Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2019/00788

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

        иргэний хэргийн тухай       

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2018/00861 дүгээр шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 136 дугаар магадлалтай

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Эр” ХХК-д холбогдох,

 Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Т” ХХК,

“Тендерийн ажил гүйцэтгэх гэрээ” байгуулахыг даалгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Т” ХХК-ийн тендер шалгаруулалтыг дахин зарлуулах тухай шаардлагатай иргэний хэргийг

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Манлай, өмгөөлөгч Ж.Бат-Амгалан нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баярмагнай, хариуцагч “Эр” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Жаргалмаа, Д.Энхчулуун, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч К.Манлай, өмгөөлөгч Ө.Алтангадас, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани “Эр” ХХК-ийн 2017.06.15-ны өдөр зарласан “Эр” ХХК-ийн ил уурхайг тойрсон цахилгаан дамжуулах агаарын 35 кв-ын шугам барих ИБХ2017/ЦЭХХМД 1.8.1 дугаартай тендерт оролцсон. Ингээд 2017.07.20-ны өдөр анх тендерийг нээсэн бөгөөд 2017.08.30-ны өдөр тендер шалгаруулах үнэлгээний хороо шийдвэрээ гаргаж манай компанид тухайн үед ирүүлсэн БШ-114-12/775 тоот мэдэгдэлд танай компани шаардлага хангасан тендер ирүүлсэн боловч үнийн саналаар шалгараагүй гэж дурдсан байсан.

Бид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч 2017.09.01-ний өдөр Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам гомдлыг тухайн тендерт материал ирүүлсэн компани тус бүрээр хянан үзээд 2017.09.15-ны өдөр анхны тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг хууль журамд нийцүүлэн, хуульд заасан хугацаанд багтаан дахин хийх үүргийг үнэлгээний хороонд өгсөн. Улмаар үнэлгээний хороо дахин хуралдаж манай компанийг тендерт шалгарсан гэж үзэж 2017.10.09-ний өдөр мэдэгдэл ирүүлсэн. 2017.10.09-ний өдрийн мэдэгдлийг манай компани 2017.10.17-ны өдөр цахим шуудангаар хүлээж авсан бөгөөд 2017.10.23-ны өдөр “Эр” ХХК-ийн захирал Х.Бадамсүрэнгийн нэр дээр гэрээ байгуулах хүсэлтэй байгаа тухайгаа илэрхийлж, гэрээний ажиллагааг шуурхай шийдэж өгөхийг хүсч албан бичиг хүргүүлсэн.

Гэтэл өнөөдрийг хүртэл гэрээ байгуулах тухай мэдэгдэл ирүүлсэн захиалагч талын зүгээс ямар нэг хариу өгөхгүй байгаа бөгөөд албан бус эх сурвалжаас тухайн тендерийг хүчингүй болгож, дахин тендер шалгаруулах ажил зохион байгуулах гэж байгаа тухай мэдээллийг бид авсан. Тухайн тендерийн урилга ирүүлсэн захиалагч талын зүгээс манай компанийг тендерт шалгарсан тухай мэдэгдэл явуулж, гэрээ байгуулах эрх олгож байна гэсэн атлаа тухайн тендерийн ажлыг гүйцэтгэх гэрээг өнөөдрийг хүртэл манай компанитай байгуулахгүй байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж бид шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Бид Орхон аймаг дахь ЗХАШШ-д нэхэмжлэл гаргасан боловч захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан учир Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд “Эр” ХХК-ийн ил уурхайг тойрсон цахилгаан дамжуулах агаарын 35 кв-ын шугам барих нээлттэй тендерт шалгарсан “Э” ХХК-тай тендерийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах шийдвэр гаргаж өгнө үү.

