| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2017/00105/И |
| Дугаар | 00831 |
| Огноо | 2017-03-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 00831
| 2017 оны 03 сарын 24 өдөр | Дугаар 102/ШШ2017/00831 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж, 6Б дугаар байр, 16 тоотод оршин суух, Баяуд овогт Цогтоогийн Болдбаатар /РД: УЕ73091351/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө, 46-4 дугаар байр, 68 тоотод оршин суух, Бууч овогт Шаравын Амарбаясгалан /РД: ЦЖ70021072/-д холбогдох,
61 200 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Очирбал, хариуцагч Ш.Амарбаясгалан, хариуцагчийн өмгөөлөгч Б.Борхүү, гэрч Б.Ариунгуа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Очирбал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Ш.Амарбаясгалантай зээлийн гэрээ байгуулсаны үндсэн дээр нийт 40 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Богино хугацаанд бэлэн мөнгөний хэрэгцээ гарсан, 1 сарын дараа зээлийн төлбөрийг найдвартай төлнө гэсэн учир Ш.Амарбаясгалантай зээлийн гэрээ байгуулсан. Ш.Амарбаясгаан нь 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээний хүүний төлбөрт 2 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд зээлийн үндсэн төлбөрт 40 000 000 төгрөг, хүүний төлбөрт 1 200 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3-т зээлдэгч нь зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон. Иймд зээлийн гэрээний үүрэг болох 40 000 000 төгрөгийг хугацаа хожимдуулсан 354 хоногт алданги тооцоход 70 800 000 болсоныг Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан анзын нийт үнийн дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэсэн заалтын дагуу алдангид 20 000 000 төгрөг, үндсэн зээл 40 000 000 төгрөг, зээлийн хүүний үлдэгдэл 1 200 000 төгрөг, нийт 61 200 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ш.Амарбаясгалан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 онд Б.Ариунгуа гэх эмэгтэйтэй хамтран амьдардаг байсан бөгөөд Б.Ариунгуагын найз Д.Отгонхорлоо гэх эмэгтэй надад “мөнгө хэрэг болоод байна би хүнээс 40 000 000 төгрөг зээлэхээр болсон, зээл өгнө гэсэн хүн барьцаа хөрөнгө шаардаад байна чиний байрыг барьцаалаад зээл авах гэсэн юм, 1 сарын хугацаанд зээлсэн мөнгөө бүрэн төлнө. Зээл өгөх хүнтэй тохиролцсон байгаа чамд ямар нэг хохирол байхгүй” гэж хэлсэн. Ингээд 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Ц.Болдбаатар гэх хүнтэй уулзсан бөгөөд Ц.Болдбаатарын зүгээс “би Д.Отгонхоролоод зээл өгөхөөр болсон чиний байрыг барьцаалж байгаа юм байна гэхдээ чиний байрыг барьцаалж байгаа учраас хуулийн дагуу чи надтай зээлийн гэрээ хийчих, би чиний барыг нэр дээрээ шилжүүлж авна. Д.Отгонхорлоо зээлсэн мөнгөө буцаагаад өгчих юм чинь чамд ямар нэг хохирол байхгүй” гэж хэлсэн. Тухайн үед би эдгээр хүмүүс хоорондоо тохиролцсон л юм чинь надад ямар нэг хохирол байхгүй гэж ойлгоод зээлийн гэрээ болон худалдах-худалдан авах гэрээнд гарын үсэн зурсан. Зээлийн гэрээнд заасан хугацаа болсон бөгөөд миний санаа зовж Д.Отгонхорлоо болон Ц.Болдбаатар нарт хандаж асуудлаа хурдан шийд гэдэг шаардлага тавьсан боловч хэн нэг нь дорвитой санаачлаг гаргаагүй. Би арга ядаад цагдаагийн байгууллагад хандсан боловч иргэний шүүхэд ханд гэсэн хариу өгсөн. Би Ц.Болдбаатарыг надаас мөнгөө нэхэх юм гэж санасангүй. Ц.Болдбаатар дээрх нөхцөл байдлын мэддэг бөгөөд гэрээнд заасан 40 000 000 төгрөгийг би авч ашиглаагүй, уг мөнгийг би дамжуулан өгсөн. Уг гэрээг үнэн санаанаасаа бус дүр үзүүлж хийсэн гэрээ хэлцэл. Иймд Ц.Болдбаатартай байгуулсан зээлийг гэрээг дүр үзүүлж, үнэн санаанаасаа бус хийсэн хэлцэл тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Болдбаатар нь хариуцагч Ш.Амарбаясгаланд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 40 000 000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 1 200 000 төгрөг, алданги 20 000 000 төгрөг, нийт 61 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...зээлийн мөнгийг өөрөө авч хэрэглээгүй, ...гэрээг үнэн санаанаас байгуулаагүй, ...алдангийн хэмжээ хэт их байна” гэж үгүйсгэн маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчээс 40 000 000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 1 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй, алдангийг хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувь байхаар талууд харилцан тохиролцож гарын үсэг зурсан байхаас гадна хариуцагч нь гэрээнд зурсан гарын үсэг нь өөрийн гарын үсэн мөн эсэхэд маргаагүй байна.
