн мэдүүлгээс харагдаж байна. Тиймээс энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг шүүх анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа хохирогчид төлж барагдуулсан, тухайн үед хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд хамрагдана. Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж ялаас чөлөөлөх зохицуулалт байдаг. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байна. Шүүгдэгчийг заавал нийгмээс тусгаарлаж, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр энэ хоёр заалтын аль тохирохыг нь Л.Э хэрэглэж өгнө үү гэх саналтай байна. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хуульд заасан хамгийн бага хугацаагаар буюу 1 жилийн хугацаагаар хасаж өгнө үү. Учир нь Л.Э жолооч мэргэжилтэй, цаашид жолоочоор ажиллахгүй бол амьдралынх нь нөхцөл байдал хүнд болох хор уршигтай. Тиймээс жолоодох эрхийг нь 1 жилийн хугацаагаар буюу хамгийн бага хугацаагаар хасаж, ял оногдуулахдаа нийгмээс тусгаарлахгүйгээр тэнсэж эсвэл ялаас чөлөөлж өгнө үү” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан Зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Х.Х-ийн “Намайг түлш татах насосыг дарж байхад Л.Э ах тээврийн хэрэгслийг асаах үйлдэл хийхэд тээврийн хэрэгсэл ассан бөгөөд Л.Э ах хааз өгөхөд тээврийн хэрэгсэл гэнэт ухарч, зүүн урд талын дугуйгаар миний зүүн хөлийг хамран биеийн бүсэлхийнээс доош хэсгээр дайрсан” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Б-ийн “Гэнэт хүн орилох шиг чимээ гарсан бөгөөд Л.Э, Х хоёр луу харахад Х нь газарт нь хэвтэж байхаар нь Б, Б 2 түрүүлээд гүйн очсон. Намайг очиход Л.Э нь машин гэнэт ухраад Х-ийн дээгүүр гарчихлаа гэсэн. Өөр зүйл хэлээгүй” гэсэн мэдүүлэг, гэрч Т.Б-ын “удалгүй хүн орилох чимээ гарахаар нь чимээ гарсан газар луу хартал Х ах газарт хэвтэн орилж байсан. Баяраа ах бид 2 гүйн очиход Л.Э ах бид хоёрт тээврийн хэрэгсэл Х-ийн дээгүүр гарчихлаа гэж хэлсэн. Хэрхэн, яагаад, яаж гарсан талаар тодруулаагүй” гэсэн мэдүүлэг, сэжигтэн Л.Э-ын “Шанд багийн 3 дугаар гудамжны ард талд миний жолоодон явж байсан тээврийн хэрэгслийн түлш тасалдаад доголдоод унтрахаар нь өөрөөр нь өнхрүүлэн замаа чөлөөлөн ухрах араанд нь хийн зогссон. Бид 2 ярилцан Х-ийг уг насосыг давтан даруулж байхад нь би кабен руу орон конс, тоормоз 2 дээр гишгэж байгаад түлхүүрээ эргүүлэн тээврийн хэрэгслээ асаах үйлдэл хийхэд тээврийн хэрэгсэл шууд асан гэнэт ухран Х-ийн зүүн талын хөлийг дайрсан, тухайн үед конс тоормоз 2 ажиллагаагүй болохоор нь түлхүүрээрээ тээврийн хэрэгслээ унтрааж зогсоосон” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 557 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 сарын 06-ны өдрийн 267 дугаартай дүгнэлт, тээврийн хэрэгслийн техникийн шинжээчийн 21 дугаартай дүгнэлт, Зам тээврийн осол дээр тогтоосон мөрдөгчийн магадлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Л.Энь 2021 оны 09 дүгээр сарын 29-ний согтуурсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн нутаг дэвсгэрт 74-56 ОРХ улсын дугаартай Митсубиши фусо маркын тээврийн хэрэгсэл жолоодон, урхах хөдөлгөөн хийж, Х.Х-ийг дайрч аарцагны 2 талын умдаг, суудал ясны бага зэргийн зөрөө бүхий далд хугарал, баруун талын тавхайн олон шивнүүрийн бяцарсан далд хугарал, баруун тавхайд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гуя, өвдөгний гадна тал баруун ташаанд олон тооны зулгаралт, хэвлийн доод хэсэгт зөөлөн эдэд цус хуралт бүхий хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.Э нь согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Э-ыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчид эмнэлэгийн тусламж үзүүлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлсөн байх тул тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Л.Э-ын үйлдлийн улмаас Х.Х-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна. Шүүгдэгч нь хохирогч Х.Х-ийн эрүүл мэндтэй холбоотой зардалд 480 000 төгрөг төлж барагдуулсан байна. Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ш.М нь гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн болохыг дурьдах нь зүйтэй. Хохирогч Х.Х нь цаашид нэхэмжлэх зүйлгүй гэж байх боловч түүний биеийн байдлыг харгалзан цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.
Шүүгдэгч Л.Э-ын 480775 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4.5, 7.3 дугаар зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийтгэврийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Хэрэгт хураагдаж ирсэн Л.Э-ын 480775 дугаартай жолооны үнэмлэхийг Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А