ТБОНӨХБАҮХАТХ-ийн 55.1-д захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд гомдлоо зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ажлын 5 өдрийн дотор гаргана гэж заасан. Энэхүү тендерийн захиалагч “Эр” ХХК-ийн зүгээс 2017.10.04-ний өдрийн “Э” ХХК-ийг ялагчаар шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэрийг 2017.10.17-ны өдөр цахим шуудангаар тендерт оролцсон бүх компаниудад хүргүүлсэн тухай нотлох баримтыг хариуцагч байгууллагын зүгээс нотлох баримтын шаардлага хангуулан ирүүлсэн байдаг. “Т” ХХК нь 2017.10.04-ний өдрийн үнэлгээний хорооны шийдвэрийг 2017.10.17-ны өдөр хүлээн авч ажлын 5 хоногт багтаан гомдлоо гаргах ёстой байсан. “Т” ХХК нь хуулийн хугацаанд гомдлоо гаргаагүй учир үнэлгээний хорооны шийдвэрийг зөвшөөрсөнд тооцож энэ талаар дахин аливаа хэлбэрээр шаардлага гаргах эрхгүй юм.

Нэгэнт тендерийн үнэлгээний хорооны шийдвэрт хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаагүй учир “Т” ХХК-ийн эрх ашиг энэхүү маргаанд хөндөгдөхгүй болохыг анхаарна уу.

Ийм учир гуравдагч этгээд “Т” ХХК-ийн гаргасан бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлиин шаардлагыг хангаж өгнө үү. Манай компани Захиргааны хэргийн шүүхийн ажиллагаа дууссаны дараа “Эр” ХХК-д тендерийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулах хүсэлтийг иргэний шүүх хуралдаанаас өмнө тавьсан бөгөөд шүүхээс тендертэй холбоотой ямар нэг ажиллагаа хийхгүй байхыг даалгасан учир манай хүсэлтийг хүлээн авах боломжгүй байгаа тухайгаа хариу албан бичгээр илэрхийлсэн. Нэгэнт тендерийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулахад саад болж байсан эрх бүхий байгууллагын шийдвэр, шүүхийн шийдвэрийн үндсэн дээр хүчингүй болсон учир асуудлыг яаралтай шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. “Эр” ХХК-иас ил уурхайг тойрсон цахилгаан дамжуулах агаарын 35 кв-ын шугам барих ИБХ2017/ЦЭХХМД 1.8.1 дугаартай тендерийг 2017.06.07-ны өдөр анх Өдрийн сонин, tender.gov.mn цахим хаягаар зарласан бөгөөд 2017.07.20-нд тендер нээхэд 8 компани тендерийн материал ирүүлсэн.

Үнэлгээний хорооны 2017.8.22-ны өдрийн хурлын шийдвэрээр “Т” ХХК, “Ган тесла” ХХК-ийн түншлэлийн ирүүлсэн тендерийн баримт бичгийг хамгийн сайн тендер гэж үнэлж, захиалагч уг шийдвэрийг 2017.8.29-нд баталсан. Улмаар 2017.8.30-ны өдөр “Т” ХХК болон бусад оролцогчдод мэдэгдэл хүргүүлсэн. 2017.09.04-ний өдөр Сангийн яамнаас “Хасу эрчим” ХХК, “Э” ХХК-иуд гомдол гаргасан тухай албан бичиг ирсэн бөгөөд энэ дагуу бүх материалыг Сангийн яаманд хүргүүлсэн. Сангийн яамны 2017.09.15-ны 6-1/5418 тоот албан бичгийг 2017.10.03-ны өдөр үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга хүлээн авсан. Уг албан тоотод дурдсаны дагуу үнэлгээний хороо 2017.10.04-ний өдөр хуралдаж тендерийг дахин үнэлсэн бөгөөд “Э” ХХК-ийн ирүүлсэн материал шаардлагад нийцсэн гэж шийдвэрлэсэн. Уг шийдвэрт захиалагч буюу Ерөнхий захирал 2017.10.09-ний гарын үсэг зурж баталгаажуулсан. Тухайн өдрөө 8 компанид өгөх ёстой мэдэгдлийн заримд Ерөнхий захирал гарын үсэг зурсан бөгөөд 2017.10.17-ны өдөр үлдсэн мэдэгдэлд гарын үсэг зурсны дараа бүх компаниудад 2017.10.17-ны өдөр зэрэг хүргүүлсэн.