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийх бөгөөд мөн зүйлийн 42.2-т зааснаар энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Иймд талуудын хооронд мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгийг шилжүүлэн өгснөөр гэрээг бодитоор байгуулсанд тооцно.
Хариуцагчийн “...зээл 40 000 000 төгрөгийг өөрийн банк дахь данснаас авч Д.Отгонхорлоод өгсөн” гэх тайлбар, гэрчийн “...зээл 40 000 000 төгрөгийг Ш.Амарбаясгалангийн банк дахь данснаас авч Д.Отгонхорлоод өгсөн” гэх мэдүүлэг зэргээр нэхэмжлэгчийг зээлийн гэрээний зүйл 40 000 000 төгрөгийг гэрээний нэг тал болох Ш.Амарбаясгаланд шилжүүлэн өгсөн, хариуцагч мөнгийг шилжүүлэн авсан үйл баримт тус тус нотлогдож байна. Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгийг шилжүүлэн өгснөөр гэрээг бодитоор байгуулсанд тооцох тул талуудын хооронд мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлтэй.
Хариуцагч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буюу гэрээний хугацаа дуусахад буцаан төлөх үүрэгтэй бөгөөд үндсэн зээлийн төлбөрийг буцаан төлөөгүй болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нь үндсэн зээл 40 000 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох бөгөөд гэрээний 1-д хүүгийн хэмжээг сарын 8 хувь байхаар тохиролцсон нь мөн зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж заасныг зөрчөөгүй байна.
Хариуцагч нь гэрээний хугацаанд нийт 3 200 000 төгрөгийн хүү төлөх үүрэгтэй байснаас 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 2 000 000 төгрөг төлсөн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг тэрээр баримтаар үгүйсгээгүй байх тул нэхэмжлэгч нь хүүгийн үлдэх төлбөрт 1 200 000 төгрөгийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийх бөгөөд талууд гэрээний 3-т алдангийн хэмжээг хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувь байхаар харилцсан тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний хугацаа дууссан боловч хариуцагч нь үндсэн зээлийг төлөөгүй нөхцөлд гэрээний 3 болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гэрээний үүргийн хариуцлага буюу алданги төлөх үүрэгтэй.
Гэрээний хугацаа 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр дууссан байх бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх алдангийн хэмжээ үндсэн үүрэг 40 000 000 төгрөгийн 50 хувиас хэтэрч байх тул нэхэмжлэгч нь алдангий нэмжээг 20 000 000 төгрөг байхаар тодорхойлсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “ ...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасантай нийцэж байна.
Гэрээний хугацаа 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр дууссан, хариуцагч нь гэрээний хугацаанд хүүгийн төлбөрт 2 000 000 төгрөг төлсөн, мөн хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...алдангийн хэмжээг багасгаж өгнө үү” гэх тайлбар зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар алданги буюу гэрээний хариуцлагыг 15 000 000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-т зааснаар үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн хэлцэл нь байгуулагдсан үеэс хүчин төгөлдөр байх боловч хариуцагчийн “...40 000 000 төгрөгийг би авч ашиглаагүй, уг мөнгийг би дамжуулан өгсөн. Уг гэрээг үнэн санаанаасаа бус дүр үзүүлж хийсэн гэрээ хэлцэл” гэх татгалзалаар дээрх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь мөнгийг шилжүүлэн авсан атлаа өөрөө ашиглаагүй, бусдад шилжүүлэн өгсөн нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх нөхцөл байдал болгохгүй. Харин хариуцагч нь уг гэрээтэй холбоотой барьцаа хөрөнгө болон бусад үүргийг холбогдох этгээдээс шаардахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдав.
Дээрх үндэслэлээр хариуцагчаас үндсэн зээл 40 000 000 төгрөг, зээлийн хүү 1 200 000 төгрөг, алданги 15 000 000 төгрөг, нийт 56 200 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч Ш.Амарбаясгалангаас 56 200 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Болдбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 464 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 438 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөдшүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН