Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 933

 

Э.А-холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор А.Сайнбаяр,

шүүгдэгч Э.А-өмгөөлөгч У.Сайнбилэг,

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулж,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 1193 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.А-гаргасан давж заалдах гомдлоор Э.А-холбогдох 2017 2501 1484 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овогт Э А-, 1996 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ........... аймгийн ............. суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “....................”-д ачаа зөөгч ажилтай, ам бүл 4, эх, ах, дүүгийн хамт, .............. дүүргийн .. дугаар хороо, ............. ..-..-.. тоотод түр оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......................../;

 

Э.А-нь 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “..” баарны гадаа иргэн Б.Г-маргалдан, улмаар толгойн тус газар нь чулуугаар онож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Э.А-үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогт Э А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Э.А-2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.А-оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.А-цагдан хоригдсон 5 хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Э.А-урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.А-давж заалдах гомдолдоо: “...Э овогтой А би ...анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн байцаалтаас эхлэн өмгөөлөгчгүй мэдүүлэг өгсөн. Тухайн үед хохирогч Б.Г нь миний биеийг дарамтлан зодож, архи авахуулж, бааранд орж суусан ба миний бие “гэр рүүгээ харъя” гэхэд хохирогч Б.Г-нь “баарнаас хамт гарна, намайг явуулахгүй” гээд над руу дайраад, намайг зодсон. Зодоод байхаар нь аргагүй буюу дийлэхгүй байсны улмаас өөрийгөө хамгаалан хохирогч Б.Г-гэмтээсэн ба тэр дор нь эмнэлгийн тусламж үзүүлж, хохирогчийг сэтгэл санааны цочролоос хамгаалж, бүх нөхцөл байдлаар тусламж үзүүлсэн болно. Иймээс анхнаас нь хэргээ хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, нэхэмжилсэн хохирол гомдол, санал байхгүй. Миний бие гэр бүлээсээ ганцаараа хөдөлмөр эрхэлж, гэр бүлээ тэжээн тэтгэдэг тул Б.Г- миний биед ганц удаа боломж олгож өгнө үү гэж та бүхнээс хүсэж байна. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Э.А-өмгөөлөгч У.Сайнбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.А-анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байгаа тул ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн хүсэлттэй байгаа. Хэрэг гарсан шалтгаан нөхцөл нь хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн. Гэмт хэрэг үйлдсэн даруйдаа эмнэлгийн тусламж үзүүлж, бусад шаардлагатай зардлуудыг төлсөн. Хохирогч Б.Г-садан төрлийн холбоотой, тэрээр “Э.Б.Г-ас нэхэмжлэх зүйлгүй” гэсэн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасны дагуу хорих ялын хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор А.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Э.А-үйлдсэн гэмт хэргийн хохирлын хэмжээ, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирогчид тусламж үзүүлсэн байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан ял тохирсон гэж үзэж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Э.А-холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг мөрдөн байцаалтаар хангалттай шалгаж тодруулсан байх ба шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангажээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Э.А-нь 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, "Од" баарны гадаа иргэн Б.Г-маргалдан, улмаар толгойн тус газар нь чулуугаар онож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Э.А-хэргээ хүлээн мэдүүлсэн  “...Гансүх надаас салаад цаашаа явахаар нь би дийлэхгүй байсан учир Гансүхийн араас нь цаашаа хараад явж байхад нь газраас чулуу аваад араас нь шидэхэд толгой руу нь оносон. ...” /хх-28/ гэсэн мэдүүлгийг хохирогч Б.Г-, шүүгдэгч Э.А-нартай хамт байсан Э.Г нотлон “...Гэнэт Ц, Г хоёр хоорондоо маргалдаж зодолдох гээд байхаар нь салгаад байж байтал миний ард зогсож байсан Гансүх ах руу чулуу аваад шидсэн чинь толгойд нь онож, Г ах шууд газар унасан. ...” /хх-20/ гэж мэдүүлсэн ба хохирогч Б.Г-ийн биед “...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах зүүн чамархай ясны цөмөрсөн ил хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, аалзан бүрхүүл доорх цус харвалт гэмтэл, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хатуу хальсны урагдал, хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл...” учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 778 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-32/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцжээ.

Шүүгдэгч Э.А-хохирогч Б.Г-маргалдан, улмаар эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан...” гэсэн гэмт хэргийн  шинжийг бүрэн агуулсан байх ба Э.А-хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Шүүгдэгч Э.А-“...хохирогч Б.Г-нь “баарнаас хамт гарна намайг явуулахгүй” гээд над руу дайраад, намайг зодсон ба зодоод байхаар нь аргагүй буюу дийлэхгүй байсны улмаас өөрийгөө хамгаалан хохирогч Б.Г-гэмтээсэн...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Э.А-нь Э. Г ард зогсож байсан Б.Г-рүү чулуу шидэж, толгойн тус газар оносноос зүүн чамархайн ясны цөмөрсөн ил хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, аалзан бүрхүүл доорх цус харвалт бүхий хүнд гэмтэл учруулсан байх тул түүний үйлдлийг аргагүй хамгаалалтын шинжтэй байна гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

 

Харин 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед буюу 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр үйлдэгдсэн шүүгдэгч Э.А-үйлдэлд оногдуулах ялын хэмжээг хөнгөрүүлсэн Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж түүний үйлдлийг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн боловч Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэл болсон тус хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэсэн заалтыг журамлаагүйг зөвтгөсөн өөрчлөлтийг шийтгэх тогтоолд давж заалдах шатны шүүхээс оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн удирдлага болгох заалтдаа тогтоох хэсэгт хамааралгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл “Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтэц”, 36.6 дугаар зүйл “Шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэг”, 36.7 дугаар зүйл “Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг” гэсэн зүйлүүдийг удирдлага болгосон, Э.А-холбогдох хэрэгт шийдвэрлээгүй мөн хуулийн 36.3 дугаар зүйл “Шүүх тогтоол гаргах үед иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэх”, 36.5 дугаар зүйл “Иргэний нэхэмжлэлийг хангах” гэсэн зүйлүүдийг удирдлага болгосон зэрэгт анхан шатны шүүх цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 1193 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтын  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Алтанбаганыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих шийтгэсүгэй...” гэснийг “...Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.А-ыг 2 жил /хоёр жил/-ийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.А-гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧИД                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                                                                    Д.ОЧМАНДАХ