Гэтэл 2017.10.18-ны өдөр Сангийн яамнаас “Хасу эрчим” ХХК-иас дахин шалгаад манай компанид 2017.11.08-ны өдөр албан тоот ирүүлсэн. Уг албан бичигт дурдахдаа тендерийн хүчинтэй байх хугацаа 2017.10.03-ны өдөр дууссан байх тул тухайн тендер шалгаруулалт хүчингүйд тооцож, хуульд заасны дагуу дахин тендер зохион байгуулахыг үүрэг болгосон. Энэ дагуу ил уурхайг тойрсон цахилгаан дамжуулах агаарын 35 кв-ын шугам барих тендерийг дахин 2017.11.14-ний өдөр Өдрийн сонин, tenger.gov.mn цахим хаягаар зарласан.

“Э” ХХК нь нэхэмжлэл, Орхон аймаг дахь СДИХАШШ-ийн шүүгчийн 2017.12.06-ны өдрийн 142/Ш32017/05672 тоот захирамжийг үндэслэн уг тендер шалгаруулалтыг түдгэлзүүлсэн болно.

Бие даасан шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Ил уурхайг тойрсон цахилгаан дамжуулах агаарын 35 кв-ын шугам барих ИБХ2017/ЦЭХХМД 1.8.1 дугаартай тендерийг шалгаруулахдаа үнэлгээний хорооны гишүүд “Э” ХХК-ийн ирүүлсэн баримт бичгийг зохих журмын дагуу судлан үзсэний үндсэн дээр сонгон шалгаруулсан. Ил уурхайг тойрсон цахилгаан дамжуулах агаарын 35 кв-ын шугам барих ИБХ2017/ЦЭХХМД 1.8.1 дугаартай тендер шалгаруулалттай холбоотой маргаан цаг хугацааны хувьд удааширч байгаа нь “Эр” ХХК-ийн үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй байгааг шүүх анхааралдаа авна уу гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан шаардлагадаа: Манай компани “Эр” ХХК-ийн ил уурхайг тойрсон цахилгаан дамжуулах агаарын 35 кв-ын шугам барих ИБХ2017/ЦЭХХМД 1.8.1 дугаартай тендерт оролцсон юм. “Эр” ХХК-ийн ерөнхий захирлын 2017-10-09-ний өдрийн ХБ-114-12/973 тоот мэдэгдлээр “Э” ХХК-ийн тендерийг сонгож, гэрээ байгуулах болсон талаар мэдэгджээ. “Э” ХХК нь Эрчим хүчний яамтай Баруун-Урт-Эрдэнэцагаан сумын 35 кв-ын ЦДАШ-ын барилга угсралтын ажлын гэрээг 2014.4.4-ний өдөр байгуулсан, мөн 2 удаа гэрээг сунгасан ба өнөөдрийг хүртэл улсын комисст уг барилга угсралтын ажлыг хүлээлгэн өгөөгүй байна. “Эр” ХХК-ийн Үнэлгээний хороо 2017-10-04-ний өдөр “Э” ХХК-ийн ирүүлсэн тендерийг дахин үнэлэхдээ ТБОНӨХБАҮХАТХ-ийн 14.1.4-т заасны дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн гэсэн шаардлагыг хангаагүй тендерийг сонгосон нь хууль бус үйлдэл байх тул 2017-10-04-ний өдрийн Үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бусд тооцож, “Эр” ХХК-ийн ил уурхайг тойрсон цахилгаан дамжуулах агаарын 35 кв-ын шугам барих нээлттэй тендер шалгаруулалтыг дахин зарлуулж өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2018/00861 дүгээр шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.5-д заасныг баримтлан “Э” ХХК-тай “Эр” ХХК-ийн ил уурхайг тойрсон цахилгаан дамжуулах агаарын 35 кв-ын шугам барих тендерийн ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулахыг “Эр” ХХК-нд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасныг баримтлан “Тавинлан” ХХК-ийн “Эр” ХХК, “Э” ХХК-д холбогдуулан гаргасан 2017 оны 10 сарын 04-ний өдрийн Үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бусд тооцож, “Эр” ХХК-ийн ил уурхайг тойрсон цахилгаан дамжуулах агаарын 35 кв-ын шугам барих нээлттэй тендер шалгаруулалтыг дахин зарлуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож,

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, “Тавинлан” ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 200,000 төгрөгийг буцаан гаргуулж “Тавинлан” ХХК-д олгож, “Эр” ХХК-иас 70,200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д заасныг баримтлан 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5672 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 136 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2018/00861 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Манлайгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Тавинлан” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Манлай, өмгөөлөгч Ж.Бат-Амгалан нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Маргаан бүхий үйл баримтын тухайд: “Эр” ХХК-ийн ...ИБХ2017/ЦЭХХМД 1.8.1 дугаартай тендерийн үнэлгээний хороо нь 2017-08-22-ны өдрийн тайлан/ХХ-34/-д ТБОНӨХБАҮХАТХ-ийн 28.7.3-ыг үндэслэн шаардлага хангасан бүх тендерийг харьцуулахад хамгийн бага харьцуулах үнэ ирүүлсэн “Т” ХХК, “Ган тесла” ХХК-ийн түншлэлд гэрээ байгуулах зөвлөмжийг гаргаж улмаар захиалагч манай компанитай гэрээ байгуулах санал ирүүлснийг нэхэмжлэгч “Э” ХХК Сангийн яаманд гомдол гаргаж, Сангийн яам дахин хуулийн дагуу тендер зарла гэсэн боловч хуулийн дагуу тендерийг дахин зарлалгүйгээр өмнө ирүүлсэн материал, үнийн саналуудыг өмнөх үнэлгээний хорооны дарга Ж.Эрдэнэбилэг дахин үнэлгээний хороог даргалан үнэлж 2017.10.04-ний өдөр өмнө гаргасан үнэлгээнээсээ тэс ондоо шийдвэр гарган “Э” ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмж гаргаж байгууллагуудын ирүүлсэн нэг материал дээр 2 өөр ашиг сонирхлын зөрчил бүхий шийдвэр гаргасан байдаг.

Шийдвэрийн үндэслэлд: Бие даасан нэхэмжлэл гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэлийг ИХШХШТХ-ийн 65.1.3-д шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байсан ба Сангийн яамны шийдвэртэй холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх тул, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн байх тул хэмээн үзэж манай гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Учир нь энэхүү тендер нь нэг дарга бүхий үнэлгээний хороо нь өмнө ирүүлсэн байгууллагуудын нэг материалыг үнэлж хоёр өөр шийдвэр гаргасныг нь эс зөвшөөрч хуулийн дагуу “Хасу Эрчим” ХХК Сангийн яаманд гомдол гаргаж улмаар Сангийн яам дахин тендер зарлах шийдвэр гаргасныг нэхэмжлэгч энэхүү шийдвэрт захиргааны хэрэг үүсгүүлэн энэхүү Сангийн яамны шийдвэрийг хүчингүй болгосон байдаг.

Гэсэн хэдий ч энэхүү шүүхийн шийдвэр нь “Э” ХХК-тай гэрээ байгуулах санал нь хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд манай гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой үйл баримтууд нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор энэхүү иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл бүх процессыг дамжиж ирсэн нь энэхүү хэргийн нотлох баримтуудаас харагдана.

Манай шаардлага нь ИХШХШТХ-ийн 12.1.1-д заасныг үндэслэж тухайн тендерийн үнэлгээний хорооны хууль бус, ашиг сонирхлын зөрчил бүхий шийдвэрээс болж энэхүү тендерт оролцсон манай компанийн хувьд цаг хугацаа, болон эд хөрөнгийн тодорхой хохирлууд учирсан төдийгүй тендерийг хуулийн дагуу дахин зарлалгүйгээр өмнөх 2014 оны хийж гүйцэтгэсэн ажлаа хийж гүйцэтгэж дуусаагүй, Улсын комиссд хүлээлгэн өгөөгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад өртэй “Э” ХХК-тай гэрээ байгуулснаар хариуцагч болон улсад асар их хэмжээний хохирол учрах нөхцөл бүрдээд байгааг хоёр шатны шүүх өөрийн итгэл үнэмшлээр үнэлсэнгүй гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангахдаа хэрэгт авагдсан нотлох баримт болох Эрчим хүчний яамнаас ирүүлсэн “Э” ХХК-ийн өмнө хийж гүйцэтгэсэн ажлуудаа Улсын комисст хүлээлгэж өгөөгүй байгаа гүйцэтгэлээ хийхийг шаардсан албаны хүний албан бичиг, 95%-ийн санхүүжилтийг авсан гэсэн боловч гүйцэтгэлийг яг хэдэн хувьтай хийсэн эсэх нь энэхүү хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харагдахгүй байхад нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь холбогдох хуулийн болон тендерийн материалд тавигдсан нөхцөл, шаардлагыг хангаж байгаа эсэх дээр шүүх үнэлэлт хийсэнгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохдоо хариуцагчийн анхан шатны шүүх хуралдаанд гаргаж байсан хариу тайлбараас өөр буюу нэхэмжлэгчийн талд тайлбар өгч байсан нь итгэмжлэл өгсөн “Эр” ХХК-ийнхаа эсрэг ажилласан үйлдэл бөгөөд нэхэмжлэгч хариуцагч нар нь сонирхлын зөрчилтэй байгааг нь давж заалдах шүүх хуралдаан дээр хэлсэн байдаг.

Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт ИХ-ийн 195.5-д гэрээ байгуулах санал гаргасан тал хууль, гэрээ, эсхүл саналд заасан хугацаанд саналаасаа татгалзах эрхгүй гэсэн заалтыг үндэслэн шийдвэр гаргасан нь буруу гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 195.2-д “Гэрээ байгуулах саналд гэрээний гол нөхцөл буюу түүнийг тодорхойлох журмыг заасан байна” гэсний дагуу шүүх шийдвэрээ ИХ-ийн 195.5-г үндэслэж байгаа юм бол энэхүү гэрээний санал нь ИХ-ийн 195.2-д заасны дагуу хариуцагчийн гэрээний саналд нь “гэрээний гол нөхцөл буюу түүнийг тодорхойлох журмыг заасан байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй е-мэйл хаягаар явуулсан албан бичгийг үнэлсэн нь алдаатай байна. Энэхүү 2017-10-09-ний “Э” ХХК-д “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг нь 2017.10.17-нд имэйл хаягаар явуулсан тухайн өдөр нэхэмжлэгч гардаж авсан гэдэг нь хэлбэрэлтгүй бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Мөн нэхэмжлэгчийн 2017.10.23-ны өдөр “Эр” ХХК-д гаргасан хүсэлт нь албан бичигт заасан ажлын 5 хоногийн хугацаа нь дууссан хойно гарын үсэг зурах тухай хүсэлт хүргүүлсэн байна. Иймээс хариуцагчийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 2017.10.09-ний албан бичиг нь ИХ-ийн 195.2-т заасан гэрээ байгуулах саналын хуулийн шаардлагыг хангахгүй байгаа бөгөөд энэхүү мэдэгдлийг ИХ-ийн 195.5-ийн дагуу үндэслэж шүүхийн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа хэрэв “Э” ХХК-тай “Эр” ХХК-ийн ...тендерийн ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулахыг даалгахдаа “Э” ХХК нь энэхүү гэрээг байгуулж ажиллавал үнэхээр хуулийн болон тендерийн баримт бичигт заагдсан болзол шаардлагыг хангаж буй эсэх дээр дүгнэлт хийлгүйгээр тухайн компанийн чадамжтай холбоотой нотлох баримтыг үнэлээгүй болох нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгээс харагдаж байна.

Мөн энэхүү компанийн өмнө хийсэн ажлын талаарх Эрчим хүчний яамны ажлын гүйцэтгэлийн явцын талаарх албан ёсны тайлбар, тодорхойлолт энэхүү хэргийн материалд авагдаагүй байна. Манай зүгээс улсын өмчит үйлдвэрт хохиролтой гэрээ хийгдэхээс сэргийлж, шинээр хууль, журмын дагуу тендер, худалдан авах ажиллагаа явагдах зарчмыг барьж энэхүү гомдлыг гаргаж байна. Тиймээс хэт нэг талыг барьсан, ИХШХШТХ-д заасан журмыг ноцтой зөрчсөн шийдвэр болон магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч “Э” ХХК нь “Эр” ХХК-д холбогдуулан “Тендерийн ажил гүйцэтгэх гэрээ” байгуулахыг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Сангийн  яамнаас ирсэн бичгийн дагуу тендер шалгаруулалтыг хүчингүйд тооцсон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Т” ХХК тендер шалгаруулалтыг дахин зарлуулахаар шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, “Т” ХХК-ийн бие даасан шаардлагатай холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хэрэгт авагдсан баримтаар “Эр” ХХК нь 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Ил уурхайг тойрсон цахилгаан дамжуулах агаарын 35 кв-ын шугам барих ИБХ2017/ЦЭХХМД 1.8.1. дугаартай тендер зарлаж, тус тендерт 8 компани тендерийн материалаа ирүүлснээс нэхэмжлэгч “Э” ХХК-ийн материал тендерт шалгарсан байна.

“Эр” ХХК тендрийг баталгаажуулж, 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тендерт оролцсон компаниудад хүргүүлсний дараа Сангийн Яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 6-1/6368 албан бичгээр тус тендер шалгаруулалт хүчингүй болсон үндэслэлээр хуулийн дагуу дахин тендер зохион байгуулахыг мэдэгдсний дагуу “Эр” ХХК нэхэмжлэгчтэй “Тендерийн ажил гүйцэтгэх гэрээ” байгуулахаас татгалзаж, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр цахим хаягаар уг тендерийг дахин зарлажээ.

Дээрх Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын албан бичгийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч  нь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн шийдвэрээр Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг 6-1/6358 тоот албан бичгийг хүчингүй болгосныг Улсын Дээд шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 286 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн үйл баримт тогтоогджээ.

Иймд нэхэмжлэгч “Э” ХХК-ийн шалгарсан тендерийн шалгаруулалт хүчин төгөлдөр хэвээр үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “Тендерийн ажил гүйцэтгэх гэрээ” байгуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт  хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэгдсэн, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Т” ХХК 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бусд тооцож, дахин тендер зарлуулахыг хүссэн шаардлага гаргажээ.

“Т” ХХК-ийн гаргасан шаардлага нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар  зүйлийн 55.1.дэх заалтад хамаарч байх тул анхан шатны шүүх шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн, мөн шүүхийн харьяалал зөрчсөн гэж үзэн холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3., 13 дугаар зүйлийн 13.1., 117 дугаар зүйлийн 117.1. дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг үндэслэн, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “Т” ХХК-ийн бие даасан шаардлагатай холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр хуулийн ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийсний үндсэн дээр шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцсэн байна.

Иймд шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан “Т” ХХК-ийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2018/00861 дүгээр шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 136 дугаар магадлалыг хэвээр үлдээж, “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Манлай, өмгөөлөгч Ж.Бат-Амгалан нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар “Т” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                     Х.СОНИНБАЯР      

ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД